Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2023/00273

 

 

 

 

   2023             03            20     

                        130/ШШ2023/00273

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Ж овогт С-ийн А

Хариуцагч: Б аймгийн А сумын Засаг дарга /Ш.А/

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,706,887 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга /Ш.А/-д холбогдуулан Өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,706,887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/00858 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, захирамж гаргаж намайг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж захирлын ажилд буцааж томилсон. Миний бие захирлаар ажиллахдаа сар бүр үндсэн цалин 2,196,088 төгрөг авдаг байсан ба 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 4 сар, 19 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд 6,706,887 төгрөгийн цалин хөлс олгож байсан.

1.2. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 6,706,887 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга Ш.А хариу тайлбартаа:

2.1. Нэхэмжлэгч С.А Б аймгийн А сумын захирлаар ажиллаж байхдаа миний бие сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилд эгүүлэн тогтоогдсон, үүнтэй маргахгүй байгаа. Нэхэмжлэгч цалингийн олговорт 6,706,887 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. С.А-ийг ажлаас чөлөөлөх үед 2022 оны 6 дугаар сард нэхэмжлэгчийн оронд хүн ажиллаагүй байгаа. Түүний оронд 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгчийн оронд М ажиллаж байсан. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 30 хувийн нэмэгдэл олгож байсан байна. Үүнд 271,896 төгрөг гарсан байна. Дараа нь 9 дүгээр сарын 01-ний өдөр М-ыг чөлөөлж Х-ыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Үүнд 384,864 төгрөг гарсан. 2022 оны 10 дугаар сард 364,580 төгрөг гарсан байгаа. Иймд А сумын ерөнхий боловсролын сургуулиас нийтдээ 951,340 төгрөг гарсныг Засаг дарга төлөхөд татгалзах зүйл байхгүй. Ерөнхий боловсролын захирлын цалин тухайн  сургуульд байдаг, засаг даргын тамгын газарт цалин, хөлс байдаггүй байгаа. Мөн энэ хугацаанд ээлжийн амралт 2,299,000 төгрөг олгосон байгаа. Ээлжийн амралт нь 12 сарын цалинд тооцогдож явдаг. Бусад мөнгө нь сургуулийн санхүүд байж байгаа. А сумын Засаг даргын ажлын алба сумын Засаг даргын тамгын газарт сургуулийн захирлын цалин хөлсний санхүүжилтийг тусгах боломжгүй, иймээс С.А-ийн цалин хөлсний нөхөн олговрыг Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс гаргуулахыг хүсье. Сумын Засаг дарга эдгээр мөнгийг төлөх үндэслэл байхгүй юм. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М, С.Х нар захирлын үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл хөлс авч байсан, үлдсэн 60 хувийн цалин хөлс нь сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт зарцуулагдаагүй буюу төсвөөс шууд гарч хэн нэгэн албан тушаалтанд олгогдоогүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 6,706,887 төгрөгөөс 951,340 төгрөгийг засаг дарга төлж болох юм. Бусад мөнгийг засаг дарга хариуцах боломжгүй байгаа. Иймд зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/000858 дугаартай шийдвэр, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/132 дугаартай захирамж, ня-бо Б.Ж-ийн гаргасан А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А-ийн цалигийн түүвэр, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын  нэгдсэн маягт, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШЗ2022/03191 дугаартай шүүгчийн захирамж, С.А-ийн өмгөөлөгч А.С-ыг сонгож авсан хүсэлт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/87 дугаартай захирамж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/104 дугаартай захирамж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн нягтлан бодогч Б.Ж-ийн гаргасан С.А-ийн ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоо, Я.С-эд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч Б.Ж-ийн 2022 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрийн тайлбарууд, 6 дугаар сарын цалин ээлжийн амралт, С.А-ийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ээлжийн амралтын олговрын цалингийн түүвэр, С.А-ийн 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цалингүй байсан хугацааны цалингийн тооцоо зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

6. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

7. Нэхэмжлэгч С.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

7.1. Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/00858 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Миний бие захирлаар ажиллахдаа сар бүр үндсэн цалин 2,196,088 төгрөг авдаг байсан. Иймд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,706,887 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга Ш.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

8.1. Хариуцагч Б аймаг А сумын Засаг дарга ... С.А-ийг ажлаас чөлөөлөх үед түүний оронд тус сургуулийн сургалтын менежер Ш.М, дотуур байрны багш С.Х нарыг түр хугацаагаар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсан үед захирлын үндсэн цалин хөлсний 40 хувиар бодож нэмэгдэл өгсөн. Нэхэмжлэгч С.А нь нэхэмжлэлдээ цалин хөлсний нөхөн олговорт 6,706,887 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь А сумын Засаг даргын ажлын алба сумын Засаг даргын тамгын газарт сургуулийн захирлын цалин хөлсний санхүүжилтийг тусгах боломжгүй, иймээс С.А-ийн цалин хөлсний нөхөн олговрыг Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс гаргуулахыг хүсье. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М, С.Х нар захирлын үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл хөлс авч байсан, үлдсэн 60 хувийн цалин хөлс нь сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт зарцуулагдаагүй буюу төсвөөс шууд гарч хэн нэгэн албан тушаалтанд олгогдоогүй юм гэж маргажээ.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагын талаар хуульчилсны 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар эрх бүхий байгууллага болох ажил олгогч Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.А-ийг  Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд томилж  шийдвэрлэснийг хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/132 дугаар захирамжаар биелүүлсэн тул нэхэмжлэгчээс ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч байгууллагаас нэхэмжлэх эрхтэй байна.

10.Нэхэмжлэгч С.А нь Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/82  дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Б аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 858 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч С.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С.А-ийг Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

10.1. Хариуцагч А сумын Засаг дарга нь нэхэмжлэгч С.А-ийг  2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/132 дугаартай “С.А-ыг ажилд эгүүлэн томилох тухай” А сумын Засаг даргын захирамжаар Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож олгоно, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж хуульчилсан байна.

11.1. Төрийн мэдээллийн сангаас гаргасан С.А-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын  сургуулийн гаргасан цалин олгох хүснэгт, 6 дугаар сарын цалин ээлжийн амралт олгох хүснэгтээр болон хариуцагчийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбар зэргээр тус тус нэхэмжлэгч С.Ат ажлаас чөлөөлөгдөх хүртэлх ажилласан хоног ногдох цалин хөлс болон ээлжийн амралтын тооцоо хийж цалин олгосон болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч С.А-ийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас давхардуулан гаргах боломжгүй байна.

11.2. Нэхэмжлэгч С.А нь ажлаас чөлөөлөгдөх хүртэлх  буюу 2022 оны 06 сард ажлын 11 хоногт цалин хөлс 1,149,239 төгрөг, мөн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 30 хоногийн амралтын цалинд 2,299,830 төгрөгийг тус тус тооцож олгосон нь А сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн шүүхэд гаргасан тайлбар болон цалингийн цэсээр тус тус нотлогдох ба нэхэмжлэгч С.А нь дээрх хугацаанд ажилгүй байсан цалин хөлсний олговрыг авах ёстой гэж үзэх боломжгүй байна.

11.3. Нэхэмжлэгч С.А нь ажилгүй байсан дээрх хугацаанд ээлжийн амралтын тооцоо хийж цалинг олгосон талаар үгүйсгэж чадаагүй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь энэ талаар шүүх хуралдааны үед Хуулийн зохицуулалт болон бусад хууль тогтоомжуудаас үзвэл цалин хөлсний олговроос амралтын олговрыг хасаж тооцно гэх хуулийн зохицуулалт байхгүй гэж тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

12. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлд ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болсон үед ажил олгогчийн хүлээх хариуцлагын талаар хуульчилсны 127.1 дэх заалтад Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор зааснаар нэхэмжлэгч С.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажил олгогчоос өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй байна.

13. Нэхэмжлэгч С.А нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 4 сар 19 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т зааснаар нэхэмжлэгч С.А нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 30 хонгийн амралтын цалинг тооцож олгосон байхад нэхэмжлэгчээс 4 сар 19 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй болсон байна. 

14. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3 дахь хэсгийн 2.3.5 дахь заалтад нэхэмжлэгч С.А-ийн сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцохоор журамласан тул уг журмын нэг өдрийн цалин хөлсийг тодорхойлох дундаж цалин хөлс тооцох заалтын дагуу тооцох нь зүйтэй шүүх үзлээ.

14.1. Уг журмын 2.1 дэх хэсгийн 2.1.2 дахь заалтад нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хувааж гаргахаар журамласан байгаа тул Төрийн мэдээллийн сангаас гаргасан С.А-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б аймгийн А сумын Ерөнхий боловсролын  сургуулийн гаргасан цалин олгох хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтад 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх нэхэмжлэгч С.А-ийн  15,715,482  төгрөгийн цалин хөлс авсан нь бичигдсэн ба уг хугацаагаар тооцоход нэг өдрийн цалин нь 76,661 төгрөг байна.

15. Иймд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт  4,982,965 (76661х65 хоног) /дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга есөн зуун жаран таван/ төгрөг гарч байгаа тул уг мөнгийг хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч С.Ат олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,723,922 /нэг сая долоон зуун хорин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. /2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл/

 

16. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээ болох 4,982,965 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 94,677 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,982,965 /дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга есөн зуун жаран таван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,723,922 /нэг сая долоон зуун хорин гурван мянга есөн зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 94,677 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-т  олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.Б