Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01097

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01097

 

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01540 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Э-т холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Манай компани Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарт хотхонд 2 ээлжийн 3 блок барилга барьж ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгсөн ба Нарт хотхоны 2 дугаар ээлжийн А блок, 94 г байрны 00 тоот хаягт байрлах 57.97 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбай үнэ 1,900,000 төгрөг, нийт 110,143,000 төгрөгөөр харилцан тохиролцож, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр М.М-тай 89 дугаартай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан уг гэрээний дагуу орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр акт үйлдэн захиалагчид хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Дээрх гэрээнд зааснаар урьдчилгаа төлбөрт 27,539,500 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дотор хэсэгчлэн төлж бүрдүүлэх, үлдэгдэл 82,603,500 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаанд сар бүр 1,600,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон ба гэрээний нэмэлт нөхцөл 6.3-т зааснаар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 15,000,000 төгрөг төлөх үлдэгдэл төлбөрийг 3 жилийн хугацаанд сар бүр 1,600,000 төгрөгөөр төлөх, хэрэв захиалагч нь гэрээний үүргээ зөрчилгүй хугацаанд нь төлсөн тохиолдолд гэрээний хугацааг дахин 3 жилээр сунгахаар харилцан тохиролцсон.

Гэтэл захиалагч нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлөх ёстой 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй ба гэрээ байгуулсан цагаас эхлэн 3 жилийн турш гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, бидний ажилд хүндрэл, чирэгдэл учруулж байгаа бөгөөд манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг сануулж, нэмэлт хугацаа тогтоож, бусад боломжоор байнга хангаж байсан боловч үр дүн гарахгүй байсан тул манай компанийн зүгээс 2022 оны 10 дугаар сард дээрх гэрээг цуцалж, орон сууцыг чөлөөлж, хүлээлгэж өгөх талаар мэдэгдлийг хүргүүлсэн ч үр дүн гарахгүй манай компанийг хохироосон хэвээр байна. Захиалагч нь гэрээний үндсэн төлбөрт 82,603,500 төгрөг, хүүний төлбөрт 23,804,624 төгрөг, нийт 106,408,124 төгрөг төлөхөөс гэрээний үндсэн төлбөрт 6,939,863 төгрөг, хүүний төлбөрт 22,760,137 төгрөг нийт 29,700,000 төгрөг төлсөн.

Харин одоо гэрээний үндсэн төлбөр 75,663,637 төгрөг, хүүний төлбөрт 1,061,301 төгрөг, нийт 76,724,938 төгрөг, түүний алдангид 38,362,469 төгрөг, нийт 115,087,407 төгрөг төлөх өр төлбөртэй боловч гэрээний үүргээ биелүүлээгүй төдийгүй манай компанийн өмчлөлийн дээрх 2 өрөө орон сууцанд гэрээний оролцогч биш, гуравдагч этгээд амьдарч, хууль бусаар эзэмшиж, ашиглаж бидний хууль ёсны эрх, ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд 2 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр З ХХК нь М.М-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу улсын комисс 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр улсын комисс хүлээж аваад тус байранд орсон байна. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэрээний дагуу М.М-ынх тус байранд амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаас харахад төлбөр тооцоотой, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар ямар нэгэн маргаан гаргаагүй байна. М.М- нь И.Э-ийн нөхөр, энэ айл 3 хүүхэдтэй гэр бүлээрээ амьдардаг. Төлбөр тооцооны маргаан гараагүй ч гэсэн тодорхой хэмжээний тайлбар хэлье. М.М- нь Монгол Улсад бизнес нь дампуурсантай холбоотой мөн ажил төрөл олдохгүй байгаагаас гадаад улсад ажиллаж амьдарч байгаа. Энэ нэхэмжлэлийн хариуцагч нь М.М- байх ёстой. И.Э- М.М-ын эхнэр учраас гэр бүлийн хувьд энэ байранд амьдарч байгаа. Гэрээг цуцалсан тухай ямар нэгэн акт, гэрээ цуцалсан баримт хэргийн материалд байхгүй. Гэрээг цуцалбал нэхэмжлэгч талаас гэрээг хүчингүйд тооцуулсан, цуцалсан асуудал байхгүй. Гэрээг цуцалсан тохиолдолд нэмэлт төлбөрийн асуудал яригдаж эхлэх ёстой. Байрны тодорхой хувийг төлсөн. Өнөөдөр цаг хугацаандаа төлж чадахгүй байгааг үгүйсгэхгүй, маргаагүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол, 94 г байр, 00 тоот, 2 өрөө, 57.97 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204128330 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг хариуцагч И.Э-ийн хууль бус эзэмшлээс албадан нүүлгэж, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар, нэхэмжлэгч З ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.б. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй.

Нэхэмжлэгчээс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22/01 дугаартай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн ба мэдэгдлийг хариуцагч И.Э-т өөрт нь гардуулж өгсөн баримт хэргийн 11-12 дугаар талд авагдсан. Дээрх баримтаар хариуцагчид 10 хоногийн нэмэлт хугацаа олгосон ба уг хугацаанд үүргээ биелүүлэхгүй бол гэрээг цуцлах талаар ч давхар мэдэгдэж байсан үйл баримт тогтоогдсон. Харин хариуцагч И.Э-ийн тухайд өмгөөлөгчийн ажил эрхэлдэг онцлогтой субъект учир дээрх нэмэлт хугацаанд гэрээний үүргийн зөрчлөө арилгаагүй тохиолдолд гэрээ цуцлагдах эрх зүйн үр дагаврыг ухамсарлаж, ойлгосон ба гэрээг цуцлах талаар мэдээгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Түүнчлэн, М.М-тай байгуулсан гэрээний хавсралт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд энэхүү баримтаас харахад М.М- нь гэрээ байгуулсан цагаас эхлэн нэг ч удаа гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, удаа дараа зөрчиж байсан болох нь тогтоогдсон ба гэрээний 3.4, 4.9 дэх хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч талд гэрээг дангаар цуцлах эрх аль хэдийн үүссэн.

Мөн дээрээс нь хариуцагч гэрээ цуцалсан мэдэгдлийг хүлээж аваагүй гэх атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэг тус тус зааснаар татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх атал анхан шатны шүүх ямар баримтад үндэслэж ...нэмэлт хугацаа тогтоогоогүй, энэ талаар хариуцагч тал мэдээгүй... гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй.

4.в. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Хэрэгт авагдсан баримтаар М.М- нь гэрээ байгуулсан цагаас эхлэн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, нэхэмжлэгч талыг хохироож байсан бөгөөд нэхэмжлэгч тал 4 жилийн турш гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэхийг шаардаж, сануулж нэмэлт хугацаа олгож байсан боловч үр дүн гараагүй, үр дүн гарахгүй болох нь илт байсан.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-т заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглээгүйд гомдолтой байна.

4.г. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг гардаж аваад 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхэд хариу тайлбар ирүүлсэн. Энэхүү хариу тайлбартай танилцахад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх татгалзлын үндэслэлээ зөвхөн Ковид-19 цар тахалын улмаас бизнес нь зогсонги байдалд орж төлбөрийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон, М.М-ын гэр бүл учир дээрх орон сууцанд хууль бусаар оршин суугаагүй гэх агуулгатай тайлбар байсан.

Харин, ...нэхэмжлэгч тал нэмэлт хугацаа олгоогүй, гэрээ цуцалсан мэдэгдлийг хүлээж аваагүй, гэрээ цуцлагдаагүй гэх тайлбар, баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаар тайлбартаа огт тусгаагүй байсан учир нэхэмжлэгчийн зүгээс маргаангүй үйл баримт гэж ойлгосны улмаас шүүхэд баримт гаргаж өгөх, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийн тулд Арилжааны банкнуудаас хүүтэй зээл авч, орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд тэдний өмнөөс зээлийн хүү төлж, эдийн засгийн хувьд хохирсоор байсан тул М.М-ын энхэр И.Э-ийн 00 дугаарын гар утас руу нэхэмжлэгч З ХХК-ийн ажилтны 000 дугаарын гар утаснаас зурвас илгээж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Харин хариуцагч И.Э- нь ...Би танай компанитай гэрээ байгуулаагүй, тэр М.М-тайгаа ярь, надад итгэмжлэл байхгүй... гэх агуулгатай хариуг удаа дараа өгсөн.

Түүнчлэн, хариуцагчийн гэр бүлийн гишүүн болох охин М.Хүслэнд гэрээ цуцалсан талаарх мэдэгдлийг хүлээлгэж өгснөөс хойш хариуцагч И.Э-ийн 00 дугаарын гар утас руу З ХХК-ийн ажилтан 0000 дугаарын гар утаснаас 2 удаа холбогдож ярихад хариуцагч нь гэрээ цуцлагдсан талаар сайн мэдэж байсан төдийгүй ...Би алданги төлмөөргүй байна. Би банкнаас зээл хөөцөлдөж байгаа, алданги авахгүй гэвэл би зээлээ аваад үлдсэн мөнгөө бөөнөөр нь төлье... гэх санал тавьж байсан.

Гэтэл хариуцагчийн зүгээс Нэхэмжлэгч тал нэмэлт хугацаа олгоогүй гэх тайлбар, баримт шүүхэд огт гаргаагүй, энэ асуудлаар маргаагүй атал шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчиж, талуудын маргаагүй, мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй.

Хэрэв хариуцагч талын зүгээс хариу тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ бүрэн тусгаж, шударгаар мэтгэлцсэн бол нэхэмжлэгчийн зүгээс М.М- болон И.Э- нартай харилцаж байсан талаарх цахим зурвасуудыг шүүхэд гаргаж өгөх, И.Э-тэй утсаар ярьсан ярианы лавлагааг Мобиком корпараци-аас шүүхийн журмаар гаргуулж, мэтгэлцэх бүрэн боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч И.Э-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо,14 дүгээр хороолол, 94 г байр, 00 тоот, 2 өрөө, 57.97 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204128330 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

1.а. З ХХК нь М.М-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-гээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарт хороолол, 94 г байр, 2 дугаар орц, 2 дугаар давхар, 00 тоот, 2 өрөө, 57.97 м.кв талбайтай орон сууцыг нийт 110,143,000 төгрөгөөр М.М-т худалдахаар харилцан тохиролцож, 2019 оны 04 дүгээр сарын 12-нд М.М-т орон сууцыг хүлээлгэн өгсөн байна./хх 6-8/

 

1.б. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр З ХХК бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх 5/

 

2. Нэхэмжлэгч З ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр №22/01 тоот гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг хариуцагч И.Э-т, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №22/05 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг охин Хүслэнд, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр №22/40 дугаартай үл хөдлөх хөрөнгө чөлөөлж өгөх тухай мэдэгдлийг охин Хүслэнд тус тус гардуулсан байна. /хх11-15/

 

3. Дээр дурдсан 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 89 дугаартай Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ-ний захиалагч тал нь М.М- байх ба түүний гэр бүлийн гишүүн нь хариуцагч И.Э- байх тул түүнийг хууль бусаар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд оршин сууж байгаа үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцанд оршин сууж буй хариуцагч И.Э- болон түүний хүүхдүүд нь орон сууцны захиалагч М.Мөнхбааатарын хууль ёсны эхнэр, хүүхдүүд болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээр тогтоогдсон байна. /хх 82/

 

3.а. Нэхэмжлэгч талаас орон сууц захиалгын гэрээний захиалагч тал болох М.М-т холбогдуулан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

4. Шүүх уг маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4.а. Харин, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад үг, үсгийн алдаа гаргасныг өөрчлөн найруулж, 2 дахь заалтад 7 дугаар зүйлийн гэснийг 2 удаа бичсэн техникийн шинжтэй алдааг мөн залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2023/01540 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204128330 дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/, 94г байр, 00 тоот, 57.97 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч И.Э-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж найруулж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн ... гэснийг, 7 дугаар зүйлийн гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 708,665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ