Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2023/00928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, шүүгч Ц.Наранчимэг, шүүгч О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах, М ХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах, Т ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 497,520 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Сувданбилэг,

Хариуцагчийн төлөөлөгч С.Баясгалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан, иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдсэн байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигчийн гаргасан хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд  497,520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч М ХК шүүхэд болон төлөөлөгч Г.Сувданбилэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын 221051539184 тоот гэрээний даатгуулагч Я.Н- Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, * байр * тоот орон сууцны гадна хананд ан цав үүссэн байсан ба ан цав үүссэн хэсгүүдээр  борооны  ус  нэвчин  орж  даатгуулагчийн  эд хөрөнгөд 497,520 төгрөгийн хохирол учруулсан. Даатгуулагчийн амьдарч буй орон сууцыг барьсан байгууллага нь Т ХХК байх бөгөөд түүний харьяа Тэргүүн өргөө ХҮТ нь СӨХ-ны үйл хжиллагааг хариуцан явуулдаг. Т ХХК нь Барилгын тухай хуулийн 14.6-д "Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, мөн хуулийн 40.1.8-д "барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй..." гэж заасны дагуу уг орон сууцны засан сайжруулалтыг хийх үүрэгтэй байсан. Дээрх тохиолдлын улмаас Я.Н- эд хөрөнгөд учирсан хохирол болох 497,520 төгрөгийг манай компаниас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх Даатгагчид шилжинэ..." гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ", тус тус заасны дагуу шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1-д заасны дагуу гэм хорын хохирол 497,520 төгрөгийг Т ХХК-иас гаргуулна гэв.

 

2.Хариуцагч Т ХХК шүүхэд болон төлөөлөгч С.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХК нь Т ХХК-иас 497,520 төгрөг нэхэмжилсэн байна. Манай компани тус барилгыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын комиссын байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000830769 дугаар гэрчилгээ, Иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл, Т ХХК-ийн Тэргүүн өргөө ХҮТ-ийн тодорхойлолт, Шугам сүлжээ, тоноглолын гэмтэл, аваар, саатал тодорхойлох засварлах акт, Хас үнэлгээ ХХК-ийн Үнэлгээний тайлан,  Хаан банкны шилжүүлгийн баримтыг,

хариуцагчаас нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч М ХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд  497,520 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Т ХХК нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус барилгыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын комиссын байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн тул 3 жилийн хугацаа дууссан нэхэмжлэлийн  шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000830769 дугаар гэрчилгээ, Т ХХК-ийн Тэргүүн өргөө ХҮТ-ийн тодорхойлолт, Шугам сүлжээ, тоноглолын гэмтэл, аваар, саатал тодорхойлох, засварлах акт, Хас үнэлгээ ХХК-ийн Үнэлгээний тайлан, Хаан банкны шилжүүлгийн баримт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч М ХК нь даатгуулагч Я.Нтай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2032 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай, даатгуулагч Я.Н- Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, * байр * тоот орон сууцны барьцаа хөрөнгийн үнэлгээ 96,600,000 төгрөг, барьцаа хөрөнгийн даатгал 0,12 хувь, зээлийн гэрээний графикийн дагуу сар тутам зээлийн үлдэгдэл дүнгээс тооцон төлөхөөр тохиролцож Ипотекийн зээлдэгчийн амь нас эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалын гэрээ байгуулсан байх ба Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байжээ.

 

8.Дээрх гэрээгээр барьцаа хөрөнгийн даатгалын хамгаалалтад “галын эрсдэл, сантехникийн эрсдэл, байгалийн эрсдэл, цахилгаан, эрчим хүчний эрсдэл, гуравдагч этгээдийн учруулсан санаатай болон санамсаргүй үйлдэл”-ийг хамруулж, даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тохиролцсон байх ба хариуцагч нь орон сууц зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ хүчин төгөлдөр эсэх тухайд маргаагүй.

 

9.Хариуцагч Т ХХК-ийн инженерийн үйлдсэн Шугам сүлжээ, тоноглолын гэмтэл, аваар, саатал тодорхойлох, засварлах актад “Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, * байр * тоотод 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэмтэл гарсан, давхар хоорондын заагаар борооны ус нэвчсэний улмаас тухайн айлын том, жижиг өрөөний тусгаарлагч хана дагуу ус нэвтэрснээр таазны замаск хагарч, ханын обой хууларсан” талаар тодорхойлсон байна. /хавтаст хэргийн 11-12 тал/

 

10.Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Т ХХК-ийн харьяа Тэргүүн өргөө ХҮТ нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 03/077 тоот тодорхойлолтыг Хаан даатгалд гаргаж өгсөн бөгөөд Я.Н Хаан даатгал ХХК-иас 138,100 төгрөг нөхөн төлбөр авсан гэж маргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Я.Ныг Хаан даатгал ХХК, М ХК-д давхар даатгалын гэрээтэй байсан тул 138,100 төгрөг нөхөн төлбөр авсан гэж тайлбарлав. /хавтаст хэргийн 10 дахь тал/

 

Даатгуулагч Я.Н Хаан даатгал ХХК-иас 138,100 төгрөг нөхөн төлбөр авсан тухайд  маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.  

 

11.Хас үнэлгээ ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Я.Н- Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, * байр * тоот орон сууцанд ус алдсанаас үүдэж ханын обой хууларч шарласан. Таазны гипсэн хүрээ хагарсан. Том жижиг өрөөний тааз халтартсан. Учирсан хохирлын дүн 690,900 төгрөг гэх үнэлгээний тайлан гаргажээ. /хавтаст хэргийн 13-14 тал/

 

12.Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дах заалтад зааснаар даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгох бөгөөд даатгагч М ХК нь даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж даатгуулагчид 497,520 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 15 тал/

 

13.Хариуцагч Т ХХК нь тус барилгыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улсын комиссын байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн тул 3 жилийн хугацаа дууссан гэж маргаж байгаа боловч даатгалын тохиолдол 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үүссэн бөгөөд Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д "Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д "барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах үүрэгтэй..." гэж заасны дагуу уг орон сууцны засан сайжруулалтыг хийх үүрэгтэй байжээ.  

 

14.Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ...” гэж зааснаар даатгагч хохирлоо шаардах эрхтэй байх тул хариуцагч Т ХХК-иас 497,520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

15.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2019/467 дугаар дүгнэлт, Хаан даатгал ХХК-иас Я.Нд 138,100 төгрөг шилжүүлсэн хуулбар баримт гаргаж өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангаагүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзнэ.

 

16.Томилогдсон иргэдийн төлөөлөгч Ж.Баярхишигт шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтүүдийг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

17.Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,580 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15,580 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Т ХХК-иас 497,520 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М ХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,580 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 15,580 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч М ХК-нд олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                               Н.НАРАНГЭРЭЛ

 

                                      ШҮҮГЧИД                                Ц.НАРАНЧИМЭГ

 

                                                            О.ЦЭНД-АЮУШ