Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 212/МА2023/00081

 

 

 

Т.Ш-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00293 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***** оршин суух Т.Ш-ын нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Гаалийн газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ч/-т холбогдох,

 

“Баян-Өлний аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

 

“Баян-Өлгий аймгийн Гаалийн газраас Т.Ш-ад илүү олгогдсон 16,364,448 төгрөгийг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тус тус гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч Т.Ш-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Т.Ш- нь Өлгий сумын 3 дугаар багт оршин суудаг, 68 настай, ам бүл 6, хүүхдүүдийн хамт амьдардаг. Миний бие 1993 оны 2 дугаар сард онгоцны буудалд ажлын цагаар Казахстаны онгоцонд үзлэг, шалгалт хийж, албан үүргээ гүйцэтгэж дуусаад ажлаа тараад буцах замдаа албаны унаагүйн улмаас байгууллагын буруугаас болж мотоциклд дайгдан явж байгаад машины осолд орж, эрүүл мэндээ алдаж, хохирч, байнгын тахир дутуу болж групп тогтоолгосон. Энэ нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

1.2. Би аймгийн Гаалийн газарт 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 2011 оноос хойш цалин группийн зөрүүг нэмээгүй зөрүү 170,463 төгрөгийг 10 жил 10 сарын турш одоо хүртэл өсөн нэмэгдсэн дүнгээр өгөөгүй тухай дурдаж үл маргах журмаар шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч янз бүрийн шалтгаан тайлбар ярьж, эрүүл мэндийн даатгал, групп сунгуулсан тухай Нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэндийн газарт албан тоот явуулна гэж чирэгдүүлж 3 сар болсон. Би үүнийг 2012 оноос хойш олон ч удаа амаар болон бичгээр нэмж өгөхийг хүсэж шаардаж байсан. 2011 оноос 2022 оны 12 дугаар сар дуустал, мөн 2023 оны 01, 02, 03 дугаар сар хүртэл 57,615,674 төгрөг нэхэмжилж байна. Өмнө нь авч байсан 170,463 төгрөгийг 2022 оны 12 дугаар сараас хойш өгөхгүй зогсоосон. Тиймээс 2022 оны 12 дугаар сар 2023 оны 01, 02, 03 дугаар сар хүртэлх 681,852 төгрөгийг мөн нэхэмжилж байна. Энэ бүгдийг нэмэхээр нийт 58.297.526 төгрөг болж байна.

1.3. Иймд Баян-Өлний аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг аймгийн Гаалийн газарт даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Баян-Өлгий аймгийн Гаалийн газар сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлсэн. Тус шийдвэрийн тогтоох хэсэгт “...цаашид цалингийн зөрүү тогтмол өсөлтөөр сар бүр олгож байхыг Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт үүрэг болгосугай” гэсэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгаас үзэхэд, Т.Ш-ын группийн хугацаа сар бүр цалингийн өсөлтөөр ямар хэлбэр, хэдэн төгрөгөөр тооцож олгохыг заагаагүй. Тиймээс хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

2.2. 1993 онд нэхэмжлэгч Т.Ш- нь үйлдвэрийн осолд орох үед Гаалийн газарт шалгагч гэдэг албан тушаалд ажиллаж байсан. Шалгагч гэдэг нь гаалийн улсын байцаагчид туслах үүрэгтэй ачаа тээврийг шалгах үүрэг хүлээдэг. 2008 онд Гаалийн тухай хууль шинэчлэн найруулагдахад тус хуулиар шалгагч гэдэг орон тоо байхгүй болсон. Нэхэмжлэгч Т.Ш- гаалийн улсын байцаагчтай адилхан цалин авна, би төрийн тусгай албан хаагч гэж хэлж байна. Тухайн үед үйлдвэрийн осолд орохдоо үйлчилгээний албан тушаалтан буюу шалгагч байсан. Үйлдвэрийн осолд орох үед авч байсан албан тушаалын зэрэглэл нь ТТ биш ТҮ байсан. Одоо нэхэмжлэл гаргахдаа би ТТ байсан ТТ-гээр цалинжина гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн цалин 841,216 төгрөг байх ёстой гэж төрийн тусгай албан хаагч гаалийн улсын байцаагчийн цалин хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2.3. 2008 оны Гаалийн тухай хуулиар шалгагч гэсэн орон тоо байхгүй болсон. Тиймээс тухайн үед бодогдож байсан цалингаар буюу 170,463 төгрөгөөр тооцож олгох болохоос одоо ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчтай адилхан цалингаар цалин олгох боломжгүй. Ажилласан жилийн нэмэгдэл бусад нэмэгдлийг тухайн ажилтан ажиллаж байгаа тохиолдолд олгодог болохоос ажлаа хийгээгүй хүнд олгодог нэмэгдэл биш.

2.4. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журмын 5.1.2-д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн, мөн Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний 362 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацааг олгох журмын 6.1.2-д нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн хүний тэтгэмжийг зогсоохоор зохицуулсан байна. Үүнээс харахад, заавал тэтгэвэрт гарсан байхыг шаардахгүй бөгөөд тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийг зогсооно гэж заасан. Нэхэмжлэгч Т.Ш-ын өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн байгаа учраас Нийгмийн даатгалаас олгох тэтгэмж нь тэтгэвэр авсан эсэхээс үл шалтгаалан зогсоно гэж заасан байх тул Т.Ш-ын нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Т.Ш-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн агуулга:

3.1. Баян-өлгий аймаг дахь Гаалийн газар нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч Т.Ш-ад сар бүр 170,463 төгрөгийг тогтмол олгож ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 5 дугаар тэтгэвэр тэтгэмжийг зогсоох бүлгийн 5.1.2 /Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн/, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа олгох журмын 6 дугаар тэтгэвэр тэтгэмжийг зогсоох бүлгийн 6.1.2. нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг зогсоохоор зохицуулсан байна.

3.2. Хариуцагч Т.Ш- /РД:**********/ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зайлд “Өндөр насны тэтгэвэр авах эрх” 1.Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэр эсвэл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн байх тул Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 16,364,448 төгрөгийг өгөх үндэслэлгүй байтал олгож ирсэн байна. Иймд илүү олгосон 16,364,448 төгрөгийг хариуцагч Т.Ш-аас гаргуулж өгнө үү.

 

4. Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

4.2. Миний бие Баян-Өлгий аймгийн Гаалийн хороонд шалгагчаар ажиллаж байх үед үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл 1993 оноос хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд өнөөдрийг хүртэл 30 гаруй жил тэтгэвэр болон шүүхийн шийдвэрийн дагуу цалингийн зөрүүг ажил олгогчоос авч амьдарч байна.

4.3. Монгол Улс халамжийн бодлоготой улс. Холбогдох хуульд зааснаар Монгол Улсын иргэн Төрийн ажил албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон тохиолдолд энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан арилах хүртэл улс нь тухайн хүний нийгмийн баталгааг хангах, халамжлах үүргээ гүйцэтгэдэг учиртай. Миний бие улсад 20 хүрэхгүй жил ажилласан байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй юм. Энэхүү үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл хариуцагч тал, түүний төлөөлөгчөөс холбогдох хуулийн тодорхой зүйл, заалт, зохицуулалтуудыг илт мушгин тайлбарлаж намайг төлбөр төлөх ёстой мэтээр үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад нь харамсаж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

 5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00293 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.6.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ш-ын Баян-Өлний аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаартай шийдвэрийг биелүүлэх, 2011 оноос хойш олгоогүй цалин, группийн зөрүү болох 57,615,674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1, 2, 3 дугаар саруудын зөрүү 681,852 төгрөг, нийт 58,297,526 төгрөг гаргуулж, цаашид жил бүрийн төсөвт тусгаж цалингийн санд суулгаж өгч группийн зөрүүг тогтмол цалингийн нэмэгдсэн өсөлтөөр сар бүр олгож байхыг аймгийн Гаалийн газарт даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг, сөрөг нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Гаалийн газрын хариуцагч Т.Ш-ад илүү олгогдсон 16,364,448 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Ш-ын энэхүү нэхэмжлэл, Баян-Өлгий аймгийн Гаалийн газар нь төсөвт байгууллагын нэхэмжлэл тул тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

6.1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлд зааснаар Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, эд, мөнгөний тусламж авах эрхтэй. Миний бие Баян-Өлгий аймгийн Гаалийн хороонд шалгагчаар ажиллаж байх үед үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл 1993 оноос хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 30 гаруй жил Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, шүүхийн шийдвэрийн дагуу цалингийн зөрүүг ажил олгогчоос тус тус авч амьдарч ирсэн.

6.2. Монгол Улс халамжийн бодлоготой улс. Холбогдох хуульд зааснаар Монгол Улсын иргэн төрийн ажил албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон тохиолдолд энэхүү хүндэтгэн үзэх шалтгаан арилах хүртэл улс нь тухайн хүний нийгмийн баталгааг хангах, халамжлах үүргээ гүйцэтгэдэг учиртай.

6.3. Миний бие улсад 20 хүрэхгүй жил ажилласан байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй юм. Энэхүү үйл баримт хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдоно. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

6.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00293 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Үйлчлүүлэгч Т.Ш- нь Баян-Өлгий аймгийн Гаалийн хороонд шалгагчаар ажиллаж байхдаа 1993 онд үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон, өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авдаг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Зохигчдын хэн аль нь энэ тухай маргаагүй байна.

7.2. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4/-т “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах...” гэж, мөн зүйлийн 5/-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, ...эд, мөнгөний тусламж авах эрхтэй;” гэж, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт “...төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй...” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй" тус тус заасан байна.

7.3. Хавтаст хэрэгт цугларсан иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг нотлох баримтуудаас харахад үйлчлүүлэгч Т.Ш- нь 1954 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн бөгөөд одоо 68 настай байна. Үйлчлүүлэгч Т.Ш-ын хувьд 14 жилийн нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдсөн байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй, өөр байдлаар тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд эрх зүйн байдал нь доордох юм. Өөрөөр хэлбэл, холбогдох хуульд зааснаар үйлчлүүлэгч Т.Ш- 65 нас хүртэл нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэй гэж үзэж байна. Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүхээс холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

7.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00293 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсээр ирсэн. Манай байгууллага нь цаашид нэхэмжлэгчийн цалингийн зөрүүг олгох боломжгүй. Мөн цалингийн зөрүү хүссэн талаар хүсэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа.

8.2. Уг шүүхийн шийдвэрт “цалингийн зөрүүг тогтмол цалингийн өсөлтөөр группийн хугацаанд олгож байх” гэж тусгасан боловч ямар хэмжээгээр, ямар хугацаанд тооцож олгох талаар заагаагүй байгаа. Хуульд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол тэтгэмжийг зогсоохоор заасан. Нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох хуульд заасан нас нь болсон байхад тэтгэвэр тогтоолгоогүй. Насан туршдаа Гаалийн байгууллагаас цалин авахаар нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

            9. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

            10. Нэхэмжлэгч Т.Ш- нь хариуцагч Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газарт холбогдуулж “2011 оноос хойш олгоогүй тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүү 57.615.674 төгрөг, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1-3 дугаар саруудын тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүү 681.852 төгрөг, нийт 58.297.526 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, цаашид уг зөрүүг цалингийн өсөлтөөр, сар бүр тооцож, тогтмол олгож байхыг хариуцагчид үүрэг болгох” тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “тус Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэр зохих ёсоор биелэгдээгүй, тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг зохих ёсоор, нэмэгдсэн дүнгээр, сар бүр тогтмол өгөөгүй, 2022 оны 12 дугаар сараас эхлэн зогсоосон, 2011 оноос 2022 оны 12 сар хүртэл уг зөрүүг 170.463 төгрөгөөр дутуу тооцож олгосон” гэж тайлбарлажээ.

 

11. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ “Т.Ш- тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг сар бүр 170.463 төгрөгөөр тогтмол олгож ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 5.1.2 дахь заалт, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмын 6.1.2-т зааснаар нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах эрх үүссэн бол нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг зогсооно. Т.Ш- нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэр, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх нь үүссэн тул Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүүд шилжүүлсэн 16.364.448 төгрөгийг буцаан шаардаж байна” гэж тайлбарлажээ.

 

12. Хэрэгт зохигч болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчдөөс Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэр, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлсэнтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, Т.Ш-ын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон баримтууд, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр тогтоолтын хуудас, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээ, Т.Ш-ын 2011-2020 оны ХААН банк дахь дансны хуулга болон нэхэмжлэлийн үндэслэлийг 2 хувилбараар тооцож гаргасан хүснэгтүүд, Т.Ш-ад олгож байсан тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүү тусламжийн 2014 оноос 2020 оны 3 дугаар сарын байдлаар гаргасан тооцоо, Т.Ш-ын тэтгэврийн хувийн хэрэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Гаалийн ерөнхий газрын даргын 2012, 2013, 2014, 2015, 2019, 2020 оны албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийг шинэчлэн тогтоосон тушаалууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

13. Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, талуудаас гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж хэргийн үйл баримт болон хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлуудыг сэргээн тогтоож, улмаар зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаанд хамаарах хууль тогтоомжийг сонгож, тайлбарлан хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөх замаар маргааныг шийдвэрлэх байтал шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэж заасан шаардлагыг хангаагүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна.

 

14. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь дээрх үйл баримтуудаар дуусгавар болсон байх тул энэхүү шүүхийн шийдвэрийг Гаалийн газарт даалгаж шийдвэрлэх боломжгүй. Учир нь ... Гаалийн газар нь уг шийдвэрийг биелүүлж, Т.Ш-ад сар бүр 170.463 төгрөгийг тогтмол олгож байсан...” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулж бус, харин Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр “...цаашид зөрүүг тогтмол цалингийн өсөлтөөр группийн хугацаанд сар бүр олгож байхыг Баян-Өлгий аймгийн Гаалийн газарт үүрэг болгож” шийдвэрлэсэн тул уг шийдвэрийн дагуу дутуу авсан гэх, тодруулбал “2011 оноос хойш дутуу олгосон тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүүгээр олгох тусламжийн зөрүү” болон уг шийдвэрт хамааралгүй “2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1-3 дугаар саруудын тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүү тусламжийн мөнгийг бүтнээр нь” тооцоолон хариуцагчаас шаардсан байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлд шүүх “шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт” гэсэн хууль зүйн дүгнэлт өгөхдөө Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 323 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Гаалийн газарт хандаж “2012 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл зөрүүг тооцож Т.Ш-эд олгосон, 10 дугаар сараас эхлэн тогтмол түүгээр олгож байхыг мэдэгдье” гэж албан бичиг /хэргийн 173 дахь тал/ хүргүүлж байсныг анхаараагүй байна.

 

            15. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба мөн зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг /эсхүл  хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбарыг/ гагцхүү зохигч талууд гаргана, цаашилбал мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж талуудын мэтгэлцэх зарчим, шүүх хөндлөнгийн байх хууль ёсны зарчмын агуулгыг тогтоосон. Гэтэл зохигч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд болон шүүх хуралдаанд “Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг болон 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлүүд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарах эсэх талаар мэтгэлцээгүй, энэ талаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн хэн аль нь тайлбар гаргаагүй байхад шүүх “Т.Ш- нь ... Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасан хугацаанд шаардлага гаргаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр явуулах, шийдвэрийг гагцхүү анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах хууль ёсны зарчмыг ноцтой зөрчсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            16. Мөн нэхэмжлэгчээс хариуцагч Гаалийн газарт холбогдуулан (1) 2011 оноос хойш дутуу олгосон гэх тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүү буюу ажил олгогчоос дутуу олгосон тусламжид нийт 57.615.674 төгрөг, (2) 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 1-3 дугаар саруудын тахир дутуугийн тэтгэвэр болон албан тушаалын үндсэн цалингийн зөрүү 681.852 төгрөг, (3) цаашид уг зөрүүг цалингийн өсөлтөөр, сар бүр тооцож, тогтмол олгож байхыг хариуцагчид үүрэг болгох зэрэг гурван төрлийн шаардлагыг, хариуцагч байгууллагаас Т.Ш-ын тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн буюу 60 нас хүрсэн үеэс эхлэн түүнд олгосон тусламжийн мөнгө 16.364.448 төгрөгийг буцаан шаардсан сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасан байхад уг шаардлага бүрийн хууль зүйн болон бодит үндэслэлд тус тусдаа эрх зүйн дүгнэлт өгч, түүнд хамаарах хуулийн нийцэлд /субсумц хийх/ эрх зүйн үнэлэлт өгөөгүй байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дугаар зүйлд заасан хуульчилсан шаардлагыг хангаагүй гэж үзэв.

 

            17. Анхан шатны шүүх хариуцагчийн тодорхой үндэслэл бүхий сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийг тодорхойлох хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, түүнд хамаарах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад бүхий л нөхцөл байдлуудын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж тодорхой дүгнэлтэд хүрээгүй, түүнчлэн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хууль тогтоомжийн хэргийн үйл баримтад хамааралт байдалд дүн шинжилгээ хийж, шүүхээс хэрэглэх эсэх, эсхүл тухайн үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэргийн үйл баримтад эрх зүйн үнэлэлт өгөх замаар талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх байтал сөрөг нэхэмжлэлийн талаар “шүүхийн шийдвэрийг үндэслэж Т.Ш-ад 170.463 төгрөг олгож байсныг үндэслэлгүй олгосон байна гэж үзэж Т.Ш-аас гаргуулах боломжгүй” гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            18. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.6.2 дахь заалтыг шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурдаж, мөн тогтоох хэсэгт баримталсан байх бөгөөд хуулийн уг зохицуулалтуудыг хэргийн үйл баримтад хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн талаарх хууль зүйн дүгнэлт анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байдал нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдлыг үгүйсгэж, хэргийн оролцогчийн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх, ойлгох эрхийг зохистой хангаагүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ Гаалийн тухай хуулийн 282 дугаар зүйлийн 282.6 дахь хэсэгт гаалийн улсын байцаагчийн эрхийн баталгааны нэг төрөл болох түүнд олгох тусламжийн талаар буюу мөн хэсгийн 282.6.2 дахь заалтад “гаалийн улсын байцаагч тахир дутуу болсон тохиолдолд албан тушаалын үндсэн цалингийн зөрүүгээр тусламж олгох” гэж заасныг үндэслэл болгосон бол шүүх хэргийн үйл баримтад хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн, эсхүл нас барсан ажилтны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг дараах хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг ажилтан, эсхүл түүний гэр бүлд нэг удаа олгоно:” гэж заасан зохицуулалтыг баримталсан нь ойлгомжгүй, тодорхойгүй болжээ. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг тодорхойлохоос гадна зохигчийн шүүхэд мэдүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг мэдэх үндсэн эрхийг хангахад чухал ач холбогдолтойг зориуд тэмдэглэж байна.  

 

            19. Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж, тэдгээрийн хууль зүйн болон бодит үндэслэлд нэг бүрчлэн дүгнэлт өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан болон Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалд нийцүүлэн шийдвэрийг боловсруулж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг зөв тодорхойлж, үндсэн нэхэмжлэлийн хувьд, тухайлбал:

  • Т.Ш-ын 2011 оноос хойш 2022 оныг дуустал нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд авч байсан тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоосон баримт бичгүүд болон эрх бүхий байгууллагаас тогтоосон тэтгэврийн хэмжээтэй уялдуулж;
  • мөн дээрх цаг хугацаанд гаалийн улсын байцаагчийн албан тушаалын үндсэн цалингийн хэмжээ өөрчлөгдсөн байдалд;
  • улмаар Т.Ш-ын авсан тахир дутуугийн тэтгэвэр болон гаалийн улсын байцаагчийн албан тушаалын үндсэн цалин зөрүүтэй эсэхийг тус тус хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлэх замаар нарийвчлан тус тус тогтоож, энэ талаар Гаалийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг хэрэглэж, нэхэмжлэл үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх;

Сөрөг нэхэмжлэлийн хувьд, тухайлбал:

  • Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан хугацаанд буюу 2014 оны 02 дугаар сараас сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд Т.Ш-ад хариуцагчаас олгосон тахир дутуугийн тэтгэвэр болон гаалийн улсын байцаагчийн албан тушаалын үндсэн цалингийн зөрүүг бодитой тогтоох;
  • дээрх үйл баримтад холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг үндэслэж “Т.Ш-ад тахир дутуугийн тэтгэвэр болон гаалийн улсын байцаагчийн албан тушаалын үндсэн цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тусламж”-ийг ямар хугацаанд /60, 65 нас хүртэл, эсхүл бүх насаар нь олгох, эсхүл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаанд олгох, олгохгүй байх эсэх/ олгох эсэх, эсхүл олгохгүй байгаа хариуцагчийн татгалзалд хууль зүйн дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэх,
  • мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журмын 5.1.2, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 362 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журмын 6.1.2-т заасан зохицуулалт Гаалийн байгууллагаас Т.Ш-ад олгосон тусламжийг буцаан шаардах, эсхүл олгохгүй байх хууль зүйн үндэслэл болох эсэх зэрэг маргааны үйл баримт болон түүнийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлаж бүрэн, бодитой тогтоож, тэдгээрийн хууль зүйн болон бодит үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгаж, хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

20. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг тайлбарлаж хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй үйл баримтын талаар шүүхийн шийдвэрт дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүхэд мэдүүлэх эрхийг ноцтой зөрчсөн, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй зэрэг үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

21. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн үйл баримт болон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бүхий л нөхцөл байдлуудын талаар бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцээгүй буюу тогтоогдоогүй үйл баримт, хэргийн нөхцөл байдлын талаар эрх зүйн дүгнэлт хийх эрхгүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн үйл баримтад холбогдуулж “нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэж гаргасан нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

22. Анхан шатны шүүхийн шийдвэрийн огноог “2022” гэж буруу ташаа бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2023/00293 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК