Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2023/00447

 

 

 

Нэхэмжлэгч Ж.Ц

 

Хариуцагч  “МД” ХХК-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13.808.418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянаад 

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

            Хариуцагчийн өмгөөлөгч Б.О

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         1.Нэхэмжлэгч Ж.Ц хариуцагч "Мд" ХХК-д холбогдуулан 13.808.418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.

 

          2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Нэхэмжлэгч Ж.Ц 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч "Мд" ХХК-тай “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ” байгуулж тус гэрээгээр даатгалын зүйл болох  улсын дугаартай “Lexus RX-400М-Х1130” маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгохоор харилцан тохиролцсон.

         Улмаар нэхэмжлэгчийн аав Д.Ж даатгалын тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 10 минутын орчим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын  дугаар багийн “Алтан ус” гэх газарт жолоодож яваад замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гаргаж даатгалын тохиолдол бий болсон. Уг ослын улмаас даатгалтай  улсын дугаартай “Lexus RX-400М-Х1130” автомашинд 20.980.000 төгрөгийн хохирол учирсан нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож мөн нэхэмжлэгчийн аав Д.Жын гар хугарч, биед нь гэмтэл учирсан.

         Үүний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас даатгалын гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгох мөн гэрээний нэмэлт үйлчилгээ болох эмчилгээний зардал 500.000 төгрөгийг олгох хүсэлтийг гаргасан.

         Гэтэл "Мд" ХХК 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Хаан” банкан дахь нэхэмжлэгчийн  дугаартай дансаар 7.671.582 төгрөгийн нөхөн төлбөр олгосон.

         Ингэхдээ даатгагч нэхэмжлэгчтэй 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-нд заагаагүй үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзсан.

         Нэхэмжлэгчийн хувьд хоёр гэрээ байгуулсан талаар маргахгүй. Иймд хариуцагчаас 13.808.418 төгрөг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

           3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Талууд даатгалын хоёр гэрээ байгуулсан.

           Гэрээ байгуулсан тал дээр аль аль нь маргаан байхгүй.

           Үүний дагуу Даатгалын тухай хуульд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй биш олгосон.

           Олгохдоо зохигчдын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар нөхөн төлбөрийг тооцож олгосон.

           Талуудын байгуулсан гэрээгээр даатгуулагч гэрээг байгуулахдаа тээврийн хэрэгслийн даатгалыг хоёр янзаар байгуулдаг. 

            Нэг нь 100 хувь даатгал хариуцах, нөгөө нь даатгуулагч өөрөө хариуцна гэсэн байдаг.

            Нэхэмжлэгч Ж.Ц өөрийн хариуцах гэснийг сонгоогүй. Даатгалын байгууллага 100 хувь хариуцна гэснийг сонгон гэрээ байгуулсан. 100 хувь хариуцна гэдэг ямар ч асуудлын талаар даатгалын байгууллага 100 хувь хариуцаж нөхөн төлбөр олгоно гэсэн ойлголт биш.

            Гэрээнд заасан нөхцөлийн дагуу даатгалын тохиолдол бий болсон бол даатгалын нөхөн төлбөр олгоно гэсэн ойлголт болохоос ямар ч тохиолдолд 100 хувь олгоно гэсэн ойлголт биш юм.

           Бид  даатгалын нөхөн төлбөрийн материалыг хүлээн аваад хянаж шалгаж үзэхэд гэрээнд нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг 20.000.000 төгрөгөөр үнэлсэн.

           Харин “Хас” үнэлгээний компани зах зээлийн үнэлгээгээр тээврийн хэрэгслийг 28.000.000 төгрөгөөр үнэлсэн.

           Даатгалын ослын улмаас Ж.Цын тээврийн хэрэгсэлд 20.980.000 төгрөгийн хохирол учирсан гэж үнэлгээний тайлан гарсан байдаг.

           Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо даатгалын үнэлгээг зах зээлийн үнэлгээнд харьцуулсан хэлбэрээр хувь тэнцүүлэн тогтооно гэж заасан.

           Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5  дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгоно гэж зааснаар нэхэмжилсэн үнийн дүн буюу 21.480.000 төгрөгийг тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ буюу 28.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн даатгалын үнэлгээ буюу уг тээврийн хэрэгслийн үнэлгээг өөрөө үнэлж зарах болсон 2.000.000 төгрөгөөр үржиж хувь тэнцүүлэн тооцохоор  нийт 15.342.851.1 төгрөг буюу даатгалын нөхөн төлбөрийн үнийн дагуу олгохоор тохиролцсон.

           Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт  Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг  зөрчсөн бол нөхөн төлбөрийг 50 хувиар хязгаарлах буюу хасаж тооцож олгохоор харилцан тохиролцсон.

            Иймээс нэхэмжлэгч өөрөө Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь заалтыг зөрчсөн болох нь Баянхонгор аймгийн Замын цагдаагийн хэсгийн замын цагдаагийн зохицуулагч дэслэгч н.Мын шийтгэх хуудсаар нотлогддог. 

            Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үнийн дүнг 50 хувиар бодож 7.671.582 төгрөгийг Ж.Цад тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр болгож өгсөн.

            Бид гэрээ болон холбогдох нөхцөлийн дагуу тооцоолол хийж нөхөн төлбөрийг олгосон тул дахиж даатгалын төлбөрт 14.000.000 төгрөгийг олгох боломжгүй байна.

            Эрүүл мэндийн даатгалын зардлын тухайд даатгуулагчаас нөхөн төлбөр олгохтой холбоотой материалыг хүссэн боловч ирүүлээгүй бөгөөд гаргаж өгөх хугацааг хангалтай өгч хүлээсэн тул эмчилгээний зардлыг өгөх боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

        4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд

 

         5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б.Уд олгосон “Итгэмжлэл”, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт”, Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ

 

            6.Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Э.Д, Ц.Н нарт олгосон Итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Тодорхойлолт”, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн "Итгэмжлэл дуусгавар болгох тухай" албан бичиг

 

            7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”, Тээврийн хэрэгслийн даатгал

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

        1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

        2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй, ослын тохиолдол бий болсон байхад нөхөн төлбөрийг дутуу олгосон учраас шүүхэд хандсан” гэж тайлбарлав.

        3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н татгалзлаа “Нэхэмжлэгчид гэрээний дагуу нөхөн төлбөр олгосон. Даатгалын байгууллага бүрэн хариуцна гэснийг сонгон гэрээ байгуулсан. 100 хувь хариуцна гэдэг ямар ч асуудлын талаар даатгалын байгууллага бүрэн хариуцаж нөхөн төлбөр олгоно гэсэн ойлголт биш. Нөхөн олговрыг хувь тэнцүүлэн бодож өгсөн. Мөн нэхэмжлэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол нөхөн олговрыг яаж олгохыг заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж илэрхийлж байна.    

    

       4.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

       5.Нэхэмжлэгч Ж.Ц, хариуцагч "Мд" ХХК-тай өөрийн нэрийн өмнөөс 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Авто тээврийн хэрэгслийн даатгал”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал”-ын гэрээг байгуулж, 2006 онд үйлдвэрлэгдсэн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Монгол улсад орж ирсэн, арлын J дугаартай, улсын  дугаартай, “Lehus-RX-400h-HU30” маркийн хар өнгийн суудлын автомашиныг нэг жилийн хугацаатай, 20.000.000 төгрөгөөр даатгуулсан талаар зохигчид маргахгүй байна.

 

      6.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-ний даатгуулагчийн мэдүүлгийн маягтад “Нэр дурдагдсан жолооч нар” гэсэн хэсэгт 3 иргэний нэр бичигдсэнээс регистрийн дугаартай, Д.Ж, жолооны үнэмлэхийн дугаар 111111, 20 жил автомашин жолоодсон туршлагатай гэх мэдээлэл мөн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг "Мд" ХХК-д хүргүүлсэн албан бичигтээ “Баянхонгор аймгийн “Баян-Овоо” сумын  дугаар багийн нутаг дэвсгэр “Алтан ус” гэх газарт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг 10 минутын орчимд Засагт хан овогт Д.Ж “Lexus-400” маркийн  улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэлийг хүлээн аваад хэргийн газар очиж үзлэг, хэмжилтийг хийж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн болно” гэсэн тодорхойлолт, зохигчдын тайлбар, гэрэл зураг зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн өмчлөлийн даатгалд хамрагдсан суудлын автомашин хөдөө орон нутгийн замд явж байхдаа онхолдсон болох нь тогтоогдож байна.

        7. Иймээс талуудыг хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3 дахь хэсэгт зааснаар “Даатгалын гэрээ”-ний харилцаа үүсэж, гэрээг бичгээр хийж, хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх дүгнэлээ.

 

             8.Хавтас хэргийн 29-33 дугаар хуудсанд авагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон  дугаартай Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ түүний хавсралтаар хариуцагч даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд болох нь батлагдаж байна.

           9.Зохигчдын хэн аль нь даатгалын тохиолдол бий болсон үйл баримтанд маргаагүй харин учирсан хохиролд нэхэмжилсэн нөхөн төлбөрийн мөнгөн шаардлагын тухайд маргаж байна.

 

          10.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгагч, даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол, хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэйг зохицуулжээ.

 

          11.Мөн Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас даатгуулагч шаардах эрхтэй.

 

          12.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч даатгалын компаниас автомашинд учирсан хохиролд 7.671.582 төгрөг олгосныг зөвшөөрсөн хэдий ч 20.980.000 төгрөг олгохоос үлдсэн 13.808.418 төгрөгийг төлөх ёстой гэж, хариуцагч талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.6 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авах үүргээ жолооч биелүүлээгүй мөн хувь тэнцүүлэн бууруулан олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэж байна.

 

        13.Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 431.4, 433.1, 439 дүгээр зүйлийн 439.1, 439.4 дэх хэсэгт заасанчлан даатгагч, даатгуулагчид гарын үсэг зурсан даатгалын баталгааг гардуулж, даатгалын тохиолдол бий болсон талаар мэдэгдэн, гэрээний нөхцөлийг танилцуулах үүргээ хэрэгжүүлж, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа үүргээ гүйцэтгэж төлбөрийг олгосон нь нотлогдож байна.

    

         14.Тэрээр бичгийн баримт, зохигчдын тайлбараар даатгалд хамрагдсан автомашиныг жолоодож явсан иргэн Д.Жамбал Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авах үүргээ зөрчсөнөөс хуульд заасан торгуулийн арга хэмжээ авагдсан болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдож, зөрчил гаргагч оногдуулсан арга хэмжээнийхээ талаар эс зөвшөөрч гомдол гаргасан үйл баримт тогтоогдохгүй байна.

 

        15.Өөрөөр хэлбэл, Даатгалын тухай хуулийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   

        16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.993 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  

       115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Цын нэхэмжлэлтэй, хариуцагч "Мд" ХХК-д холбогдох 13.808.418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226.993 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

         

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА