Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2019/00088

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: А.Д нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Д-д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13 333 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д, хариуцагч Б.Д, нарийн бичгийн дарга Х.Ганзориг нар оролцов                          

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Д нь Б.Д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13 333 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үндэслэл нь:

Нэхэмжлэгч А.Д, хариуцагч Б.Д нар нь 2015 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр албан ёсоор гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн байх ба хамтын амьдралын хугацаанд 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.С-г төрүүлсэн нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220 дугаартай А.Д нь нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт, өрхийн эмч Н.О-н 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн тодорхойлолт, Б.Д, А.Д нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Д.С-н төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчдын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Д нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас эвлэрүүлэн зуучлалын журмаар нэхэмжлэлээ урьдчилан шийдвэрлүүлэх боломжгүй хэмээн үзэж шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2019/ШЦТ/32 дугаар шийтгэх тогтоолоор нөхөр Б.Д нь эхнэрийнхээ бие махбодид халдан зодсоноос үүдэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан гэр бүлийн хүчирхийллээс болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй үйл баримт бий болсон нь тогтоогдож байна.

Хариуцагч Б.Д нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн, улмаар хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, таарамжгүй харилцааны улмаас улмаас 2019 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хамтдаа амьдрах итгэл, сэтгэлгүй хэмээн хэн аль нь эвлэрэн хамтдаа амьдрах хүсэл сонирхолгүй байдлаа илэрхийлж, гэрлэгчид харилцан тохиролцсон гэж үзээд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр, гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.

Хүүхдийн насны байдал, эцэг, эхийн хайр халамж, ёс суртахууны болон хүчирхийлэл үйлддэг байдал, цаашид хүүхдийг асран хамгаалж, тэжээн тэтгэх, сурган хүмүүжүүлэх бодит нөхцөл байдлыг харгалзан хүү Д.-г эх А.Д-ний асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Хэдийгээр шүүхээс хүүхдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах болон эцэг, эхийн бусад эрх, үүрэг нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хэвээр үлдэх тул эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эх хэн хэндээ саад учруулахгүй байх үүрэгтэй.

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулахгүйгээр шүүхээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарласныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /2019 онд тухайн бүс нутагт тогтоогдсон хэмжээ 187 100 төгрөг/ тэтгэлэг тогтоож, эцэг Б.Д-р хүү Д.С-г сар бүр тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ. Улмаар мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар ...эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Мөн нэхэмжлэгч А.Д нь гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон дундын өмч буюу орон сууцны үнээс 13 333 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн бөгөөд хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар ...гэрлэлт цуцалсны дараа дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний шаардлагаар хувааж болно.

 

Талууд гэрлэснээс хойш нөхөр Б.Д нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бусадтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар 8 дугаар байрны 3-35 тоотод 2 өрөө орон сууцыг өөрийн хөдөлмөрийн хөлс буюу цалингийн орлогоор худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр /нэг хүний өмч/ бүртгүүлсэн болох нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, банкны зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, талуудын маргаангүй тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд уг орон сууц нь гэрлэснээс хойш бий болсон боловч Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.6-д зааснаар хариуцагч Б.Д-н хуваарьт хөрөнгөөр бий болсон эд хөрөнгө байх тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарахгүй.

 

Хэдийгээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө хамтран өмчлөх дундын өмчид хамаарах боловч уг хөрөнгийн эх үүсвэр нь хуваарьт хөрөнгө, улмаар хариуцагч Б.Д нь өөрийн хуваарьт хөрөнгийг дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Иймд нэхэмжлэгч А.Д нь гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгийг дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэж шаардах эрхгүй юм.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 326 692 төгрөгнөөс илүү төлсөн 385 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-с нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 101 692 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Шангас овогт А.Д, Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар хүү Б.С-г эх А.Д-ний асрамжинд үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү Д.Саруул-Эрдэнийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, мөн түүнийг насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Д-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.3-т зааснаар А.Дөлгөөний нэхэмжлэлтэй хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 13 333 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 326 692 төгрөгнөөс илүү төлсөн 385 төгрөгийг буцаан олгож, үлдэх хэсгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 101 692 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж, хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,                           ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ