Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01471

 

 

 

 

 

2023 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2023/01471

 

 

*.* ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01860 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *.*

Хариуцагч: **.**

Нэхэмжлэлийн шаардлага: 14,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *.* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие 2013 оноос **.** тай хамтран амьдарч, 2021 онд хамтран амьдрахаа больсон. 2017 онд миний бие бүх зардлыг гаргаж 24 м.кв талбайтай, 4 улирлын зөөврийн сууцыг бариулсан. Материал болон ажлын хөлсөнд 10,400,000 төгрөг зарцуулсан. Гэвч **.** нь уг зөөврийн сууцыг надад мэдэгдэлгүй авч яван, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.

1.2 Мөн миний зүгээс **.** г хуваариа хөдөлмөр эрхлэхэд нь зориулж 4,700,000 төгрөг өгсөн бөгөөд тэрээр уг мөнгөөр лазерын аппарат, арьс цэвэрлэх аппарат зэргийг худалдан авч, 7 сая орчим төгрөгийн орлого олдог.

Иймд хариуцагчаас сууцны үнэ 9,970,000 төгрөг, гоо сайханы тоног төхөөрөмж худалдан авахад түүнд өгсөн 4,600,000 төгрөг, нийт 14,570,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр *.* ын эгч болон *.* нартай дээрх мөнгийг 2 хүүхдийн мөнгө болгон харилцан дүйцүүлэхээр тохиролцсон. Төлөх хугацаа болоход намайг эргүүлэн шүүхэд нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас гоо сайханы тоног төхөөрөмж худалдан авахад өгсөн 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч **.** гаас 9,585,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *.* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,985,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч *.* нь 430,000 төгрөгт холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 168,310 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нь хэргийн материалын 31 дүгээр хуудасны 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01995 дугаартай шүүх хурлын тэмдэглэл дээр байрлах баримтад засвар оруулсныг хүлээн зөвшөөрсөн 5 сая гэж тохироод 5 саяын урд талд нь нэгийн тоо нэмсэн байдаг.

Дээр дурдсан баримт нь шүүхэд хуурамч баримт гаргаж өгсөн гэдгийг нотлуулах, хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгөөр нөхөн төлүүлэх утга бүхий баримтыг нэхэмжлэгч авга эгчийн хамтаар ирж хүчээр бичүүлсэн болохоор анхан шатны шүүхэд бичгийн хэв таниулах болон 2022 оны Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2022/03320 дугаар шийдвэрийг шүүхийн журмаар гаргуулах, шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй шийдвэрлэсэн нь уг баримттай хүүхдийн тэтгэмжийн мөнгөтэй холбоотой байсаныг шүүх анхаараагүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэмж төлдөггүй байсан.

4.2 Нэхэмжлэгчийн зээлийг төлсөн гэх хариуцагчийн тайлбарт шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зөөврийн сууц болон гоо сайхны аппаратын үнийг тогтоогоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 **.** надтай өөрөө ирж уулзан, баримт үйлдэж байхад надад мөнгө байхгүй, хүүхдийн тэтгэмж авахдаа тухайн мөнгөнөөс хасаж бодъё гэж хэлсэн. Би хүчээр бичүүлсэн зүйл байхгүй. Мөн 5,000,000 төгрөгийн талаар хүлээн зөвшөөрсөн.

Зөөврийн орон сууцыг **.** гийн аав, ээжийнхээс очоод авах хэцүү байсан. Тухайн зөөврийн орон сууцыг хэнд зарсан талаар мэдэхгүй. Хариуцагч нь 2019 онд зөөврийн сууцыг зараад Приус 30 маркийн автомашин худалдаж авсан талаар хэлсэн. Тухайн зөөврийн орон сууцыг би банкнаас зээл авч бариулж байсан ба **.** ямар ч хувь нэмэр оруулаагүй. Гоо сайхны аппаратыг шинээр нь авч өгч байсан. Өнөөдрийн зах зээлийн ханш 7,500,000 төгрөгөөр зарагдаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч *.* нь хариуцагч **.** д холбогдуулан зөөврийн сууцны үнэ 8,500,000 төгрөг, материалын тамбор 600,000 төгрөг, цахилгаан халаалт, удирдах самбар 520,000 төгрөг, халаалтын зуух, яндан 350,000 төгрөг, 9,970,000 төгрөг, гоо сайхны тоног төхөөрөмж худалдан авахад өгсөн 4,600,000 төгрөг, нийт 14,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч шаардлагаас гоо сайхны тоног төхөөрөмжийн үнэ 5,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Талууд хамтын амьдралтай байсан, уг хугацаанд зөөврийн сууц бий болсон, бий болоход 9,970,000 төгрөг зарцуулсан, зөөврийн сууц нь **.** гийн аавын хашаанд байрлаж байсан үйл баримтын талаар маргаагүй.

 

4. Хариуцагч нь ...уг зөөврийн сууцыг нэхэмжлэгч бусдад худалдсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн зөөврийн сууц хариуцагчийн аавын хашаанд байрлаж байсан үйл баримтыг хариуцагч зөвшөөрсөн байх тул ...зөөврийн сууцыг нэхэмжлэгч бусдад худалдсан гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй.

 

Иймд талуудын хамтрын амьдралтай байсан хугацаанд уг зөөврийн сууц бий болсон, хариуцагч ...зөөврийн сууцыг нэхэмжлэгч бусдад худалдсан гэх татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас зөөврийн сууцны болон дагалдах хэрэгслийн тал үнэ болох 4,985,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

5. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд гоо сайхны тоног төхөөрөмжийн үнэд 5,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн /хх 32/ тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4,600,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв.

 

5.1 Түүнчлэн, шүүх хуралдаанд зөөврийн сууцны үнэ 8,500,000 төгрөг болох талаар хариуцагч маргаагүй. Иймд хариуцагчийн ...зөөврийн сууц болон гоо сайхны аппаратын үнийг тогтоогоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Хэргийн 4 дүгээр талд авагдсан ...15 сая төгрөг гэх баримт нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн уг баримтад шинжээч томилуулах, мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг хариуцагч өөрөө олж авах боломжтой үндэслэлээр хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/01860 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН