Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01147

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01147

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/01728 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

Гэрээ дүгнэсэн протоколын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 26,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, М.Мөнхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2019 оны 05 сарын 14-ний өдөр ДА-08/19 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн иж бүрэн ажлын зураг төслийг манай компани боловсруулах, захиалагч талаас гүйцэтгэсэн ажлын хөлс төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу зураг төслийн ажлыг гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгсөн боловч урьдчилгаанд 1,000,000 төгрөг авсан, үлдэгдэл 15,200,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй.

Мөн захиалагч компани нь гэрээний нэмэлт ажил болгож 11,980 м шилэн кабель татах зураг төслийн ажлыг манай компаниар гүйцэтгүүлэхээр болж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 15,200,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Нэмэлт ажлын урьдчилгаанд 4,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 11,200,000 төгрөгийг төлөөгүй. Манай зүгээс 11,980 м шилэн кабель татах зураг төслийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.

Гэрээ дүгнэсэн протокол гэсэн баримтыг манай компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Э- нь компанийн өмнөөс тохиролцохдоо шинэ хийх ажлын хөлсийг төлөхгүй, тооцоо дууссан байдлаар, ямар нэгэн маргаангүй, Б ХХК-аас төлбөр нэхэмжлэхгүй байх зэргээр гэрээний нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан, А ХХК-д илтэд хохиролтой, илт хүчин төгөлдөр бус тохиролцоо хийсэн.

Иймд ДА-08/19 тоот гэрээг дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт гэх хэсгийн "... ДА-08/19 гэрээг цуцалж, ... үлдэгдэл санхүүжилт 11,200,000 төгрөгийг Б ХХК-иас нэхэмжлэхгүй болохыг үүгээр баталгаажуулав. Мөн энэхүү гэрээний дагуу Б ХХК-аас А ХХК-д олгосон нийт урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөгийг АХХК нь зураг төслийн санхүүжилтийг хүлээн авсны дараа ажлын 5 хоногт багтаан Б ХХК-д эргүүлэн олгохыг санал болгож, саналыг харилцан зөвшөөрөв. Гэрээний хэрэгжилтийн талаар ямар нэгэн маргаан үл ойлголцол үүсээгүй болохыг Талууд харилцан баталгаажуулав... гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ДА-08/19 тоот ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 15,200,000 төгрөг, гэрээний нэмэлт ажил 11,980 м шилэн кабель татах зураг төслийн ажлын үлдэгдэл төлбөр 11,200,000 төгрөг, нийт 26,400,000 төгрөгийг Б ХХК-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Уг ажил гүйцэтгэх гэрээний талууд нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч бөгөөд захиалагч нь гуравдагч этгээд болох нь гэрээнд тодорхой тусгагдсан. Нэхэмжлэгч нь хийсэн ажлаа Б ХХК-д хүлээлгэж өгөөгүй, захиалагчид хүлээлгэн өгсөн гэдэг ч холбогдох актыг шүүхэд ирүүлээгүй.

Нэхэмжлэгч А ХХК нь захирал Э-ын баталсан, ДА-08/19 дугаартай гэрээг тамга, тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд энэхүү гэрээг дүгнэсэн протоколыг захирал Э- нь А ХХК-ийг төлөөлөн үйлдсэн бөгөөд компанийн тамга тэмдэг дарагдаж баталгаажсан. Мөн эдгээр баримт бичгүүдэд Э-ын албан тушаалыг захирал гэсэн бөгөөд компанийн тамга, тэмдэг дарагдаж баталгаажсан баримт бичгийг нэг талын санаачилгаар хүчингүй гэж үзэх үндэслэлгүй.

ДА-08/19 тоот гэрээг дүгнэсэн протоколд төлбөр авах цэгийн зураг төслийг Зам тээвэр хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн хэмээн тэмдэглэгдсэн бөгөөд төлбөрийг яамнаас барилгын ажил хийгдэх үед нь олгох тухай тэмдэглэсэн. Мөн нэмэлт ажил болох шилэн кабель татах ажлын зургийг А ХХК хийлгэх бөгөөд түүний урьдчилгааг А ХХК-ийн хүсэлтээр Б ХХК нь түр хугацаагаар төлж, кабель шилжүүлэх зураг төслийг боловсруулах ажлыг хийлгэж эхлэх боломжоор хангасан. Эдгээр ажлын барилгын ажил хийгдэж, баригдсаны дараа холбогдох төлбөрийг болон урьдчилан төлсөн төлбөрөө А ХХК-аас нэхэмжлэх боломж үүсэх болно.

Одоогоор Улаанбаатар-Дарханы зам барих ажил удааширч, төлбөр авах цэгийн барилгын ажил эхлээгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-аас 15,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох болон нэмэлт ажлын хөлс 11,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 233,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байхад шүүх үүнийг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт заасны дагуу Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд төлбөр авах цэгийн иж бүрэн зураг төсөлд болон уг гэрээний нэмэлт ажил болох 11,980 метр шилэн кабель татах зураг төслийн ажлын зургийг А ХХК иж бүрэн хийж гүйцэтгэсэн эсэх, захиалагчид хүлээлгэж өгсөн эсэх асуудал нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байхад шүүх ямар нотлох баримтыг үнэлж, 15,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6, 7-д нотлох баримтуудыг дэлгэрэнгүй тусгаж өгсөн. Зам тээвэр хөгжлийн яамны албан бичгүүдээр тухайн ажил хийгдсэн болохыг хүлээж авсан байна. Мөн төлбөр авах цэгийн саравч, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар, зураг, зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлт, авто замын өргөтгөлийн ажлын зураг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Мөн Б ХХК-ийн инженертэй акт хүлээлцсэн.

Гэрээт ажлыг хүлээлгэн хуудаст авагдсанаар ажилтны амрах байр, саравч, гадна тохижилтын загвар, зураг, тайланг бүрэн хүлээн авсан ажлын явцын дүгнэлт хангалттай гэх баримтаар хүлээж авсан нь нотлогдож байна.

Төлбөрийн хувьд үндсэн гэрээний урьдчилгаанд 1,000,000 төгрөг, нэмэлт ажилд 4,000,000 төгрөг авсан. Энэ нь гэрээ дүгнэсэн протоколд авагдсан бөгөөд тухайн тайлбарыг үгүйсгэх тайлбар, татгалзлаа хариуцагч тал нотолж чадаагүй. Тухайн гэрээ нь зураг төслийн ажлын гэрээ бөгөөд барилгын ажил хийж гүйцэтгэх гэрээ биш юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйг хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн протоколын гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээний үүрэгт 26,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигч нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, А ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатарын уулзварын орчинд зураг төсөлд төлбөр авах цэгийн ажлын зураг төсөл боловсруулах, Б ХХК нь ажлын хөлсөнд 16,200,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн үйл баримтыг зөв тогтоожээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

3.1. А ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлыг Зам, тээврийн хөгжлийн яаманд Б ХХК хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 03/1082 тоот албан бичиг, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замын уулзварын Төлбөр авах цэгийн байр, ажилчдын амрах байр, саравч, гадна тохижилтын загвар зураг, Төлбөр хураах цэгийн саравчны ажлын зураг, Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Зам, тээврийн хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтүүд, магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн экспертизийн дүгнэлт, Төлбөр хураах цэгийн авто замын өргөтгөлийн ажлын зураг төсөл, Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/5172 тоот албан бичиг, Ч.Болор-Эрдэнэ болон Э- нарын дүгнэсэн гэрээт ажил дүгнэх хуудас, гэрч Ч.Болор-Эрдэнэ, Э- нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон байна /1хх 92, 110-194, 227-230, 2хх 4-9, 82-90/.

Иймд нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

3.2 Хэрэгт авагдсан гэрээ дүгнэсэн протоколоор 204,1 км авто замын Дархан-Эрдэнэт-Улаанбаатар уулзварын орчинд төлбөр авах цэгийн иж бүрэн зургийн ажлын гэрээг дүгнэхдээ гэрээний нийт дүнг 16,200,000 төгрөг, урьдчилгаа санхүүжилт 5,000,000 төгрөг гэж заажээ.

Нэхэмжлэгч тал нь дээрх ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 1,000,000 төгрөг авсан гэх тайлбар гаргасан. Харин хариуцагч нь зөвхөн ажлын үр дүн хүлээлгэж өгсөн эсэхэд маргасан байх ба мөнгөн төлбөрийн тооцоололд мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 15,200,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэв.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ дүгнэсэн протоколын гэрээний хэрэгжилт хэсгийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний нэмэлт ажил 11,980м шилэн кабель татах зураг төслийн ажлын хөлс 11,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүнд нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/01728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ