Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00957

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2023/00957

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо,... хашаа, Үйлдвэрийн байр, П.И ХХК /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Сөүл-ийн гудам, ... тоот хаягт байрлах, Х.Т ХХК /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 26,074,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхбаатар, О.Б,

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цэдэнсанжаа,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхбаатар, О.Б нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч П.И ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр хариуцагч Х.Т ХХК-тай ... тоот хөөсөнцөрийн хавтан нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манайх 71,352,576 төгрөгийн үнэ бүхий барилгын хөөсөнцөр хавтан нийлүүлэх гэрээ байгуулан захиалагчийн хүсэлтийн дагуу 44,883,072 төгрөгийн хавтан нийлүүлсэн. Захиалагч тал 27,500,000 төгрөгийг төлж, 17,383,072 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн нийлүүлсэн бараа материалынхаа төлбөрийг хариуцагч тал 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор багтаан төлөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй. Б ХХК, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Ц нар батлан даасан гэдэг тайлбарыг хариуцагч тал маань хэлдэг. Үндсэндээ гэрээнд батлан даалтын талаар зүйл, заалт оруулсан хэдий гар хөлийн үсэг зуруулж баталгаажуулаагүй. Хариуцагч маань гэрээнд заасан өөрсдийн албан ёсны хаяг, утасны дугаарын дагуу манайд захиалга өгдөг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн албан ёсны хаяг дээрх буюу менежер н.Д-ын утас ... дугаараас захиалга өгсний дагуу манайх бараа материалаа түүнийх нь дагуу нийлүүлж байсан. Тэр баталгаа нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ний өдрийн 3055, 2017 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн 3086, 12 дугаар сарын 26-ны өдрийн 3442, 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3443 болон 3569 гэсэн эдгээр зарлагын баримтаар нотлогддог. Бид хариуцагчаас өгсөн захиалгын дагуу хөөсөнцөрийг хэмжээний дагуу үйлдвэрлэж хүргэж өгдөг. Иймд гэрээнийхээ дагуу үлдэгдэл төлбөр 17,838,072 төгрөг, алданги 8,236,536 төгрөг, нийт 26,074,608 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч Х.Т ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн төлөөлөгч Д.Цэдэнсанжаа, нэхэмжлэгч өмгөөлөгч Т.Урангэрэл нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа, үндэслэл нь гэрээний 7.4-т заасан Б ХХК болон цагдаагийн хурандаа Б.Ц нар гэрээний үнийг төлнө гэсэн учраас энэ гэрээг манай компани нэхэмжлэгчтэй байгуулсан. Б ХХК-тай байгуулсан 352,503,000 төгрөгийн үнэ бүхий гэрээний төлбөрт П.И ХХК нь манай компаниас 44,883,072 төгрөгийг мөнгөнөөсөө суутгаж авч үлдсэн. Б ХХК нь бидэнд төлнө гэдэг үүргээ биелүүлж 14 удаагийн гүйлгээр 27,500,000 төгрөгийг П.И ХХК руу төлсөн байдаг. Захирал н.Оюуныг гэрчээр дуудсан боловч ирсэнгүй. Төслийн ерөнхий гүйцэтгэгч Б ХХК болон хурандаа Б.Ц хоёр гэрээний үүргийг хариуцахаар батлан дааж авсан. П.И ХХК-ийг манайх мэдэхгүй. Б.Ц хурандаагаар дамжуулан манайх гэрээ хийсэн. Урьд нь эднийхээс хэд хэдэн байрны хөөсийг зээлж авч байсан. Талуудын хооронд ямар нэгэн хөөс нийлүүлсэн гэх баримт байхгүй. Бид Б ХХК-д ийм хэмжээний хөөс хэрэгтэй гэж захиалга өгөхөд Б ХХК нь цааш нь өөрсдийн танилаар дамжуулан хөөс авдаг байсан.

 

Манайх жинхэнэ хариуцагч биш, хэдийгээр гэрээтэй боловч хариуцлага болон төлбөрийг Б ХХК болон Б.Ц нар төлнө гэж үүрэг хүлээсэн. Эднийх ч гэсэн удаа дараа шахаж шаардаж байсан. Өнөөдрийн байдлаар шаардах эрх дууссан. Гэтэл тухайн үед шүүхэд өгөх хүртэл хугацаанд үндсэндээ Б ХХК-аас энэ төлбөрийг нэхээд байсан. Захиалга утсаар өгдөг гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна. н.Д барилга дээр ажилладаг, энэ хүний утсыг бүгд мэддэг учраас падаан дээр бичээд явуулсан байгаа юм. Яг хүлээн авсан хүн хэн бэ гэдэг дээр манайх маргаж байгаа. Гэтэл хөөсийг хүлээлгэж өгөөгүй учраас бид төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Бидэнд хүлээлгэж өгөөд Х.Т ХХК-ийн нэг ажилтан /хавтаст хэргийн 9-14, 89-105 тал авагдсан/ гарын үсэг зураад бараа материалыг хүлээн авсан бол энд хариуцлага яригдах байх. Гэтэл Б ХХК-ийн ажилтан н.Б, н.Р, н.Ба гэдэг хүмүүс бараа материалыг хүлээн авсан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б тухайн үед болсон үйл баримтыг маш сайн мэдэж байгаа. Манайд өгсөн санхүүжилтээс авсан гэж ажлын албаны хурал дээр ярьдаг. Гэтэл үлдэгдэлтэй байсан байхыг үгүйсгэхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хугацаа дууссан, өөрөөр хэлбэл төлбөр төлөх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж өөрсдөө хэлж байна. Иргэний хуульд зааснаар шаардах эрхийн 3 жилийн хугацаа дууссан. 2022 оны 01 дүгээр сарын 05-нд Х.Т ХХК руу төлбөрөө төлнө үү гэдэг тоотыг явуулсан байдаг. Тэр хүртэл ямар ч шаардах эрх үүсэж шаардаж байгаагүй. Төлбөрийг авсан байхыг ч үгүйсгэхгүй. Бид үүн дээр эргэлзэж байна. Иймд бид төлөх үүрэггүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохгүй байна гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бараа материал нийлүүлэх тухай ... тоот гэрээ, зарлагын баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргаж өгсөн.

 

4. Хариуцагч хариу тайлбар, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарлагын баримт, П.И ХХК-ийн 2018 оны 30 тоот, 2021 оны 013 тоот, 2022 оны 001 тоот албан бичгүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн өмөөлөгч хүсэлтээр шүүхийн журмаар дараахь нотлох баримтыг цуглуулсан. Голомт банк ХХК-иас ... тоот, Хаан банк ХХК-иас ... тоот, Хас банк ХХК-иас ... тоот дансны хуулгыг, П.И ХХК-иас хариуцагч Х.Т ХХК-д бараа материалыг хүлээлгэн өгч байсан талаарх санхүүгийн баримтыг, хөөсөнцөрийн үнийг шаардаж байсан талаар баримтуудыг гаргуулсан.

 

Шүүх зохигчдын тайлбар, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч П.И ХХК нь хариуцагч Х.Т ХХК холбогдуулан гэрээний үүрэгт 26,074,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч П.И ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр хариуцагч Х.Т ХХК-тай ... тоот хөөсөнцөрийн хавтан нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манайх 71,352,576 төгрөгийн үнэ бүхий барилгын хөөсөнцөр хавтан нийлүүлэх гэрээ байгуулан захиалагчийн хүсэлтийн дагуу 44,883,072 төгрөгийн хавтан нийлүүлсэн. Захиалагч тал 27,500,000 төгрөгийг төлж, 17,383,072 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тухайн нийлүүлсэн бараа материалынхаа төлбөрийг хариуцагч тал 2021 оны 12 дугаар сарын 01-ний дотор багтаан төлөх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй. Хариуцагч маань гэрээнд заасан өөрсдийн албан ёсны хаяг, утасны дугаарын дагуу манайд захиалга өгдөг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн албан ёсны хаяг дээрх буюу менежерн.Дын утас ... дугаараас захиалга өгсний дагуу манайх бараа материалаа түүнийх нь дагуу нийлүүлж байсан гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр татгалзсан. Үүнд: Гэрээний 7.4-т заасан Б ХХК болон цагдаагийн хурандаа Б.Ц нар гэрээний үнийг төлнө гэсэн учраас энэ гэрээг манай компани нэхэмжлэгчтэй байгуулсан. Б ХХК-тай байгуулсан 352,503,000 төгрөгийн үнэ бүхий гэрээний төлбөрт П.И ХХК нь манай компаниас 44,883,072 төгрөгийг мөнгөнөөсөө суутгаж авч үлдсэн. Б ХХК нь бидэнд төлнө гэдэг үүргээ биелүүлж 14 удаагийн гүйлгээр 27,500,000 төгрөгийг П.И ХХК руу төлсөн байдаг. Төслийн ерөнхий гүйцэтгэгч Б ХХК болон хурандаа Б.Ц хоёр гэрээний үүргийг хариуцахаар батлан дааж авсан. Хөөсийг хүлээлгэж өгөөгүй учраас бид төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Б ХХК-ийн ажилтан н.Б, н.Р, н.Ба гэдэг хүмүүс бараа материалыг хүлээн авсан байдаг. Манайд өгсөн санхүүжилтээс авсан гэж ажлын албаны хурал дээр ярьдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргах шаардах эрхийн хугацаа дууссан, өөрөөр хэлбэл төлбөр төлөх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэж өөрсдөө хэлж байна. Иргэний хуульд зааснаар шаардах эрхийн 3 жилийн хугацаа дууссан. 2022 оны 01 дүгээр сарын 05-нд Х.Т ХХК руу төлбөрөө төлнө үү гэдэг тоотыг явуулсан байдаг гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Нэхэмжлэгч П.И ХХК, хариуцагч Х.Т ХХК-ийн хооронд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан бараа нийлүүлэх ... тоот гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Хууль сахиулагч 1 хотхоны барилгад шаардлагатай 71,352,576 төгрөгийн үнэ бүхий дулаалгын хөөсөнцөр хавтанг 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийлүүлэх, хариуцагч Х.Т ХХК нь гэрээний үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсоноос үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна, нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

6. Зохигчид гэрээ байгуулсан талаар маргаагүй. Харин бараа материалыг хүлээж авсан эсэх, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар маргажээ.

 

7. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бараа материал нийлүүлэх тухай ... тоот гэрээ, зарлагын баримтууд, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч П.И ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн бараа материал нийлүүлэх гэрээний дагуу хариуцагч Х.Т ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутагт баригдаж буй Хууль сахиулагч 1 хотхоны барилгын талбайд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 44,883,072 төгрөгийн хөөсөнцөр хавтан нийлүүлсэн, гэрээний үүрэгт хариуцагч нь 17,383,072 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Алдангид 8,236,536 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн байна.

 

8. Гэвч зохигчдын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан ... тоот бараа материал нийлүүлэх гэрээний 2.1-д Энэхүү гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд буюу гэрээнд заагдсан бараа материалыг захиалгын дагуу татаж дуусгах, төлбөр тооцоог бүрэн барагдуулснаар тус гэрээний үйлчлэх хугацаа дуусгавар болно гэж зааснаас үзвэл хариуцагч Х.Т ХХК нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн барааны үнийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээжээ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар нэхэмжлэгч П.И ХХК нь хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсны дараа буюу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1заасныг баримтлан хариуцагч Х.Т ХХК-иас 26,074,608 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,324 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР