Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/01021

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 17 210/МА2023/01021

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/01192 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.*******, Д.*******, З.******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7,702,602.81 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.*******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч бөгөөд хариуцагч З.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ХХК болон Д.*******, Д.*******, З.******* нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн.

1.2. Зээлдэгч нар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөөгүй тул үндсэн зээлд 7,286,824.01 төгрөг, хүү 271,918.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,648.81 төгрөг, нийт 7,702,602.81 төгрөг гаргуулж өгнө үү.

1.3. Барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 2 дугаар байрны 29 тоот хаягт байрлах, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч З.*******, Д.*******, Д.******* нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээл авсан. 2019 оны 11 дүгээр сар хүртэл төлөлт хийж байсан боловч цар тахал гарсны улмаас зээлийн гэрээний хугацааг 2 ч удаа сунгуулсан. Зээлийн хүүд 2,244,000 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл 12,000,000 төгрөг байхад 2022 онд 7,000,000 төгрөг болгож буруулсан.

2.2. Бид зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч 12 сард хувааж төлөхөөр эвлэрэх санал тавьсныг ******* хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн төлбөрөө төлж дуусгах нь үнэн учраас барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******, Д.*******, З.******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 7,702,602.81 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг З.*******ын өмчлөлийн, ******* дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 2 дугаар байрны 29 тоот, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,392 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 208,392 төгрөгийг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч Д.*******ы давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 7,702,602 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч нарын зүгээс анх 20,000,000 төгрөг зээлсэн. Үүнээс үндсэн мөнгө болон хүү төлж байгаад цар тахалтай холбоотой хүндрэл учирсан. Зээлийн дийлэнхийг болон хүү төлсөн байхад барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь үндэслэлгүй.

4.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.*******, Д.*******, З.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,702,602.81 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигчдын хооронд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ******* ХХК нь 20,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Д.*******, Д.*******, З.******* нар хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсоныг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

Мөн талууд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 12 сараар буюу 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж үндсэн зээлийн төлбөрөөс 6 сар чөлөөлөхөөр тохиролцжээ.

 

4. Нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдсон, мөн зээлдэгчээс үндсэн зээлд 12,713,157.99 төгрөг, зээлийн хүүнд 14,354,713.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 239,480.56 төгрөг, нийт 27,307,352.16 төгрөг төлөгдсөн тооцоолол бүхий зээлийн дансны хуулгыг хариуцагч нар маргаагүй.

 

5. Талууд зээлийн гэрээний 1.10-т зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг биелэгдээгүй өдрөөс эхлэн гэрээний үүргийг биелүүлж дуустал зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөх, 1.9-д хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 7,286,824.01 төгрөг, хуримтлагдсан хүү 271,918.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,648.81 төгрөг, нийт 7,702,602.81 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй.

 

6. Хариуцагч З.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* дүүрэг, 2 дугаар хороолол, 4 дүгээр хороо, 2 дугаар байрны 29 тоот хаягт байрлах, 42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалуулахаар тохиролцсон ба уг гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байгааг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

6.1. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт бага үнийн дүнтэй зээл үлдсэн үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргасан ба Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно.

Иймээс энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

6.2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасан тул анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2023/01192 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА