Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00124

 

  2022       12         19                                        207/МА2022/00124

 “Г Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч

“ЭБЦТС” ТӨХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.О С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/01425 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Г Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭБЦТС” ТӨХК-д холбогдох,

“Алданги 25.000.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, “алданги 6.000.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нарийн бичгийн дарга Г.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай "Г Х" ХХК нь "ЭБЦТС"/ЭБЦТС/ ТӨХК-тай 2020 оны 08 дугаар сарын 20-нд ЭБЦТС/63/2020 тоот 3.5 тоннын тэвштэй кран нийлүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу нийлүүлсэн тэвштэй краныг захиалагч ЭБЦТС ТӨХК нь 2020 оны 10 дугаар сарын 07-нд актаар хүлээн авч улмаар 2020 оны 10 дугаар сарын 19-нд техникийн комиссын хурлаар хэлэлцэн краныг хүлээн авах, гэрээг дүгнэхээр шийдвэрлэсэн. Кран нийлүүлсэн, хүлээн авсан нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад, гэрээ дүгнэсэн акт үйлдэж нийлүүлсэн барааны мөнгийг шилжүүлэх шатанд ТӨХК-ын зарим албан тушаалтны ашиг сонирхолоор 2020 оны 11 сарын 09-нд комисс дахин хуралдаж краныг хүлээн авахгүй, сольж өг гэдэг үндэслэлгүй шаардлага тавьсан. Гэрээний талууд гэрээний биелэлтийн асуудлыг харилцан хүлээн зөвшөөрөхгүй байсан тул нийлүүлэгч "Г Х" ХХК нь нийлүүлсэн 3.5 тоннын тэвштэй краныхаа үнэ 250 000 000/Хоёр зуун тавин сая/ төгрөгийг гаргуулахаар 2021 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Орхон аймагдахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 16-ны 00394 тоот шийдвэрээр манай нэхэмжлэл хангагдаж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 сарын 10-ны 62 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр баталгаажсан. Хариуцагч тал Дээд шүүхэд хандсан боловч Дээд шүүхийн 2021.10.01-ний 00584 тоот тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзаж манайх 2021 оны 10 дугаар сард нийлүүсэн барааны төлбөрөө нэг жилийн дараа авсан. Иймд талуудын хооронд байгуулсан 2020.08.20-ны ЭБЦТС/63/2020 тоот гэрээний 5.3 дахь заалт иргэний хуулийн 232.6 дахь заалтыг үндэслэн "ЭБЦТС ТӨХК-иас алдангид 25 000 000 /Хорин таван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

Хариуцагч “ЭБЦТС” ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“ЭБЦТСТӨХК нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тэвштэй кран нийлүүлэх үнийн санал ирүүлэх урилгыг өөрийн ЕDC.mn цахим хуудсанд байршуулсан. Компани өмнө нь зарласан нээлттэй тендер шалгаруулалтад ашигласан техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулалгүйгээр ашигласан. Тус тодорхойлолтод автомашин нь 2020 онд үйлдвэрлэсэн шинэ, краныг үйлдвэрлэсэн он заахгүйгээр шинэ гэсэн шаардлага тавьсан. Урилгын дагуу Г Х ХХК нь үнийн санал ирүүлсний дагуу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тэвштэй кран нийлүүлэх ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээг байгуулсан. Г Х ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн автомашин, кран нийлүүлэхээр үнийн саналдаа тусгасан байсан. Манай компанийн зүгээс автомашин нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болно харин БНХАУ-д үйлдвэрлэсэн кран худалдан авах боломжгүй талаар мэдэгдсэн. Үүний дагуу Г Х ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Dongfend taijin 190 НР truck маркийн автомашин, Солонгос улсад үйлдвэрлэсэн SCS335 маркын кран нийлүүлэхээр үнийн саналаа дахин ирүүлсэн. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээг талууд байгуулсан. Г Х ХХК нь гэрээнд заасан барааг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авчирсан. Крантай автомашиныг үзэхэд будаг нь халцарсан төхөөрөмжийн цлиндрийн тос гоожиж шүүрсэн, даацын тулгуур газарт хүрэхгүй, краны сум тросонд элэгдсэн зэрэг доголдолтой хуучин кран байсан. Энэ нь гэрээний 4.1-д заасан Нийлүүлэгч захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн хангасан, чанартай барааг ...хүлээлгэн өгнө", 4.5-д заасан нийлүүлэгч нь энэ гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн гэрээнд заасан барааг нийлүүлж... үүргээ зөрчсөн. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр барааг хүлээн авах комисс Д.М, Ц.Б, Г.Б нар барааг хүлээн авахаар ажиллахад краны будаг халцарсан, хуучин кран байсан тул энэ талаар Б.Хд хэлэхэд шинэ гэдгийг нотлох бичиг баримтыг өгнө, мөнгөө хурдан авахын тулд бичиг баримтаа бүрдүүлж байя гэсэн хүсэлт гаргасны дагуу комисс барааг хүлээн авах тухай протокол хийж холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхийг нийлүүлэгчид хэлсэн байдаг. Б.Х нь краныг худалдан авсан гэх Б.А-с 03-2121001-20-I000977R дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, кран худалдсан тухай тайлбар, кран үйлдвэрлэгчийн гэрчилгээг ирүүлсэн. Гэвч нийлүүлэгчийн ирүүлсэн баримт нь үнэн эсэх нь эргэлзээтэй, шаардлага хангахгүй байсан тул компани Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газраас 03-2121001-20-I000977R гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбарыг ирүүлэхийг хүсэж албан бичиг өгсөн. Мэдүүлгийн хуулбар ирэхэд нийлүүлэгчийн ирүүлсэн мэдүүлэгтэй дараах мэдээлэл зөрж байсан. Мэдүүлгийн 21-д заасан 2002 гүйлт /км/: 7960 гэсэн мэдээллийг 2020 гүйлт /км/ 0001 гэж засварласан, эвдрэл ихтэй , /рам, нум яндан/ гэсэн мэдээллийг устгасан байсан. Гэрээний 4.6-д заасан /нийлүүлэгч нь нийлүүлж буй эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг захиалагчид өгөх үүрэгтэй/, 4.8-д заасан /захиалагчийн шаардсан баримтыг бүрдүүлж хүлээлгэн өгөх актад хавсаргаж өгөх үүрэгтэй/ үүргээ зөрчсөн. Иймд хүлээн авах комисс 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хуралдаж кран шинэ гэдэг нь баримтаар нотлогдохгүй байх тул хуучин краныг 14 хоногийн дотор шинэ кранаар сольж өгөх, заасан хугацаанд сольж өгөөгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгөхөөр шийдвэрлэж 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл өгсөн. Нийлүүлэгч мэдэгдэл заасан хугацаанд хуучин краныг шинэ кранаар солиогүй тул гэрээ цуцалсан тухай мэдэгдлийг 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн. Б.Х нь хуучин кран нийлүүлэхээр захиалагчтай тохиролцож гэрээ байгуулсан гэдэг ба тийм зүйл хийгдээгүй талаар тайлбарлахаар шинэ кран нийлүүлсэн гэх зэргээр өөрийн хэлсэн зүйлээ няцаадаг. Энэ нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны хурлын тэмдэглэлд тусгагдсан. Мөн Г Х ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн №1 дугаартай албан бичигт нийлүүлэгч хуучин кран өгөхөөр захиалагчтай тохирсон боловч гэрээнд тусгаагүй гэх мөртлөө шинэ кран хүлээлгэн өгсөн талаар дурдсан байдаг. Энэ нь нийлүүлэгч гэрээ байгуулах санал өгөхдөө шинэ кран өгөх ёстой гэдгийг мэдсээр байж хуучин кран хүлээлгэн өгч захиалагчийг хууран мэхэлснийг тодорхой баримтаар нотолж байгаа юм. 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЭБЦТС/63/2020 дугаартай тэвштэй кран нийлүүлэх гэрээний 3.5-д Захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 45 хоногийн дотор нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээнэ, 5.2-т Захиалагч гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгчид төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно. гэж заасан. Захиалагч, нийлүүлэгчийн хооронд кран шинэ хуучин гэсэн маргаан гарсан тул гэрээ дүгнэх акт үйлдэгдээгүй удсан болно. Энэ маргаантай байх хугацаанд нийлүүлэгч шүүхэд 250.000.000 сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Манай компани гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээ дүгнэсэн акт огт үйлдэгдээгүй тул алданги тооцох үндэслэлгүй болно” гэжээ.

Хариуцагч “ЭБЦТС” ТӨХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“...”Г Х” ХХК нь “ЭБЦТС" ТӨХК-иас ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээний дагуу 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийн алданги гаргуулах 1/33 дугаартай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. “ЭБЦТС” ТӨХК, Г Х ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЭБЦТС/63/2020 тоот гэрээний 4.1-д заасны дагуу нийлүүлэгч Г Х ХХК нь гэрээнд заасан барааг гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 40 хоногийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч барааг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгч гэрээнд заасан хугацаанаас 8 хоног хэтэрсэн болно. Энэ нь хэргийн материал доторх бараа хүлээн авсан тухай акт, хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, Г Х ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 44 дугаартай албан бичиг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Иймд гэрээнд заасны дагуу 8 хоногийн алданги болох 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг Иргэний хуулийн 232.6. дахь хэсгийг үндэслэн гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Г Х” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“Нийлүүлэгч “Г Х” ХХК нь бараа буюу тэвштэй краныг бэлэн болгож 2020 оны 09 дүгээр сарын 23-нд Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн ашиглалтад тэнцэх тухай дүгнэлт, 2020 оны 09 сарын 28-нд тусгай зөвшөөрөл бүхий Госдик ХХК-ийн Манипулятор кранд техникийн магадлагаа хийсэн акт гаргуулж бэлэн болгосон ба бараа бэлэн болсон тул хүлээн авахыг захиалагчид хугацаанд нь мэдэгдсэн. 2020 оны 08 дугаар сар 31 хоногтой байсан ба бараа нийлүүлэх эцсийн өдөр 9 дүгээр сарын 29-нд дуусна. Гэтэл 9 дүгээр сарын 29, 30 нь бүх нийтийн амралтын өдөр байсан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар бараа нийлүүлэх эцсийн өдөр 10 дугаар сарын 01-нд шилжинэ. Захиалагч талын техникийн комиссын бүрэлдэхүүн бүрдэхгүй байснаас крантай машин хүлээж авах ажил захиалагчаас шалтгаалж хүлээгдсээр 10 дугаар сарын 07-нд ням гарагт комисс үзэж акт үйлдсэн. ЭБЦТС/63/2020 тоот гэрээний 4.1 дэх заалтад ...гэрээ батлагдсанаас хойш хуанлийн 40 хоногийн дотор захиалагчийн заасан газарт хүргэж, буулгаж, угсарч хүлээлгэн өгнө гэж заасан. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцлийг гэрээгээр тодорхойлно гэж зохицуулсан. Мөн хуулийн 245 дугаар зүйлийн 245.1-д бараа хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцах зохицуулалт бас байгаа болно” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/01425 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч ЭБЦТС ТӨХК-иас 25 000 000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г Х” ХХК-д, нэхэмжлэгч “Г Х” ХХК-иас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулж хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Г Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөг, хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-иас 282.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г Х” ХХК-д, “Г Х” ХХК-иас 110.950 төгрөгийг гаргуулж хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

“...Иргэний хуулийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Дээрх заалтад худалдагч хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэйгээр зохицуулсан болохоос алдангийг төлөх эсэх асуудлыг зохицуулаагүй. “ЭБЦТС” ТӨХК нь хэлэлцэн тохирсон гэрээний үнэ болох 250.000.000 /Хоёр зуун тавин сая/ төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн. Иргэний хуулийн 232.6. -д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй төлөхөөр тогтоосон анзын алданги гэнэ" гэж заасан. Энэ хуулийн заалтын дагуу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал алданги төлөх зохицуулалттай. Гэтэл ЭБЦТС/63/2020 дугаартай гэрээний 3.5-д “захиалагч нь гэрээний дагуу нийлүүлэгчийн нийлүүлэх бараа болон гэмтэл согог арилгах үйлчилгээг үндэслэн гэрээний үнэ, эсхүл тухайн үед гэрээний заалтын дагуу төлөх бусад дүнг гэрээнд заасан хэлбэрээр гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш 45 хоногийн дотор нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээнэ”, 5.2.-д “захиалагч гэрээнд заасан хугацаанд нийлүүлэгчид төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцно" гэж заасан. Иргэний хуулийн 39.1-д “иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зорилгоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ”ь мөн хуулийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчинтөгөлдөр болно” гэж заасан, мөн хуулийн 41.1-д “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан. “ЭБЦТС” ТӨХК-иас гэрээний үнийг гэрээний 3.5-д заасны дагуу төлөх хүсэл зоригийн илэрхийллийг гаргасныг Г Х ХХК хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Гэрээний 3.5-д гэрээний үнийг гэрээ дүгнэсэн акт үйлдэгдсэнээс хойш 45 хоногийн дотор төлөхөөр зохицуулсан. Г Х ХХК нь шинэ кран өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан боловч манай компанийг хууран мэхэлж /”Г Х” ХХК-ийн 2021.01.04 №1 албан бичиг, 2020.12.23-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогддог/ хуучин ашиглагдаж байсан кран нийлүүлснээс үүдэн барааг хүлээн авах эсэхтухай маргаан гарснаас гэрээ дүгнэсэн акт үйлдэгдээгүй. Иргэний хуулийн 41.1-д заасны дагуу үгийн шууд утгыг анхаарвал гэрээнд гэрээ дүгнэсэн акт үйлдсэнээс хойш төлбөрийг төлөхөөр тусгасан. Гэрээ дүгнэсэн акт үйлдэх гэдэг нь бараа хүлээн авсан гэдэг утгыг илэрхийлэхгүй. Гэтэл анхан шатны шүүх барааг хүлээн авсан нь төлбөр төлөх хугацааг тоолох үндэслэлтэй гэж үзэж алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна. Бид Иргэний хуулийн 232.6-д заасан гэрээнд заасан хугацааг хэтрүүлээгүй. Өөрөөр хэлбэл гэрээ дүгнэсэн акт худалдагчийн буруутай үйл ажиллагаанаас болж үйлдэгдээгүй тул төлбөр төлөх хугацаа тоолох үндэслэлгүй. “Г Х” ХХК нь гэрээ дүгнэсэн акт үйлдэгдэж байж гэрээний үнэ буюу төлбөр шилжих ёстойг мэдэж байсан. Үүнийг өөрийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 44 тоот албан бичигт “гэрээг дүгнэж, гэрээний дагуу төлбөр тооцоог хийнэ үү” дурдсан байдаг. Мөн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2021/00394 дугаартай шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хын хэлсэн ”комисс хүлээж авсан актын дараа, гэрээ дүгнэсэн акт гэж гардаг. Гэрээ дүгнэсэн акт холбогдох эрх бүхий хүмүүс нь зураад мөнгө шилждэг” тайлбар байдаг. Шүүх гэрээний үнэ болох 250.000.000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг “ЭБЦТС” ТӨХК-с гаргуулж “Г Х” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь алданги төлөх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/01425 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д заасан “ЭБЦТС” ТӨХК-с 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г Х” ХХК-д олгох хэсгийг хүчингүй болгож нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Гомдол огт үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож үндэслэл бүхий тайлбар гаргана...”гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Нэхэмжлэгч “Г Х” ХХК нь хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-иас алданги 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч “ЭБЦТС” ТӨХК нь нэхэмжлэгч “Г Х” ХХК-иас алданги 6.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Хариуцагч “ЭБЦТС” ТӨХК нь манай компани гэрээний үүргээ зөрчөөгүй, гэрээ дүгнэсэн акт үйлдээгүй гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ. 

Нэхэмжлэгч “Г Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЭБЦТС/63/2020 дугаар гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Хариуцагч “ЭБЦТС” ТӨХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ мөн гэрээнд үндэслэн нийлүүлэх барааг гэрээнд заасан хугацаанаас 8 хоног хэтрүүлж нийлүүлсэн тул алданги 6.000.000 төгрөг гаргуулна гэсэн шаардлага гаргасан.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд захиалагч “ЭБЦТС” ТӨХК нь нийлүүлэгч “Г Х” ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ЭБЦТС/63/2020 тоот тэвштэй кран нийлүүлэх тухай гэрээ байгуулсан.

Тухайн гэрээгээр 3.5 тонны даацтай тэвштэй краныг 250.000.000 төгрөгөөр нийлүүлэхээр, нийлүүлэгч нь захиалагчийн тавьсан шаардлагыг бүрэн хангасан, чанартай барааг гэрээг батлагдснаас хойш хуанлийн 45 хоногийн дотор захиалагчийн заасан газарт хүргэж, буулгаж, угсарч, хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Нэхэмжлэгч ”Г Х” ХХК нь хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-ыг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд гэрээний үүрэг 250.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаар Орхон аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 394 дүгээр шийдвэрээр хариуцагч “ЭБЦТС” ТӨХК-иас 250.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г Х” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 62 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хүлээн авахаас татгалзснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч “ЭБЦТС” ТӨХК нь шийдвэр, магадлалыг биелүүлж, 2021 оны 10 дугаар сард гэрээний дагуу төлөх 250.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байна. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тэдний байгуулсан гэрээний 5.2-т захиалагч гэрээний хугацаанд нийлүүлэгчид төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно, нийт хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 10 хувь байна гэж заасны дагуу алданги төлөх үндэслэлтэй гэсэн дүгнэлт хийж талууд байгуулсан гэрээндээ алдангийн талаар тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээг хуульд заасан хэлбэрээр бичгээр байгуулсан, алданги шаардах эрхтэй гэсэн үндэслэлээр хариуцагчаас 25.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6. дугаар зүйлд нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч “Г Х” ХХК нь гэрээний 4.1-д зааснаар “барааг гэрээ батлагдснаас хойш хуанлийн 40 хоногийн дотор захиалагчийн заасан газарт хүргэнэ” гэсэн заалтыг зөрчиж, хугацааг 8 хоногоор хэтрүүлэн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Гэрээний 5.1-д нийлүүлэгч гэрээнд заасан хугацаанд бараа нийлүүлээгүй тохиолдолд гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно. Алдангийн нийт хэмжээ үнийн дүнгийн 10 хувь байна гэж заасан тул нэхэмжлэгч “Г Х” ХХК нь хугацаа хэтрүүлсэн хоногийн тоогоор алданги төлөх үндэслэлтэй. Анхан шатны шүүх 8 хоногоор хугацаа хэтрүүлсэн гэж үзэж 6.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-н давж заалдсан гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2022/01425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 282.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Б.Б

ШҮҮГЧИД                                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                         С.У