Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 102/шш2023/00638

 

 

 

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугааар бичил хороолол, 00 дугаар байр, 00 тоотод байрлах, И ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, НШШГ газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я,

гэрч Ч.Ж ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэрээр И ХХК-иас 300,000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 502,200,000 төгрөгийг гаргуулж Т.Д д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу НШШГ газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, И ХХК-ийн өмчлөлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дугаар хороо, 00 дугааар хороолол Энхтайваны өргөн чөлөө 000 дүгээр байр 0 тоот авто зогсоолуудыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнэлгээ тогтоолгохоор АБ ХХК-ийг шинжээчээр томилсон. НШШГ газрын 2022 оны 09 дүгээр сарын 19- ний өдрийн 11-182/17424 дүгээр Үнэлгээний мэдэгдэл-ээр дээрх авто зогсоолуудыг нэг тус бүрийн үнэ 23,235,584 төгрөг, нийт 11 ширхэг авто зогсоол 255,591,426 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч ийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж байна. Учир нь, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Зах зээлийн үнэлгээг жишиг үнийн хандлагын аргыг сонгон үнэлгээг тогтоодог. Жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн байршлын хувьд хамгийн ойр байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдээс сонгон харьцуулах нь зүйтэй. Тухайн авто зогсоолууд нь орон сууцны барилгын зоорийн давхарт байрладаг бөгөөд оршин суугчид дулаан авто зогсоолоос орон сууц руугаа шууд орох давуу талтай юм. Гэтэл үнэлгээний тайлангаар харьцуулсан 2 ширхэг авто зогсоол нь 10-р хороололд байрлах зөвхөн олон давхар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд байрлах авто зогсоолтой харьцуулсан нь үнэлгээний зүйлийн онцлог, зориулалтыг харгалзаагүй гэж үзэхээр байна. Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон Улсын Үнэлгээний Стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр, бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл зах зээл дээр саяхан борлогдсон үнэлгээнд хамрагдсан хөрөнгөтэй адил болон ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнийг авч үзэж үнэлж буй хөрөнгийн үнэлгээг гаргах явдал юм. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 5.3-д 3-р хүснэгтэд зааснаар хоёр ширхэг авто зогсоолыг харьцуулсан хөрөнгөөр сонгож жишиг үнийн хандлагын аргаар харьцуулжээ. Хүснэгтийн 3-д худалдсан үнэ 21,340,000 төгрөг, 24,500,000 төгрөг гэж харьцуулсан байна. Гэтэл тус хоёр авто зогсоолыг худалдан борлуулахаар байршуулсан зар дээрх утасны дугаараар нэхэмжлэгчийн зүгээс 99605955, 88080010 гэх дугаар руу холбогдон худалдагдсан эсэхийг тодруулахад хоёр зогсоол нь хоёулаа худалдан борлогдоогүй, ирж үзэх боломжтой гэх тайлбарыг өгч байна. Жишиг үнийн хандлагаар үнэлгээний өдөр худалдан борлогдсон хөрөнгөтэй харьцуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл зарын сайт дээр худалдаалагдаагүй байгаа хөрөнгөтэй харьцуулж ийнхүү эцсийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэл муутай зөвхөн зарын сайт дээр байршуулсан зарын үнийн дүнгээс тооцон үнэлсэн нь өччлөгчийн эрх, ашгийг хохироож байна. Жишиг үнийн хандлагын аргын гол зорилго нь тухай үнэлгээний өдөр худалдан борлогдсон үнэтэй харьцуулж байж үнэлгээ үнэн бодит гарах явдал юм. Гэтэл үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн Хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт ч Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсрагдаагүй байна. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа үнэн бодит мэдээлэл ашиглаагүй, илт худал мэдээлэл оруулсан гэж үзэж байна. Иймд хөрөнгийн үнэлгээчин нь ийнхүү зөвхөн авто зогсоолын зориулалттай байгууламжид байрлах авто зогсоолтой орон сууцны зоорийн давхарт байх авто зогсоолыг харьцуулан зах зээлийн үнэлгээг гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах зохицуулалтыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээллийг, худалдагдсан үнэ гэж ашиглан зах зээлийн үнэлгээг гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нъ хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасныг зөрчин нотолгоогүйгээр худал хөрөнгийн үнэлгээ гаргасан нь хуульд нийцээгүй бөгөөд ийнхүү хуульд нийцээгүй хөрөнгийн үнэлгээний тайлан гарган, тус үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг албадан худалдан борлуулах гэж байгаад гомдолтой байна. Иймд НШШГ газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11-182/17424 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн И ХХК- ийн өмчлөлийн Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дугаар хороо, 00 дугааар хороолол Энхтайваны өргөн чөлөө 000 дүгээр байр 0 тоот авто зогсоолуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Янжинлхам нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус газарт холбогдуулж Икслэнд констракш ХХК-ийн Чимгээгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/0365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоолоор И " ХХК-иас 504,868,950 төгрөгийг гаргуулж Т.Д д олгохоор шийдвэрлэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22370462 дугаар үүсгэх тогтоолоор тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182/01 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаатай мэдэгдлийг И ХХК-ний гүйцэтгэх удирдлага С.Б д биечлэн өгсөн боловч заасан хугацаанд төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй. Иймд И ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дугаар хороо, 00 дугааар хороолол Энхтайваны өргөн чөлөө 000 дүгээр байр 0 тоот авто зогсоолуудыг 2022 оны 8 дугаар сарын 9-ны өдрийн 22370462/182 дугаар тогтоолоор битүүмжлэн Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа өгсөн. Мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул дээрх битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 29-ны өдрийн 22370462/02 дугаар тогтоолоор хураан талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 9/233 дугаар хөндлөнгийн шинжээч томилсон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тус бүр нь 23,235,854 төгрөг нийт 11 авто зогсоол 255,591,426 төгрөгөө үнэлэгдсэнийг талуудад 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 4-182/17424 дугаар албан бичгээр мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62,1 дэх хэсэгт зааснаар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авах саналаа өгөх эрхтэй сануулсан. Талуудад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудад мэдэгдэл хүргүүлсэн. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш32022/17800 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгүүлээд байна. Иймд И " ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байгаа, тул нэхэмжлэгч И ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, итгэмжлэл /хх-6,7/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэр /хх-8-17/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлал /хх-18-22/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоол /хх-23-26/, НШШГ газрын үнэлгээний мэдэгдэл /хх-27/, АБ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-28-37/, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /хх-38/, зурвас /хх-39/, НШШГ газрын мэдэгдэл /хх-46/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-47/, анхны албадан дуудлага худалдааны жагсаалт /хх-48-50/, итгэмжлэл /хх-59/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

  4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-42/, хариу тайлбар /хх-69/, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 605 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-70/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2022/06662 дугаар шүүгчийн захирамж /хх-71-72/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэр /хх-73-77/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлал /хх-78-82/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоол /хх-83-86/, НШШГ газарт хүсэлт гаргах нь гэх гар бичмэл /хх-87/, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ /хх-88/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-89/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн тухай лавлагаа /хх-90/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл /хх-91/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл /хх-92/, НШШГ газарт гаргасан өргөдөл /хх-93/, НШШГ газрын хариу мэдэгдэх хуудас /хх-94/, Улсын бүртгэлийн газрын албан бичиг /хх-95/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-96/, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-97/, Шийдвэр гүйцэтгэх албаны албан бичиг /хх-98/, НШШГ газрын албан бичиг /хх-99/, Мобиком корпораци ХХК-ийн албан бичиг /хх-100/, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл /хх-101/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-102/, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-103/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-104/, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас /хх-105/,шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл /хх-106/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-107-108/, тэмдэглэл /хх-109/, И " ХХК-ийн үнийн санал /хх-110/, Иргэний үнийн шалгалт гаргах нь гэх гар бичмэл /хх-111/, Шинжээч томилох тухай тогтоол /хх-112/, шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл /хх-113-114/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх-115/, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт /хх-116/, АБ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-117-138/, үнэлгээний мэдээлэл /хх-139/, тэмдэглэл /хх-140/, үнэлгээний мэдээлэл /хх-141/, тэмдэглэл /хх-142/, Мобиком корпораци ХХК-ийн албан бичиг /хх-143/, мэдэгдэл /хх-144/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-145/, тэмдэглэл /хх-146/, мэдэгдэл /хх-147/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч НШШГ газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:

 

2.1 Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаартай шийдвэрээр хариуцагч И " ХХК-аас 300,000 ам.долларыг гаргуулж, Т.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 200,950,000 төгрөгийн үнэ бүхий И ХХК-ийн өмчлөлийн гэх 11 ширхэг авто зогсоолын өмчлөх эрх, тус компанийн эзэмшлийн гэх 9911-9192, 9911-4041, 9906-2626, 9929-6262 дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнд тооцон шилжүүлж, зөрүү төлбөрийг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү шийдвэрийг Нийслэлийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалаар хянаад шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И " ХХК-аас 502,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Д д олгож гэж 2 даахь заалтын 2,028,450 гэснийг 2,668,950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээснийг зохигчид эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасныг Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоолоор хянаад магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

2.2.Улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2022/06662 дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 605 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу НШШГ газар нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22370462 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

2.3. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дугаар хороо, 00 дугааар хороолол Энхтайваны өргөн чөлөө 000 дүгээр байр 0 тоот авто зогсоол зэрэг эд хөрөнгийг 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр битүүмжлэн, 2022 оны 8 дугаар сарын 29-ний хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр авагч болон төлбөр төлөгч нараас үнийн санал авахад уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээн дээр тохиролцоогүй учраас 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 9/233 дугаартай тогтоолоор АБ ХХК-ийг шинжээчээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн байна.

2.4 Улмаар шинжээч АБ ХХК нь үнэлгээг хийж, эрхийн улсын Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дугаар хороо, 00 дугааар хороолол Энхтайваны өргөн чөлөө 000 дүгээр байр 0 тоот авто зогсоол зэрэг эд хөрөнгийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тус бүр нь 23,235,854 төгрөг нийт 11 авто зогсоол 255,591,426 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгчид 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 4-182/17424 дугаартай мэдэгдлээр мэдэгджээ.

 

3. Нэхэмжлэгч И " ХХК нь дээрх үнэлгээтэй танилцаад түүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлээ ... үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн Хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт ч Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсрагдаагүй байна. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа үнэн бодит мэдээлэл ашиглаагүй, илт худал мэдээлэл оруулсан ...ийнхүү зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байхад тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаалахаар тогтоол гаргасан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч тал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх байдлаар тайлбар, татгалзлаа гарган, мэтгэлцэж байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийнх нь өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн эрхийн улсын Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дугаар хороо, 00 дугааар хороолол Энхтайваны өргөн чөлөө 000 дүгээр байр 0 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.

 

Өөрөөр хэлбэл шинжээч АБ ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд шинжээч АБ ХХК-ийн эрхийн улсын Ү-00000000 дугаарт бүртгэлтэй Б дүүрэг 0 дугаар хороо, 00 дугааар хороолол Энхтайваны өргөн чөлөө 000 дүгээр байр 0 тоот авто зогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг 255,591,426 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

Ийнхүү шинжээч АБ ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй тул уг үнэлгээг үндэслэн хариуцагч байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11/31 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч И " ХХК-ийн хариуцагч НШШГ газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И " ХХК-ийн хариуцагч НШШГ газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 100 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА