Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 102/шш2023/00325

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Ч дүүрэг, Бага тойруу 7/1 тоотод байрлах, Т банк ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:С дүүрэг, 00 дугаар хороо, Ө хороолол 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Г овогт Н-ийн Ч/РД:УИ000000/,

 Хариуцагч: Б дүүрэг, 00 дүгээр хороо, Ж гудамж, 0000 тоотод оршин суух, Т  овогт Ж-ын Ц /РД:ШБ000000/ нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 76,183,644 төгрөг 77 мөнгө гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Н.Ч , Ж.Ц нар нь Т банкны Өргөө тооцооны төвтэй 2018 оны 10-р сарын 25-ны өдөр 00/00 тоот зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 00/00 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан.

Уг барьцааны гэрээгээр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар

Б дүүргийн 0 дугаар хороо, 0-р хороолол /16094/ Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00б байр, зоорийн давхар тоот хаягт орших 00.0 м.кв талбайтай, Ү-0000000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

Т банк нь Зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч Н.Ч ын Т банк дахь 00000000000 тоот харилцах дансанд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 70,000,000 төгрөгийг шилжүүлэн олгосон. Зээлдэгч Н.Ч , Ж.Ц нар нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 00/00 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж байсан тул банкнаас 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдэл-ийг зээлдэгчид хүргүүлж зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулж тайлбар авч байсан боловч үр дүнд хүрээгүй.

Мөн зээлдэгчтэй холбогдоход хүндрэлтэй, зээл төлөх амлалт хугацаа авсан боловч хугацаандаа зээлийн төлбөрийг төлөлгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж өнөөдрийг хүрсэн.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас үндсэн зээлийн төлбөр 51,405,714 төгрөг 74 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,137,153 төгрөг 93 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 662,087 төгрөг 27 мөнгө, нийт 70,204,955 төгрөг 94 мөнгө, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 12,000 төгрөг, нийт 70,216,955 төгрөг 94 мөнгө хуримтлагдаж банкийг хохироож байна.

Иймд Т банк ХХК нь хариуцагч Н.Ч болон Ж.Ц нараас зээлийн гэрээний төлбөрт 70,204,955 төгрөг 94 мөнгө, нотариатын зардалд 12,000 төгрөг нийт 70,216,955 төгрөг 94 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,966,688 төгрөг 83 мөнгөөр нэмэгдүүлж, нийт 76,183,644 төгрөг 77 мөнгийг нэхэмжилж байсан.

Харин нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 5,966,688 төгрөг 93 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 70,216,955 төгрөг 94 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нар зээл авснаа хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээний үүргийг удаа дараа төлөхийг шаардаж байсан гэдэг нь үндэслэлгүй юм. Хариуцагч нар эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээд явж байсан ч ковидын улмаас орлого олох үйл ажиллагаа доголдсон байдаг. Банкнаас 70,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2023 оны 9 сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусахаар байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас 2022 оны 1 сарын 6-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэх хуудас хүргүүлсэн байдаг. Энэхүү мэдэгдэлд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 439 хоног хэтэрсэн байна. Иймд 2022 оны 1 сарын 25-ны өдөр буюу 19 хоногийн хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн төлбөр 51,405,714 төгрөг 74 мөнгийг төлнө үү гэсэн байсан. Энэ нь 2023 оны 9 сарын 25-ны өдөр дуусах зээлийн харилцааг 2022 оны 01 сарын 6-ны өдрийн мэдэгдлээр 01 сарын 25-ны дотор энэ зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн харилцаа дуусгавар болж байна гэж хэлдэг.

Бидний зүгээс маргаж байгаа шалтгаан нь 2022 оны 01 сарын 6-ны өдрийн мэдэгдэлд зааснаар нийт 66,856,222 төгрөг 88 мөнгийг буюу нийт зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлэхээ шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч 2022 оны 4 сарын 13-нд нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа 70,216,955 төгрөг 94 мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч талаас 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагч тал мэдэгдэл хүргүүлснээр гэрээг нэг талын санаачилгаар гэж цуцалсан харагдаж байна. Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 66,856,222 төгрөг 88 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Иргэн Н.Ч мэдэгдлийг хүлээж аваад 1 сарын 25-ны өдрийн дотор 28 үхэр, 18 адууг худалдаад төлбөрийг төлнө гэдгээ хэлсэн байдаг. Талуудын ирүүлсэн мэдэгдэл, хариуцагчийн өгсөн тайлбараас зээлийн гэрээний харилцаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.1-т зааснаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардаад байгаа мөнгийг төлөхийг зөвшөөрөх боломжгүй байна. Мөн бид бусад төлбөр болох нотариатын зардал 12,000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа гарсан зардлаа өөрсдөө хариуцан төлөх үүрэгтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар зарим хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал нь хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2-3/, итгэмжлэл /хх-4-5/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-6/, нотариатын нэхэмжлэх /хх-7/, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00/00 дугаар зээлийн гэрээ /хх-8-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 00/00 дугаар барьцааны гэрээ /хх-11-12/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-13-18/,үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-19/, барьцаалбар /хх-20-/, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-21/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-22/, Т банкны Өргөө салбарт хүсэлт гаргах нь гэх гар бичмэл /хх-23/, итгэмжлэл /хх-73/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-100/, дансны хуулга /хх-101-102/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагч тал нь итгэмжлэл /хх-25/, хариу тайлбар /хх-35/, Н.Ч ын оршин суух газрын тодорхойлолт /хх-116/, хариуцагч Ж.Ц ын оршин суух газрын тодорхойлолт /хх-117/, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-123/, Б дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-124/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

5. Шүүхээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Т банкны тусгай активын албаны үйл ажиллагааны журам /хх-41-48/, ТАА-ны дүгнэлт, санал /хх-48/, зээлдэгч/ холбогдогч этгээдтэй уулзсан тухай тэмдэглэл /хх-49/ ажлын тайлан /хх-50/, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл/хх-51/, Т банкны захирлын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/146 дугаар журам батлах тухай тушаал /хх-52/, хүү тооцооллын хүснэгт /хх-68/, итгэмжлэл /хх-69/, Т банкны захирлын 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Б/1070 дугаар тушаал /хх-70/, харилцах дансны харилцагчийн хуулга /хх-71-72/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх-82-89/, зэрэг баримтыг цуглуулсан байна.

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк ХХК нь хариуцагч Н.Ч , Ж.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76,183,644 төгрөг 77 мөнгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээ болох 5,966,688 төгрөг 83 мөнгөөр багасгаж, хариуцагч нараас 70,216,955 төгрөг 94 мөнгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Т банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 00/00 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, хариуцагч нарт 70,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Н.Чойномын өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0-р хороолол /16094/ Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00б байр, зоорийн давхар тоот хаягт орших 00.0 м.кв талбайтай, Ү-0000000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

2.2. Хариуцагч нар нь дээр зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийх хугацааг хэтрүүлж, зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх талаар хугацаа тогтоон, уулзалт зохион байгуулж байсан боловч үр дүн гараагүй буюу зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын тооцооллоо нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 51,405,714 төгрөг 74 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 18,137,153 төгрөг 93 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 662,087 төгрөг 27 мөнгө, нийт 70,204,955 төгрөг 94 мөнгө, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн зардал 12,000 төгрөг, нийт 70,216,955 төгрөг 94 мөнгийг нэхэмжилж байна тайлбарласан.

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

3.1. Хариуцагч нар нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч талтай Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргахгүй бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрнө.

3.2 Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22/01 дугаар мэдэгдэлд дурдагдсан үнийн дүнгийн хэмжээ болох 66,856,222 төгрөг 88 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

Нэхэмжлэгчээс хариуцагч талд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22/01 дугаар мэдэгдлийг өгснөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр нэхэмжлэгч талын санаачилгаар цуцлагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч нь энэ хугацаанаас хойш хариуцагч талаас зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, хариуцагч талд нэхэмжлэгч талаас хүргүүлж байсан мэдэгдэл, дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Талууд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 00/00 дугаар зээлийн гэрээг болон барьцааны гэрээг байгуулж, хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийг бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар, сарын 1,9 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцсон байна.

4.2. Хариуцагч нар нь дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 66,856,222 төгрөг 88 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 3,360,733 төгрөг 06 мөнгийг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

5. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хугацаанаас өмнө буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр нэхэмжлэгч талын санаачилгаар цуцлагдсан эсэх, энэ хугацаанаас хойш нэхэмжлэгч нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй эсэх талаар өөр өөрийн үндэслэлээ заан, маргаж байна.

 

6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагчид 70,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас уг гэрээнд заасан үүргийг буюу үндсэн зээлийг, гэрээнд заасан хэмжээгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байна.

 

7.Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, хариуцагч Н.Ч аас нэхэмжлэгч талд гаргаж байсан хүсэлт болон хариуцагчийн шүүхэд гаргасан ...хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийгээд явж байсан ч ковидын улмаас орлого олох үйл ажиллагаа доголдсон учраас зээлийн гэрээний үүрэг зөрчигдөх болсон гэх тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүрэг зөрчигдсөн гэх үндэслэлийн талаар маргаагүй.

 

8.Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон нийт 70,204,955 төгрөг 94 мөнгийг нэхэмжилсэн бол, хариуцагч тал нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэлд зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр дуусгавар болсон тул энэ хугацаанаас хойш зээлийн хүү шаардах эрхгүй гэж маргаж байна.  

 

9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Нэхэмжлэгч талаас хариуцагч талд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүргүүлсэн 22/01 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-д ...зээлдэгч 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ 439 хоног хэтрүүлсэн байх тул үндсэн зээлийн төлбөр 51,405,714 төгрөг 14 мөнгө, үндсэн хүүний өр 15,022,390 төгрөг 12 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 428,118 төгрөг 02 мөнгө, нийт 66,856,222 төгрөг 88 мөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж, зээлийн зөрчлөө арилгахыг мэдэгдэж байна гэжээ.

 

Энэхүү мэдэгдлийг агуулгаас дүгнэхэд уг мэдэгдлээр нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон байх бөгөөд уг мэдэгдлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 60 сарын хугацаатай буюу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байсан боловч хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг зөрчиж, тэдэнд нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй буюу уг хугацаанд хариуцагч үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

10.Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрт 51,405,741 төгрөг 74 мөнгийг, нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацааны зээлийн хүүнд 18,137,153 төгрөг 93 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүнд 662,087 төгрөг 27 мөнгийг, нийт 70,204,955 төгрөг 94 мөнгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцэж байна.

 

11.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардал болох 12,000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардлагатай нотлох баримтуудыг нотариатаар баталгаажуулж, төлбөрт 12,000 төгрөгийг төлснийг үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 70,216,995 төгрөг 94 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

12.Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч нартай хариуцагч Н.Чойномын өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0-р хороолол /16094/ Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00б байр, зоорийн давхар тоот хаягт орших 00.0 м.кв талбайтай, Ү-0000000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 00/00 дугаартай барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасантай нийцэж байна

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Н.Ч , Ж.Ц нар нь зээлийн гэрээний үүрэгт 70,216,995 төгрөг 94 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Н.Ч ын өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0-р хороолол /16094/ Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00б байр, зоорийн давхар тоот хаягт орших 00.0 м.кв талбайтай, Ү-0000000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

13.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 689,592 төгрөг 77 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 579,174 төгрөг 77 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Ч , Ж.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 70,216,995 төгрөг 94 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ч , Ж.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Ч ын өмчлөлийн Б дүүргийн 0 дугаар хороо, 0-р хороолол /16094/ Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00б байр, зоорийн давхар тоот хаягт орших 00.0 м.кв талбайтай, Ү-0000000000 дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,592 төгрөг 77 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 579,174 төгрөг 77 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА