Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/01728

 

 

 

 

 

 

 

2023 04 06

101/ШШ2023/01728

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, оршин байрлах, Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Улаанбаатар хот, оршин байрлах Э ХХК-д холбогдох 

Гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, өмгөөлөгч М.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь Эм Си Пи Си Жи Ар ХХК-тай 2019 оны 05 сарын 14-ний өдөр ДА-08/19 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг манай компани боловсруулах, захиалагч талаас гүйцэтгэсэн ажлын хөлс төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Манай компани гэрээний дагуу зураг төслийн ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. Гэрээний урьдчилгаанд 1,000,000 төгрөг авсан боловч үлдэгдэл 15,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Мөн түүнчлэн Захиалагч компани нь 2019 оны 05 сарын 14-ний өдрийн ДА-08/19 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт ажил 11980м шилэн кабель татах зураг төсөл"-ийн ажлыг манай компаниар гүйцэтгэхээр болж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 15,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Манай компанид уг нэмэлт ажлын урьдчилгаа гэж 4,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 11,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл мөн төлөөгүй байна. Манай зүгээс тохиролцсон уг нэмэлт ажил болох 11980м шилэн кабель татах зураг төсөл-ийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Энэ ажил дээр тусдаа гэрээ эсхүл гэрээний нэмэлт байдлаар бичгээр үйлдсэн зүйл байхгүй боловч хийх ажил, гэрээний үнийг хэрхэн тохиролцсон болох нь ДА-08/19 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г дүгнэсэн протоколын хүснэгтийн гэрээний хэрэгжилт гэсэн хэсэгт бичгээр баталгаажсан байдаг.

ДА-08/19 дугаартай гэрээ дүгнэсэн протокол гэсэн баримтыг манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Т.Эрдэнэ-очир компанийн өмнөөс тохиролцож, илт хүчин төгөлдөр бус тохиролцоо хийсэн гэх үндэслэлээс татгалзаж байгаа.

Харин уг гэрээ дүгнэсэн протоколд нэгэнт ажил нь гүйцэтгэгдэж дууссан ДА-08/19 гэрээг цуцалж, тэгснээ дахиад шинэ хийх ажлын хөлсийг төлөхгүй, тооцоо дууссан байдлаар, ямар нэгэн маргаангүй, Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас төлбөр нэхэмжлэхгүй байх зэргээр гэрээний нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан, Блю Арч ХХК-д илтэд хохиролтой, шударга ёсны зарчимд үл нийцсэн баримт бичиг үйлдсэн байна. Иймд энэхүү Гэрээ дүгнэсэн протокол нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нехцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасныг тус тус зөрчсөн байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ажлын хөлсийг төлөхгүй байхаар протоколд бичсэн болон ажлыг гүйцэтгээд урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцааж төлөөд, үлдэх төлбөрийг нэхэмжлэхгүй байхын тулд хариуцагч тал хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуунд харшилсан зэргийг аль алийг нь агуулж байна.

Иймд Эм Си Пи Си Жи Ар ХХК болон Блю Арч ХХК-ийг төлөөлж Т.Эрдэнэ- Очир нарын үйлдсэн ДА-08/19 гэрээг дүгнэсэн протоколын Гэрээний хэрэгжилт гэх хэсгийн "... ДА-08/19 гэрээг цуцалж, ..., "... үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөгийг Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас нэхэмжлэхгүй болохыг үүгээр баталгаажуулав, Мөн энэхүү гэрээний дагуу Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас Блю Арч ХХК-д олгосон нийт урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөгийг Блю АрчХХК нь зураг төслийн санхүүжилтийг хүлээн авсны дараа ажлын 5 хоногт багтаан Эм Си Пи Си Жи Ар ХХК-д эргүүлэн олгохыг санал болгож, саналыг харилцан эөвшөөрөв, Гэрээний хэрэгжилтийн талаар ямар нэгэн маргаан үл ойлголцол үүсээгүй болохыг Талууд харилцан баталгаажуулав гэсэн хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Блю Арч ХХК болон Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 14-ний өдрийн ДА-08/19 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 15,200,000 төгрөг, 2019 оны 05 сарын 14 өдрийн ДА-08/19 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт ажил 11980м шилэн кабель татах зураг төсөл-ийн ажлын үлдэгдэл төлбөр 11,200,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийг Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас гаргуулж өгнө үү.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс нэмэлт ажил болох 11980 м шиэн кабел татах зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгээ баримтаар нотолсон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Блю Арч ХХК нь нэхэмжлэлдээ ...үлдэгдэл төлбөр 15,200,000 гаргуулах гэсэн бөгөөд тайлбар хэсэгт Манай компани ... зураг төслийн ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн. ...боловч, үлдэгдэл .. төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна гэжээ. Энэхүү гэрээ нь Ерөнхий гүйцэтгэгч болон Туслан гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан. Тус гэрээний 6.2-д Захиалагчийн өмнө зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниуд нь /Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь/ нэг баг болж, хамтран хатуу хариуцлага хүлээж ажиллана", гэрээний 6.3-д Ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчаас туслан гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс удирдамж, зааврыг хүлээн авах эрхтэй бөгөөд уг удирдамж, зааврыг туслан гүйцэтгэгч биелүүлэх үүрэгтэй болно гэсэн байна. Иймээс захиалагч гэдэг нь энэ гэрээний хувьд гуравдагч тал болох нь гэрээнд тодорхой тусгагдсан байна. Нэхэмжлэгч нь хийсэн ажлаа Эм Си Пи Си Жи Ар ХХК-д хүлээлгэж өгөөгүй, захиалагчид хүлээлгэн өгсөн гэсэн, тэгэхдээ ажлаа захиалагчид хүлээлгэн өгсөн акт баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Блю Арч ХХК нь захирал Т.Эрдэнэ-Очирын баталсан, ДА-08/19 дугаартай гэрээг тамга тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд хүчин төгөлдөр хэмээн үзэж, төлбөрийн зөрүүг нэхэмжилсэн байна. Мөн энэхүү гэрээг дүгнэсэн протоколыг захирал Т.Эрдэнэ-Очир нь Блю Арч ХХК-ийг төлөөлөн үйлдсэн бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажсан байна. Гэтэл нэхэмжлэгч талаас Т.Эрдэнэ-Очир захирлын байгуулсан гэрээ нь хүчинтэй боловч, Т.Эрдэнэ-Очир захирлын үйлдсэн гэрээ дүгнэсэн протокол нь "хүчингүй хэмээн тайлбарлаж байгаа нь зөрчилтэй байна. Мөн эдгээр баримт бичгүүдэд Т.Эрдэнэ-Очирын албан тушаалыг захирал гэсэн бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажсан байгаа болно. Захирал Т.Эрдэнэ-Очирт захирал Э.Баасанжавын олгосон итгэмжлэх, гэрчилгээ, компаний дүрэм зэрэг нь гэрээ байгуулагч талд өгөгдөөгүй тул Блю Арч ХХК-ийн захирал нь Т.Эрдэнэ-Очир уу, Э.Баасанжав уу гэдгийг бид мэдэх боломгүй юм. Тэгээд ч гэрээний хоёр талын, компанийн тамга тэмдэг дарж баталгаажуулсан баримт бичгийг, нэг талын санаачлагаар хүчингүй" гэж үзэх үндэслэлгүй юм.

ДА-08/19 дугаар бүхий гэрээг дүгнэсэн протоколд Төлбөр авах цэгийн зураг төслийг ЗТХЯ-д хүлээлгэн өгсөн хэмээн тэмдэглэгдсэн байгаа бөгөөд төлбөрийг яамнаас барилгын ажил хийгдэх үед нь олгох тухай тэмдэглэсэн байна. Мөн нэмэлт ажил болох шилэн кабель татах ажлын зургийг Блю Арч ХХК хийлгэх бөгөөд түүний урьдчилгааг Блю Арч ХХК-ийн хүсэлтээр Эм Си Пи Си Жи Ар ХХК нь түр хугацаагаар төлж, кабель шилжүүлэх зураг төслийг боловсруулах ажпыг хийлгэж эхлэх боломжоор хангасан байна. Харин эдгээр ажлын барилгын ажил хийгдэж, баригдсаны дараа холбогдох төлбөрийг болон урьдчилан төлсөн төлбөрөө Блю Арч ХХК-иас нэхэмжлэх боломж үүсэх болно. Одоогоор Улаанбаатар-Дарханы зам барих ажил удааширч, төлбөр авах цэгийн барилгын ажил эхлээгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Блю Арч ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

-Нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тусгай зөвшөөрөл, гэрээ дүгнэсэн протокол, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Дархан-Уул аймгийн МХС ТӨХХК-ийн байрнаас авто замын тасалбар хураах цэг хүртлэх холбооны кабель төлөвлөлтийн ажлын зураг, гэрээт ажил дүгнэсэн хуудас, хамтарсан ажлын хэсгийн дүгнэлт, дансны хуулга,

 

-Хариуцагчаас гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, Дархан-Уул аймаг дахь Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 140 дугаартай албан тоот, А-23/2019 дугаар техникийн нөхцөл, ажлын зураг,

 

эхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/1082 тоот албан бичиг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр авах цэгийн байр, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар зураг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн саравч ажлын зураг, Зураг төслийн баримт бичгийн магадлалын Ерөнхий дүгнэлтүүд, Зурагт өгөх Экспертизийн дүгнэлт, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн авто замын өргөтгөлийн ажлын зураг төсөл, гэрч Ч.Болор-Эрдэнийн мэдүүлэг,

 

-Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Зам тээврийн хөгжлийн яамны 05/4567 дугаар, 06/5172 албан бичиг, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгавар, хавсралт №4 инженерийн нарийвчилсан зураг төслийг хүлээлгэн өгсөн акт, №ТАГ/22-25 дугаартай техникийн акт, ажлын тайлан, гэрч Ц.Одхүүгийн мэдүүлэг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

1.Нэхэмжлэгч Блю Арч ХХК нь хариуцагч Эм Си Пи Си Жи Ар ХХК-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ДА-08/19 тоот гэрээг дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээний үүрэгт нийт 26,400,000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ДА-08/19 тоот гэрээ болон нэмэлт гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлээр үндсэн гэрээний үлдэгдэл ажлын хөлс 15,200,000 төгрөг, нэмэлт гэрээний үлдэгдэл ажлын хөлс 11,200,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

2.Нэхэмжлэгчийн гэрээ дүгнэсэн протоколын зарим хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд,

Зохигч талуудын хооронд гэрээ дүгнэсэн проткол нэртэй хэлцлийг бичгээр үйлдсэн байна. /хх-ийн 17 дугаар тал/

Нэхэмжлэгчээс гэрээний хэрэгжилт гэх хэсгийн ...ДА-08/19 гэрээг цуцалж,..., ...үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөгийг Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас нэхэмжлэхгүй болохыг үүгээр баталгаажуулав, Мөн энэхүү гэрээний дагуу Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас Блю Арч ХХК-нд олгосон нийт урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөгийг Блю Арч ХХК нь зураг төслийн санхүүжилтийг хүлээн авсны дараа ажлын 5 хоногт багтаан Эм си пи си жи ар ХХК-нд эргүүлэн олгохыг санал болгож, саналыг харилцан зөвшөөрөх, гэрээний хэрэгжилтийн талаар ямар нэгэн маргаан үл ойлголцол үүсээгүй болохыг талууд харилцан баталгаажуулав гэсэн хэсгийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

Энэхүү шаардлагын үндэслэлийг шудрага ёсны зарчимд үл нийцсэн, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тайлбарлаж байна.

Гэрээ дүгнэсэн протоколд тусгасан тохиролцоо нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэлийн нэгдэл байх бөгөөд хэлцлийн агуулгаас үзэхэд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хууль эрх зүйн зохицуулалт, дэглэмд үл нийцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүд нь шаардах эрхийн үндэслэл буюу шаардах эрх бий болсон эсэхийг тогтооход шалгагдах ёстой, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл буюу аливаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

Иймд гэрээний хэрэгжилт гэсэн хэсэгт бичигдсэн бичвэрийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгоно гэсэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгчийн ДА-08/19 тоот ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 15,200,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Нэхэмжлэгчээс талуудын хооронд 2019 оны 5 сарын 14-ний өдөр №ДА-08/19 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан, нэг талаас Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатарын уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн ажлын зураг төсөл тайлан боловсруулах, нөгөө талаас ажлын хөлсөнд 16,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн гэж тайлбарлаж байна.

Хэргийн 17-19 дүгээр талд авагдсан талуудын хооронд байгуулагдсан гэх 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ДА-08/19 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шүүх уг гэрээг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хариуцагчаас дээрх гэрээг иш татаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлийг ...тус гэрээний 6.2-т захиалагчийн өмнө зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниуд нь /Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь/ нэг баг болж, хамтран хатуу хариуцлага хүлээж ажиллана, 6.3-т Ерөнхий гүйцэтгэгч нь захиалагчаас туслан гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс удирдамж, зааврыг хүлээн авах эрхтэй бөгөөд уг удирдамж, зааврыг туслан гүйцэтгэгч биелүүлэх үүрэгтэй болно гэсэн. Иймээс захиалагч гэдэг нь энэ гэрээний хувьд гуравдагч тал болох нь гэрээнд тодорхой тусгагдсан байна. Нэхэмжлэгч нь хийсэн ажлаа Эм Си Пи Си Жи Ар ХХК-нд хүлээлгэж өгөөгүй, захиалагчид хүлээлгэн өгсөн акт баримтыг шүүхэд өгөөгүй тул ажлын хөлс төлөх үүрэггүй гэж маргаж байна. /1хх-ийн 85 дугаар тал/

Иймд зохигчдын тайлбарыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч Эм Си Пи Си Жи Ар ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яаманд өгөхийг нэхэмжлэгч Блю Арч ХХК-д мэдэгдсэний дагуу дээрх ажлын үр дүнг гүйцэтгэгч нь Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/1082 тоот албан бичиг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр авах цэгийн байр, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар зураг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн саравч ажлын зураг, Зураг төслийн баримт бичгийн магадлалын Ерөнхий дүгнэлтүүд, Зурагт өгөх Экспертизийн дүгнэлт, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр хураах цэгийн авто замын өргөтгөлийн ажлын зураг төсөл зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. /1хх-ийн 110-194 дүгээр тал, 2хх-ийн 82-90 дүгээр тал/

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/1082 тоот албан бичигт ...Тус яамны захиалгаар Эм Си Пи Си Жи Ар ХХК дээрх чиглэлийн авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг боловсруулж, экспертизээр баталгаажуулан захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн 2 аж ахуй нэгж байгууллага болох Блю Арч ХХК болон Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ тус яаманд байхгүй буюу шууд хамааралгүй тул хүргүүлэх боломжгүй байна... гэжээ. /хх-110 дугаар тал/

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Зам, тээврийн хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтүүд, Экспертизийн дүгнэлтэд ... обьектийн байршил Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын төлбөр авах цэг, зураг төслийг гүйцэтгэсэн байгууллагын нэр- Блю Арч ХХК, Зураг төслийн гэрээ, баталсан албан тушаалтан, дугаар огноо Эм Си Пи Си Жи Ар ХХК болон Блю Арч ХХК-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээ, №ДА-08/19 гэж тусгагдсан ба ...Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын төлбөр авах цэгийн байр саравч, гадна тохижилтын зураг төслийн баримт бичгийг холбогдох нормуудын шаардлагад нийцүүлэн төлөвлөсөн бөгөөд уг зураг төслөөр төлбөр авах цэгийн байр, саравч, зам талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх боломжтой гэж тус тус дүгнэсэн байна. /хх-134-145 дугаар тал/

Түүнчлэн хэргийн 92 дугаар талд авагдсан гэрээт ажил дүгнэх хуудаст Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр авах цэгийн байр, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар зураг тайлан бүрэн хүлээн авсан, ажлын явцын дүгнэлт хангалттай гэж дүгнээд захиалагч талыг төлөөлж Ч.Болор-Эрдэнэ, гүйцэтгэгч талыг төлөөлж Т.Эрдэнэ-Очир нар гарын үсэг зурсан байна. /хх-228-230 дугаар тал/

Харин хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн татгалзалын үндэслэл болсон захиалагч гэдэг нь энэ гэрээний хувьд гуравдагч тал болох нь гэрээнд тодорхой тусгагдсан гэх тайлбар болон нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн төлбөр авах цэгийн иж бүрэн зургыг зурах үүргээ биелүүлээгүй гэх тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчээс 204.1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлын хөлсөнд Блю Арч ХХК-д 16,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсоноос урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагчаас ажлын хөлсний талаар холбогдох тайлбарыг ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлын хөлсийг 16,200,000 төгрөгөөр тохиролцсоноос урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөгийг хүлээн авсан тул үлдэгдэл төлбөр 15,200,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дүгнэсэн протоколын гэрээний нэр гэсэн хэсэгт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулах гэж бичигдсэнээс үзэхэд 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлын гэрээг дүгнэсэн проткол байна гэж үзэхээр байна.

Энэ проткол дахь гэрээний дүн гэсэн хэсэгт гэрээний нийт дүнг 16,200,000 төгрөг гэж бичигдсэн байх тул нэхэмжлэгчийн гэрээний ажлын хөлсийг 16,200,000 төгрөг байхаар тохиролцсон гэх тайлбар нотлогдож байна гэж үзэхээр байна.

Мөн санхүүжилт гэх хэсэгт урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөг авсан гэх тайлбарыг гаргасан. Хариуцагчаас ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд харин ажлын хөлсний хэмжээтэй холбоотой тайлбарыг гаргаагүй байна.

Нотлох чиг үүргийн хувиарлалтын дагуу ажлын хөлсний хэмжээн дээр маргаж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үүрэг нь хариуцагч талд байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас үлдэгдэл төлбөр болох 15,200,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс нэмэлт гэрээ буюу 11,980 м шилэн кабель татах зураг төслийн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 11,200,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Энэ шаардлагын үндэслэлийг амаар нэмэлт ажлын гэрээ байгуулсан ба ажлын хөлсийг 15,200,000 төгрөгөөр тохиролцсон. Үүнээс 4,000,000 төгрөгийг авсан тул үлдэгдэл ажлын хөлс болох 11,200,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.

Талуудын хооронд нэмэлт ажлын гэрээний ажлын хөлсний хэмжээ тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс гэрээ дүгнэсэн протокол гэх баримтаар нотлогдоно гэж тайлбарласан. /1хх-ийн 16 дугаар тал/

Гэрээ дүгнэсэн протокол гэх баримт дахь бичвэрийн агуулгаас үзэхэд энэхүү гэрээ дүгнэсэн протокол нь талуудын хооронд байгуулагдсан Дархан-Эрдэнэт-Улаабаатарын уулзварын орчимд төлбөр авах цэгийн ажлын зураг төслийг боловсруулах гэрээг дүгнэсэн бичгийн баримт гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, гэрээний хэрэгжилт гэсэн хэсэг дэхь ...Иймд Блю Арч ХХК-нд нэмэлт ажилд 4,000,000 төгрөг олгож, үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөгийг Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас нэхэмжлэхгүй болохыг үүгээр баталгаажуулав гэх үгийн шууд утгаас үзэхэд ...үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөгийг гэх хэсэг нь санхүүжилт гэсэн хэсгийн 11,200,000 төгрөг буюу Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд төлбөр авах цэгийн ажлын зургын ажлын хөлстэй холбоотой үнийн дүн гэж үзэхээр байна.

Иймд гэрээ дүгнэсэн протокол гэх бичгийн баримтаар талуудын хооронд нэмэлт ажлын гэрээний ажлын хөлсийг 15,200,000 төгрөгөөр тохиролцсоноос 4 11,200,000 төгрөгийн ажлын хөлсийг төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн нэмэлт ажлын хөлсөнд 4,000,000 төгрөг авсан, ажлыг хүлээлгэн өгсөн гэх тайлбар, хэрэгт авагдсан Зам тээврийн хөгжлийн яамны 2022 оны 3 сарын 10-ны өдрийн 03/1082 тоот, 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 06/5172 тоот албан бичиг, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлөөр замын трасст орсон холбооны байгууламжийг шилжүүлэх хамгаалах ажлыг ашиглалтанд хүлээн авсан акт, ажлын тайлан, гэрч Ч.Болор-Эрдэнэ, Ц.Одхүү нарын мэдүүлэг, 2019 оны 8 сарын 13-ны өдрийн 140 дугаар албан тоот, техникийн нөхцөл зэрэг баримтуудаар талуудын хооронд 15,200,000 төгрөгийн ажлын хөлс бүхий нэмэлт ажлын гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна. /1хх-ийн 110, 229-230, 235-237 дугаар тал, 2хх-ийн 82-83, 91-96, 116-117, 133 дугаар тал/

Иймд нэмэлт ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 15,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Блю Арч ХХК-нд олгож, гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох болон нэмэлт ажлын хөлс 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10.00 цагт товлож, шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдсэн, холбогдох баримтад гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас 15,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Блю арч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох болон нэмэлт ажлын хөлс 11,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эм Си Пи Си Жи Ар ХХК-иас 233,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Блю арч ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.БАЯРМАА