Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2023/00074

 

 

 

 

 

 

 

С.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00273 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч **** багт оршин суух Ж овогт С-н А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга /Ш.А/-д холбогдох,

 

“Ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 6,706,887 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 130/ШШ2022/00858 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж, захирамж гаргаж намайг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж захирлын ажилд буцааж томилсон.

1.2. Миний бие захирлын ажиллахдаа сар бүр үндсэн цалин 2,196,088 төгрөг авдаг байсан ба 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 4 сар, 19 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд 6,706,887 төгрөгийн цалин хөлс олгож байсан.

1.3. Иймд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалингийн олговорт 6,706,887 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч С.А- Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын захирлаар ажиллаж байхдаа миний бие сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажилд эгүүлэн тогтоогдсон, үүнтэй маргахгүй байгаа.

2.2. Нэхэмжлэгч цалингийн олговорт 6,706,887 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. С.А-ыг ажлаас чөлөөлөх үед 2022 оны 6 дугаар сард нэхэмжлэгчийн оронд хүн ажиллаагүй. 2022 оны 7 дугаар сард нэхэмжлэгчийн оронд М ажиллаж байсан. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 30 хувийн нэмэгдэл олгож байсан байна. Үүнд 271,896 төгрөг гарсан байна. Дараа нь 9 дүгээр сарын 01-ний өдөр М-ийг чөлөөлж, Х-ыг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Үүнд 384,864 төгрөг гарсан. 2022 оны 10 дугаар сард 364,580 төгрөг гарсан байгаа. Иймд Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуулиас нийтдээ 951,340 төгрөг гарсныг Засаг дарга төлөхөд татгалзах зүйл байхгүй.

2.3. Ерөнхий боловсролын захирлын цалин тухайн сургуульд байдаг, Засаг даргын тамгын газарт цалин, хөлс байдаггүй. Мөн энэ хугацаанд ээлжийн амралт 2,299,000 төгрөг олгосон. Ээлжийн амралт нь 12 сарын цалинд тооцогдож явдаг. Бусад мөнгө нь сургуулийн санхүүд байж байгаа. Алтанцөгц сумын Засаг даргын ажлын алба сумын Засаг даргын тамгын газарт сургуулийн захирлын цалин хөлсний санхүүжилтийг тусгах боломжгүй, иймээс С.А-ын цалин хөлсний нөхөн олговрыг Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын сургуулийн санхүүгээс гаргуулахыг хүсье.

2.4. Сумын Засаг дарга эдгээр мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.М-, С.Х- нар захирлын үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл хөлс авч байсан, үлдсэн 60 хувийн цалин хөлс нь сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт зарцуулагдаагүй буюу төсвөөс шууд гарч хэн нэгэн албан тушаалтанд олгогдоогүй.

2.5. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 6,706,887 төгрөгөөс 951,340 төгрөгийг засаг дарга төлж болох юм. Бусад мөнгийг засаг дарга хариуцах боломжгүй. Иймд зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00273 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаас өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,982,965 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,723,922 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 94,677 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгож  шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.12-ны өдрийн 130/ШШ2022/00858 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.А-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

4.2. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/132 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т заасныг үндэслэж буюу шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгч С.А-ыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн томилсон байна.

4.3. Дараа нь, нэхэмжлэгч С.А- Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 6 дугаар сарын 16-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 4 сар, 19 хоног ажилгүй байсан ба энэ хугацаанд 6,706,887 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

4.4. 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилжээ.

4.5. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 27-д “Ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлсэнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэхдээ тухайн ажилтны эрх зүйн байдлаас хамааран Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1. Төрийн албаны тухай болон бусад хуулийн холбогдох заалтуудыг баримталж байвал зохино” гэжээ.

4.6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор. тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно:...2.3.5.хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор" гэжээ.

Хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт, Улсын Дээд Шүүхээс хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхээр гаргасан албан ёсны тайлбар, дундаж цалин хөлс тодорхойлох журам зэргээс үзвэл ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай нэхэмжлэлээс элдэв суутгал хийхгүй байхаар зохицуулсан байна. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.7. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00273 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.А-ын нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргад холбогдох цалин хөлсний нөхөн олговрын маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгаа явдалд гомдолтой байна.

5.2. Бодит байдалд нэхэмжлэгч С.А- нь 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цалин хөлсийг ээлжийн амралтын нөхөн олговроор бүрэн авсан. С.А-ыг ажлаас чөлөөлснөөс хойш тус сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ш.М-ыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулж байгаад 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлж, түүнд 30 хувийн нэмэгдэл буюу 271,896 төгрөгийг сургуулийн төсвөөс олгосон. Ш.М-ийг тус сургуулийн захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсний дараа дотуур байрны багш С.Х-ыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31 -ны өдрийг дуустал сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулсан. Энэ үед С.Х-ад 2022 оны 9 дүгээр сард 384,580 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 364,580 төгрөг нийт 749,160 төгрөгийн нэмэгдэл цалин хөлсийг сургуулийн төсвөөс олгосон. Ингээд сумын Засаг даргын захирамжаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ш.М-, С.Х- нарыг ажиллуулснаар тус сургуулийн төсөвт 951,340 төгрөгийн илүү зардал буюу хохирол гаргасан гэж үзэж байна.

5.3. Бодит байдалд С.А-т 2022 оны турш олгох цалин хөлс нь тус сургуулийн 2022 оны төсөвт суусан ба уг цалин хөлснөөс шүүхийн тооцоолсон 4,982,965 төгрөгөөс Ш.М-, С.Х- нарт олгосон 951,340 төгрөгийг хасаад үлдсэн 4,031,625 нь Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт зарлагдаагүй үлдсэн учраас уг 4,031,625 төгрөгийг Алтанцөгц сумын Засаг даргаас шууд төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчим болон бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Хэрвээ С.А- нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөөр хохирсон гэж үзвэл сургуулийн санхүүгээс нэхэмжлэх ёстой байсан гэж үзэж байна.

5.4. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”гэсэн зарчимд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 951,580 төгрөгийг төлүүлж, үндэслэлгүй нэхэмжилсэн 4,031,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд миний давж заалдах ханган хүсэлтийнхээ шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

7. Нэхэмжлэгч С.А- нь хариуцагч тус аймгийн Алтанцөгц сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 6,706,887 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.   

 

8. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримтууд  тогтоогдов.   

8.1. Хариуцагч тус аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга нь 2022 оны 6 дугаар сарын сарын 16-ны өдрийн Б/82 дугаартай захирамжаар “...хамтарч ажиллахгүй, захирах, захирагдах ёсыг зөрчдөг, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ажлын байранд архи уудаг, ажлын цагийн ашиглалт маш муу, 3-аас дээш хоногоор ажил тасалсан, илүү орон тоонд хүн авч ажиллуулсан зэрэг сахилгын зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.А-ыг  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.   

8.2. С.А- нь Алтанцөгц сумын Засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаартай дээрх захирамжийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 110/ШШ2022/00858 дугаартай шийдвэрээр С.А-ыг Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан бөгөөд ажил олгогч тус Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг дарга дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн С.А-ыг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тус аймгийн Алтанцөгц сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх хууль зүйн үндэслэлтэй.        

 

10. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд нөхөх олговор олгохоор заасан тул уг нөхөн олговрыг хариуцагч ажилтанд нөхөн төлөх үүрэгтэй. 

 

11. Төрийн мэдээллийн сангаас гаргасан С.А-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын сургуулийн гаргасан цалин олгох хүснэгт, 6 дугаар сарын цалин ээлжийн амралт олгох хүснэгтээр нэхэмжлэгч С.А-т ажлаас чөлөөлөгдөх хүртэлх буюу 2022 оны 6 сард ажлын 11 хоногт 1,149,239 төгрөгийн цалин хөлс,  мөн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 30 хоногийн ээлжийн амралтын олговорт 2,299,830 төгрөгийг тус тус тооцож олгосон нь нотлогдсон байх тул нэхэмжлэгчийн ажилласан хоногт дүйцүүлэн ээлжийн амралтын олговор өгсөн хугацаанд нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг давхардуулан олгохгүй ба энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

12. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг тооцохдоо “...2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх нэхэмжлэгч С.А-ын 15,715,482 төгрөгийн цалин хөлс авсан нь бичигдсэн ба уг хугацаагаар тооцоход нэг өдрийн цалин нь 76,661 төгрөг байна. Иймд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,982,965 /76661 х 65 хоног/ төгрөг” гэж буруу тооцоолсон байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч С.А- нь төрийн мэдээллийн сангаас гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2022 оны 3 дугаар сард 1,399,104 төгрөг, 4 дүгээр сард 1,632,988 төгрөг, 5 дугаар сард 2,196,088 төгрөгийн цалин авч байсан бөгөөд дээрх журамд зааснаар сүүлийн 3 сарын дундаж хөлс нь 1,742,726 төгрөг, үүнийг ажилгүй байсан 3 сараар /2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл/ үржүүлэхэд 5,228,180 төгрөгийг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч С.А-т олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү..” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...бодит байдалд С.А-т 2022 оны турш олгох цалин хөлс нь тус сургуулийн 2022 оны төсөвт суусан ба уг цалин хөлснөөс шүүхийн тооцоолсон 4,982,965 төгрөгөөс Ш.М-, С.Х- нарт олгосон 951,340 төгрөгийг хасаад үлдсэн 4,031,625 нь Алтанцөгц сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсөвт зарлагадаагүй үлдсэн учраас уг 4,031,625 төгрөгийг Алтанцөгц сумын Засаг даргаас шууд төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчим болон бодит байдалд нийцэхгүй” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ. Хэдийгээр нэхэмжлэгч С.А-т 2022 оны турш олгох цалин хөлс нь тус сургуулийн 2022 оны төсөвт суусан байж болох ч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан байх тул ажилтан С.А-т олгох ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг ажил олгогч буюу Алтанцөгц сумын Засаг дарга хариуцах хууль зүйн үндэслэлтэй.

 

14. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтуудаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.533 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж /давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 130/ШШ2023/00273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “4,982,965 /дөрвөн сая есөн зуун наян хоёр мянга есөн зуун жаран таван/” гэснийг “5,288,180 /таван сая хоёр зуун наян найман мянга нэг зуун ная/ гэж, “1,723,922 /нэг сая долоон зуун хорин гурван мянга есөн зуун хорин хоёр/” гэснийг “1,418,707 /нэг сая дөрвөн зуун арван найман мянга долоон зуун долоо/” гэж, 2 дахь заалтын “94,677 төгрөг” гэснийг “99.661 /ерэн есөн мянга зургаан зуун жаран нэг/” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтуудаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.533 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК