Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/01236

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/01236

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Г ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ... дугаар хороо, Зүүн наран, ... тоот хаягт оршин суух, А овогт Л-гийн Б /РД: .../-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 12,249,798.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл,

Хариуцагч Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Алтангэрэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г ХХК-тай ЗГ1205111832 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Л.Б нь гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 2240 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,974,932.48 төгрөг, зээлийн хүү 7,131,526.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,143,842.79 төгрөг, нийт 12,249,798.03 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Л.Боос зээлийн гэрээний үүрэгт 12,249,798.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Л.Бын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байна. Хариуцагч Л.Б би нэхэмжлэгч Г ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г ХХК-тай ЗГ1205111832 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар авсан. Энэ зээлийг би Ардчилсан намд ажиллаж байхдаа авсан. Гэвч нэхэмжлэгч нь надаас үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,249,798.03 төгрөг нь үндэслэлгүй, нэхэмжлэлд дурдсанаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,974,932 төгрөгийг зөвшөөрч байна, мөн үүн дээр хүүгийн төлбөрт 1,097,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1205111832 тоот зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 28ё1-3/5648 тоот албан бичгийг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Л.Бод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,249,798.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г ХХК-тай ЗГ1205111832 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч Л.Б нь гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 2240 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа гэж тодорхойлжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг татгалзсан ба татгалзлын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд, Хариуцагч Л.Б би нэхэмжлэгч Г ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г ХХК-тай ЗГ1205111832 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар авсан. Энэ зээлийг би Ардчилсан намд ажиллаж байхдаа авсан. Гэвч нэхэмжлэгч нь надаас үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,249,798.03 төгрөг нь үндэслэлгүй, нэхэмжлэлд дурдсанаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,974,932 төгрөгийг зөвшөөрч байна, мөн үүн дээр хүүгийн төлбөрт 1,097,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1205111832 тоот зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Л.Бтой 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ1205111832 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн нь тогтоогдож байна.

 

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.1.1-д зээлийн жилийн хүү 27.6 хувь гэж заасан тул хариуцагч хүү төлөх үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй. гэж, талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.1-д ... үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Г ХХК нь нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.

 

7. Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болох байсан боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөрт 3,974,932.48 төгрөг, зээлийн хүүнд 7,131,526.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,143,842.79 төгрөг, нийт 12,249,798.03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

8. Иймд хариуцагч Л.Боос зээлийн гэрээний үүрэгт 12,249,798.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,947 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 12,249,798.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,947 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР