Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2023/01192

 

 

 

Нэхэмжлэгч "А" банк ХХК

  

Хариуцагч Д.Б

 

Хариуцагч З.Д

 

Хариуцагч Д.Э нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.702.602 төгрөг 81 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

       

        Шүүх хуралдаанд оролцогчид:

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О

        Хариуцагч Д.Э

        Хариуцагч болон хариуцагч З.Дн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

       

          1.Нэхэмжлэгч "А" банк ХХК, хариуцагч Д.Б, Д.Э, З.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.702.602 төгрөг 81 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

         2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

        3.Нэхэмжлэгч "А" банк ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        ‘’А” банк ХХК, Д.Б, З.Д, Д.Э нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 0 дугаартай “Зээлийн гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт 7.702.602.81 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах мөн зээлийн барьцаанд байгаа Улсын бүртгэлийн Ү- дугаартай Баянгол дүүрэг,  дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны  тоот, 42 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна, гэжээ.

 

       4.Хариуцагч болон хариуцагч З.Дн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Бид нар энэ зээлийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр авсан.

       2019 оны 11 сар хүртэл эхний төлөлтийг хийж байсан боловч цар тахал гарсны улмаас зээлийн хугацааг хоёр ч удаа сунгуулсан.

       Гэхдээ энэ хугацаанд зээлийн хүүд 2.244.000 төгрөгийг төлсөн.

       Тэр хугацаанаас хойш 2022 оны 06 сараас эхлэн зээлээ дахин төлж эхэлсэн.

       Зээлээ төлөхдөө нийт төлөлт дээрээ цар тахал гарсан үеийн зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг байснаас 2022 онд хэвийн төлөлт эхэлсний дараа зээлийн төлбөрийг 7.000.000 төгрөг болгож буруулсан.

       Зээлээ төлөхийг зөвшөөрч үлдэгдэл төлбөр дээр маргахгүй 12 сард хувааж төлөхөөр эвлэрэх санал тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

        Биднийг өөр авсан зээлээ төлж дуусгаад манай зээлийг төлөхгүй байна гэж нэхэмжлэгч хэлж байгаа нь үнэн боловч эхлээд бага үнийн дүнтэй үлдсэн зээлээ төлөөд дуусгъя гээд дуусгасан.

        Барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрхгүй.

        Авсан зээлээ төлж дуусгах учраас шаардлагагүй гэж үзэж байна, гэжээ.

      

        5.Хариуцагч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Хэлэх тайлбар байхгүй. Д.Бы тайлбарыг дэмжиж байна, гэжээ.

 

       6.Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

       7.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Од олгосон “Итгэмжлэл”, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 0 дугаартай “Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол”, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээ”, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай “Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай “Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2021 оны  09 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай “Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”,2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Мемориалын баримт”, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны “Зээлийн дансны хуулга”, Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах хүсэлт, Зээл хүсэгчийн анкет, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Зээлийн хүсэлт”, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай зээлийн дансны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Мэдэгдэл”, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай “Зээлийн дансны үлдэгдлийн баталгаа”, 2022 оны 08 дугаар 03-ны өдрийн “Мэдэгдэл”       

       8.Хариуцагч нараас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Д.Бд олгосон “Итгэмжлэл”, хариу тайлбар, иргэний үнэмлэхний хуулбарыг өгчээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

           2.Нэхэмжлэгч "А" банк ХХК шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч нар үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байгаа тул гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байна” гэж тодорхойлов.

 

          3.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн татгалзлаа “Бид нар зээлээ төлөхийг зөвшөөрч байгаа болохоор заавал барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагагүй. Эвлэрээд тодорхой хугацаанд зээлээ төлье гэхээр зөвшөөрөхгүй байна” гэж илэрхийлж байна.

           

          4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

      

          5.Хариуцагч Д.Б, Д.Э, З.Д нар "А" банк ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 0 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 20.000.000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл төлөхөөр, төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

 

          6.Талууд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалбарын агуулгад өөрчлөлт оруулан З.Д0ын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот, Улсын бүртгэлийн Ү- дугаартай, 42 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, хууль ёсны эзэмшигч нь "А" банк ХХК болж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 0 дугаартай тойргийн нотариатчаар гэрчлүүлж, барьцааны эрхийг улсын бүртгэлд мөн өдрөө бүртгүүлсэн нь тогтоогдож байна.

         /хх-13 хуудасны ар тал, 19 хуудас/

 

          7.Дээрх үйл баримтаас үзэхэд барьцааны гэрээ Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх үндэслэл шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.

 

          8.Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

          9.Нэхэмжлэгч зээлийг төлүүлэх болон барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг хариуцагчаас шаардах эрхтэй.

     

         10.Хавтас хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан Улсын бүртгэлийн 0 дугаартай гэрчилгээгээр "А" банк ХХК арилжааны банкны үйл ажиллагаа, гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.

 

          11.Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр заасны дагуу 20.000.000 төгрөгийг шилжүүлсэн авсан тухайд талуудын хэн аль нь маргаагүй.

 

        12.Шүүх хуралдаанд хариуцагч нар зээлийн төлбөр төлөхийг зөвшөөрч, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй гэж мэтгэлцэж байна.

 

               13.Нэхэмжлэгч гэрээний үүргээ зээлдэгч нар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл биелүүлж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй үндсэн зээлд 7.286.824 төгрөг 01 мөнгө, хүү 271.918 төгрөг 58 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 9648 төгрөг 81 мөнгө нийт 7.702.602 төгрөг 81 мөнгө төлөхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч нар маргаагүй болно.

 

                14.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар зээлд олгосон 20.000.000 төгрөгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг банкинд төлөх гэрээний заалттай хариуцагч нар маргахгүй байна.

             

         15.Харин хариуцагч болон хариуцагч З.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байгаа буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар үгүйсгэж, няцааж чадахгүй байх тул тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

        

          16.Зээлийн үлдэгдэл төлбөр 7.702.602 төгрөг 81 мөнгө төлөхийг хариуцагч нар шүүх хуралдааны явцад зөвшөөрч мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд хариуцагч нар тайлбараа ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хангаж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

          

        17.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.392 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 208.392 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

        

     1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б, Д.Э, З.Д нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7.702.602 төгрөг 81 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч "А" банк ХХК-д олгосугай.

         

      2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг З.Дын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 0 тоот, Улсын бүртгэлийн Ү-0 дугаартай, 42 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.392 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 208.392 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА