Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2023/00293

 

 

 

 

 

   2022            03            27     

                     130/ШШ2023/00293

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух, Ж овогт Т-ийн Ш

Хариуцагч: Б аймгийн Гаалийн газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ч/

Нэхэмжлэлийн шаардлага: Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг аймгийн Гаалийн газарт даалгах тухай

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Гаалийн газраас Т.Ш-д илүү олгогдсон 16,364,448 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Ш, түүний өмгөөлөгч А.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Нэхэмжлэгч Т.Ш нь хариуцагч Б аймгийн Гаалийн газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ч/-т холбогдуулан Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг аймгийн Гаалийн газарт даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Т.Ш нь Ө сумын 3 дугаар багт оршин суудаг, 68 настай, ам бүл 6, хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие 1993 оны 2 дугаар сард онгоцны буудалд ажлын цагаар Казахстаны онгоцонд үзлэг, шалгалт хийж, албан үүргээ гүйцэтгэж дуусаад ажлаа тараад буцах замдаа албаны унаагүйн улмаас байгууллагын буруугаас болж мотоциклд дайгдан явж байгаад машины осолд орж, эрүүл мэндээ алдаж, хохирч, байнгын тахир дутуу болж групп тогтоолгосон. Энэ нь Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

1.2. Би аймгийн Гаалийн газарт 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2011 оноос хойш цалин группийн зөрүүг нэмээгүй зөрүү 170,463 төгрөгийг 10 жил 10 сарын турш одоо хүртэл өсөн нэмэгдсэн дүнгээр өгөөгүй тухай дурдаж үл маргах журмаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч янз бүрийн шалтгаан тайлбар ярьж, эрүүл мэндийн даатгал, групп сунгуулсан тухай НДХ, ЭМГ-т албан тоот явуулна гэж чирэгдүүлж 3 сар болсон. Би үүнийг 2012 оноос хойш олон ч удаа амаар болон бичгээр нэмж өгөхийг хүсэж шаардаж байсан.  2011 оноос 2022 оны 12 дугаар сар дуустал, мөн 2023 оны 01, 02, 03 дугаар сар хүртэл 57,615,674 төгрөг нэхэмжилж байна. Өмнө нь авч байсан 170,463 төгрөгийг 2022 оны 12 дугаар сараас хойш өгөхгүй зогсоосон. Тиймээс 2022 оны 12 дугаар сар 2023 оны 01, 02, 03 дугаар сар хүртэлх 681,852 төгрөгийг мөн нэхэмжилж байна.  Энэ бүгдийг нэмэхээр нийт 58.297.526 төгрөг болж байна.

1.3. Иймд Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг аймгийн Гаалийн газарт даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б аймгийн Гаалийн газар хариу тайлбартаа: Б аймгийн Гаалийн газар  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлсэн. Тус шийдвэрийн тогтоох хэсэгт “...цаашид цалингийн зөрүү тогтмол өсөлтөөр сар бүр олгож байхыг Б аймгийн Гаалийн газарт үүрэг болгосугай” гэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгаас үзэхэд, Т.Ш-ын группийн хугацаа сар бүр цалингийн өсөлтөөр ямар хэлбэр, хэдэн төгрөгөөр тооцож олгохыг заагаагүй. Тиймээс хүсэлтийг хүлээн авах боломжгүй. 1993 онд нэхэмжлэгч Т.Ш нь үйлдвэрийн осолд орох үед Гаалийн газарт шалгагч гэдэг албан тушаалд ажиллаж байсан. Шалгагч гэдэг нь гаалийн улсын байцаагчид туслах үүрэгтэй ачаа тээврийг шалгах үүрэг хүлээдэг. 2008 онд Гаалийн тухай хууль шинэчлэн найруулагдахад тус хуулиар шалгагч гэдэг орон тоо байхгүй болсон. Нэхэмжлэгч Т.Ш гаалийн улсын байцаагчтай адилхан цалин авна, би төрийн тусгай албан хаагч гэж хэлж байна. Тухайн үед үйлдвэрийн осолд орохдоо үйлчилгээний албан тушаалтан буюу шалгагч байсан. Үйлдвэрийн осолд орох үед авч байсан албан тушаалын зэрэглэл нь ТТ биш ТҮ байсан. Одоо нэхэмжлэл гаргахдаа би ТТ байсан ТТ-гээр цалинжина гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн цалин 841,216 төгрөг байх ёстой гэж төрийн тусгай албан хаагч гаалийн улсын байцаагчийн цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Т.Ш ТҮ буюу шалгагч ажилтан байсан. 2008 оны Гаалийн тухай хуулиар шалгагч гэсэн орон тоо байхгүй болсон. Тиймээс тухайн үед бодогдож байсан цалингаар цалингийн тооцож 170,463 төгрөгөөр тооцож олгох болохоос одоо ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчтай адилхан цалингаар цалин олгох боломжгүй. Ажилласан жилийн нэмэгдэл бусад нэмэгдлийг тухайн ажилтан ажиллаж байгаа тохиолдолд олгодог болохоос ажлаа хийгээгүй хүнд олгодог нэмэгдэл биш. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журмын 5.1.2-д ”нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн”, Мөн Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний 362 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацааг олгох журмын 6.1.2-д “нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн” хүний тэтгэмжийг зогсоохоор зохицуулсан байна. Үүнээс харахад, заавал тэтгэвэрт гарсан байхыг шаардахгүй бөгөөд тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийг зогсооно гэж заасан. Нэхэмжлэгч Т.Ш-ын өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн байгаа учраас Нийгмийн даатгалаас олгох тэтгэмж нь тэтгэвэр авсан эсэхээс үл шалтгаалан зогсоно гэж заасан байх тул Т.Ш-ын нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Т.Ш-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

3. Хариуцагч Б аймгийн Гаалийн газраас нэхэмжлэгч Т.Ш холбогдуулан Б аймгийн Гаалийн газраас Т.Ш илүү олгогдсон 16,364,448 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Б аймаг дахь Гаалийн газар нь Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч Т.Шад сар бүр 170,463 төгрөгийг тогтмол олгож ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 5 дугаар тэтгэвэр тэтгэмжийг зогсоох бүлгийн 5.1.2 /Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн/, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа олгох журмын 6 дугаар тэтгэвэр тэтгэмжийг зогсоох бүлгийн 6.1.2. нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг зогсоохоор зохицуулсан байна. Хариуцагч Т.Ш РД:АА000000 нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зайлд “Өндөр насны тэтгэвэр авах эрх 1.Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэр эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн байх тул Б аймаг дахь гаалийн газрын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 16,364,448 төгрөгийг өгөх үндэслэлгүй байтал олгож ирсэн байна. Иймд илүү олгосон 16,364,448 төгрөгийг хариуцагч Т.Ш-аас гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан байна.

4. Нэхэмжлэгч Т.Ш хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, эд, мөнгөний тусламж авах эрхтэй. Миний бие Б аймгийн Гаалийн хороонд шалгагчаар ажиллаж байх үед үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон юм. Өөрөөр хэлбэл 1993 оноос хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд өнөөдрийг хүртэл 30 гаруй жил тэтгэвэр болон шүүхийн шийдвэрийн дагуу цалингийн зөрүүг ажил олгогчоос авч амьдарч байна. Монгол Улс халамжийн бодлоготой улс холбогдох хуульд зааснаар Монгол Улсын иргэн Төрийн ажил албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон тохиолдолд энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан арилах хүртэл Улс нь тухайн хүний нийгмийн баталгааг хангах, халамжлах үүргээ гүйцэтгэдэг учиртай. Миний бие Улсад 20 хүрэхгүй жил ажилласан байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй юм. Энэхүү үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл хариуцагч тал, түүний төлөөлөгчөөс холбогдох хуулийн тодорхой зүйл, заалт, зохицуулалтуудыг илт мушгин тайлбарлаж намайг төлбөр төлөх ёстой мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад нь харамсаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн тайлбарыг гаргасан.

5. Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ББББ дугаартай Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 61454 дугаартай Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас, Төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээ, Т.Ш-ын АААААААА дугаартай дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 61454 дугаартай Тэтгэврийн хувийн хэрэг /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Гаалийн ерөнхий газрын даргын 1998 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 20 дугаартай “Гаалийн улсын байцаагчийн эрх олгох, ажилд томилох тухай” тушаал хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өмгөөлөгч А.С-ыг өмгөөлөгчөөр авсан тухай хүсэлт, ӨӨӨӨ дугаартай тэтгэврийн дэвтэр 2 ширхэг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч Т.Ш Б аймгийн Гаалийн газар болон Нийгмийн даатгалын хэлтсээс авч байсан цалин, групптийн зөрүүгийн тооцоо /2011-2022/ хавсралт 1,2, Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/581 дугаартай өмгөөлөгч А.С-д хаягласан албан тоот, 63 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн материал /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас Б аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Б-д, гаалийн зөрчил, хэрэг бүртгэх гаалийн улсын ахлах байцаагч О.Ё нарт олгосон итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн тухай тайлан, аймгийн Гаалийн газрын Гаалийн ерөнхий газрын төрийн захиргааны удирдлагын газарт 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хандсан 01/34 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн Бүртгэл хяналтын карт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Гаалийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-1.2/557 дугаартай албан бичгээр ирүүлсэн Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/247 дугаартай тушаал, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/249 дугаартай тушаал, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/61 дугаартай тушаал, 2015 оны 06 дугаар сарны 26-ны өдрийн Б/246 дугаартай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29 дугаартай тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Б/25 дугаартай тушаал, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/561 дугаартай тушаал зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

8. Хариуцагчийн хүсэлтээр Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаартай албан тоот болон тус албан тоотоор ирүүлсэн нэхэмжлэгч Т.Ш-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон, сунгасан актууд болон хувийн хэрэг, тус хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарны 26-ны өдрийн 40 дугаартай лавлагаа зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

9. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

10. Нэхэмжлэгч Т.Ш хариуцагч Б аймгийн Гаалийн газар холбогдуулан Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг аймгийн Гаалийн газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

10.1. Нэхэмжлэгч Т.Ш дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие 1993 оны 2 дугаар сард онгоцны буудалд ажлын цагаар Казахстаны онгоцонд үзлэг, шалгалт хийж албан үүргээ гүйцэтгэж дуусаад ажлаа тараад буцах замдаа албаны унаагүйн улмаас байгууллагын буруугаас болж мотоциклд дайгдан явж байгаад машины осолд орж эрүүл мэндээ алдаж хохирч тахир дутуу болж групп тогтоолгосон билээ. Гаалийн газар нь 2011 оноос хойш цалин группийн зөрүүг нэмээгүй 170,463 төгрөгийг 10 жил 10 сарын турш одоо хүртэл өсөн нэмэгдэх дүнгээр өгөөгүй. Би эрүүл саруул тэтгэвэрт гарах хүртэл ажилласан бол ТЗ-13-5-аар 951,344 төгрөгийн цалин авах ёстой байсан. Одоо би 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар сунгуулсан групптай болно. Иймд мөнгийг гаргуулан өгч, цаашид цалингийн өсөлтөөр зөрүүг тогтмол сар бүр үргэлжлүүлэн олгож байхыг Гаалийн байгууллагад үүрэг болгож өгөхийг хүсэж байна гэв. 

11. Хариуцагч Б аймгийн Гаалийн газар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг тус газар биелүүлсээр ирсэн. Тус шийдвэрийн тогтоох хэсэгт Т.Шад группийн хэдэн хувиар тооцон олгохыг заагаагүй мөн нэхэмжлэгч Т.Ш 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэр эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн байх тул Б аймаг дахь гаалийн газрын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 16,364,448 төгрөгийг өгөх үндэслэлгүй байтал олгож ирсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

12. Хариуцагч Б аймгийн Гаалийн газар сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийн дагуу Т.Шад сар болгон 170,463 төгрөгийг тогтмол олгож ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газраас батлагдсан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 5 дугаар бүлэгт тэтгэвэр тэтгэмжийг зогсоох бүлгийн 5.1.2-д ”нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн”, Мөн Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний 362 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацааг олгох журмын 6.1.2-д “нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн” хүний тэтгэмжийг зогсоохоор зохицуулсан байна. Т.Ш-ын тэтгэвэр тэтгэмж авах нас болон ажилласан жилийн шаардлагыг хангаж 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байх тул Б аймгийн Гаалийн газрын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл олгосон 16,364,448 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон.

13. Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар тэтгэвэр эсвэл группийн аль нэгийг сонгох эрхтэй. Ажиллаж байж групп авдаг зөндөө хүн байгаа. Би буруу зүйл нэхэмжлээгүй. Болж байгаа юмыг болохгүй талаас нь зүтгэж болохгүй. Би нэхэх ёстой юмаа нэхэж байна” гэх үндэслэлээр няцаасан. 

14. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.Ш-ын Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөгийг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг аймгийн Гаалийн газарт даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

15. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

15.1. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Т.Шад Гаалийн газрын санхүүгээс 282,348 төгрөг гаргуулан олгож, цаашид зөрүүг тогтмол цалингийн өсөлтөөр группийн хугацаанд сар бүр олгож байхыг Б аймгийн Гаалийн газарт үүрэг болгож шийдвэрлэсэн байна.

15.2. Энэхүү шүүхийн шийдвэрт 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 425 дугаартай "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай" шүүгчийн захирамж гарч, 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 129 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2012 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 02/485 дугаартай Б аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн албан бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж байсан байна.

15.3. Дараа нь 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 254 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 63 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2012 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаартай төлбөр төлөгчийн данснаас төлбөр гаргах мэдэгдэл, Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 000011 тоот данснаас мөнгө шилжүүлэх тухай 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн баримт, 2012 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хариу баримт, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 599 дугаартай Б аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны "Аймгийн Гаалийн газарт" гэх албан бичиг,  2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тодорхойлолт зэрэг албан бичгүүдээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа хийгдэж, нэхэмжлэгч Т.Ш нь "аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргах нь миний бие Т.Ш шүүхийн шийдвэрээр Гаалийн газраас авах цалингийн зөрүүгийн төлбөрийг бүрэн гаргуулж авлаа, өөр нэхэмжлэх зүйлгүй" хүсэлт гаргасан Ө сумын 3-р багийн иргэн Т.Ш. 2012.10.3. гэж баримт үйлдсэн байх ба Б аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр "Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол" /дугааргүй/-оор Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрт 129 тоот гүйцэтгэх баримт бичигтэй төлбөр авагч Шакирт, төлбөр төлөгч Гаалийн газар-д холбогдох гүйцэтгэлийн ажиллагааг дууссанд тооцсугай, тогтоолын хуулбарыг талуудад мэдэгдэв гэснээр дуусгавар болсон байна.

 15.4. Хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 599 дугаартай Б аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны "Аймгийн Гаалийн газарт" гэх албан бичигт аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр Ө сумын 3 дугаар багийн иргэн Т.Шад группийн зөрүүг тогтмол цалингийн өсөлтөөр группийн хугацаанд сар бүр олгож байхыг танай газарт даалган шийдвэрлэсэн байна. Иймд 2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл зөрүүг тооцон Т.Ш-ад олгосон тул 10 дугаар сараас эхлэн тогтмол түүгээр олгож байхыг мэдэгдье гэжээ.

15.5. Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр тогтоосон үйл баримт нь дээрх үйл баримтуудаар дуусгавар болсон байх тул энэхүү шүүхийн шийдвэрийг Гаалийн газарт биелүүлэхийг даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг хариуцагч Б аймгийн Гаалийн газар нь биелүүлж, нэхэмжлэгч Т.Ш-ад сар бүр 170,463 төгрөгийг тогтмол олгож байсан нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь Гаалийн газрын ахлах нябо-гийн гаргасан журналаар нотлогдож байна. 

15.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй буюу шүүхийн шийдвэрийг нэг удаа биелүүлэхээс биш шүүхээс Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэхийг Б аймгийн Гаалийн газарт  даалгах боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

16. Тахир дутуугийн тэтгэвэр гэж даатгуулагчийг тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсвэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэжээ.  

16.1. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэг гаргаж өгсөн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон ББББ дугаартай актад: 1. овог Т, нэр Ш, нас 68, хүйс эрэгтэй, РД:АА000000, оршин суугаа газрын хаяг: Б Ө сумын 4-р баг, онош: үндсэн S82 Шилбэний яс шагайн хамт хугарах, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан үйлдвэрлэлийн осол, 2.Б аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр: 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ЭХМК-ын суурин хурлаар даатгуулагч Т овогтой Ш-нд ердийн өвчний жагсаалтын 1-10-33 хз заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 12 сараар сунгаж шийдвэрлэв. Шийдвэрийн хүчинтэй хугацаа: эхлэх 2022 он 07 сар 31 өдөр, дуусах 2023 он 07 сар 31 өдөр гэж комиссын бүрэлдэхүүн гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

16.2.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Т.Ш-ын 00000 дугаартай 1993 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нээсэн тэтгэврийн хувийн хэргээс харахад нэхэмжлэгч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон байх ба 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 00000 дугаартай тэтгэвэр тогтоолтын хуудас, 000000 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн бичилт, мөн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар сард олгох тэтгэврийн хэмжээ 500,000 төгрөг байна.

16.3. Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч Т.Ш нь АА000000 регистрийн дугаартай, 1954 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, одоогийн байдлаар 68 нас, 9 сар 21 хоногтой, мөн нэхэмжлэгч Т.Ш-ын 0000 дугаартай тэтгэврийн хувийн хэргээс харахад 1993 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тахир дутуугийн тэтгэврийг тогтоолгосон байх ба шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс тооцоход нийт 29 жил тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа юм байна.

16.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд өндөр насны тэтгэвэр авах эрхийн талаар заасан ба мөн хуулийн 4.1-т Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.Ш нь 69 настай байх ба өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй буюу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байна гэж үзлээ.

16.5. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 6/ "тэтгэврийн төрлийг сонгох эрх" гэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзлын дагуу хоёр буюу түүнээс дээш төрлийн тэтгэврийн эрх нэгэн зэрэг үүсч байгаа даатгуулагч тэтгэврийн төрлийг сонгож, тэтгэвэр тогтоолгон авах эрхийг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй гэж тус тус заасан байна.

Дээрх хуульд зааснаар тэтгэврийг төрлийг сонгож тогтоолгон авах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Т.Ш нь тэтгэврийн төрлийг сонгож тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа болох нь Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байна.

16.6. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай тогтоолоор батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмын 6 дугаар зүйлийн 6.1-д сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь дараах тохиолдолд Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэрийг харгалзан иргэний тэтгэврийг энэхүү журмын 4.1-д заасан хугацаа дууссан өдрөөс зогсоох шийдвэр гаргана, 6.1.2-д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн бол зогсоохоор тус тус журамласан байна.

16.7.Б аймаг Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаартай албан бичигт Т овогтой Ш нь 1993 оны 02 дугаар сараас Нийгмийн даатгалын сангаас Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон одоог хүртэл авч байгаа болно. Хувийн хэрэгт нь хадгалагдаж байгаа хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон, сунгасан бүх актуудыг хуулбарлаж байгууллагын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулан хүргүүлэв. Ажилласан жилийн хувьд ямар нэгэн байгууллагад ажиллаж байсан тухай хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нийгмийн даатгалын дэвтэр, архивын лавлагаа байхгүй байна. 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлдөг тул 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 14 жил 6 сар тэтгэврийн даатгалын шимтгэл төлснөөр тооцох юм гэжээ.

17. Нэхэмжлэгч Т.Ш-ын цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг Гаалийн газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй болно.

17.1. Нэхэмжлэгч Т.Ш нь Гаалийн газар нь 2011 оноос хойш цалин группийн зөрүүг нэмээгүй 170,463 төгрөгийг 10 жил 10 сарын турш одоо хүртэл өсөн нэмэгдэх дүнгээр өгөөгүй, миний эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа байдал нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

17.2.Нэхэмжлэгч Т.Ш-ад  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгч өөрийн шаардлагыг үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн шаардлага нотолж чадаагүй болно.

17.3. Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.6-д Гаалийн улсын байцаагчид дараах тусламж олгоно, мөн хуулийн 282.6.2-д тахир дутуу болсон тохиолдолд тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү олгоно гэжээ.

Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.6.2-т заасан нөхцөл байдал нь нэхэмжлэгч Т.Ш-ад хамаарахгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Т.Ш нь Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 125.1.1-т заасан үндэслэлээр Гаалийн газраас нөхөн төлбөрийг авч байсныг дурдсан байх ба заавал олгох хууль эрх зүйн зохицуулалт байхгүй болно.

17.4. Хариуцагч Б аймгийн Гаалийн газар нь нэхэмжлэгч Т.Ш-ад жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгох эсэх нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал учир шүүхээс Гаалийн газарт даалгах боломжгүй байна.

18.Иргэний хуулийн 74 зүйлийн 74.1-т хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж заасан байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа ерөнхий хугацаа арван жил байна гэжээ.  

Нэхэмжлэгч Т.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... 2011 оноос хойш 10 жил 10 сарын турш одоо хүртэл өсөн нэмэгдэх дүнгээр өгөөгүй, миний эрх зөрчигдсөн гэх ба эрх зөрчигдсөн бол Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан хугацаанд шаардлага гаргаагүй байна.

19. Б аймгийн Гаалийн газраас Т.Шад илүү олгогдсон 16,364,448 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч Б аймгийн Гаалийн газрын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

19.1. Сөрөг нэхэмжлэгч Б аймгийн Гаалийн газар нь хариуцагч Т.Ш нь хуульд заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэр эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн байх тул 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 16,364,448 төгрөгийг өгөх үндэслэлгүй байтал олгож ирсэн байна. Иймд 16,364,448 төгрөгийг хариуцагч Т.Шаас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч Т.Шад үндэслэлгүй болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

19.2.Сөрөг нэхэмжлэгч Б аймгийн Гаалийн газар нь хариуцагч Т.Ш-ад сар болгон 170,463 төгрөгийг олгож байсан гүйлгээний утгаас харахад тэтгэмж, цалин гэж, тэтгэмж /шүүх/ гэж олгож байсан нь сөрөг нэхэмжлэгч Б аймгийн Гаалийн газрын нотлох баримтаар гаргаж өгсөн Б аймаг дахь Гаалийн газрын ахлах нябо-гийн гаргасан журналаар нотлогдож байна.

19.3. Сөрөг нэхэмжлэгч Б аймгийн Гаалийн газар нь сайн дураар, маргаагүй сар болгон санхүүгийн тайланд тусгаж, мөн дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэж  Т.Шад 170,463 төгрөгийг олгож байсныг илүү үндэслэлгүй олгосон байна гэж үзэж хариуцагч Т.Шаас гаргуулах боломжгүй байна.  

20. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Ш-ын Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөгийг аймгийн Гаалийн газраас гаргуулахыг, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг Гаалийн газарт даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

21. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Ш-ын энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг, сөрөг нэхэмжлэгч Б аймгийн Гаалийн газар нь мөн хуулийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

22. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Гаалийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-1.2/557 дугаартай албан бичгээр ирүүлсэн Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Б/247 дугаартай тушаал, 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/249 дугаартай тушаал, 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/61 дугаартай тушаал, 2015 оны 06 дугаар сарны 26-ны өдрийн Б/246 дугаартай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/29 дугаартай тушаал, 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Б/25 дугаартай тушаал, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Б/561 дугаартай тушаал зэрэг баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.6.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ш-ын Б аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг аймгийн Гаалийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг, сөрөг нэхэмжлэгч Б аймгийн Гаалийн газрын хариуцагч Т.Ш-ад илүү олгогдсон 16,364,448 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Ш-ын энэхүү нэхэмжлэл, Б аймгийн Гаалийн газар нь төсөвт байгууллагын нэхэмжлэл тул тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     К.Б