Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/01860

 

 

 

 

 

 

                                2023       04          12

                   101/ШШ2023/01860

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  М. М /рд:/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Л.З /рд:/-д холбогдох

 

15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.М, хариуцагч Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Па нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. 1.     Нэхэмжлэгч М.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс 2013 оноос эхлэн хамтран амьдрах болж үүнээс хойш 2021 онд хоёр тийшээ болсон болно. Хамтын амьдралтай байх үед 2015 оны 07 дугаар сарын 16-нд охин М.А, 2018 оны 07 дугаар сарын 07-нд хүү М.М нар тус тус мэндэлсэн болно. Энэ хугацаанд миний зүгээс 2017 онд бүх зардлыг өөрийн зүгээс гаргаж 24 м.кв 4 улирлын зөөврийн сууцыг бариулж материал болон ажлын хөлсөнд надаас 10.400.000 төгрөгийн зардлаар бий болсон болно. Гэвч Л.З нь уг зөөврийн сууцыг надад мэдэгдэлгүй авч яван одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Мөн миний зүгээс Л.Зг хуваариа хөдөлмөр эрхлэхэд нь 4.700.000 төгрөгийг гаргаж тэрээр уг мөнгөөр лазерын аппарат, арьс цэвэрлэх аппарат зэргийг худалдан авч одооч түүнийгээ ашиглан хөдөлмөр эрхэлж сардаа 7 сая орчим төгрөгийн орлого олдог болно. Миний зүгээс үйл ажиллагаанаас олж буй орлого бус тухайн тоног төхөөрөмжид зориулсан гаргасан хөрөнгө болох 4.700.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Мөн бидний зүгээс 2022 онд 07 дугаар сард бид харилцан тохиролцож Л.З нь байшин болон миний ажилд нь хөрөнгө оруулсан мөнгийг нийтэд нь 15.000.000 төгрөгт тооцон уг мөнгөнөөс хүүхдийн тэтгэлгийг хасаж тооцон эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэхээр тохирч бичгээр баримтжуулсан болно. Гэвч одоо тэрээр уг 15.000.000 төгрөгөөс хүүхдийн тэтгэлгийг хасаж тооцохгүй уг мөнгийг ч төлөхгүй хэмээн маргаан үүсгэсэн тул түүнээс дээрх 15.000.000 гаргуулах хүсэлттэй байна.

1а. Миний 14 570 00 төгрөгийн орлогоор уг байшин болон аппарат нь бий болсон юм. Нэг нь зөөврийн орон сууц байдаг. Үүнийг бариулах гэж материалын зардал болон ажлын хөлсөнд 8 500 000, тамбарт 600 000 материал, цахилгаан халаалт, удирдах самбарын хамт 520 000, халаалтын зуух яндан 350 000, нийлээд 9 970 000 төгрөг. Хариуцагчид ажлын байр бий болгох зорилгоор гуйлтаар нь гоо сайхны салон ажиллуулахаар 3 саяын зээл аваад тэгээд өөрт байсан 1 600 000 нэмээд хамт яваад ажлын байранд шаардлагатай тоног төхөөрөмж авахад 4 600 000 төгрөгийн зардал гарсан. Эдгээр нийлээд 14 570 000 болж байгаа юм. Дараа нь хүүхдийн асрамжийн талаар маргаж шүүхээр шийдүүлсэн. Энэ үед бид харилцан ярилцаад 14 сая гаруй төгрөг төлөх ёстойг хэлэхэд төлөх боломжгүй гэсэн. Ингээд хариуцагч нь бид гэр бүл байсан тул хуваагдах ёстой тул талыг нь өгөх ёстой. Гэхдээ төлөх боломжгүй тул 5 сая төгрөгөөр бичиж өгсөн. Үүнийг хүүхдийн тэтгэлэгт суутган тооцъё гэсэн юм. Энэ үед би боломжгүй гэж хэлсэн. Тэгээд үндсэн мөнгөө авахаар тохироод салсан юм. Өмнөх хурал дээр бичиг байгаа тул эд хөрөнгийн маргаангүй гэж хэлсэн юм. Хурлаас хойш над дээр хүүхдийн тэтгэлэг гэж 2 сая гаран төгрөг гарсан. Иймд би мөнгөө аваад шийдвэр гүйцэтгэлд өгөх хүсэлтэй байна. Би байшинг зарах гэж байсан. Харин надад хэлэлгүйгээр зараад машин авчихсан байсан. Би зарж мөнгө аваагүй гэв.

 

2.         Хариуцагч Л.З нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Мтай 2022 оны 07-р сарын 25-ны өдрийн дугаар  03320 бүхий шүүхийн шийдвэрийн дагуу эд хөрөнгийн маргаангүй гээд хүүхдийн асран хамгаалал болон тэтгэмжийн шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэгч М.Мын гаргасан нотлох баримт болох тухай өргөдлийг 2022 оны 02-р сарын 17-ны өдөр түүний эгч болон М нар намайг дуудан дээрх мөнгийг бид 2 хүүхдийн мөнгө болгон харилцан дүйцүүлэхээр тохиролцсон. Төлөх хугацаа болоход намайг эргүүлэн шүүхэд нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч М нь миний бичсэн өргөдлийн үнийн дүнг ихэсгэж урд талд нь 1 тоо нэмж хуурамчаар нотлох баримт шүүхэд гаргаж байгааг хуулийн дагуу шалгуулах хүсэлт байна.

2а. Нэхэмжлэлээс 5 сая төгрөгийг зөвшөөрнө. Энэ нь гоо сайхны аппарат авсан мөнгө юм. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь хамтын хөрөнгөөр бий болсон. Миний машиныг зараад байшинг босгож хамт амьдарч байсан. Дараа нь 2020 онд байранд орсон. Үүний дараа байшин манай аавын хашаанд байсан бөгөөд 2020.2.6-нд байшингаа зарах зар тавьсан. Зар дээр Мын утасны дугаар тавигдсан. Ингээд хэнд яаж зарсныг нь мэдэхгүй. Надаар 8.5 сая төгрөгөөр зарах зар тавиулсан. Байрандаа байж байгаад 2020 оны 4 сараас тусдаа болсон. 8 500 000 төгрөгөөр барилга барьсан талаар маргаангүй. Намайг ажлаас тараад ирэхэд хүнд зарчихсан аваад явчихсан байсан. Зарах үед хамт амьдардаг байсан. Хашаанд одоог хүртэл манай аавынх байгаа юм. 5 саяыг тэтгэлгээр харилцан тохиролцсон нь 2021 оны 4 сараас хойш тул 2023 оны 2 сард өргөдөл өгсөн тул 5 сая нь дууссан тул өргөдөл өгсөн гэв.

 

3.         Нэхэмжлэгч нь шүүхэд: төлбөрийн талаар гараар бичсэн баримт /хх4/, 1 ширхэг гэрэл зураг /хх5/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03320 дугаар шийдвэр /хх7-14/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 9,585,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,985,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч М.М нь 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд зөөврийн байшингийн үнэнд 9,970,000 төгрөг, гоо сайхны салоны тоног төхөөрөмжид 4,600,000 төгрөг, нийт 14,570,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, тодруулсан.

 

3.         Хариуцагч Л.З нь гоо сайхны салоны тоног төхөөрөмжтэй холбоотойгоор 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин зөөврийн байшинг нэхэмжлэгч өөрөө бусдад худалдсан гэж маргасан.

 

4.         Зохигчид зөөврийн байшин нь хариуцагчийн эцгийн хашаанд байрлаж байсан бөгөөд 8,500,000 төгрөгийн өртгөөр бий болсон, цаашлаад зуухан болон цахилгаан халаагуурыг нийт 1,470,000 төгрөгөөр авч байршуулсан гэх үйл баримтын талаар маргаагүй. Иймд зөөврийн байшингийн нийт өртгийг 9,970,000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.

4а. Хариуцагч нь зөөврийн байшинг нэхэмжлэгч өөрөө бусдад худалдаж мөнгийг нь авсан гэж тайлбарласан бол нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж маргасан. Хариуцагч нь өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй бөгөөд уг байшин хариуцагчийн эцгийн эзэмшилд байсан байх тул нэхэмжлэгчийг бусдад худалдсан гэж үзэх боломжгүй.

4б. Нэхэмжлэгч нь уг байшинг өөрийн хуваарьт хөрөнгөөр бий болгосон гэх тайлбараа мөн адил нотолж чадаагүй бөгөөд хариуцагч нь зөөврийн байшинг бий болгоход зохигчид тэнцүү хэмжээтэйгээр оролцсон гэж маргаж байна.

4в. Зохигчид хамтын амьдралтай байсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 03320 дугаар шийдвэрээр тогтоогдож, энэ талаар маргаангүй байх тул зөөврийн байшин нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар зохигчдын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө байсан гэж үзэхээр байна. /хх7-14/

4г. Дээрх үйл баримтаас дүгнэвэл зөөврийн байшин бусдад худалдагдсан, хариуцагчийн эцгийн эзэмшилд байсан тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар өөрт ногдох хэсгийг мөнгөн хөрөнгөөр шаардах эрхтэй. Харин байшинг худалдсан мөнгөн дүнг хэн аль нь нотлоогүй, шүүх нөхөн нотлох боломжгүй байх тул өртгөөр нь тооцож хариуцагчаас тал үнэ болох 4,985,000 /9,970,000/2/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

5.         Нэхэмжлэгч нь гоо сайхны салоны тоног төхөөрөмжид 4,600,000 төгрөг шаардсан бол хариуцагч нь уг төхөөрөмжийг хариуцагчийн мөнгөн хөрөнгөөр худалдан авч, өөрийн өмчлөлд авсан талаар маргаагүй, улмаар 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул зөрүү 400,000 төгрөгийг байшингийн үнэнд тооцох нь зүйтэй. Тодруулбал, хариуцагч нь байшингаас нэхэмжлэгчид ногдох хэсэгт 400,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

 

6.         Эдгээр үндэслэл, мөнгөн дүнг нэгтгэн тооцоод хариуцагчаас нийт 9,585,000 /4,985,000+4,600,000/ төгрөг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

7.         Энд нэхэмжлэгч нь хэргийн 4 дүгээр талд байгаа хариуцагчийн гараар бичсэн баримтад 5 сая гэсний өмнө нэхэмжлэгч өөрөө 1-н тоо нэмж бичсэн талаар тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

8.         Түүнчлэн нэхэмжлэгч нь 430,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.

 

9.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна. Харин 430,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар энэ хэсэгт холбогдох хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Л.Згаас 9,585,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,985,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.М нь 430,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД