Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/00832

 

2023.04.21 № 210/МА2023/00832

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00638 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: И ХХК

Хариуцагч: НШШГГ-

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэрээр И ХХК-иас 300,000 ам.доллар буюу 502,200,000 төгрөг гаргуулж Т.Д-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, И ХХК-ийн өмчлөлийн Ү-2205042796, Ү-2205042770, Ү-2205042771, Ү-2205042772, Ү-2205042773, Ү-2205042774, Ү-2205042775, Ү-2205042776, Ү-2205042777, Ү-2205042778, Ү-2205042779 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байр, 14, 7,2,1,15, 8, 9,10,11,12, 13 дугаартай авто зогсоолуудыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнэлгээ тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон.

1.2 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11-182/17424 дүгээр мэдэгдэлээр дээрх авто зогсоолуудыг нэг тус бүрийн үнэ 23,235,584 төгрөг, нийт 11 ширхэг авто зогсоол 255,591,426 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртөгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Зах зээлийн үнэлгээг жишиг үнийн хандлагын аргыг сонгон үнэлгээг тогтоодог. Жишиг үнийн хандлагын аргаар хөрөнгийг үнэлэхдээ тухайн үл хөдлөх хөрөнгийн байршлын хувьд хамгийн ойр байрлах үл хөдлөх хөрөнгөнүүдээс сонгон харьцуулах нь зүйтэй. Тухайн авто зогсоолууд нь орон сууцны барилгын зоорийн давхарт байрладаг бөгөөд оршин суугчид дулаан авто зогсоолоос орон сууц руугаа шууд орох давуу талтай. Гэтэл үнэлгээний тайлангаар харьцуулсан 2 ширхэг авто зогсоол нь 10 дугаар хороололд байрлах зөвхөн олон давхар авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд байрлах авто зогсоолтой харьцуулсан нь үнэлгээний зүйлийн онцлог, зориулалтыг харгалзаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон Улсын Үнэлгээний Стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр, бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр саяхан борлогдсон үнэлгээнд хамрагдсан хөрөнгөтэй адил болон ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнийг авч үзэж үнэлж буй хөрөнгийн үнэлгээг гаргах явдал юм.

Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 5.3-д 3-р хүснэгтэд зааснаар хоёр ширхэг авто зогсоолыг харьцуулсан хөрөнгөөр сонгож жишиг үнийн хандлагын аргаар харьцуулжээ. Хүснэгтийн 3-д худалдсан үнэ 21,340,000 төгрөг, 24,500,000 төгрөг гэж харьцуулсан байна. Гэтэл тус хоёр авто зогсоолыг худалдан борлуулахаар байршуулсан зар дээрх утасны дугаараар нэхэмжлэгчийн зүгээс 0000, 00 гэх дугаар руу холбогдон худалдагдсан эсэхийг тодруулахад хоёр зогсоол нь хоёулаа худалдан борлогдоогүй, ирж үзэх боломжтой гэх тайлбарыг өгч байна. Жишиг үнийн хандлагаар үнэлгээний өдөр худалдан борлогдсон хөрөнгөтэй харьцуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл зарын сайт дээр худалдаалагдаагүй байгаа хөрөнгөтэй харьцуулж ийнхүү эцсийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэл муутай зөвхөн зарын сайт дээр байршуулсан зарын үнийн дүнгээс тооцон үнэлсэн нь өччлөгчийн эрх, ашгийг хохироож байна. Жишиг үнийн хандлагын аргын гол зорилго нь тухай үнэлгээний өдөр худалдан борлогдсон үнэтэй харьцуулж байж үнэлгээ үнэн бодит гарах явдал. Гэтэл үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн Хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт ч Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсрагдаагүй байна.

1.3 Хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа үнэн бодит мэдээлэл ашиглаагүй, илт худал мэдээлэл оруулсан гэж үзэж байна. Иймд хөрөнгийн үнэлгээчин нь ийнхүү зөвхөн авто зогсоолын зориулалттай байгууламжид байрлах авто зогсоолтой орон сууцны зоорийн давхарт байх авто зогсоолыг харьцуулан зах зээлийн үнэлгээг гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах зохицуулалтыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээллийг, худалдагдсан үнэ гэж ашиглан зах зээлийн үнэлгээг гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нъ хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна гэж заасныг зөрчин нотолгоогүйгээр худал хөрөнгийн үнэлгээ гаргасан нь хуульд нийцээгүй бөгөөд ийнхүү хуульд нийцээгүй хөрөнгийн үнэлгээний тайлан гарган, тус үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг албадан худалдан борлуулах гэж байгаад гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 11-182/17424 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн И ХХК-ийн өмчлөлийн дээрх авто зогсоолуудыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/0365 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоолоор И ХХК-иас 504,868,950 төгрөг гаргуулж Т.Д-д олгохоор шийдвэрлэсний дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 22370462 дугаар үүсгэх тогтоолоор тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 182/01 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хугацаатай мэдэгдлийг И ХХК-ний гүйцэтгэх удирдлага С.Баттулгад биечлэн өгсөн боловч заасан хугацаанд төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй.

Иймд И ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын Ү-2205042769, Ү- 2205042770, Ү-2205042771, Ү-2205042772, Ү-2205042773, Ү-2205042774, Ү-2205042775, Ү- 2205042776, Ү-2205042777, Ү-2205042778, Ү-2205042779 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 10 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө 119 дүгээр байр 14, 7, 2, 1, 15, 8, 9, 10, 11, 12, 13 тоот авто зогсоолуудыг 2022 оны 8 дугаар сарын 9-ны өдрийн 22370462/182 дугаар тогтоолоор битүүмжлэн, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа өгсөн. Мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул дээрх битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 22370462/02 дугаар тогтоолоор хураан авч, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/233 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилсон.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тус бүр нь 23,235,854 төгрөг, нийт 11 авто зогсоолыг 255,591,426 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4-182/17424 дугаар албан бичгээр мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62,1 дэх хэсэгт зааснаар бие даан худалдан борлуулах 1 сарын хугацаа авах саналаа өгөх эрхтэй сануулсан. Талуудад 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудад мэдэгдэл хүргүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И" ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Үнэлгээний шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах зохицуулалтыг хангаагүй, мөн худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээллийг, худалдагдсан үнэ гэж ашиглан зах зээлийн үнэлгээг гаргасан. Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байхгүй, үнэлгээний зүйлийг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт ч Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсрагдаагүй.

4.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэн бодит мэдээлэл ашиглаагүй, илт худал мэдээлэл оруулсан гэж тайлбарласан. Гэвч анхан шатны шүүх нь дээрх үндэслэлд дүгнэлт хийгээгүй. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон Улсын Үнэлгээний Стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр, бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог.

Тодруулбал, зах зээл дээр саяхан борлогдсон үнэлгээнд хамрагдсан хөрөнгөтэй адил болон ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнийг авч үзэж үнэлж буй хөрөнгийн үнэлгээг гаргах явдал юм. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 5.3-д 3-р хүснэгтэд зааснаар хоёр ширхэг авто зогсоолыг харьцуулсан хөрөнгөөр сонгож жишиг үнийн хандлагын аргаар харьцуулсан. Хүснэгтийн 3-д худалдсан үнэ 21,340,000 төгрөг, 24,500,000 төгрөг гэж харьцуулсан байна. Гэтэл тус хоёр авто зогсоолыг худалдан борлуулахаар байршуулсан зар дээрх утасны дугаараар нэхэмжлэгчийн зүгээс 0000, 00 гэх дугаар руу холбогдон худалдагдсан эсэхийг тодруулахад хоёр зогсоол нь хоёулаа худалдан борлогдоогүй, ирж үзэх боломжтой гэх тайлбарласан. Жишиг үнийн хандлагаар үнэлгээний өдөр худалдан борлогдсон хөрөнгөтэй ч харьцуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл зарын сайт дээр худалдаалагдаагүй байгаа хөрөнгөтэй харьцуулж ийнхүү эцсийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, үндэслэл муутай, зөвхөн зарын сайт дээр байршуулсан зарын үнийн дүнгээс тооцон үнэлсэн нь өмчлөгчийн эрх, ашгийг хохироож байна. Жишиг үнийн хандлагын аргын гол зорилго нь тухай үнэлгээний өдөр худалдан борлогдсон үнэтэй харьцуулж байж үнэлгээ үнэн бодит гарах явдал юм. Гэтэл үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн Хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт ч Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсрагдаагүй. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа үнэн бодит мэдээлэл ашиглаагүй, илт худал мэдээлэл оруулсан.

4.3 Хөрөнгийн үнэлгээчин нь зөвхөн авто зогсоолын зориулалттай байгууламжид байрлах авто зогсоолтой орон сууцны зоорийн давхарт байх авто зогсоолыг харьцуулан зах зээлийн үнэлгээг гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзах зохицуулалтыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийн үнийн мэдээллийг, худалдагдсан үнэ гэж ашиглан зах зээлийн үнэлгээг гаргаж байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 -т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг гэж заасныг зөрчин нотолгоогүйгээр худал хөрөнгийн үнэлгээ гаргасан нь хуульд нийцээгүй бөгөөд ийнхүү хуульд нийцээгүй хөрөнгийн үнэлгээний тайлан гарган, тус үнэлгээг үндэслэн нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг албадан худалдан борлуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үндэслэлийг огт тайлбарлаагүй, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэрчээс мэдүүлэг авсан бөгөөд гэрч нь тухайн харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгөнүүд нь худалдан борлогдоогүй болохыг мэдүүлсэн. Гэвч анхан шатны шүүх тус гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хүрээнд хүлээн авч шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч оролцоогүй, хариу тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан А ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг нийт 255,591,426 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэрээр И ХХК-иас 300,000 ам.доллар гаргуулан Т.Д-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, И ХХК-иас 502, 200,000 төгрөг гаргуулан Т.Д-д олгож шийдвэрлэсэн байна. /хх 73-82/

Улмаар Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх 83-86/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042769 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 119 дүгээр байр, 14 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042770 дугаарт бүртгэлтэй, 7 тоот хаягт байрлалтай авто зогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042771 дугаарт бүртгэлтэй, 2 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042772 дугаарт бүртгэлтэй, 1 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042773 дугаарт бүртгэлтэй, 15 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042774 дугаарт бүртгэлтэй, 8 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042775 дугаарт бүртгэлтэй, 9 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042776 дугаарт бүртгэлтэй, 10 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042777 дугаарт бүртгэлтэй, 11 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042778 дугаарт бүртгэлтэй, 12 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205042779 дугаарт бүртгэлтэй, 13 тоот хаягт байрлалтай авто зогсоолыг тус тус шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22370462/182 дугаар тогтоолоор битүүмжлэн /хх102-104/, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22370462/02 дугаар тогтоолоор хураан авсан /хх 107-109/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр, 54 дүгээр зүйлд нийцжээ.

4.2 Төлбөр төлөгч И ХХК-иас үнийн санал авахад 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 16 дугаар албан бичгээр дээрх авто зогсоолыг нэг бүрийг 35,000,000 төгрөгөөр буюу нийт 11 ширхэг авто зогсоолыг 385,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч Т.Д- эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх 110-111/

Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9/233 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр А ХХК-ийн шинжээч Ч.Ж-ийг томилсон. /хх 112/

4.3 Шинжээч нь И ХХК-ийн өмчлөлийн дээрх авто зогсоолыг тус бүрийг 23,235,584 төгрөгөөр, нийт 11 ширхэг авто зогсоолыг 255,591,426 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг 2022 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр нэхэмжлэгч буюу төлбөр төлөгчид танилцуулж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 4-182/17424 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх 119-103, 139-140/

5. Шинжээч А ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь тухайн авто зогсоолыг шинжээч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

6. Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсгийг, мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг гэснийг тус тус баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэг болгон тус тус өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2023/00638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 55.5 гэснийг 55.7 гэж,

2 дахь заалтын 7.1.2 гэснийг 7.1.4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

М.БАЯСГАЛАН