Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01072

 

 

 

 

 

 

2023 05 26 210/МА2023/01072

 

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/01236 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Л.Б

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 12,249,798.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Л.Б нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г ХХК-тай ЗГ******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн.

Зээлдэгч Л.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл 3,974,932.48 төгрөг, зээлийн хүү 7,131,526.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,143,842.79 төгрөг, нийт 12,249,798.03 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд хариуцагч Л.Б оос зээлийн гэрээний үүрэгт нийт 12,249,798.03 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие Г ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 5,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Уг зээлийг би ардчилсан намд ажиллаж байхдаа авсан.

Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,974,932 төгрөг, хүүгийн төлбөр 1,097,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Б оос зээлийн гэрээний үүрэгт 12,249,798.03 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 210,947 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайн зээлийг 2015 оны 12 сарын 18-ны өдөр 18 сарын хугацаатай авсан. Нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2017 оны 06 дугаар сард үүссэн. Хэдийгээр хариуцагч тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй ч энэ нь их хэмжээний өрийн дарамт болох ёсгүй.

Үндсэн зээлийн үлдэгдэл 3,974,932 төгрөгийг хүү 1,097,000 төгрөгийн хамт нийт 5,072,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 5,072,000 төгрөгийг төлөхөөр, хүүгийн төлбөр болох 7,177,793.03 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Г ХХК нь 2018 онд тухайн иргэний оршин суух хаяг болон бүртгэлтэй хаягийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл тус хаягтаа оршин суудаггүй, бүртгэлгүй байсан тул эрэн сурвалжлах шийдвэр гаргуулсан. Тус шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард Л.Б ын хаяг тодорхойлогдсоны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Иймд энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Л.Б од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,249,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ ...үндсэн зээлийн үлдэгдэл 3,974,932 төгрөг, хүүгийн төлбөр 7,131,526 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,143,842 төгрөг гэж тодорхойлсон. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл 3,974,932 төгрөг, хүүгийн төлбөр 1,097,000 төгрөг, нийт 5,072,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

3. Хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ-******* дугаар зээлийн болон барьцааны гэрээгээр Л.Б нь Г ХХК-аас 5,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэх, нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээтэй байхаар харилцан тохиролцсон байна. /хх 7/

3.1 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгө 5,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэнд талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

3.2 Гэрээний хугацаа дуусгавар болсон, хариуцагч 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 3,974,932 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 7,131,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,143,842 төгрөг, нийт 12,249,798 төгрөг төлөөгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Түүнчлэн, хариуцагч нь уг үнийн дүнг баримтаар үгүйсгээгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.

3.3 Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны талаар мэтгэлцээгүй, анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байх тул мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болгон, мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох болон хуваарилах талаарх хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байгааг залруулж нэмж өөрчлөлт тус тус оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/01236 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 452 дугаар зүйлийн 452.1 гэснийг 453 дугаар зүйлийн 453.1 гэж өөрчилж,

2 дахь заалтын 57.1 гэсний дараа 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэснийг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН