Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2023/01540

 

 

 

 

 

 

 

 

2023 03 28 101/ШШ2023/01540

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  З ХХК/регистрийн дугаар:222222222/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  И.Э -т холбогдох

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай компани Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарт хотхонд 2 ээлжийн 3 блок барилга барьж ашиглалтанд оруулж, Улсын комисст хүлээлгэн өгсөн ба Нарт хотхоны 2 дугаар ээлжийн А блок, 94г байрны 61 тоот хаят байрлах 57.97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбай үнэ 1,900,000 төгрөг, нийт 110,143,000 төгрөгөөр харилцан тохиролцож, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Мтай 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан уг гэрээний дагуу орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Дээрх гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 27,539,500 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж бүрдүүлэх, үлдэгдэл 82,603,500 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаанд сар бүр 1,600,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон ба гэрээний нэмэлт нөхцөл 6.3-т зааснаар 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг төлөх үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд сар бүр 1,600,000 төгрөгөөр төлөх, хэрэв захиалагч нь гэрээний үүргээ зөрчилгүй хугацаанд нь төлсөн тохиолдолд гэрээний хугацааг дахин 3 жилээр сунгахаар харилцан тохиролцсон.

Гэтэл захиалагч нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ба гэрээ байгуулсан цагаас эхлэн 3 жилийн турга гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, бидний ажилд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа бегөөд манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж, нэмэлт хугацаа тогтоож, бусад боломжоор байнга хангаж байсан боловч үр дүн гарахгүй манай компанийг хохироосон хэвээр байсан тул манай компанийн зүгээс 2022 оны 10 дугаар сард дээрх гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж, хүлээлгэж өгөх талаар мэдэгдлийг хүргүүлсэн ч үр дүн гарахгүй манай компанийг хохироосон хэвээр байна.

Захиалагч нь гэрээний үндсэн төлбөрт 82,603,500 төгрөг, хүүний төлбөрт 23,804,624 төгрөг, нийт 106,408,124 төгрөг төлөхөөс гэрээний үгдсэн төлбөрт 6,939,863 төгрөг, хүүний төлбөрт 22,760,137 төгрөг нийт 29,700,000 төгрөг төлсөн.

Харин одоо гэрээний үндсэн төлбөр 75,663,637 төгрөг, хүүний төлбөрт 1,061,301 төгрөг, нийт 76,724,938 төгрөг, түүний алдангид 38,362,469 төгрөг, нийт 115,087,407 төгрөг төлөх өр төлбертэй боловч гэрээний үүргээ биелүүлээгүй төдийгүй манай компанийн өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцанд гэрээний оролцогч биш, гуравдагч этгээд амьдарч, хууль бусаар эзэмшиж, ашиглаж бидний хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, манай компанийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 хороо, 14 хороолол, "Нарт хотхоны 2 дугаар ээлжийн А блок, 94г байрны 61 тоот хаягт байрлах 57.97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даачгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Зт ХХК нь М.Мтай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу улсын комисс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын комисс хүлээж аваад тус байранд орсон байна. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний дагуу М.Мынх тус байранд амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад төлбөр тооцоотой, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар ямар нэгэн маргаан гаргаагүй байна. Энэ байранд хариуцагч И.Э шударга бусаар хууль бусаар байлгаад байгаа гэсэн шаардлага гаргасан. М.М гэдэг хүн И.Э ийн нөхөр, энэ айл 3 хүүхэдтэй гэр бүлээрээ амьдардаг. Төлбөр тооцооны маргаан гараагүй ч гэсэн тодорхой хэмжээний тайлбар хэлье. М.М нь Монгол улсад бизнес нь дампуурсантай холбоотой мөн ажил төрөл олдохгүй байгаагаас гадаад улсад ажиллаж амьдарч байгаа. 5 сараас ирэх төлөвтэй байгаа юм байна. Энэ нэхэмжлэлийн хариуцагч нь М.М байх ёстой. И.Э М.Мын эхнэр учраас гэр бүлийн хувьд энэ байранд амьдарч байгаа.

Гэрээг цуцласан тухай яриж байна. Гэрээг цуцласан тухай ямар нэгэн акт, гэрээ цуцласан баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Гэрээг цуцлавал нэхэмжлэгч талаас гэрээг хүчингүйд тооцууласан, цуцласан асуудал байхгүй. Гэрээг цуцласан тохиолдолд нэмэлт төлбөрийн асуудал яригдаж эхлэх ёстой. Гэрээний нэг тал нь гэрээг цуцлая гээд цуцлачихдаг асуудал биш. Иргэний хуульд хүндэтгэн үзэх шалтгаан, давагдашгүй хүчин зүйл яригдадаг. Энэ байрны тодорхой хувийг төлсөн. Өнөөдөр цаг хугацаандаа төлж чадахгүй байгааг үгүйсгэхгүй, маргаагүй.

Нэхэмжлэлийн хүрээнд И.Э ийн хууль бус эзэмшлээс байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Зт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаар орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн орон сууц хүлээлцсэн акт, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2018/800 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Зт ХХК-иас М.Мт хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22/01, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22/05, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 22/40 тоот мэдэгдэл, Зт ХХК-ийн эзэмшдэг Хаан банк дахь 5555555 дугаартай дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хариуцагчаас гаргасан хариу тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар Зт ХХК-иас С.Бд олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Зт ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0149 дугаар И.Э ээс Х.Цд олгосон итгэмжлэл, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн М.Мтай байгуулсан зээлийн гэрээний хавсралт 1, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 тоот ОСЗБ гэрээний дагуу тооцоо нийлсэн акт (захиалагч талын гарын үсэг зурагдаагүй), 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Ө.Б, Х.Ц нарын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, М.М, И.Э нарын гэрлэсний бүртгэлийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн огноотой лавлагаа, М.Т , М.Д, М.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар, Голомт банк теллер 113 тэмдэг дарагдсан 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны гүйлгээ бүхий 22С73109 дугаартай дансны хуулга;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Зт ХХК нь хариуцагч И.Э т холбогдуулан, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Зт ХХК болон М.М нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарт хороолол, 94 г байр, 2 дугаар орц, 2 дугаар давхар, 61 тоот, 2 өрөө, 57.97 м.кв талбайтай орон сууцыг нийт 110,143,000 төгрөгөөр Зт ХХК-иас М.М худалдан авахаар харилцан тохиролцжээ.

3.2. Дээрх орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2018/800 дугаартай дүгнэлт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол, 94 г байр, 61 тоот, 2 өрөө, 57.97 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-20000000000000 дугаарт бүртгэгсэн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Зт ХХК өмчилдөг тухай гэрчилгээ хэрэгт авагдсан бөгөөд Зт ХХК болон М.М нарын хооронд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ нэртэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, энэхүү гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

3.3. Орон сууц худалдан авахаар харилцан тохиролцсон М.М нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-ний үүргийг зөрчиж, орон сууцны үндсэн төлбөр, түүний хүүг төлөөгүйгээс Зт ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №22/01, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №22/05, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №22/40 дугаартай мэдэгдлийг М.Мт хүргүүлсэн байх ба 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-г цуцалж буйгаа 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №22/05 дугаартай мэдэгдлээр мэдэгджээ.

4. Нэхэмжлэгч нь дээрх 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №22/05 дугаартай мэдэгдлээр орон сууц худалдах-худалдан авах гэрээг цуцалж буйгаа мэдэгдсэн буюу гэрээг цуцалсан тул тухайн орон сууцанд амьдарч буй оршин суугчдыг албадан нүүлгэж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүнэ хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тайлбарлахдаа, М.М, И.Э нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, М.Т, М.Д, М.Х нарын төрсний гэрчилгээг үндэслэл болгож М.Мын гэр бүлийн гишүүд уг орон сууцанд амьдарч байгаа ба 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-ний захиалагч тал болох М.Мын эхнэр бөгөөд уг 89 дугаартай гэрээг цуцлах тухай мэдэгдлийг М.Мын насанд хүрээгүй охин М.Хд нь өгч гарын үсэг зуруулсан байсан, гэрээ цуцлагдаагүй хүчин төгөлдөр, төлбөрийн тасалдалтай үүргийн зөрчил байгаа гэв.

6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж зааснаар гэрээнээс татгалзах тал уг эрхээ хэрэгжүүлэхэд нөгөө талдаа мэдэгдэж, хугацаа тогтоох бөгөөд уг мэдэгдлийг хүлээн авах тал нь гэрээнээс татгалзаж буйг, гэрээг цуцлах болон нэмэлт хугацааны талаар мэдсэн байхыг шаардна.

6.1. Гэвч 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-ний хугацаа тодорхойгүйн дээр ямар нэмэлт хугацааг нэхэмжлэгч тогтоож буй нь ойлгомжгүй байна.

6.2. Хэдийгээр, орон сууц худалдан авах тал нь сар бүр 1,600,000 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх боловч төлбөр гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон эсэх, үүргийн зөрчилтэй тал нь энэ талаар мэдсэн гэж үзэхээргүй байх тул гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан гэж дүгнэх боломжгүй байна.

7. Дээр дурьдсан үндэслэлүүдээр, хариуцагч И.Э нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-ний худалдан авагч тал М.Мын эхнэр бөгөөд гэрээний зүйл болох орон сууцанд гэр бүлийн хамт оршин сууж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх бөгөөд тус 89 дугаартай гэрээ цуцлагдаагүй байна.

8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., 106.3.-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж заасан.

9. Хариуцагч нь дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол, 94 г байр, 61 тоот, 2 өрөө, 57.97 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-20000000000000 дугаарт бүртгэгсэн орон сууцыг хариуцагч И.Э ийн хууль бус эзэмшлээс албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Зт ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар, нэхэмжлэгч Зт ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА