Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 216/МА2019/00009

 

А.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2019/00088 дугаар шийдвэртэй, А.Д нэхэмжлэлтэй Б.Д холбогдох хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгөөс 13 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч А.Д, түүний өмгөөлөгч М.Ө нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ө, хариуцагч Б.Д, нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д 2015 онд танилцан хамт амьдран 2016 оны 08 дугаар сарын 15-нд Д.С гэх хүүтэй болж 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Энэ хугацаанд салж нийлэх нь олон удаа байсан. Шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа удаа дараа гаргах, миний биед гар хүрэх, гэр орноос хөөх, дээрэлхэж хазгар доглон гэх /гэрийнхэн нь мөн тиймэрхүү зүйл байнга хэлдэг/ хэл ам, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг тул дахин хамт амьдрах боломжгүй. Ингээд Б.Д 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэн салах шийдвэрт хүрсэн. Тэр өдрөөс хэд хоног өнгөрөн надад дахин гар хүрч Цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хэрэг шийдэгдэж зохих шийдвэр гарсан. 2019.02.04-ний өдрөөс эхлэн би албан ёсоор хүүхдээ аваад бид 2 тусдаа байгаа. Иймд гэрлэлт цуцалж, хүү Д.С миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч болох орон сууцны 3/2 буюу 13 333 000 төгрөгийг Б.Д гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д миний бие нь А.Д нэхэмжлэлийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр бүл цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл энэ хүн намайг асар их сэтгэлийн дарамтад байлгаж, дээрэлхдэг. 2019 оны 01 дүгээр сарын 15-аас эхлээд би шүүх, цагдаагаар явж байна. Юм л бол хардаж, сэрддэг, гэр бүлийнхийг маань доромжилдог. Одоо надад найз нөхөд ч байхгүй болсон. Энэ хүнээс зохисгүй авир, зохисгүй зүйлүүд зөндөө гардаг. Тийм учраас би хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Харин Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 8-35 тоотод байрлах 2 өрөө байрыг би Хас банкны цалингийн зээлээр авсан. Энэ байрыг би гэр бүлдээ зориулж авсан ч хоёр жил гарангийн хугацаанд цалингаасаа зээлээ төлж байгаа. Намайг асар их сэтгэлийн дарамтад оруулчихаад өөрөө өнөөдөр инээгээд жаргалтай явж байна. Иймд 13 333 300 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Ш овогт А Д, Б овогт Б Д нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Б.С эх А.Д асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.С 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Д сар бүр тэжээн тэтгүүлж,

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар А.Д нэхэмжлэлтэй хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13 333 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326 692 төгрөгөөс илүү төлсөн 385 төгрөгийг буцаан олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101 692 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Д давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2019/00088 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Миний бие Б.Д 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бидний хүү Б.С нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. Бид 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 3 дугаар баг, 8-35 тоот 2 өрөө байрыг худалдан авсан. Бид өмнө нь цалингийн зээл авсан, сүүлд 8 000 000 төгрөгийг нэмж аваад гэртээ тавилга авсан, нэмэлтээр 35 000 000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар авч, байраа 20 000 000 төгрөгөөр худалдан авсан. Уг өрхийн хэрэглээний зээлийн эргэн төлөлт нь өндөр байсан учраас Б.Д зээлээ төлж, би халамжийн тэтгэвэр болох 270 000 төгрөгөөр гэр орныхоо хоол хүнс, тог цахилгаан гэх зүйлсийн төлбөрийг төлдөг байсан. Би 2018 оны 03 дугаар сараас ажилд орж Б.Д зээлээ төлж, би гэрийнхээ бусад бүх хэрэглээний төлбөрийг төлдөг байсан. Ийм учраас уг үл хөдлөх эд хөрөнгийг бий болоход өөрийн хүч хөдөлмөрөө оруулсан гэж үзэж байна. Мөн Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тухайн үед энэ хүн ажилгүй байсан учраас аавыг хамтрангаар ор гэхээр нь оруулсан...”, “...орон сууцыг гэр бүлдээ зориулж авсан...”, “...шүүх хурал хийгээгүй бол өгөх байсан...” гэх тайлбаруудаас харахад Б.Д энэ эд хөрөнгийг бий болоход миний оролцоо байгааг үгүйсгээгүй, гэр бүлдээ, өөрсдөө амьдрах зорилгоор авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарууд зэрэг нь дээрх эд хөрөнгө бидний дундын хөрөнгө гэдгийг нотолж байна.

Нөгөө талаар би Б.Д үр удмыг төрүүлэх гэж орон сууц худалдан авах үед ажил хөдөлмөр эрхлээгүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлж эх хүний, ээж хүний, эхнэр хүний хамгийн чухал үүргээ гүйцэтгэж байсан байхад шүүх уг эд хөрөнгийг зөвхөн Б.Д өмч гэж үзэж хүү бид хоёрт орон сууцнаас оногдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийг хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж ойлгогдож байна.

Нэхэмжлэгч миний бие 650 000 төгрөгийн цалинтай, уг цалингаас авто машины зээл 300 000 төгрөг, хүүхдийн цэцэрлэг 120 000 төгрөг төлдөг талаар хэлсэн. Энэ асуудлыг Б.Д ч өөрөө мэдэж байгаа. Бид гэр бүл болсоноос хойш бий болгосон орон сууцыг зөвхөн Б.Д үлдээхээр шийдвэрлэж байгаа нь дэндүү шударга бус байна. Би Б.Д хүүхдийг төрүүлээд хамт амьдарч байх хугацаандаа 1 жил гарангийн хугацаанд ажил хийгээгүй, түүнээс хойш ажил хийж хамтын амьдарлаа босгох гэж хөдөлмөрлөж, энэ хүний хүчирхийлэл дарамтыг тэсэж, тэвчиж ирсэн. Гэтэл өнөөдөр хүү бид хоёрт орон сууцнаас ногдох хувийг гаргуулахгүй байгаа талаарх тайлбараа шүүх үндэслэлтэйгээр тайлбарлаагүй. Б.Д шүүх хурлаас гараад мөнгөтэй хүн ялдаг юм гээд хэлээд явсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа өрхийн хэрэглээнд зориулан зээл авсан, үүнээс орон сууц худалдан авсан. Энэ зээлийн зориулалт гэр бүлийн, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан, бидний хамтын амьдралын үр дүнд бий болсон хөрөнгө гэж үзэж байна.

Түүнчлэн уг эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар “ Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө” нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө учраас хүү бид хоёрт хөрөнгийн зохих хэсэг нь заавал ногдох ёстой.

Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд зааснаар эцэг, эх үр хүүхдээ амьдралын шаардлага хангасан орон байраар хангах, өсөж хүмүүжих орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байтал аав нь энэ эд хөрөнгө миний хувийн, өөрийн өмч гэсэн үндэслэлгүй тайлбарыг хүлээн авч, хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2019/00088 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Хэргийн материалаас үзэхэд: Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч Б.Д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 3/2 хувь буюу 13.333.000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-6/, хүүхдийн төрсний № 1-3/000142 дугаартай бүртгэлийн лавлагаа/хх-3/, Энхтусдэм өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх-4/, Говьсүмбэр аймаг Сүмбэр сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт/хх-5/ зэрэг нотлох баримтууд болон зохигчдын маргаангүй тайлбар зэргээр зохигч нар 2015 онд гэр бүл болж, улмаар 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн, тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.С төрсөн, тэрээр 02 настай болох нь тогтоогдож байна.

Зохигчийн хэн аль нь гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох талаар маргаагүй.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүү Д.С нь эхийнх нь асрамжид үлдээж, улмаар эцэг Б.Д нь хуульд заасан журмын дагуу тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Харин нэхэмжлэгч А.Д нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 8-р  байрны 3-35 тоот 2 өрөө орон сууцыг хамтран амьдрах хугацаанд 20,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд энэ нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хэмээн уг орон сууцнаас хүү Д.С болон өөрт ногдох 13,333,000 төгрөгийг хариуцагч Б.Д гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-д зааснаар хариуцагчийн хуваарьт хөрөнгөөр бий болсон эд хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй гэж дүгнэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү анхан шатны шүүх гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргийг үнэлж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах боломжтой,  өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь зохигчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөр өөрсдийн өмчлөлд үлдээхийг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа учраас гэр бүлийн гишүүдийн дундын бүх эд хөрөнгийг тооцож гэр бүлийн гишүүдэд адил тэгш хуваарилах нь хуульд нийцэх учиртай.

Иймээс 1.Талуудын шүүх хуралдаанд гаргасан маргаангүй тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-28/, өмнөх зээлийн эргэн төлөлтийн хуваарь/хх-30/, барьцааны гэрээ/хх-31/, барьцаа хөрөнгийн жагсаалт/хх-34,35/, үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээ/хх-36/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-37/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа/хх-39,40/ зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан үнэлж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  шийдвэрлэх боломжтой байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3-т “гэрлэлт” гэж ...гэр бүл болох зорилгоор хуульд зааснаар төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэхийг, “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон эхнэр, нөхрийг, мөн хуулийн 3.1.4-д  гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, ...хүүхэд,...-ийг “гэр бүлийн гишүүн”  гэж ойлгоно хэмээн тус тус тодорхойлсон.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж,

Хуулийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна” гэж,

Хуулийн 126.4-т “гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж тус тус заасан.

Үүнээс үзэхэд гэрлэгчид буюу нэхэмжлэгч А.Д, хариуцагч Б.Д нар нь 2015 онд гэр бүл болж, 2016 онд гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн, тэдний дундаас 2016 оны 08 сарын 15-нд хүү Д.С нь төрсөн, улмаар зохигчид гэрлэснээс хойш хамтран амьдарч байх хугацаандаа дээрх орон сууцыг худалдан авсан, энэ хугацаанд уг эд хөрөнгө бий болсон байх тул уг хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн өөрөөр хэлбэл, зохигчид буюу гэрлэгчид болон түүний хүү Д.С нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарах болно.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6-д “гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох хоёр өрөө орон сууцыг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэ  үнийг үндэслэн гэр бүлийн гишүүдэд ногдох хувийг тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн зүгээс үгүйсгэж татгалзаагүй, талуудын зүгээс үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаагүй  байх тул орон сууцыг дээрх үнээр тооцох,

Мөн зохигчдын анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд гэрлэгчид хамтран амьдрах хугацаанд нэхэмжлэгч А.Д нь цалингийн зээлээр /12,500,000 төгрөгөөр/ суудлын автомашин худалдан авсан, уг автомашин нь нэхэмжлэгчийн өмчлөлд үлдсэн талаар талууд маргаагүй тул автомашиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамааруулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасны дагуу гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг насанд хүрээгүй болон гэр бүлийн бүх гишүүнд адил хувааж гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хэмжээг тодорхойлоход нийт 32,500,000 төгрөг /орон сууц, автомашин/ болох ба үүнээс гэр бүлийн нэг гишүүнд ногдох нь 10,833,000 төгрөг болно./32,500,000 төг : 3 = 10,833,000 төгрөг /.

Түүнчлэн гэрлэгчдийн хэн аль нь дээр дурдсан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг өөр өөрсдийн цалингийн зээлээр худалдан авсан гэх ба Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д заасны дагуу гэр бүлийн өр зээлийг насанд хүрсэн гишүүдэд адил тэгш хувааж хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-37/ зэргийг үндэслэн гэрлэгчдийн нийт өр зээлийн хэмжээ 42,000,000 төгрөг, үүнээс гэр бүлийн насанд хүрсэн нэг гишүүнд ногдох өр зээл нь 21,000,000 төгрөг болно. /30,000,000төг+12,000,000төг= 42,000,000 төг : 2/

Гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох нэхэмжлэгчид ногдох өр зээл нь 21,000,000 төгрөг байх ба тэрээр суудлын автомашин болон гэрийн бусад хөдлөх эд хөрөнгө зэргийг өөрийн өмчлөлд авсан гэх ба энэ талаар талууд маргаагүй тул  гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох орон сууцнаас нэхэмжлэгчид ногдох хувь /10,833,000 төгрөг/-ийг түүнд олгох үндэслэлгүй, учир нь нэхэмжлэгч нь хариуцагчид 8,500,000 төгрөг төлөхөөр байх боловч түүнд ногдох 10,833,000 төгрөг-т тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. /21,000,000-12,500,000=8,500,000 төг, 10,833,000-8,500,000/

Иймд Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1,130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 10,833,000 төгрөгийг хариуцагч Б.Д гаргуулж хүү Д.С олгохоор хуваарилж, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцыг хариуцагч Б.Д өмчлөлд үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

2. Мөн анхан шатны шүүх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар “тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл” нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байтал нэхэмжлэгчээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 31942 төгрөг төлүүлсэн, эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж илүү төлүүлсэн, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр шаардсан нэхэмжлэлд нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлох  болон гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх талаар зохицуулсан холбогдох хуулиудыг баримтлаагүй, нэхэмжлэгч нь нийт 327142 төгрөг төлсөн байтал шийдвэрт 326692 төгрөг гэж буруу бичсэн зэрэг зөрчил гаргасныг тус тус зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн  үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2019/00088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг бүхэлд нь “Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1,130.3, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг 8-р байрны 3-35 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.Д өмчлөлд үлдээж, хариуцагч Б.Д 10 833 000 төгрөгийг гаргуулж хүү Д.С олгохоор хуваарилж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ” гэж өөрчлөн,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалт болгон “ Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй” гэж ,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 7 дахь заалт болгон “Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрэлт цуцалсан тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц иргэний улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг болохыг зохигчдод мэдэгдсүгэй” гэсэн  заалтуудыг тус тус нэмж ,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 8 дахь заалт болгон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 142 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 32 327 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Б.Д 258 478 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай” гэж,

            Шийдвэрийн тогтоох хэсгийн  9 дэх заалт болгон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Д нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 31 492 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн заалт нэмж,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дахь заалтыг 8 гэж, 7 дахь заалтыг 10 гэж, 8 дахь заалтыг 11 гэж, 9 дэх заалтыг 12 гэж тус тус дугаарлан өөрчлөлт оруулж, шийдвэрийн 1,2,3,5,10,11,12 дахь заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

2. ИХШХШТХуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТЭГШСУУРЬ

                                                           ШҮҮГЧИД                            О.ОДНЯМАА                     

                                                                                        Х.БАЙГАЛМАА