Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2022/01425

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2022/01425

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******/-д холбогдох алданги 25 000 000 төгрөг гаргуулах,

******* холбогдуулан алданги 6 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* холбогдуулан алданги 25 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Манай "Гоё хотхон" ХХК нь "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ"/ЭБЦТС/ ТӨХК-тай 2020 оны 08 дугаар сарын 20-нд ЭБЦТС/63/2020 тоот 3.5 тоннын тэвштэй кран нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу нийлүүлсэн тэвштэй краныг захиалагч ЭБЦТС ТӨХК нь 2020 оны 10 дугаар сарын 07-нд актаар хүлээн авч улмаар 2020 оны 10 дугаар сарын 19-нд техникийн комиссын хурлаар хэлэлцэн краныг хүлээн авах, гэрээг дүгнэхээр шийдвэрлэсэн. Кран нийлүүлсэн, хүлээн авсан нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад, гэрээ дүгнэсэн акт үйлдэж нийлүүлсэн барааны мөнгийг шилжүүлэх шатанд ТӨХК-ын зарим албан тушаалтны ашиг сонирхолоор 2020 оны 11 сарын 09-нд комисс дахин хуралдаж краныг хүлээн авахгүй, сольж өг гэдэг үндэслэлгүй шаардлага тавьсан. Гэрээний талууд гэрээний биелэлтийн асуудлыг харилцан хүлээн зөвшөөрөхгүй байсан тул нийлүүлэгч "Гоё хотхон" ХХК нь нийлүүлсэн 3.5 тоннын тэвштэй краныхаа үнэ 250 000 000/Хоёр зуун тавин сая/ төгрөгийг гаргуулахаар 2021 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймагдахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 16-ны 00394 тоот шийдвэрээр манай нэхэмжлэл хангагдаж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10-ны 62 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр баталгаажсан. Хариуцагч тал Дээд шүүхэд хандсан боловч Дээд шүүхийн 2021.10.01-ний 00584 тоот тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзаж манайх 2021 оны 10 дугаар сард нийлүүсэн барааны төлбөрөө нэг жилийн дараа авсан. Иймд талуудын хооронд байгуулсан 2020.08.20-ны ЭБЦТС/63/2020 тоот гэрээний 5.3 дахь заалт иргэний хуулийн 232.6 дахь заалтыг үндэслэн " алдангид 25 000 000 /Хорин таван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тэвштэй кран нийлүүлэх үнийн санал ирүүлэх урилгыг өөрийн ЕDC.mn цахим хуудсанд байршуулсан. Компани өмнө нь зарласан нээлттэй тендер шалгаруулалтад ашигласан техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулалгүйгээр ашигласан. Тус тодорхойлолтод автомашин нь 2020 онд үйлдвэрлэсэн шинэ, краныг үйлдвэрлэсэн он заахгүйгээр шинэ гэсэн шаардлага тавьсан. Урилгын дагуу ******* нь үнийн санал ирүүлсний дагуу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тэвштэй кран нийлүүлэх ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээг байгуулсан. ******* нь БНХАУ-д үйлдвэрлэсэн автомашин, кран нийлүүлэхээр үнийн саналдаа тусгасан байсан. Манай компанийн зүгээс автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болно харин БНХАУ-д үйлдвэрлэсэн кран худалдан авах боломжгүй талаар мэдэгдсэн. Үүний дагуу ******* нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Dongfend taijin 190 НР truck маркийн автомашин, Солонгос улсад үйлдвэрлэсэн SCS335 маркын кран нийлүүлэхээр үнийн саналаа дахин ирүүлсэн. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээг талууд байгуулсан. ******* нь гэрээнд заасан барааг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авчирсан. Крантай автомашиныг үзэхэд будаг нь халцарсан төхөөрөмжийн цлиндрийн тос гоожиж шүүрсэн, даацын тулгуур газарт хүрэхгүй, краны сум тросонд элэгдсэн зэрэг доголдолтой хуучин кран байсан. Энэ нь гэрээний 4.1-д заасан Нийлүүлэгч захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн хангасан, чанартай барааг ...хүлээлгэн өгнө", 4.5-д заасан нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан барааг нийлүүлж... үүргээ зөрчсөн. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр барааг хүлээн авах комисс *******,*******, нар барааu хүлээн авахаар ажиллахад краны будаг халцарсан, хуучин кран байсан тул энэ талаар хэлэхэд шинэ гэдгийг нотлох бичиг баримтыг өгнө, мөнгөө хурдан авахын тулд бичиг баримтаа бүрдүүлж байя гэсэн хүсэлт гаргасны дагуу комисс барааг хүлээн авах тухай протокол хийж холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхийг нийлүүлэгчид хэлсэн байдаг. Б.Хонгорзул нь краныг худалдан авсан гэх Б.Амгалантөрөөс 03-2121001-20-I000977R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, кран худалдсан тухай тайлбар, кран үйлдвэрлэгчийн гэрчилгээг ирүүлсэн. Гэвч нийлүүлэгчийн ирүүлсэн баримт нь үнэн эсэх нь эргэлзээтэй, шаардлага хангахгүй байсан тул компани Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газраас 03-2121001-20-I000977R гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбарыг ирүүлэхийг хүсэж албан бичиг өгсөн. Мэдүүлгийн хуулбар ирэхэд нийлүүлэгчийн ирүүлсэн мэдүүлэгтэй дараах мэдээлэл зөрж байсан. Мэдүүлгийн 21-д заасан 2002 гүйлт /км/: 7960 гэсэн мэдээллийг 2020 гүйлт /км/ 0001 гэж засварласан, эвдрэл ихтэй , /рам, нум яндан/ гэсэн мэдээллийг устгасан байсан. Гэрээний 4.6-д заасан /нийлүүлэгч нь нийлүүлж буй эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг захиалагчид өгөх үүрэгтэй/, 4.8-д заасан /захиалагчийн шаардсан баримтыг бүрдүүлж хүлээлгэн өгөх актад хавсаргаж өгөх үүрэгтэй/ үүргээ зөрчсөн. Иймд хүлээн авах комисс 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хуралдаж кран шинэ гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул хуучин краныг 14 хоногийн дотор шинэ кранаар сольж өгөх, заасан хугацаанд сольж өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөхөөр шийдвэрлэж 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл өгсөн. Нийлүүлэгч мэдэгдэл заасан хугацаанд хуучин краныг шинэ кранаар солиогүй тул гэрээ цуцалсан тухай мэдэгдлийг 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн. Б.Хонгорзул нь хуучин кран нийлүүлэхээр захиалагчтай тохиролцож гэрээ байгуулсан гэдэг ба тийм зүйл хийгдээгүй талаар тайлбарлахаар шинэ кран нийлүүлсэн гэх зэргээр өөрийн хэлсэн зүйлээ няцаадаг. Энэ нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны хурлын тэмдэглэлд тусгагдсан. Мөн *******-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн №1 дугаартай албан бичигт нийлүүлэгч хуучин кран өгөхөөр захиалагчтай тохирсон боловч гэрээнд тусгаагүй гэх мөртлөө шинэ кран хүлээлгэн өгсөн хүлээлгэж өгсөн талаар дурдсан байдаг. Энэ нь нийлүүлэгч гэрээ байгуулах санал өгөхдөө шинэ кран өгөх ёстой гэдгийг мэдсээр байж хуучин кран хүлээлгэн өгч захиалагчийг хууран мэхэлснийг тодорхой баримтаар нотолж байгаа юм. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЭБЦТС/63/2020 дугаартай тэвштэй кран нийлүүлэх гэрээний 3.5-д Захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 45 хоногийн дотор нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээнэ, 5.2-т Захиалагч гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгчид төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно. гэж заасан. Захиалагч, нийлүүлэгчийн хооронд кран шинэ хуучин гэсэн маргаан гарсан тул гэрээ дүгнэх акт үйлдэгдээгүй удсан болно. Энэ маргаантай байх хугацаанд нийлүүлэгч шүүхэд 250,000,000 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Манай компани гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээ дүгнэсэн акт огт үйлдэгдээгүй тул алданги тооцох үндэслэлгүй болно. гэжээ.

3. Хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* нь Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээний дагуу 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийн алданги гаргуулах 1/33 дугаартай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, *******-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЭБЦТС/63/2020 тоот гэрээний 4.1-д заасны дагуу нийлүүлэгч ******* нь гэрээнд заасан барааг гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 40 хоногийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч барааг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгч гэрээнд заасан хугацаанаас 8 хоног хэтэрсэн болно. Энэ нь хэргийн материал доторх бараа хүлээн авсан тухай акт, хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, *******-ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Иймд гэрээнд заасны дагуу 8 хоногийн алданги болох 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг Иргэний хуулийн 232.6 дах хэсгийг үндэслэн гаргуулж өгнө үү. гэжээ

4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлтэй танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1. Нийлүүлэгч ******* нь бараа буюу тэвштэй краныг бэлэн болгож 2020 оны 09 сарын 23-нд Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн ашиглалтад тэнцэх тухай дүгнэлт, 2020 оны 09 сарын 28-нд тусгай зөвшөөрөл бүхий Госдик ХХК-ийн Манипулятор кранд техникийн магадлагаа хийсэн акт гаргуулж бэлэн болгосон ба бараа бэлэн болсон тул хүлээн авахыг захиалагчид хугацаанд нь мэдэгдсэн.

3. 2020 оны 08 дугаар сар 31 хоногтой байсан ба бараа нийлүүлэх эцсийн өдөр 9 дүгээр сарын 29-нд дуусна. Гэтэл 9 дүгээр сарын 29, 30 нь бүх нийтийн амралтын өдөр байсан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар бараа нийлүүлэх эцсийн өдөр 10 дугаар сарын 01-нд шилжинэ. Захиалагч талын техникийн комиссын бүрэлдэхүүн бүрдэхгүй байснаас крантай машин хүлээж авах ажил захиалагчаас шалтгаалж хүлээгдсээр 10 дугаар сарын 07-нд ням гарагт комисс үзэж акт үйлдсэн.

3.ЭБЦТС/63/2020 тоот гэрээний 4.1 дэх заалтад ...гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 40 хоногийн дотор захиалагчийн заасан газарт хүргэж, буулгаж, угсарч хүлээлгэн өгнө гэж заасан. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлно гэж зохицуулсан. Мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д бараа хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцах зохицуулалт бас байгаа болно. гэжээ

3.Нэхэмжлэгчээс *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн бараа хүлээлцсэн акт /хх-7/, Тэвштэй кран /3,5 тн даацтай/ хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл /хх-8-9/, Манипуляторт кранд техникийн магадлал хийсэн акт /хх-10-11/, Тэвштэй кран /3,5 тн даацтай/ хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл /хх-12-13, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЭБЦТС /63/ дугаартай Тэвштэй кран /3,5 тн даацтай/ нийлүүлэх гэрээ /хх-14-17/, *******-ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-18/, *******-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /хх-19-20/, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2021/00394 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-21-29/, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай магадлал /хх-30-35/-ийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас 1 ширхэг сидийг гаргаж өгсөн.

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2020 оны 09, 10 дугаар сарын ирсэн бичгийн бүртгэл, албан томилолтын бүртгэл, комиссын гишүүдийн цагийн бүртгэл, 2020 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 07 хүртэлх хугацааны харуулын бүртгэлийн дэвтэрт тус тус үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч ******* 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЭБЦТС/63/2020 тоот гэрээг үндэслэн " алдангид 25 000 000 төгрөг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлж байгаа.

3.Хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК ...Манай компани гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээ дүгнэсэн акт огт үйлдэгдээгүй тул алданги тооцох үндэслэлгүй болно. гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЭБЦТС/63/2020 тоот гэрээг үндэслэн барааг 8 хоногийн хугацаа хэтрүүлж нийлүүлсэн тул алданги 6 000 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...2020 оны 08 дугаар сар 31 хоногтой байсан ба бараа нийлүүлэх эцсийн өдөр 9 дүгээр сарын 29-нд дуусна. Гэтэл 9 дүгээр сарын 29, 30 нь бүх нийтийн амралтын өдөр байсан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар бараа нийлүүлэх эцсийн өдөр 10 дугаар сарын 01-нд шилжинэ. Захиалагч талын техникийн комиссын бүрэлдэхүүн бүрдэхгүй байснаас крантай машин хүлээж авах ажил захиалагчаас шалтгаалж хүлээгдсээр 10 дугаар сарын 07-нд ням гарагт комисс үзэж акт үйлдсэн. гэсэн үндэслэлээр няцаасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн бараа хүлээлцсэн акт, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Тэвштэй кран /3,5 тн даацтай/ хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, Манипуляторт кранд техникийн магадлал хийсэн акт, Тэвштэй кран /3,5 тн даацтай/ хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЭБЦТС /63/ дугаартай Тэвштэй кран /3,5 тн даацтай/ нийлүүлэх гэрээ, *******-ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, *******-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШШ2021/00394 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаартай магадлал зэрэг баримтаар

-нэхэмжлэгч ******* нь хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Тэвштэй кран /3.5 тн даацтай/ нийлүүлэх ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээг байгуулсан, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ******* нь хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд холбогдуулан гэрээний үүрэгт 250 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 394 дугаар шийдвэрээр хариуцагч 250 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэсэн, уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 62 дугаар магадлал гарсан, шийдвэр магадлалыг биелүүлж " 2021 оны 10 дугаар сард 250 000 000 төгрөгийг *******-нд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

7.Нэхэмжлэгч ...хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 07-нд тэвштэй краныг хүлээн авсан атлаа гэрээний 5.2.-д зааснаар төлбөрийг төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3% алданги тооцож, 10 хувь алданги шаардаж байна гэж, хариуцагч ...манай компани гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээ дүгнэсэн акт огт үйлдэгдээгүй тул алданги тооцох үндэслэлгүй гэж маргаж байгаа.

8.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

9.Талуудын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Тэвштэй кран /3.5 тн даацтай/ нийлүүлэх гэрээний 5.2-т захиалагч гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгчид төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно.Нийт алдангийн хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь байна гэж заажээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...манайх гэрээний 4.4.-д зааснаар гэрээг дүгнэж, актаар хүлээн авсны дараа төлбөр хийх ёстой.Гэтэл гэрээг дүгнэх акт гараагүй тул манай компанийг төлбөр төлөх үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж маргаж байгаа боловч талууд гэрээг дүгнэж, хариуцагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2020 оны 10 дугаар сарын 07-нд тэвштэй краныг хүлээн авсан болох нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн бараа хүлээлцсэн акт, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Тэвштэй кран /3,5 тн даацтай/ хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, Манипуляторт кранд техникийн магадлал хийсэн акт, Тэвштэй кран /3,5 тн даацтай/ хүлээн авах комиссын хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгаа, түүнчлэн гэрээний үнэ 250 000 000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сард *******-нд шилжүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбараар захиалагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгч *******-нд төлбөрийг төлөөгүй нь тогтоогдож байна.

11. Талууд байгуулсан гэрээндээ алдангийн талаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуульд заасан хэлбэрээр буюу бичгээр байгуулсан байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон алданги шаардах эрхтэй.

12.Иймд хариуцагч "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас алданги 25 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзлээ.

13. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Талуудын байгуулсан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Тэвштэй кран /3.5 тн даацтай/ нийлүүлэх гэрээний 5.1-т нийлүүлэгч гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги тооцно.Нийт алдангийн хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь гэж заасан байна.

14. ******* нь гэрээний 4.1.-д зааснаар барааг гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 40 хоногийн дотор захиалагчийн заасан газарт хүргэнэ гэсэн үүргээ зөрчин Тэвштэй кран /3.5 тн даацтай/-ыг 8 хоногийн хугацаа хэтрүүлж 2020 оны 10 дугаар сарын 07-нд захиалагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд хүлээлгэн өгсөн болох нь 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн бараа хүлээлцсэн акт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

15.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2020 оны 08 дугаар сар 31 хоногтой байсан ба бараа нийлүүлэх эцсийн өдөр 9 дүгээр сарын 29-нд дуусна. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 29, 30 нь бүх нийтийн амралтын өдөр байсан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар бараа нийлүүлэх эцсийн өдөр 10 дугаар сарын 01-нд шилжинэ. Захиалагч талын техникийн комиссын бүрэлдэхүүн бүрдэхгүй байснаас крантай машин хүлээж авах ажил захиалагчаас шалтгаалж хүлээгдсээр 10 дугаар сарын 07-нд ням гарагт комисс үзэж акт үйлдсэн. гэсэн тайлбар хэрэгт авагдсан цагийн дэлгэрэнгүй балансын нэгтгэл, ирсэн бичгийн бүртгэл, гэрээ сунгуулах тухай 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-ний хүсэлт зэрэг баримтаар үгүйсгэгдэж байгаа, тодруулбал үзлэгийн явцад Тэвштэй кран /3.5 тн даацтай/-ыг хүлээн авах ажлын комисст томилогдсон *******,,******* нар 2020 оны 09, 10 сард ажиллаж байсан нь, Тэвштэй кран /3.5 тн даацтай/-ыг 2020 оны 09 дүгээр сарын 28-нд бэлэн болгож, хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тухай мэдэгдсэн гэсэн боловч ирсэн бичгийн бүртгэлд 2020 оны 09 дүгээр сарын 28, 29-нд гэрээ сунгуулах хүсэлт ирүүлсэн нь тогтоогдсон, түүнчлэн 2020 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүд ажлын өдөр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг хангаж нэхэмжлэгч *******-иас алданги 6 000 000 төгрөг гаргуулж, хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-нд олгож шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

16.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 282 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 110 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******-иас 110 950 төгрөгийг гаргуулж Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 25 000 000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д,

-нэхэмжлэгч *******-иас 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргуулж хариуцагч олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөг, хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 282 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д, *******-иас 110 950 төгрөгийг гаргуулж хариуцагч Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА