Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00594

 

 

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00594

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00447 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б даатгал ХХК-д холбогдох,

Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 13,808,418 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Давааням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Наранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б даатгал ХХК-тай авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, тус гэрээгээр даатгалын зүйл болох **** УНЦ улсын дугаартай Лексус Ар экс /Lexus RX-400М-Х1130/ маркийн тээврийн хэрэгсэл осолд орсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгохоор харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгчийн эцэг Д- тус тээврийн хэрэгслийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Алтан ус гэх газарт жолоодож яваад замын хажуу руу онхолдон зам тээврийн осол гаргаж даатгалын тохиолдол бий болсон. Уг ослын улмаас даатгалтай **** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 20,980,000 төгрөгийн хохирол учирсан нь Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 03-ны үнэлгээний тайлангаар тогтоогдсон, мөн нэхэмжлэгчийн эцэг Д-ын гар хугарч, биед нь гэмтэл учирсан.

Үүний дагуу нэхэмжлэгч хариуцагчаас даатгалын гэрээнд зааснаар даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгох мөн гэрээний нэмэлт үйлчилгээ болох эмчилгээний зардал 500,000 төгрөгийг олгох хүсэлтийг гаргасан.

Гэтэл Б даатгал ХХК 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид 7,671,582 төгрөгийн нөхөн төлбөр олгосон ба талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заагаагүй үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзсан.

Иймд хариуцагчаас даатгалын гэрээний үүрэгт 13,808,418 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд даатгалын зүйлд эрсдэл учирсан ямар ч тохиолдолд 100 хувь нөхөн төлбөр олгохоор заасан гэж нэхэмжлэгч буруу ойлгож байна. Уг гэрээнд заасан даатгуулагчийн хамгаалах хувь, "өөрийн хариуцах хэсэг" (1.4.1 Даатгалаар олгогдож буй нөхөн төлбөрийн дүнгээс хасагдах мөнгөн дүнгийн хэмжээ) гэх ойлголтын хувьд даатгалын эрсдэлийн тодорхой хувийг даатгуулагч өөрөө хариуцах тухай ойлголт юм. Хэрэв гэрээнд өөрийн хариуцах хэсэг байхгүй бол даатгагч даатгалын эрсдэлийг 100 хувь хариуцах бөгөөд даатгалын тохиолдол бий болсон даруй гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг даатгагч 100 хувь хариуцан олгоно гэсэн утгатай юм.

Даатгуулагч тээврийн хэрэгслийг даатгуулахдаа тээврийн хэрэгслээ 20,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээнд зах зээлийн үнэлгээг 28,000,000 төгрөгөөр үнэлж уг ослын улмаас даатгалын зүйлд 20,980,000 төгрөгийн хохирол учирсан гэж хохирол үнэлгээгээр тогтоогдсон бөгөөд манай компанийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-д нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо даатгалын үнэлгээг зах зээлийн үнэд харьцуулсан хувиар хувь тэнцүүлж тооцно гэж заасны дагуу нэхэмжилсэн үнэ 21,480,000 төгрөг / зах зээлийн үнэлгээ 28,000,000 төгрөг*даатгалын үнэлгээ 20,000,000=15,342,857.1 төгрөгөөр нөхөн төлбөрийн хэмжээ тооцогдсон.

Мөн Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Т.Маналын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр "тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д- нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн гэж тодорхойлсныг үндэслэн талуудын хооронд байгуулсан гэрээний 2.6-д Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.2, 12.3-т заасан нөхцөлийг зөрчсөн бол нөхөн төлбөрийн 50 хүртэл хувиар хязгаарлана" гэж заасны дагуу зах зээлийн үнэлгээнд харьцуулан тооцсон үнийн дүн 15,342,857 төгрөгөөс 50 хувийг хасаж 7,671,582.57 төгрөг олгосон. Эмчилгээний зардлын тухайд даатгагчаас нөхөн төлбөрийн материалыг шийдвэрлэх хугацаанд эрүүл мэндэд учирсан хохирлын баримтыг ирүүлэхийг хүсэхэд ирүүлээгүй. Нөхөн төлбөрийг шийдвэрлэх хугацаанд баримтаа ирүүлээгүй тул олгох боломжгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу даатгуулагчид нөхөн төлбөрийг олгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б даатгал ХХК-д холбогдох 13,808,418 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,993 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч А- нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч Б даатгал ХХК-тай "Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ"-ний хавсралт болох "Тээврийн хэрэгслийн даатгал" гэрээ байгуулаагүй. Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний Даатгалын эрсдэл хэсэгт хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, нөхцөл хэсэгт зам тээврийн осол, дэлгэрэнгүй хэсэгт мөргөлдөх, шүргэлцэх, онхолдох, хамгаалах хувь хэсэгт 100 хувь гэж заасныг баримтлан даатгалын нөхөн төлбөрт 20,980,000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй огт байгуулаагүй гэрээний зүйл заалтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг 100 хувиар тооцож олгохоос татгалзсан тул нэхэмжлэгч нь тэрхүү гэрээг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Б даатгал ХХК нь даатгуулагч А- гарын үсэг зураагүй буюу зөвхөн өөрийн компанийн тамгыг дарсан "Тээврийн хэрэгслийн Даатгал" гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн.

4.2. Улмаар хариуцагч нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 2.6 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг 50 хүртэл хувиар тооцож олгосон гэж маргасан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд мөн зүйлийн 42.10 дахь хэсэгт зааснаар хэрэв бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 431.4, 433.1, 439 дүгээр зүйлийн 439.1, 439.4 дахь хэсэгт заасанчлан даатгагч, даатгуулагчид гарын үсэг зурсан даатгалын баталгааг гардуулж, даатгалын тохиолдол бий болсон талаар мэдэгдэн, гэрээний нөхцөлийг танилцуулах үүргээ хэрэгжүүлж, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа үүргээ гүйцэтгэж төлбөрийг олгосон нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

4.3. Талуудын хооронд байгуулсан Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ нь гэрээнд зааснаас бусад хэлбэрээр даатгуулагчийн буруутай үйлдэл болон эзэн холбогдогч тогтоогдох боломжгүй нөхцөлд даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах зориулалттай онцлог зохицуулал бүхий даатгал юм. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд талууд даатгуулагчийн буруутай үйлдлийн (согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, санаатайгаар зам тээврийн осол үйлдсэн...гэх мэтчилэн) улмаас зам тээврийн осол болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байхаар зааж болох боловч нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-нд энэ талаар ямар нэгэн зохицуулалтыг талууд заагаагүй. Харин ч замын хөдөлгөөнд оролцох үед мөргөлдөх, шүргэлдэх, онхолдох тохиолдолд даатгагч нь даатгуулагчид учирсан эрсдэлийг 100 хувь хариуцахаар талууд харилцан тохиролцсон.

Гэтэл анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний харилцааг дүгнэхдээ хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу даатгуулагчийг буруутай гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсанд маргаагүй. Даатгалын гэрээний нөхөн төлбөрийн 50 хувийг олгосон. Харин гол асуудал нь даатгалын гэрээний стандарт нөхцөл буюу гэрээний хавсралттай танилцаагүй, гарын үсэг зураагүй гэж нэхэмжлэгч тал маргадаг. Энэ гарын үсэггүй хуудсыг жолоочийн хариуцлагын даатгалын гэрээнд нэхэмжлэлдээ хавсаргаад гаргаж өгсөн атлаа тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд гаргаж өгөөгүй.

Даатгалын тухай хуулийн 433 дүгээр зүйлийн 433.1 дэх хэсэгт заасны дагуу даатгалын гэрээний баталгааг стандарт нөхцөлтэй хамт хавсаргаад нэхэмжлэгчид гаргаж өгч, архивлагдсан байгаа. Бид даатгалын нөхөн төлбөрийг 50 хувийг олгохоос татгалзахдаа зөвхөн гэрээний стандарт нөхцөлийг биш, Иргэний хууль, Даатгалын тухай хуулийн тодорхой заалтуудыг үндэслэл болгосон. Даатгалын үнэлгээг 20,000,000 төгрөг гэж үнэлсэн. Гэтэл үнэлгээний компаниас автомашины үнэлгээг 29,000,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гарсан. Түүнтэй холбоотойгоор хувь тэнцүүлэн хохирлыг буруулаад 50 хувийг олгосон. Хууль зүйн хувьд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 10 дугаар зүйлийн 10.1.5, даатгалын гэрээний стандарт нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасны дагуу даатгуулагч замын хөдөлгөөний журмын 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг заасан хэм хэмжээг зөрчсөн учраас нөхөн олговрын 50 хувиас нь татгалзсан. Үүнийг шүүхээс үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б даатгал ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөрт 13,808,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн үүргийн харилцааг зөв тодорхойлсон боловч стандарт нөхцөл бүхий гэрээний харилцааны үр дагавар, Даатгалын тухай хуульд заасан даатгагч, даатгуулагчийн хүлээх үүргийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

4. А- нь Б даатгал ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, өөрийн өмчлөлийн Лексус Ар экс /Lexus RX-400М-Х1130/ маркийн улсын **** УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр даатгуулсан байна.

 

А-ыг Б даатгал ХХК-тай Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

- А- нь Б даатгал ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, өөрийн өмчлөлийн Лексус Ар экс /Lexus RX-400М-Х1130/ маркийн улсын **** УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг 20,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр даатгуулсан,

- Д- нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Лексус Ар экс /Lexus RX-400М-Х1130/ маркийн улсын 68-67-УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Алтан ус гэх газарт замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасны дагуу торгуулсан,

- Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлангаар 20,980,000 төгрөгөөр тогтоосон ба Б даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрт 7,671,582 төгрөгийг даатгуулагчид олгосон.

 

5. Зохигч нь гэрээний стандарт нөхцөлийг танилцуулсан эсэх, даатгалын нөхөн төлбөрийн тооцоолол, нөхөн төлбөрийн зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэл байгаа эсэх талаар маргасан.

 

5.1. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь хэсэгт зааснаар даатгагч нь даатгалын хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг даатгуулагчид танилцуулах үүрэгтэй.

Энэхүү хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Б даатгал ХХК нь 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Авто тээврийн хэрэгслийн даатгал-ын гэрээ байгуулахдаа гэрээний стандарт нөхцөл, тухайлбал даатгалын хууль тогтоомж, даатгуулагчийн хүлээх үүрэг, нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэлийг тайлбарлаагүй байна.

Хэрэгт хариуцагч нь Тээврийн хэрэгслийн даатгал гэх гэрээний стандарт нөхцөлийг баримтаар гаргаж өгсөн боловч үүнийг нэхэмжлэгчид танилцуулсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний нөхцөлийг танилцуулах үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. /хх 78-79/.

 

 

5.2. Б даатгал ХХК нь даатгалын үйл ажиллагаанд аж ахуй эрхлэгч тул түүний хэрэглэгч А-тай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөлд хамаарна.

Аж ахуй эрхлэгч нь гэрээний стандарт нөхцөлийг хэрэглэгчид тайлбарлан өгөөгүй тул Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнд даатгалын эрсдлийг 100 хувиар хамгаалахаар заасан байхад нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлохдоо Иргэний хуулийн 438 дугаар зүйлийн 438.5 дахь хэсэгт заасан гэрээнд заасан даатгалын үнэлгээний хэмжээ эд хөрөнгийн өртгөөс бага байвал даатгалын тохиолдол бий болоход даатгагч даатгуулагчид учирсан хохирлыг даатгуулсан эд хөрөнгийн өртөгт даатгалын үнэлгээний хэмжээг хувь тэнцүүлэн бодож нөхөн төлбөр олгох зохицуулалтыг даатгагч хэрэглэсэн нь буруу болжээ /хх 5/.

Учир нь даатгалын гэрээ байгуулахдаа даатгагч нь энэхүү зохицуулалтын үр дагаварыг тайлбарлан өгөөгүйгээс даатгуулагчид даатгалын эрсдэл болон үнэлгээг бусад байдлаар сонгох, түүнчлэн өөр аж ахуй эрхлэгчтэй гэрээ байгуулах боломжийг олгоогүй гэж үзэв.

 

6. Хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул гэрээний стандарт нөхцөлд заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэлгүй.

Харин хариуцагч нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг үгүйсгэсэн, анхан шатны шүүх мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгнө.

 

6.1. Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн албан бичигт Д- нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Лексус Ар экс /Lexus RX-400М-Х1130/ маркийн улсын 68-67-УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Алтан ус гэх газарт замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх магадлалтай болохыг тодорхойлжээ /хх43/.

Уг албан бичигт үндэслэж даатгалын зүйл болох 68-67-УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д- жолоодож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг санаатайгаар зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлээгүй байдлаар дүгнэх боломжгүй, хэрэгт дээрх албан бичгээс өөрөөр зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл, гэм бурууг тогтоосон баримт авагдаагүй.

Иймд даатгалын зүйл осолд орсон шалтгаан нөхцөл баримтаар тогтоогдоогүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д зааснаар даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэхгүй.

Мөн даатгуулагч болон **** УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд нэр дурдагдсан Д- нар нь тухайн зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй гэж үзэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй, даатгагч нь даатгуулагчийн даатгалын гэрээгээр хүлээсэн үүргийг тайлбарлан өгөөгүй тул нэхэмжлэгч А-ийг Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

7. Даатгагч нь даатгуулагчид даатгалын гэрээний стандарт нөхцөлөөр хүлээх үүрэг, хариуцлага, даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах нөхцөлийн тайлбарлаагүй, мөн даатгуулагчийг санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул Б даатгал ХХК нь даатгалын нөхөн төлбөрийг бүрэн олгох үүрэгтэй байна.

Даатгалын зүйлд учирсан хохирлын үнэлгээ 20,980,000 төгрөг болсон байх ба 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээнд даатгалын үнэлгээг 20,000,000 төгрөгөөр талууд тохирсон тул даатгагчийн хариуцах нөхөн төлбөрийн хэмжээ уг 20,000,000 төгрөгөөр хязгаарлагдана /хх 5, 44-45/.

Хариуцагч нь 7,671,582 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон тул үлдэх 12,328,418 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,480,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хүрээнд тэмдэгтийн хураамжийн хуваарилтад мөн өөрчлөлт оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШШ2023/00447 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б даатгал ХХК-аас 12,328,418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,480,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Б даатгал ХХК-аас 212,205 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ад олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Т.БАДРАХ