Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2023/00076

 

 

 

 

Т.К-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00240 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Т.К-ын нэхэмжлэлтэй, хариуцагч **** үйл ажиллагаа явуулдаг “С” ХХК /захирал Д.Б-/, хамтран хариуцагч ****** оршин суух Д.Б- нарт холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах Морон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус Морон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний сууцны хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагч “С “ХХК болон хамтран хариуцагч Д.Б- нарт даалгах тухай” иргэний хэргийг хариуцагч Д.Б- болон гуравдагч этгээд М.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, хариуцагч Д.Б-, гуравдагч этгээд М.Т- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1.Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “С” ХХК-тай “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр “С” ХХК-ийн Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11-р баг, Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах Мanai Tower орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхраас 72м.кв 2 өрөө үйлчилгээний зориулалттай сууц, 1 давхраас 68 м.кв 2 өрөө орон сууц тус тус авахаар гэрээ байгуулсан. Миний бие “С” ХХК-тай дээрх “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулах үед уг барилгын ажлын гүйцэтгэл 2 давхрын ажил хийгдэж байсан.

1.2. Нэхэмжлэл шүүхэд гаргасны дараа “С” компани нь барилга барих зөвшөөрөлгүй гэдгийг мэдээд, “С” ХХК-ийн захирал Д.Б- өөрийн нэр дээр барилга бариулах зөвшөөрөл авсан гэдгийг мэдээд хамтран хариуцагчаар татуулсан. Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “С” ХХК-ийн захирал иргэн Д.Б-тэй орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.

1.3. Ингээд гэрээний дагуу В1 давхрын 72 м.кв үйлчилгээний зориулалтай сууцны төлбөр болох 86,400,000 төгрөг, 1 давхрын 68м.кв 2 өрөө орон сууцны төлбөр болох 115,600,000 төгрөгийг “С” ХХК-ийн захирал Д.Б-ийн хүсэлтээр түүний арилжааны банк дахь харилцах дансанд төлж барагдуулсан.

1.4. Харин Д.Б- нь гэрээний 4.1-д зааснаар дээрх үйлчилгээний болон амьдрах зориулалттай орон сууцыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дотор багтааж, иж бүрэн, чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгч, орон сууцны гэрчилгээг надад гарган өгөхөөр харилцан тохиролцсон үүргээ биелүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, худалдан авагчийн зүгээс дээрх орон сууцны төлбөрийг 100 хувь төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад Д.Б- нь Мanai Tower орон сууц, үйлчилгээний барилга 100 хувь ашиглалтад орсон боловч худалдагчийн зүгээс өнөөдрийг хүртэлх хугацаанд дээрх орон сууц болон үйлчилгээний барилгын хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа болно. Энэ талаар худалдагч С ХХК болон захирал Д.Б-т шаардлага тавьсан боловч тэрээр орон сууц барьж байх хугацаанд барилгын үнэ нэмэгдсэн учир танд дээрх 2 орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй, та нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд орон сууцны гэрчилгээг гарган өгч болно, та зөвшөөрөхгүй бол би дээрх орон сууцыг өөр хүнд худалдан борлуулна шүү гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс илт татгалзсан болно.

1.5. Бидний дунд төлбөр тооцоотой холбоотой маргаан байгаагүй. Үнэхээр төлбөр тооцоотой холбоотой маргаан байсан бол үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар хариуцагч тал яг хэдэн төгрөгийн өртөг нэмэгдсэн гэдгийг цуглуулж, гаргаж өгч болох байсан. Тийм зүйл байхгүй шууд шүүхэд ирснээ энэ төлбөр тооцоотой холбоотой маргаан зах зээлийн үнэ нэмэгдсэн гэх нь үндэслэлгүй. Хэрэв 7 дугаар сарын 04-ний өдөр гэрээг Д.Б- цуцалсан бол нэхэмжлэгч би 7 дугаар сарын 10-ны өдөр цонхны үнэ гэж 2,000,000 төгрөг нэмж хийхгүй байх байсан. Иймд бидний дунд байгуулсан гэрээ цуцлагдаагүй, талуудын хоорондох харилцаа гэрээний дагуу явж байсан.

1.6. Энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэж хэлэхэд эргэлзээтэй байгаа. Учир нь, миний худалдаж авсан байр нь 1 дүгээр давхрын 2 тоот хаяг, Б1 давхраас 1 тоот хаягийг авсан. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б1 давхраас 2 тоот хаяг, 1 дүгээр давхраас 4 тоот хаягт гэрээ хийсэн байдаг. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хэрэв бидний гэрээ хийж худалдаж авсан байрыг бидний дараа худалдаж авсан бол төлбөр төлсөн баримтыг яагаад шүүхэд гаргаж өгөхгүй байгаа нь эргэлзээтэй.

1.7.Иргэний хуульд заасан үүргээ биелүүлж эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.К- миний Өлгий сумын 11-р багт, Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах, Морон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус Морон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тус тус тогтоож, дээрх үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч “С” ХХК-ний захирал Д.Б-т даалгаж, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

 

2. Хариуцагч “С” ХХК-ийн тайлбар, татгалзал:

2.1. “С” ХХК нь нэхэмжлэгч Т.К-тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барилгын захиалгын гэрээ байгуулсан. Захиалагч нарын өгсөн хөрөнгө оруулалтаар Manai Tower орон сууц, үйлчилгээний барилга баригдах ёстой байсан ба тухайн үеийн барилгын материал, ажлын хөлсөөр урьдчилан төсөв зохиож, ажлын хөлсний үнийг тодорхойлсон байсан.

2.2. Гэтэл гэрээ байгуулсны дараа манай улсад короновируст цар тахал тархсантай холбогдуулан хил гааль хаагдаж, бараа материал тасарч ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2022 онд барилгын ажлыг хийж байсан боловч барилгын материалын үнэ цар тахлын улмаас 2-3 дахин нэмэгдсэн тул Manai Tower орон сууц, үйлчилгээний барилгын гүйцэтгүүлэгч нарт ажлын хөлс, гэрээний үнэ нэмэгдэх болсныг хэлж байсан.

2.3. Нэхэмжлэгч Т.К- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажлын хөлсийг нэмэхгүй, урьд өгсөн мөнгийг хүүгийн хамт буцаан авна гэж хэлсэн. Харин бусад захиалагч нар нь нөхцөл байдлыг ойлгож ажлын хөлсийг нэмэгдүүлэн гэрээнд заасан ажлыг хийлгүүлж авсан. Манай компани тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд өөр захиалагчтай гэрээ байгуулж, түүний өгсөн ажлын хөлсөөр барилгыг барьж ашиглалтад оруулсан. Иймд Т.К-тай ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хамтран хариуцагч Д.Б-ийн хариу тайлбар, татгалзал:

3.1.Миний бие “С” ХХК нь нэхэмжлэгчтэй Т.К-тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барилга захилгын гэрээ байгуулсан юм. Миний бие тус компани захирлаар ажилладаг юм. Захиалагч нарын өгсөн хөрөнгө оруулалтаар Морон сууц, үйлчилгээний барилга баригдах ёстой байсан ба тухайн үеийн барилгын материал, ажлын хөлсөөр урьдчилан төсөв зохиож, ажлын хөлсний үнийг тодорхойлсон байсан.

3.2. Гэтэл гэрээ байгуулсны дараа манай улсад короновируст цар тахал тархсантай холбогдуулан хил гааль хаагдаж, бараа материал тасарч ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2022 онд барилгын ажлыг хийж байсан боловч барилгын материалын үнэ цар тахлын улмаас 2-3 дахин нэмэгдсэн тул Manai Tower нь орон сууц, үйлчилгээний барилгыг гүйцэтгүүлэгч нарт ажлын хөлс, гэрээний үнэ нэмэгдэх болсныг хэлж байсан. Нэхэмжлэгч Т.К- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажлын хөлсийг нэмэхгүй, урьд өгсөн мөнгийг хүүгийн хамт буцаан авна гэж хэлсэн. Тухайн үед Т.К-т гэрээг цуцалсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Т.К- нь намайг гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн гэдгийг үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй болно. Харин бусад захиалагч нар нь нөхцөл байдлыг ойлгож ажлын хөлсийг нэмэгдүүлэн гэрээнд заасан ажлыг хийлгүүлж авсан. Манай компани тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тул өөр захиалагчтай гэрээ байгуулж, дараагийн гэрээ байгуулсан захиалагч Манарбек овогтой Т-ын өгсөн ажлын хөлсөөр тухайн барилгыг барьж ашиглалтад оруулсан.

3.3. Нэхэмжлэгч бид хоёрын хооронд маргаан бол эд хөрөнгийн маргаан биш. Энэ маргаан нь төлбөр тооцоотой холбоотой маргаан байх ёстой байхад харамсалтай нь эд хөрөнгийн маргаан болгож хувиргасан байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт 200м.кв газартай байсан. Тухайн газартаа мэргэжлийн холбогдох байгууллагуудаар зураг гаргуулж, улсын экспертээр батлуулан уг газартаа барилгын зураг гаргуулсан байдаг. Надад тийм өндөр өртөгтэй барилга барих чадавх байгаагүй тул тухайн үед Фейсбүүкээр дамжуулан иргэдээс захиалга авч эхэлсэн. Тухайн барилгын Б1, 1, 2 давхар нь үйлчилгээний зориулалтай, орон сууцны зориулалттай биш юм. Харин 3, 4, 5 дугаар давхрууд нь орон сууцны зориулалтай давхрууд байгаа.

3.4.Тухайн барилга баригдаад дараа жил нь 2022 оны 5 дугаар сараас барилгын ажил дахин эхэлсэн. 6,7 дугаар сарын үед эдийн засгийн хямралд өртөж эхэлсэн. Жишээлбэл тухайн үед цемент, арматурын үнэ 2 дахин нэмэгдсэн. Иймд би тухайн барилгаас байр захиалсан дээрх 3 иргэдтэй албан ёсоор очиж уулзаж, нөхцөл байдлаа нотлох баримтаар танилцуулсан. ...Та бүгдийн өгсөн мөнгө хүрсэнгүй, барилга маань зогсонги байдалд орчихлоо, одоо барилгаа өөрийн өртгөөр нь барьж дуусгахад зайлшгүй, гарч байгаа зах зээлийн зөрүүг нь нэмж төлөөч барилгаа барьж ашиглалтад оруулъя... гэж хэлсэн боловч нэхэмжлэгч тухайн үед хүсэлтийг маань хүлээн зөвшөөрөөгүй ...анх хийсэн гэрээний дагуу авна, барилгын ажил нь зогсох нь надад хамаагүй, би чамд нэг ч төгрөг нэмж өгөхгүй... гэх хариу өгсөн. Хариуд нь би тантай байгуулсан гэрээгээ цуцалж байгаа гэдгээ тухайн үед мэдэгдсэн.

3.5.Нэхэмжлэгч миний хариуд “...Гэрээг цуцалж болно. Гэхдээ надад 200,000,000 төгрөг дээр нэмж 100,000,000 төгрөг өг...” гэх хариу хэлсэн. Тухайн үед надад санхүүгийн боломж байгаагүй тул дээр нь сэтгэл санааны хүнд байдал орсон байсан тул нэхэмжлэгчид хандаж “тэгвэл хоёулаа асуудлаа шүүхээр шийдвэрлүүлье...” гэж хэлсэн. Уг барилгын цонх нь зураг төслийн дагуу хуванцраар тавигдсан. Нэхэмжлэгч уг хуванцар цонхыг төмөр цонхоор солихоор хүсэлт гаргаж, төмөр цонхоор сольсон зөрүүг нэхэмжлэгч Т.К- өөрөө гаргасан нь үнэн.

3.6. Мөн барилгын үнэ нэмэгдэх болсон шалтгаан нь зөвхөн нэхэмжлэгчийн хэсэгт подвалд нэвтрэх хэсэг дээр нийтийн эзэмшлийн талбай таарсан байсан. Нийтийн эзэмшлийн газарт хаалга гаргах боломжгүй тул орох хэсэг дээр нь нэмж 87м.кв газрыг зөвхөн нэхэмжлэгчид зориулж дуудлага худалдаагаар авсан. Үүнтэй холбоотой ажил гүйцэтгэгч миний хувьд ажлын хөлс нэмэгдсэн гэдгийг захиалагч талд буюу нэхэмжлэгчид мэдэгдэж үүргээ биелүүлсэн байна.

3.7. Ингээд ажлын хөлсийг нэмэх асуудалд нэхэмжлэгч татгалзсанаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ дуусгавар болж уг барилгыг үргэлжлүүлэн барихын тулд дараагийн этгээдтэй нэмэгдсэн өртгөөр нь гэрээ байгуулан барилгын ажлаа дуусгасан. Энэ гэрээ одоо хүчин төгөлдөр байгаа. Иймд нэхэмжлэгч Т.К-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т-ын тайлбар:

4.1.”С” ХХК-ийн захирал Д.Б- нь 2022 оны 7 дугаар сарын сүүлээр надтай уулзаж шинээр баригдаж байгаа манай төвийн барилгаас оффисын болон амины орон сууцны захиалга авна гэж хэлсэн. Би тэдний барьж байгаа барилгад очиж үзэж танилцахад санхүүжилт нь ирээгүй улмаас барилгын ажил зогсонги байдалтай байгааг харсан.

4.2. Урьд нь захиалга өгсөн иргэдийн зарим нь гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй, нэмэлт хөлс төлбөр тохироогүйн улмаас гэрээнээс татгалзсан тул шинэ захиалагчтай тохиролцож чадвал барилгыг үргэлжлүүлэхээр болсон талаар танилцуулсан. Үйлчилгээний зориулалттай барилга нь подвалд буюу В1 тоот давхарт байрлах 01 тоот 72м.кв барилга, мөн 1 давхрын 02 тоот хаягт байрлах 68м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан хүн гэрээнээс татгалзсан гэж хэлсэн.

4.3.Тэгээд би холбогдох санхүүжилтийг нь хийж тухайн барилгыг бариулахаар болж 2022 оны 8 дугаар сарын эхээр гэрээ байгуулж ажилласан. Одоо би тухайн үйлчилгээний талбай болон орон сууцыг өмчилж авсан. Т.К- нь нэгэнт гэрээнээсээ татгалзсан учраас би тухайн барилгыг үргэлжлүүлэн бариулж байсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө миний хөрөнгөөр бий болсон учраас Т.К-ын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00240 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг тус тус баримтлан Т.К-ыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах Морон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхар, хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв, 2 өрөө үйлчилгээний сууц болон тус орон сууцны 1 давхрын хаалганы дугаар 02 тоот,68 м.кв 2 өрөө орон сууцны хуульч ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг Д.Б-т даалгаж, хариуцагч “С” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т.К-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгийг улсын орлого улсын орлого болгож, хамтран хариуцагч Д.Б-ээс 140400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.К-т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

6.1. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн болно.

6.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13.9 дэх заалтад “... Эдгээр нотлох баримтаар маргаан бүхий нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн захиалагч буюу өмчлөгч Д.Б- (хамтран хариуцагч) мөн болох нь барилгын ажил гүйцэтгэгч “Е” ХХК нь мөн болох нь барилгын шорооны ажил 2021.09.01-09.02-ны өдөр эхэлсэн болох нь 2021.09.10-ны өдөр барилгын 9.05-түвшинд орших (Х1-Х4, У-1, У-3 тэнхлэг хооронд) зоорины давхрын ханын хэв угсрах ажил хийгдэж байсан нь тус тус нотлогдож байна. Үүгээр нэхэмжлэгч Т.К- хариуцагч “С” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэдэг нь үгүйсгэгдэж байна” хэмээн хийсвэр дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13.10 дахь заалтад “Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул дээрх нотлох баримтуудаар 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний агуулгын хувьд нэхэмжлэгч Т.К- хамтран хариуцагч Д.Б- нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна” гэжээ. Гэвч “С” ХХК нь нэхэмжлэгч Т.К-тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барилга захиалгын гэрээ байгуулсан ба тухайн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ юм. Ингэж үзэж байгаа шалтгаан нь захиалагч нарын өгсөн хөрөнгө оруулалтаар Манай товер орон сууц, үйлчилгээний барилга баригдах ёстой байсан ба тухайн үеийн барилгын материал, ажлын хөлсөөр урьдчилан төсөв зохиож, ажлын хөлсний үнийг тодорхойлсон байсан. Гэтэл гэрээ байгуулсны дараа манай улсад короновируст цар тахал тархсантай холбогдуулан хил гааль хаагдаж, бараа материал тасарч ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2022 онд барилгын ажлыг хийж байсан боловч барилгын материалын үнэ цар тахлын улмаас 2-3 дахин нэмэгдсэн тул Манай товер орон сууц, үйлчилгээний барилгыг гүйцэтгүүлэгч нарт ажлын хөлс, гэрээний үнэ нэмэгдэх болсныг хэлж байсан. Нэхэмжлэгч Т.К- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажлын хөлсийг нэмэхгүй, урьд өгсөн мөнгийг хүүгийн хамт буцаан авна гэж хэлсэн. Харин бусад захиалагч нар нь нөхцөл байдлыг ойлгож ажлын хөлсийг нэмэгдүүлэн гэрээнд заасан ажлыг хийлгүүлж авсан. Манай компани тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд өөр захиалагчтай гэрээ байгуулж, түүний өгсөн ажлын хөлсөөр тухайн барилгыг барьж ашиглалтад оруулсан. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэсэн байна. Хуулийн дээрх заалтаас болон хэргийн үйл баримтаас харахад талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байгаа. 

6.3. Иргэний хуульд нэг талын санаачлаагаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ажил гүйцэтгэх гэрээг цуцлаагүй тохиолдолд тухайн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүйд хүрсэн бөгөөд бусад ажил гүйцэтгүүлэгчид болон ажил гүйцэтгэгч компанид их хэмжээний хохирол учрахаар байсан юм. Манай товер барилга маань баригдаж эхлээд дараа жил нь 2022 оны 5 дугаар сараас барилгын ажил дахин эхэлсэн ба 6,7 дугаар сарын үед эдийн засгийн хямралд өртөж эхэлсэн. Иймд би тухайн барилгаас байр захиалсан буюу ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон 3 иргэнтэй албан ёсоор очиж уулзаж, нөхцөл байдлаа нотлох баримтаар танилцуулсан ба “Та бүгдийн өгсөн мөнгө хүрсэнгүй, барилга маань зогсонги байдалд орчихлоо одоо барилгаа өөрийн өртгөөр нь барьж дуусгахад зайлшгүй гарч байгаа зах зээлийн зөрүүг нь нэмж төлөөч барилгыг барьж ашиглалтад оруулъя...” гэж хэлсэн боловч нэхэмжлэгч тухайн үед хүсэлтийг маань хүлээн зөвшөөрөөгүй "... анх хийсэн гэрээний дагуу авна. Барилгын ажил зогсох нь надад хамаагүй, би чамд нэг ч төгрөг нэмж өгөхгүй...” гэх хариу өгсөн. Хариуд нь би тантай байгуулсан гэрээгээ цуцалж байгаа гэдгээ тухайн мэдэгдсэн.

6.4. Мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхдээ энэ тухай гэрээгээ нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд тийм харилцаа болоогүй юм. Тухайн орон сууц өөр захиалагчийн хүсэл зоригоор хийгдсэн учраас тухайн ажлын үр дүнгээр бий болсон үл хөдлөх хөрөнгө тухайн хүний өмч бөгөөд тодруулбал иргэн М.Т-ын өмч хөрөнгөд нэхэмжлэгч булаацалдаж байгаа гэсэн үг юм. Угтаа бол нэхэмжлэгч бид хоёрын хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэгдэх гэрээ” цуцлагдсан учраас нэхэмжлэгч бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан биш төлбөр тооцоотой холбоотой маргаан байх ёстой байсан. Гэвч хариуцагч үүнийг эд хөрөнгийн маргаан болгож хувиргаж байна.

6.5. Иймд миний гомдлыг хангаж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00240 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

7. Гуравдагч этгээд М.Т-ын давж заалдах гомдлын агуулга:

7.1. “С” ХХК-ны захирал Д.Б- надтай 2022 оны 7 дугаар сарын сүүлээр уулзаж шинээр баригдаж байгаа манай төвийн барилгаас оффисын болон амины орон сууцны захиалга авна гэж хэлсэн. Миний бие тэдний барьж байгаа барилгад очиж үзэж танилцахад санхүүжилт нь ирээгүйн улмаас барилгын ажил зогсонги байдалтай байгааг харсан ба урьд нь захиалга өгсөн иргэдийн зарим нь гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгүй, нэмэлт хөлс төлбөр дээр тохироогүйн улмаас гэрээнээс татгалзсан тул шинэ захиалагчтай тохиролцож дахин ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгааг хэлсэн.

7.2. Үйлчилгээний зориулалттай барилга нь подвалд буюу В1 давхарт байрлах 01 тоот 72 м.кв барилга,  мөн 1 давхрын 02 тоот хаягт барилах 68 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан хүн гэрээнээс татгалзсан гэж хэлсэн. Тэгээд би холбогдох санхүүжилтийг нь хийж тухайн барилгыг бариулахаар болж 2022 оны 8 дугаар сарын эхээр гэрээг байгуулсан ба одоо би тухайн үйлчилгээний талбай болон орон сууцыг өмчилж байна. Т.К- нь нэгэнт гэрээнээсээ татгалзсан учраас би тухайн барилгыг үргэлжлүүлэн бариулж дуусгасан. Миний бие тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч юм.

7.3. Иргэний хуульд нэг талын санаачилгаар ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй бөгөөд тухайн ажлыг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан ба ажил гүйцэтгэх гэрээг цуцлаагүй тохиолдолд тухайн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүйд хүрэх бөгөөд бусад ажил гүйцэтгүүлэгчид болон ажил гүйцэтгэгч компанид их хэмжээний хохирол учрахаар байсан юм. Тухайн орон сууц өөр захиалагчийн хүсэл зоригоор хийгдсэн учраас тухайн ажлын үр дүнгээр бий болсон үл хөдлөх хөрөнгө тухайн хүний өмч юм Өөрөөр хэлбэл миний өмч хөрөнгө бөгөөд нэхэмжлэгч нь миний өмч хөрөнгөд булаацалдаж байгаа гэсэн үг юм.Иймд миний гомдлыг хангаж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00240 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч Д.Б- болон гуравдагч этгээд М.Т-ын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

9. Нэхэмжлэгч Т.К- нь хариуцагч “С” ХХК /захирал Д.Б-/, хамтран хариуцагч Д.Б- нарт  холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах М орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус Морон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний сууцны хууль ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг хариуцагч “С “ХХК болон хамтран хариуцагч Д.Б- нарт даалгах тухай” нэхэмжлэл гаргажээ.

 

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Миний бие 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “С” ХХК-тай “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулсан ба уг гэрээгээр “С” ХХК-ийн Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11-р баг, Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах М орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхраас 72м.кв 2 өрөө үйлчилгээний зориулалттай сууц, 1 давхраас 68 м.кв 2 өрөө орон сууц тус тус авахаар гэрээ байгуулсан. Ингээд гэрээний дагуу В1 давхрын 72 м.кв үйлчилгээний зориулалтай сууцны төлбөр болох 86,400,000 төгрөг, 1 давхрын 68м.кв 2 өрөө орон сууцны төлбөр болох 115,600,000 төгрөгийг “С” ХХК-ийн захирал Д.Б-ийн хүсэлтээр түүний арилжааны банк дахь харилцах дансанд төлж барагдуулсан. Хариуцагчаас орон сууц барьж байх хугацаанд барилгын үнэ нэмэгдсэн учир танд дээрх 2 орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй, та нэмэлт төлбөр төлсөн тохиолдолд орон сууцны гэрчилгээг гарган өгч болно, та зөвшөөрөхгүй бол би дээрх орон сууцыг өөр хүнд худалдан борлуулна шүү гэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс илт татгалзсан...бидний дунд байгуулсан гэрээ цуцлагдаагүй, талуудын хоорондох харилцаа гэрээний дагуу явж байсан. Иргэний хуульд заасан үүргээ биелүүлж эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.К- миний Өлгий сумын 11-р багт, Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах, М орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны болон тус М орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний сууцны хууль ёсны өмчлөгч мөн болохыг тус тус тогтоож, дээрх үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг хариуцагч “С” ХХК-ний захирал Д.Б-т даалгаж, миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү” гэж тайлбарлаж,

хариуцагч татгалзлын үндэслэлээ “С” ХХК нь нэхэмжлэгч Т.К-тай 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр барилгын захиалгын гэрээ байгуулсан. Захиалагч нарын өгсөн хөрөнгө оруулалтаар M орон сууц, үйлчилгээний барилга баригдах ёстой байсан ба тухайн үеийн барилгын материал, ажлын хөлсөөр урьдчилан төсөв зохиож, ажлын хөлсний үнийг тодорхойлсон байсан. Гэтэл гэрээ байгуулсны дараа манай улсад коронавируст цар тахал тархсантай холбогдуулан хил гааль хаагдаж, бараа материал тасарч ажил гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2022 онд барилгын ажлыг хийж байсан боловч барилгын материалын үнэ цар тахлын улмаас 2-3 дахин нэмэгдсэн тул Manai Tower орон сууц, үйлчилгээний барилгын гүйцэтгүүлэгч нарт ажлын хөлс, гэрээний үнэ нэмэгдэх болсныг хэлж байсан. Нэхэмжлэгч Т.К- нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ажлын хөлсийг нэмэхгүй, урьд өгсөн мөнгийг хүүгийн хамт буцаан авна гэж хэлсэн. Харин бусад захиалагч нар нь нөхцөл байдлыг ойлгож ажлын хөлсийг нэмэгдүүлэн гэрээнд заасан ажлыг хийлгүүлж авсан. Манай компани тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэхийн тулд өөр захиалагчтай гэрээ байгуулж, түүний өгсөн ажлын хөлсөөр барилгыг барьж ашиглалтад оруулсан. Иймд Т.К-тай ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж эс зөвшөөрч маргажээ.   

 

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх бөгөөд шүүхийн шийдвэр дээрх шаардлагыг тус тус хангасан байна.

 

12. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

12.1. Нэхэмжлэгч Т.К- болон хариуцагч “С” ХХК-ний захирал Д.Б- нар нь харилцан тохиролцож, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулан талууд гарын үсэг зурж, “С” ХХК-ийн тамгыг дарж баталгаажуулжээ.

Энэхүү 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан эхний “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах М орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын хаалганы дугаар 02 тоот, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хоёр дахь “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ээр Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11-р баг, Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрла М орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхрын хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв талбайтай 2 өрөө үйлчилгээний зориулалттай сууцыг “С” ХХК нь тус тус баталсан зураг төсөл, норм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу энэхүү гэрээгээр тохиролцсон хугацаанд барьж Т.К-т хүлээлгэн өгөх, захиалагч Т.К- нь зохих төлбөрийг гэрээний 2.1, 2.2-т заасан нөхцөлийн дагуу хугацаанд саадгүй төлөхөөр харилцан тохиролцжээ. Гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй болно.

12.2. Нэхэмжлэгч Т.К- нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан /эхний/ “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 1.2-т заасны дагуу Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11-р баг, Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах Мanai Tower орон сууц, үйлчилгээний барилгын 1 давхрын 02 тоот, 2 өрөө 68 м.кв орон сууцыг нэгж м.кв-ыг 1,700,000 төгрөгөөр тооцож орон сууцны нийт үнэ 115,600,000 төгрөгийг, мөн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан /хоёр дахь/ “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 1.2-т заасны дагуу Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 11-р баг, Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах Мanai Tower орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхар 01 тоот, 2 өрөө 72 м.кв үйлчилгээний сууцыг нэгж м.кв-ыг 1,200,000 төгрөгөөр тооцож сууцны нийт үнэ 86,400,000 төгрөгийг тус тус 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бүрэн төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн төлбөрийн баримт болон 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нэхэмжлэгч Т.К-ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус нотлогджээ.

12.3. Хариуцагч “С” ХХК-ийн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “Улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээр тус компанийн гүйцэтгэх захирал Д.Б- мөн болох нь, мөн тус компани нь барилга (орон сууц, үйлчилгээний барилга) барих үйл ажиллаагаа явуулдаггүй, эрхийн зөвшөөрөлгүй болох нь тус тус тогтоогдож байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №БЭЗ-83-03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь хамтран хариуцагч Д.Б-ийн нэр дээр гарчээ.

12.4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/592 дугаартай захирамжаар Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Д.Б-ийн үйлчилгээ, орон сууцны барилга угсралтын ажлыг хүлээн авах комисс байгуулагдсан ба 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 07/2022 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарч, “...Энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй” гэж дүгнэжээ.

12.5. Хамтран хариуцагч Д.Б- нь барилга барьж байх хугацаанд барилгын материалын үнэ болон дуудлага худалдаагаар газар худалдаж авснаар орон сууц болон үйлчилгээний сууцны үнэ нэмэгдсэн гэж нэмэгдэл хөлсийг худалдан авагч буюу нэхэмжлэгчээс шаардсан бөгөөд нэхэмжлэгч Т.К- зөвшөөрөөгүй тул энэ нь талуудын хооронд маргаан үүсэх шалтгаан болжээ.

12.6. Улмаар маргаан бүхий нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийн захиалагч буюу өмчлөгч Д.Б- (хамтран хариуцагч) нь 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан /хоёр/ “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 4.1-т заасны дагуу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах М орон сууцны үйлчилгээний барилгын В-1 давхар 01 тоот хаягтай 72 м.кв, 2 өрөө үйлчилгээний сууц болон тус орон сууцны 1 давхрын 02 тоот хаягтай 68 м.кв 2 өрөө орон сууцыг тус тус баталсан зураг төсөл, норм, стандарт, техникийн нөхцөлийн дагуу гэрээгээр тохиролцсон хугацаанд барьж Т.К-т хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, худалдан авагчид уг хоёр орон сууцыг хүлээлгэж өгөхөөс татгалзсан байна.

13. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтуудыг харьцуулан үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна гэж үзэв.

14. Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, уг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан хоёр “Орон сууц, үйлчилгээний байр захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 5.1-д тус тус “талууд гэрээнд бичгээр үйлдсэн зөвшилцлийн үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэж заасан тул хариуцагчийн гэрээнээс татгалзсан, эсхүл гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан гэх тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлгүй болно.

15. Нэхэмжлэгч нь гэрээний үнийг хариуцагчид төлж барагдуулсан тул анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн Эрүүл мэнд 2 гудамжны 216 тоот хаягт байрлах М орон сууц, үйлчилгээний барилгын В-1 давхар, хаалганы дугаар 01 тоот, 72 м.кв, 2 өрөө үйлчилгээний сууц болон тус орон сууцны 1 давхрын хаалганы дугаар 02 тоот,68 м.кв 2 өрөө орон сууцны хуульч ёсны өмчлөгчөөр тус тус тогтоож, эдгээр үйлчилгээний сууц болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг Д.Б-т даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч буюу захиалагч Т.К-тай байгуулсан гэрээний худалдах-худалдан авах гэрээний үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

16. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, улсын тэмдэгтийн хураамжийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна. Мөн хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн “....иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн..” гэх, гуравдагч этгээдийн “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь давж заалдах гомдлуудын хүрээнд хэргийн материалыг судлан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тус тус тогтоогдоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 130/ШШ2023/00240 дүгээр шийдвэрийг  хэвээр үлдээж, хариуцагч Д.Б- болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т-ын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б- болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Т-ын нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн нийт 140,400 төгрөгийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж

заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК