Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00644

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 27 210/МА2023/00644

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00325 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Н.Ч,

Хариуцагч: Ж.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 70,216,955 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Зээлдэгч Н.Ч, Ж.Ц нар нь Т ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 18/66 дугаартай зээлийн гэрээ байгуулан 70,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор мөн өдөр 18/66 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /000/, ийн өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай, 97.5 м.кв талбайтай, Ү- дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

1.2 Т ХХК нь Н.Чын Т дахь харилцах дансанд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зээл 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч Н.Ч, Ж.Ц нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкнаас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх, нэмэлт хугацаа олгох мэдэгдлийг хүргүүлж, зээл төлөхийг зээлдэгчийн гар утсаар болон биечлэн уулзаж удаа дараа сануулсан.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үндсэн төлбөр 51,405,714 төгрөг, хүүгийн төлбөр 18,137,153 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 662,087 төгрөг, нийт 70,204,955 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, бүгд 70,216,955 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Хариуцагч нар нь Т ХХК-аас 70,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусах байсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэх хуудсаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй 439 хоног хэтэрсэн байна. Иймд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу 19 хоногийн хугацаанд хугацаа хэтэрсэн зээлийн үндсэн төлбөр 51,405,714 төгрөг төлнө үү гэсэн. Энэ нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дуусах зээлийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа 70,216,955 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас 66,856,222 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

Талуудын ирүүлсэн мэдэгдэл, хариуцагчийн өгсөн тайлбараас зээлийн гэрээний харилцаа нь талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2.1-т зааснаар цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн бид бусад төлбөр болох нотариатын зардал 12,000 төгрөгийг төлөхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа гарсан зардлаа өөрсдөө хариуцан төлөх үүрэгтэй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Ч, Ж.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 70,216,995 төгрөг 94 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Ч, Ж.Ц нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч Н.Чын өмчлөлийн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 3-р хороолол /000/ ийн өргөн чөлөө гудамж, 00 байр, зоорийн давхар тоот хаягт орших 97.5 м.кв талбайтай, Ү- дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 0 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 689,592 төгрөг 77 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 579,174 төгрөг 77 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Т ХХК-тай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18/66 дугаартай Зээлийн гэрээ-ний хугацаа 60 сар буюу 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байна. Гэвч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг анхан шатны шүүх ...шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцлагдсан гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч Т ХХК-ийн зүгээс 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22/01 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл-ээр хариуцагч нараас ... хугацаа зээлийн төлбөр 51,405,714.74 төгрөг, үндсэн хүүгийн өр 15,022,59012 төгрөг, хүү 428,118.02 төгрөг, нийт 66,856,222.88 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гэж шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйл зааснаар талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 6.2.1-т заасантай хууль зүйн хувьд нийцэхгүй бөгөөд харин зээлийн гэрээний нэг талын санаачилгаар Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлээр цуцалсан гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 6.2.1-т заасны дагуу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээг цуцлагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 3,360,733.06 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Т ХХК-ийн зүгээс хариуцагч нарт 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн мэдэгдлээр авсан зээл 439 хоногийн хугацаа хэтрэлттэй байх бөгөөд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт яаралтай төлөх талаар мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, уг мэдэгдэлд хугацаа тогтоож, зөрчлөө арилгах талаар мэдэгдсэн. Үүнийг хариуцагч буруу ойлгож, гэрээ цуцалсан мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Энэ талаар хариуцагч Н.Чаас бичгээр гаргасан хүсэлт нотлох баримтаар хэрэгт авагдсан. Энэ хүсэлтэд хөрөнгөө зарж, зээлээ төлж барагдуулах агуулга бүхий хүсэлт бичсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Н.Ч, Ж.Ц нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 51,405,714 төгрөг, хүүгийн төлбөр 18,137,153 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 662,087 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 70,216,955 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт нийт 66,856,222 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18/66 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Т ХХК нь 70,000,000 төгрөгийг, сарын 1,9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Н.Ч, Ж.Ц нар зээлийн төлбөрийг гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн. Мөн өдөр байгуулсан 18/66 дугаартай Барьцааны гэрээ-ээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Н.Чын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол /000/ ийн өргөн чөлөө гурдамж, 00 дугаар байр, зоорийн давхар тоот хаягт байршилтай 97,5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 8-12/

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, эдгээр гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 70,000,000 төгрөгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

5.1 Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

6. Т ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22/01 дугаартай мэдэгдлээр хариуцагч нарыг зээлийн гэрээнд заасан үндсэн зээлийн төлбөр 51,405,714.74 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 15,022,390.12, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 428,118.02 төгрөг, нийт 66,856,222.88 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж, зээлийн зөрчлийг арилгах талаар мэдэгдсэн байна. /хх22/

6.1 Хариуцагч нар нь уг мэдэгдлийн дагуу зээлийн гэрээг цуцалсан гэх боловч тус мэдэгдлийн агуулгаас үзэхэд зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хуримтлагдсан зээлийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөхийг хариуцагч нарт мэдэгдсэн нь гэрээг тухайн өдрөөр цуцалсан гэж үзэхгүй. Анхан шатны шүүх зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөр цуцалсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Зээлийн гэрээг цуцалсан 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 51,405,714.74 төгрөг, зээлийн хүү 18,137,153.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 662,087.27 төгрөг, нийт 70,204,955.94 төгрөг төлөөгүй талаарх хүү тооцооллын хүснэгт гэх баримтыг хариуцагч нар нотлох баримтаар үгүйсгээгүй байх тул анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 70,204,955.94 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна.

8. Талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй, давж заалдах гомдол гаргаагүй тул зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

9. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 12,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг, мөн зээлийн гэрээний үүрэг шаардах хэсэгт мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсгийг тус тус баримталсан нь хууль хэрэглээний алдаатай болсон байх тул зөвтгөж, өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00325 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...452 дугаар зүйлийн 452.1, гэснийг хасч, ...219 дүгээр зүйлийн 219.1 гэснийг ...220 дугаар зүйлийн 227.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

М.БАЯСГАЛАН