Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 130/ШШ2023/00240

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын  дугаар багт оршин суудаг, Т овогт Т.К;

Хариуцагч: Б аймгийн Б сумын ... дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “С” ХХК (захирал Д.Б);

Хамтран хариуцагч: Б аймгийн Б сумын .. дугаар багт оршин суудаг, “С” ХХК-ийн захирал ажилтай, Х овогт Д.Б;

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б аймгийн Б сумын .. дугаар багт оршин суудаг, Х овогт М.Т;

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний сууцны хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагч “С” ХХК болон хамтран хариуцагч Д.Б нарт даалгах тухай болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.К ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.К ,

Хариуцагч “С” ХХК-ний захирал бөгөөд хамтран хариуцагч Д.Б,

Хариуцагч Д.Б-ийн өмгөөлөгч С.Н

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд М.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Т.К  нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “С” ХХК-ний захирал бөгөөд хариуцагч “С” ХХК болон хамтран хариуцагч Д.Б нарт холбогдуулан гаргасан Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний сууцны хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг “С” ХХК болон Д.Б нарт даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “С” ХХК-тай “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр “С” ХХК-ийн Б аймаг, Б сумын 11-р баг, Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхраас 72м.кв 2 өрөө үйлчилгээний зориулалттай сууц, 1 давхраас 68 м.кв 2 өрөө орон сууц тус тус авахаар гэрээ байгуулсан. Миний бие “С” ХХК-тай дээрх “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулах үед уг барилгын ажлын гүйцэтгэл 2 давхрын ажил хийгдэж байсан.

1.2.Нэхэмжлэл шүүхэд гаргасны дараа “С” компани нь барилга барих зөвшөөрөлгүй гэдгийг мэдээд, “С” ХХК-ийн захирал Д.Б өөрийн нэр дээр барилга бариулах зөвшөөрөл авсан гэдгийг мэдээд хамтран хариуцагчаар татуулсан. Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “С” ХХК-ийн захирал иргэн Д.Б-тэй “орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан

1.3.Ингээд гэрээний дагуу В-1 давхрын 72 м.кв үйлчилгээний зориулалтай сууцны төлбөр болох 86,400,000 төгрөг, 1 давхрын 68м.кв 2 өрөө орон сууцны төлбөр болох 115,600,000 төгрөгийг “С” ХХК-ийн захирал Д.Б-ийн хүсэлтээр түүний арилжааны банк дахь харилцах дансанд төлж барагдуулсан.

Харин Д.Б нь гэрээний 4.1-д зааснаар дээрх үйлчилгээний болон амьдрах зориулалттай орон сууцыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дотор багтааж, иж бүрэн, чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгч, орон сууцны гэрчилгээг надад гарган өгөхөөр харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй болно.

1.4.Өөрөөр хэлбэл, худалдан авагчийн зүгээс дээрх орон сууцны төлбөрийг 100 хувь төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад Д.Б нь “МТ” орон сууц, үйлчилгээний барилга 100 хувь ашиглалтад орсон боловч худалдагчийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх орон сууц болон үйлчилгээний барилгын хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа болно.

Энэ талаар худалдагч “С” ХХК болон захирал Д.Б-т шаардлага тавьсан боловч тэрээр орон сууц барьж байх хугацаанд барилгын үнэ нэмэгдсэн учир танд дээрх 2 орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй, та нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд орон сууцны гэрчилгээг гарган өгч болно, та зөвшөөрөхгүй бол би дээрх орон сууцыг өөр хүнд худалдан борлуулна шүү гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс илт татгалзсан болно.

1.5.Бидний дунд төлбөр тооцоотой холбоотой маргаан байгаагүй. Үнэхээр төлбөр тооцоотой холбоотой маргаан байсан бол үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч тал яг хэдэн төгрөгийн өртөг нэмэгдсэн гэдгийг цуглуулж, гаргаж өгч болох байсан. Тийм зүйл байхгүй шууд шүүхэд ирснээ энэ төлбөр тооцоотой холбоотой маргаан зах зээлийн үнэ нэмэгдсэн гэх нь үндэслэлгүй юм. Хэрэв 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээг Д.Б цуцалсан бол нэхэмжлэгч би 7 дугаар сарын 10-ны өдөр цонхны үнэ гэж 2,000,000 төгрөг нэмж хийхгүй байх байсан. Иймд бидний дунд байгуулсан гэрээ цуцлагдаагүй,  талуудын хоорондох харилцаа гэрээний дагуу явж байсан.

1.6.Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж хэлэхэд эргэлзээтэй байгаа. Учир нь,  миний худалдаж авсан байр нь 1 дүгээр давхрын 2 тоот хаяг, Б1 давхраас 1 тоот хаягийг авсан. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б1 давхраас 2 тоот хаяг, 1 дүгээр давхраас 4 тоот хаягт гэрээ хийсэн байдаг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэв бидний гэрээ хийж худалдаж авсан байрыг бидний дараа худалдаж авсан бол төлбөр төлсөн баримтыг яагаад шүүхэд гаргаж өгөхгүй байгаа нь эргэлзээтэй.

1.7.Иргэний хуульд заасан үүргээ биелүүлж эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.К  миний Б сумын 11-р багт, Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах, “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тус тус тогтоож, дээрх үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч “С” ХХК-ний захирал Д.Б-т даалгаж, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэсэн байна.     

2.Хариуцагч “С” ХХК-ний захирал Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.”С” ХХК нь нэхэмжлэгч Т.К тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барилгын захиалгын гэрээ байгуулсан юм. Захиалагч нарын өгсөн хөрөнгө оруулалтаар “МТ” орон сууц, үйлчилгээний барилга баригдах ёстой байсан ба тухайн үеийн барилгын материал, ажлын хөлсөөр урьдчилан төсөв зохиож, ажлын хөлсний үнийг тодорхойлсон байсан.

2.2.Гэтэл гэрээ байгуулсны дараа манай улсад короновируст цар тахал тархсантай холбогдуулан хил гааль хаагдаж, бараа материал тасарч ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2022 онд барилгын ажлыг хийж байсан боловч барилгын материалын үнэ цар тахлын улмаас 2-3 дахин нэмэгдсэн тул “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын гүйцэтгүүлэгч нарт ажлын хөлс, гэрээний үнэ нэмэгдэх болсныг хэлж байсан.

2.3.Нэхэмжлэгч Т.К  нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ажлын хөлсийг нэмэхгүй, урьд өгсөн мөнгийг хүүгийн хамт буцаан авна гэж хэлсэн. Харин бусад захиалагч нар нь нөхцөл байдлыг ойлгож ажлын хөлсийг нэмэгдүүлэн гэрээнд заасан ажлыг хийлгүүлж авсан. Манай компани тухай барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд өөр захиалагчтай гэрээ байгуулж, түүний өгсөн ажлын хөлсөөр барилгыг барьж ашиглалтад оруулсан. Иймд Т.К тай ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Хамтран хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

3.1.Миний бие “С” ХХК нь нэхэмжлэгчтэй Т.К тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барилга захилгын гэрээ байгуулсан юм. Миний бие тус компани захирлаар ажилладаг юм. Захиалагч нарын өгсөн хөрөнгө оруулалтаар “МТ” орон сууц, үйлчилгээний барилга баригдах ёстой байсан ба тухайн үеийн барилгын материал, ажлын хөлсөөр урьдчилан төсөв зохиож, ажлын хөлсний үнийг тодорхойлсон байсан.

3.2.Гэтэл гэрээ байгуулсны дараа манай улсад короновируст цар тахал тархсантай холбогдуулан хил гааль хаагдаж, бараа материал тасарч ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2022 онд барилгын ажлыг хийж байсан боловч барилгын материалын үнэ цар тахлын улмаас 2-3 дахин нэмэгдсэн тул МТ нь орон сууц, үйлчилгээний барилгыг гүйцэтгүүлэгч нарт ажлын хөлс, гэрээний үнэ нэмэгдэх болсныг хэлж байсан. Нэхэмжлэгч Т.К  нь 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ажлын хөлсийг нэмэхгүй, урьд өгсөн мөнгийг хүүгийн хамт буцаан авна гэж хэлсэн. Тухайн үед Т.К т гэрээг цуцалсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Т.К  нь намайг гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн гэдгийг үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй болно. Харин бусад захиалагч нар нь нөхцөл байдлыг ойлгож ажлын хөлсийг нэмэгдүүлэн гэрээнд заасан ажлыг хийлгүүлж авсан. Манай компани тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тул өөр захиалагчтай гэрээ байгуулж, дараагийн гэрээ байгуулсан захиалагч Манарбек овогтой Тимурын өгсөн ажлын хөлсөөр тухайн барилгыг барьж ашиглалтад оруулсан

3.3.Нэхэмжлэгч бид хоёрын хооронд маргаан бол эд хөрөнгийн маргаан биш юм. Энэ маргаан нь төлбөр тооцоотой холбоотой маргаан байх ёстой байхад харамсалтай нь эд хөрөнгийн маргаан болгож хувиргасан байна. Б аймгийн Б сумын 11 дүгээр багт 200м.кв газартай байсан. Тухайн газартаа мэргэжлийн холбогдох байгууллагуудаар зураг гаргуулж, улсын экспертээр батлуулан уг газартаа барилгын зураг гаргуулсан байдаг. Надад тийм өндөр өртөгтэй барилга барих чадавх байгаагүй тул тухайн үед Фейсбүүкээр дамжуулан иргэдээс захиалга авч эхэлсэн. Тухайн барилгын Б1, 1, 2 давхар нь үйлчилгээний зориулалтай, орон сууцны зориулалттай биш юм. Харин 3, 4, 5 дугаар давхрууд нь орон сууцны зориулалтай давхрууд байгаа.

3.4.Тухайн барилга баригдаад дараа жил нь 2022 оны 5 дугаар сараас барилгын ажил дахин эхэлсэн. 6,7 дугаар сарын үед эдийн засгийн хямралд өртөж эхэлсэн байдаг. Жишээлбэл тухайн үед цемент, арматурын үнэ 2 дахин нэмэгдсэн байдаг. Иймд би тухайн барилгаас байр захиалсан дээрх 3 иргэдтэй албан ёсоор очиж уулзаж, нөхцөл байдлаа нотлох баримтаар танилцуулсан. “...Та бүгдийн өгсөн мөнгө хүрсэнгүй, барилга маань зогсонги байдалд орчихлоо, одоо барилгаа өөрийн өртгөөр нь барьж дуусгахад зайлшгүй, гарч байгаа зах зээлийн зөрүүг нь нэмж төлөөч барилгаа барьж ашиглалтад оруулъя...” гэж хэлсэн боловч нэхэмжлэгч тухайн үед хүсэлтийг маань хүлээн зөвшөөрөөгүй “...анх хийсэн гэрээний дагуу авна, барилгын ажил нь зогсох нь надад хамаагүй, би чамд нэг ч төгрөг нэмж өгөхгүй...” гэх хариу өгсөн. Хариуд нь би тантай байгуулсан гэрээгээ цуцалж байгаа гэдгээ тухайн үед мэдэгдсэн байгаа.

3.5.Нэхэмжлэгч миний хариуд “...Гэрээг цуцалж болно. Гэхдээ надад 200,000,000 төгрөг дээр нэмж 100,000,000 төгрөг өг...” гэх хариу хэлсэн. Тухайн үед надад санхүүгийн боломж байгаагүй тул дээр нь сэтгэл санааны хүнд байдал орсон байсан тул нэхэмжлэгчид хандаж тэгвэл хоёулаа асуудлаа шүүхээр шийдвэрлүүлье...” гэж хэлсэн. Уг барилгын цонх нь зураг төслийн дагуу хуванцраар тавигдсан. Нэхэмжлэгч хүсэлт гаргаж уг хуванцар цонхыг төмөр цонхоор солихоор  хүсэлт гаргаж, төмөр цонхоор сольсон зөрүүг нэхэмжлэгч Т.К  өөрөө гаргасан нь үнэн.

3.6.Мөн барилгын үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь зөвхөн нэхэмжлэгчийн хэсэгт подвалд нэвтрэх хэсэг дээр нийтийн эзэмшлийн  талбай таарсан байсан. Нийтийн эзэмшлийн газарт хаалга гаргах боломжгүй тул орох хэсэг дээр нь нэмж 87м.кв газрыг зөвхөн нэхэмжлэгчид зориулж дуудлага худалдаагаар авсан. Үүнтэй холбоотой ажил гүйцэтгэгч миний хувьд ажлын хөлс нэмэгдсэн гэдгийг захиалагч талд буюу нэхэмжлэгчид мэдэгдэж үүргээ биелүүлсэн байна.

3.7.Ингээд ажлын хөлсийг нэмэх асуудалд нэхэмжлэгч татгалзсанаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ дуусгавар болж уг барилгыг үргэлжлүүлэн барихын тулд дараагийн этгээдтэй нэмэгдсэн өртгөөр нь гэрээ байгуулан барилгын ажлаа дуусгасан. Энэ гэрээ одоо хүчин төгөлдөр байгаа.

3.8.Иймд нэхэмжлэгч Т.К  байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Т нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн тайлбартаа:

4.1.“С” ХХК-ийн захирал Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын сүүлээр надтай уулзаж шинээр баригдаж байгаа МТбарилгаас оффисын болон амины орон сууцны захиалга авна гэж хэлсэн. Би тэдний барьж байгаа барилгад очиж үзэж танилцахад санхүүжилт нь ирээгүй улмаас барилгын ажил зогсонги байдалтай байгааг харсан.

4.2.Урьд нь захиалга өгсөн иргэдийн зарим нь гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй, нэмэлт хөлс төлбөрт тохироогүйн улмаас гэрээнээс татгалзсан тул шинэ захиалагчтай тохиролцож чадвал барилгыг үргэлжлүүлэхээр болсон талаар танилцуулсан. Үйлчилгээний зориулалттай барилга нь подвалд буюу В1 тоот давхарт байрлах 01 тоот 72м.кв барилга, мөн 1 давхрын 02 тоот хаягт байрлах 68м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан хүн гэрээнээс татгалзсан гэж хэлсэн.

4.3.Тэгээд би холбогдох санхүүжилтийг нь хийж тухайн барилгыг бариулахаар болж 2022 оны 8 дугаар сарын эхээр гэрээ байгуулж ажилласан. Одоо би тухайн үйлчилгээний талбай болон орон сууцыг өмчилж байна. Т.К  нь нэгэнт гэрээнээсээ татгалзсан учраас би тухайн барилгыг үргэлжлүүлэн бариулж байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө миний хөрөнгөөр бий болсон учраас Т.К-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн байна.

5.Нэхэмжлэгч Т.К-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг төлсөн баримт, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн  “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, мөн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн  “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, Голомт банкны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Төлбөрийн баримт”, Д.Көпжасарын эзэмшлийн С банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”,  Б аймаг, Б сум, 11-р багт иргэн Д.Бийн үйлчилгээтэй орон сууцны барилга (загвар зураг), “Е” ХХК-ийн барилга угсралтын ажил баримт, иргэн Д.Бийн үйлчилгээний орон сууцны барилгын ажлын 2021/01 дугаартай гэрээ, өртөг бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт болон угсармал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт зэрэг бичгийн нотлох баримтуудыг;

6.Хариуцагч Д.Б-ээс М.Т-ын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх гэрээ”, мөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц захиалах, захиалан гүйцэтгэх гэрээ”, 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон №000000000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Нийтийн үйлчилгээний зориулалтаар дуудлагын худалдаагаар эзэмшүүлэх газрын байршлын схем, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Нэгж талбар нэгтгэж, зориулалт өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” захирамж, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын зураг, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх гэрээ”,   2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх гэрээ”, “С” ХХК-ний захирал Д.Бийн гаргасан “Б сумын 11-р багт шинээр баригдсан МТ материалын тооцоо”, тооцооны гарын баримт 4 хуудас, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын “Түр журам батлах тухай” тушаал, энэ тушаалын 1 дүгээр хавсралт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт  өртгийн барилын материалын үнэ өөрчлөлтийг тооцох журам”, 2 дугаар хавсралт “Барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж судалгаа”, “Барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж судалгаа”, “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг;

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 130\ШЗ2023\000438 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу Б аймгийн газрын харилцаа, барилгын хот байгуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр “С” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэсэн тэмдэглэл буюу улаан дэвтэр нь ГГазрын архивд хадгалагдаагүй байна гэсэн ба Б аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, “С” ХХК-ийн захиалгаар гүйцэтгэсэн “МТ” орон сууцны барилга угсралтын ажлын гүйцэтгэсэн тэмдэглэл болон бусад баримтуудыг хуулбарлан хүргүүлсэн байна. Барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл 24 хуудас материал, Б аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №643 дугаартай “Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх тухай” захирамж, кадастрын зургийг хуулбарлан шүүхэд хүргүүлсэн байна.

8.Гуравдагч этгээдээс шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

9.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч Т.К-ын хамтран хариуцагч Д.Б-т холбогдуулан гаргасан Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний сууцны хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “С” ХХК холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

10.Нэхэмжлэгч Т.К нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Д.Б нь “...орон сууц барьж байх хугацаанд барилгын үнэ нэмэгдсэн учир танд дээрх 2 орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй, та нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд орон сууцны гэрчилгээг гарган өгч болно, та зөвшөөрөхгүй бол би дээрх орон сууцыг өөр хүнд худалдан борлуулна шүү...” гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс илт татгалзсан тул Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг “С” ХХК болон Д.Б нарт даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

11.Хариуцагч С ХХК-ийг төлөөлж тус компани захирал бөгөөд хамтран хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Барилгын материалын үнэ нэмэгдсэн, нэмж дуудлага худалдаагаар газар худалдан авсны улмаас тухайн барилгын үнэ нэмэгдсэн, энэ талаар нэхэмжлэгчид хэлсэн боловч хүлээн аваагүй тул Т.К тай байгуулсан гэрээг цуцлан гуравдагч этгээдэд маргаан бүхий орон сууцуудыг худалдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

12.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т шүүхэд гаргасан хүсэлтэд. Үүнд: ... Одоо миний бие маргаан бүхийн үйлчилгээний талбай болон орон сууцыг өмчилж байгаа ба Т.К  нь нэгэнт гэрээнээсээ татгалзсан учраас би тухайн барилгыг үргэлжлүүлэн бариулж байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө миний хөрөнгөөр бий болсон тул Т.К-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн байна.

13.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

13.1.Нэхэмжлэгч Т.К болон хариуцагч “С” ХХК-ний захирал Д.Б нар нь харилцан тохиролцож 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” хоёрыг байгуулан талууд гарын үсэг зурж, “С” ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулсан байна.

Энэхүү 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эхний “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ээр Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг, мөн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хоёр дахь “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ээр Б аймаг, Б сумын 11-р баг, Э 2 гудамжны ... тоот хаягт байрла “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний зориулалттай сууцыг “С” ХХК нь тус тус баталсан зураг төсөл, норм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу энэхүү гэрээгээр тохиролцсон хугацаанд барьж Т.К т хүлээлгэн өгөх, захиалагч  Т.К  нь зохих төлбөрийг гэрээний 2.1, 2.2-т заасан нөхцөлийн дагуу хугацаанд саадгүй төлөхөөр харилцан тохиролцсон байна.

13.2.Хавтаст хэрэгт авагдсан хариуцагч “С” ХХК-ийн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээр тус компани гүйцэтгэх захирал Д.Б мөн болох нь нотлогдож байгаа боловч тус компанийн нь барилга (орон сууц, үйлчилгээний барилга) барих үйл ажиллаагаа явуулдаггүй эрхийн зөвшөөрөлгүй болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, “С” ХХК-ний 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-нд улсын бүртгэлийн дугаар 211002143; регистрийн дугаар 3064247; “С” хязгаарлагдмал хариуцлагатай компани; үндсэн эрхлэх үйл ажиллагаа: үслэг арьсан хувцаснаас бусад хувцас үйлдвэрлэл; гишүүн 1; Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэл гэдэгт: 2) 4390.Барилгын материалын бөөний худалдаа эрхлэх үйл ажиллагаа шинээр 2018.03.13 бүртгэв;  3) 6492.Ломбардын үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагааг шинээр 2015.07.01 бүртгэв; 4) Гүйцэтгэх захирлаар Д.Б-ийг 2020.08.04-ний өдөр бүртгэв, 5) Эцсийн өмчлөгч 1 иргэн 2020.08.24 бүртгэв; 55120.Амралтын газрын үйлчилгээг үйл ажиллагааг шинээр; 13100.Зар сурталчилгааны ажил үйл ажиллагаа шинээр; 46100.Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа үйл ажиллагааг шинээр; 6) 01620.Мал аж ахуйн салбарт туслах үйл ажиллагаа шинээр 2020.08.04 өдөр бүртгэсэн гэсэн байна.

13.3.Шүүх хуралдаанд хариуцагч “С” ХХК-ийн захирал Д.Б нь “...барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хувь хүн Д.Б миний нэр дээр гарсан, хувь хүний нэрийн өмнөөс “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” хийх нь зохимжгүй учраас нэхэмжлэгч Т.К тай байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-г өөрийн өмчлөлийн “С” ХХК-ийн нэрээр хийж, компани тамгыг дарж баталгаажуулсан нь үнэн” гэсэн байна.

13.4.Хавтас хэргийн 122 дугаар талд авагдсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №БЭЗ-83-03/22 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ” нь Д.Б-ийн нэр дээр гарсан нь тогтоогдож байна. 

Энэхүү 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №БЭЗ-83-03/22 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-нд барилгын ажлын зөвшөөрлийн хүчинтэй хугацаа: Б аймаг, Б сум, 11-р баг гүйцэтгэх график хугацаа: 2022/02/15-2023/02/14; Барилга байгууламжийн талаарх мэдээлэл: зориулалт: Төрөл бүрийн зориулалттай олон нийтийн барилга; Үндсэн хийц: тоосго; Хэмжээ:19,20х9,20м2 ; Давхрын тоо:5 ; Хэсэг/блок:1 ; Зураг төслийн шифр дугаар: AЕ-2021-18; барилга байгууламжийн ангилал: Дунд төвөгшилтэй; Барилгын ажлын захиалагч Д.Б;  Барилгын ажлын гүйцэтгэгч нь “Е” ХХК нь гэж тусгасан байна.

13.5.Б аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №А/592 дугаартай захирамжаар Б сумын .... дүгээр багийн иргэн Д.Бийн үйлчилгээ, орон сууцны барилга угсралтын ажлыг хүлээн авах комисс байгуулсан ба 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №07/2022 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт” гарсан байна.

13.6.2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн №07/2022 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ийн...Хоёр.Ерөнхий мэдээлэл гэдэгт: 1.Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний 2022.02.15 огноо, БЭЗ-83-03/22 дугаар; 2.Барилга байгууламжийн зураг төсөл шифр дугаар АЕ-2021-18;  3.Захиалагч: (Иргэний хувьд)  Х овогт Д.Б...; 4.Барилгын ажлын гүйцэтгэгч: “Е” ХХК...; 6. А ХХК-ний ЗТ12-157/17 зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй...; 7.Барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага: Д.Б...,  8.Барилга байгууламжийн төлөв байдал: шаардлага хангасан;

 Гурав:Дүгнэлтийн хэсэг гэдэгт: 1.Энэхүү дунд зэргийн төвөгшлийн ангиллын 6 айл хүчин чадал бүхий үйлчилгээтэй нийтийн орон сууцны зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсний үндсэн дээр комиссоос дүгнэсэн нь: 1.Энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв гэсэн байна.

 13.7.Энэхүү үйлчилгээний орон сууцны барилга байгууламжийн барилгын зураг төслийн байгууллагаар А ХХК-ийн ажилласан Б аймгийн Б сумын 11-р баг иргэн Д.Бийн үйлчилгээтэй орон сууцны барилгын зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №2021/08.21 “Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийн газар дээр байгуулсан тухай акт”-аар тус тус тогтоогдож байна.  

13.8.Барилгын ажлын гүйцэтгэгч “Е” ХХК-ийн “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл”-д 2021.09.01-09.02-ны өдөр барилгын газар шорооны ажил эхлэв. Улаан шугам тавьж кателован ухав...2021.09.10-09.13 энэ өдөр барилгын -9.05- түвшинд орших (XI-X4, У-1-У-3 тэнхлэг хооронд) зоорийн давхрын ханын хэв угсрах ажил хийж гүйцэтгэв. Энэ өдрийн ажлыг Баярсайхан тэргүүтэй 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын бригад хийж гүйцэтгэв гэсэн байна.

 13.9.Эдгээр нотлох баримтаар маргаан бүхий нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн захиалагч буюу өмчлөгч Д.Б (хамтран хариуцагч) мөн болох нь, барилгын ажлыг гүйцэтгэгч “Е “ХХК нь мөн болох нь, барилгын газар шорооны ажил 2021.09.01-09.02-ны өдөр эхэлсэн болох нь, 2021.09.10-ны өдөр барилгын 9.05-түвшинд орших (XI-X4, У-1-У-3 тэнхлэг хооронд) зоорины давхрын ханын хэв угсрах ажил хийгдэж байсан нь тус тус нотлогдож байна.

Үүгээр нэхэмжлэгч Т.К , хариуцагч “С” ХХК-ийн хороонд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэдэг нь үгүйсгэгдэж байна.

13.10.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул дээрх нотлох баримтуудаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний агуулгын хувьд нэхэмжлэгч Т.К , хамтран хариуцагч Д.Б нарын хооронд  худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Иймээс нэхэмжлэгч Т.К  нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эхний “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 1.2-т заасны дагуу  Б аймаг, Б сумын 11-р баг, Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын 02 тоот, 2 өрөө 68 м.кв орон сууцыг м2-ыг 1,700,000 төгрөгөөр тооцож орон сууцны нийт үнэ 115,600,000 төгрөгийг , мөн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хоёр дахь “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 1.2-т заасны дагуу Б аймаг, Б сумын 11-р баг, Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхар 01 тоот, 2 өрөө 72 м.кв үйлчилгээний сууц үйлчилгээний сууцыг м2-ыг 1,200,000 төгрөгөөр тооцож сууцны нийт үнэ 86,400,000 төгрөгийг тус тус 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 100% бүрэн төлсөн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Т.К  өөрийн эзэмшлийн данснаас 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 190,000,000 төгрөгийг Голомт банкаар, мөн өдөр 12,000,000 төгрөгийг С банкаар дамжуулан өмчлөгч (хамтран хариуцагч) Д.Б-ийн данс руу шилжүүлж төлбөрийг бүрэн төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан “Голомт банкны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн  “Төлбөрийн баримт” болон  2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч Т.К-ын эзэмшлийн С банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-аар тус тус давхар нотлогдож байна.

Маргаан бүхий нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн захиалагч буюу өмчлөгч Д.Б (хамтран хариуцагч) нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 4.1-т заасны дагуу Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууцны үйлчилгээний барилгын В-1 давхар 01 тоот хаягтай 72 м.кв, 2 өрөө үйлчилгээний сууц болон тус орон сууцны 1 давхрын 02 тоот хаягтай 68 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус баталсан зураг төсөл, норм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу гэрээгээр тохиролцсон хугацаанд барьж Т.К т хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй маргаан үүссэн байна.

 13.11.Хамтран хариуцагч Д.Б нь барилга барьж байх хугацаанд барилгын материалын үнэ болон дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар орон сууц болон үйлчилгээний сууцны үнэ нэмэгдсэн гэж нэмэгдэл хөлс шаардсан, нэхэмжлэгч Т.К  зөвшөөрөөгүй тул 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-г 2022 оны 7 дугаар сард цуцалсан  гэдэг нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 5.1-ийг зөрчиж байна.

Энэхүү 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 5.1-д зааснаар талууд гэрээнд бичгээр үйлдсэн зөвшилцлийн үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл хамтран хариуцагч талаас нэмэлт өөрчлөлт оруулахаар бичгээр хүсэлт гаргасан, зөвшилцсөн нотлох баримт байхгүй байна.

13.12.Иймд Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Т.К  нь гэрээний дагуу хоёр орон сууцны үнийг бүрэн төлснөөр маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Т.К  шилжих тул хариуцагч Д.Б нь нэг талын санаачилгаар гэрээний үнэд  өөрчлөлт оруулах, гэрээг цуцлах эрхгүй болно.

13.13.Хариуцагч нь маргаж буй орон сууц, үйлчилгээний сууцыг бусдад буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т-т худалдсан гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т нь худалдан авсан гэж маргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т нь Д.Б-тэй 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эхний “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ээр Б аймаг, Б сумын 11-р баг, Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхраас хаалганы дугаар 4, 72,06 м.кв 1 өрөө сууцыг м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр тооцон, сууцны нийт үнэ 165,738,000 төгрөгөөр тохиролцож, 2,1-д захиалагч тал нь орон сууц, үйлчилгээний байрны нийт үнийг 100%-тай тэнцэх төлбөр болох 165,738,000 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр, 4.1-д зааснаар гүйцэтгэгч тал нь гэрээний 1.2-т заасан орон сууц, үйлчилгээний байрыг 2022 оны 10 дугаар сарын 05-нд багтааж иж бүрэн, чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тохиролцсон байна.

Мөн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хоёр дахь “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ээр Б аймаг, Б сумын 11-р баг, Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын 0 давхраас хаалганы дугаар 2, 75,79 м.кв 1 өрөө сууцыг м.кв-ыг 1,482,000 төгрөгөөр тооцон, сууцны нийт үнэ 112,320,780 төгрөгөөр тохиролцож, 2,1-д захиалагч тал нь орон сууц, үйлчилгээний байрны нийт үнийг 100%-тай тэнцэх төлбөр болох 112,320,780 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр, 4.1-д зааснаар гүйцэтгэгч тал нь гэрээний 1.2-т заасан орон сууц, үйлчилгээний байрыг 2022 оны 10 дугаар сарын 05-нд багтааж иж бүрэн, чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор тохиролцсон байна.

13.14.Энэхүү бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т-ын хамтран хариуцагч Д.Б-тэй байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хоёр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-нд заасан өрөөний тоо, хаалганы дугаар, давхар, нийт талбайн хэмжээ нь нэхэмжлэгч Т.К-ын байгуулсан 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ийн өрөөний тоо, хаалганы дугаар, давхар, нийт талбайн хэмжээтэй тохирохгүй байна.

Иймд хариуцагчийн маргаж буй орон сууц, үйлчилгээний сууцыг бусдад буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т-т худалдсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

14.Хариуцагч Д.Б-ээс гаргаж өгсөн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон №000000000 дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Нийтийн үйлчилгээний зориулалтаар дуудлагын худалдаагаар эзэмшүүлэх газрын байршлын схем, Б аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Нэгж талбар нэгтгэж, зориулалт өөрчлөн газар эзэмшүүлэх тухай” захирамж, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын зураг, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх гэрээ”,   2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц захиалах, захилга гүйцэтгэх гэрээ”, “С” ХХК-ийн захирал Д.Б-ийн гаргасан “Б сумын 11-р багт шинээр баригдсан МТ материалын тооцоо”, тооцооны гарын баримт 4 хуудас, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаартай Барилга, хот байгуулалтын сайдын “Түр журам батлах тухай” тушаал, энэ тушаалын 1 дүгээр хавсралт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт  өртгийн барилын материалын үнэ өөрчлөлтийг тооцох журам”, 2 дугаар хавсралт “Барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж судалгаа”, “Барилгын материалын үйлдвэрлэгч, борлуулагч нарын зах зээлийн дундаж судалгаа” нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

15.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг тус тус баримтлан Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууцны үйлчилгээний барилгын В-1 давхар хаалганы дугаар 01 тоотод байрлах 72 м.кв, 2 өрөө үйлчилгээний сууц болон тус орон сууцны 1 давхрын хаалганы дугаар 02 тоотод байрлах 68 м.кв 2 өрөө орон сууцны хуульч ёсны өмчлөгчөөр Т.К-ыг тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг Д.Б-т даалгаж, хариуцагч “С” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв. 

16.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хамтран хариуцагч Д.Б-ээс 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.К т олгох нь зүйтэй байна.

17.Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхар 01 тоот хаягт байрлах 72 м.кв, 2 өрөө үйлчилгээний сууцыг болон тус орон сууцны 1 давхрын 02 тоот хаягт байрлах 68 м.кв 2 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулах, барьцаалах, түрээслэх, бусдад шилжүүлэх зэргээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагч “С” ХХК-ийн захирал Д.Б-т даалгасан Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШЗ2022/02883 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй байна. (хэргийн 24-25-р тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг тус тус баримтлан Т овогт Т.К-ыг Б аймгийн Б сумын .... дүгээр багийн Э 2 гудамжны ... тоот хаягт байрлах “МТ” орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхар, хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв, 2 өрөө үйлчилгээний сууц болон тус орон сууцны 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг Д.Б-т даалгаж, хариуцагч “С” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгийг улсын орлого улсын орлого болгож, хамтран хариуцагч Д.Б-ээс 140400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.К-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 130/ШЗ2022/02883 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж  нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК