Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2023/000186

 

 

 

 

2023        03             31                                     103/ШШ2023/00186

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол, өөрийн байранд байрлах, Х............ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Багануур дүүргийн ............ дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, Б .........-д холбогдох хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын захирал: Ө.П

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.М

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.А

           Хариуцагчийн өмгөөлөгч: А.К

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов. 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............................ ХХК нь хариуцагч  ...................... ТӨХК-д холбогдуулан  хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь өөрсдийн тайлбар, татгалзлалаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дүгээр зарлигаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан байдаг ба тухайн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах  ажлуудын нэг болох сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг манай компани холбогдох байгууллагуудын шийдвэрээр Б ТӨХК-ийг түшиглэн байгуулахаар болсон. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулахад төрийн баримталж байсан чиглэл нь өөрийн хөрөнгөөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих эдийн засгийн, технологийн боломжтой хуулийн этгээдэд энэхүү боломжийг олгож байсан ба манай компанийн хувьд Оюуны өмчийн газраас олгосон №2240 тоот ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч болохын хувьд өөрийн гэсэн үндсэн технологи, тухайн үеийн төрөөс баримталж буй бодлогын хүрээнд Б ТӨХК-ийг түшиглэн эрчим хүчний зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж цаашид агаарын бохирдлыг буруулах чиглэлээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж харилцан ашигтай ажиллахаар тохиролцсон байсан. Бидний зүгээс дээрх ажлыг 100 хувь өөрийн үндсэн хөрөнгөөр бий болгосон бөгөөд тухайн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах хүртэл манайхаас гаргасан зардал нь 1,110,123,400 төгрөг болсон. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №2016/05/01 хамтран ажиллах гэрээг Б ТӨХК болон Х ХХК нарын хооронд байгуулан ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу талууд эрх эдэлж, үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд оролцсон. Гэвч 2018 онд улс төрийн шийдвэрээр бидний хамтын ажиллагааг дуусгавар болгох чиглэлийг тухайн үеийн Эрчим хүчний сайдаас хариуцагчид өгсөний дагуу гэрээг дуусгавар болгох тухайгаа манайд мэдэгдсэн, талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компанийн оруулсан хөрөнгийг 2 талын ажлын хэсэг гарч эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэр гараагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд энэ талаар тусгаж өгсөн байдаг ба манай зүгээс гэрээнд заасны дагуу хамтарсан комисс гарч хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, тухайн оруулсан хөрөнгийн хэмжээг ямар байдлаар үнэлэх, ямар нөхцөлөөр буцаан өгөх талаар шийдвэр гарах вэ гэдгийг хүлээж байсан. Гэтэл манайхаас гаргасан хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй байж 2019 оны 06 дугаар сарын 08-ны едөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанийг хариуцагчаар татаж шүүхийн маргаан эхэлсэн. Манай зүгээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй өөрийн санхүүжилтээр хөрөнгө оруулсан 1,110,123,400 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж оролцсон бөгөөд энэхүү маргаан нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, Монгол Улсын Дээд шүүхээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Гэтэл Б ТӨХК-ийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан ба шүүхийн зүгээс нэхэмжлэгч нэхэмжпэлээсээ татгалзах эрхээ хэдийд ч хэрэгжүүлэх боломжтой гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамтатган шиидвэрлэдэг учраас мөн манайхаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхисон. Хариуцагчийн зүгээс “талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг хамтарсан комисс байгуулан эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэнэ" гэдэг байдлаар шүүхийн маргааныг дуусгавар болгосон бөгөөд энэ тухай 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манайд хамтарсан комисс байгуулах гэж буй тухайгаа албан бичгээр мэдэгдсэн. Манай зүгээс тухайн албан бичгийн хариуд хамтарсан комисст орох саналаа тухайн үед холбогдох эрх бүхий этгээдтэй утсаар холбогдож мэдэгдсэн. Гэвч тухайн комиссын зүгээс ямар нэгэн ажиллагаа явуулж манай компанийн оруулсан хөрөнгө оруулалтыг тодорхойлж буцаан олгох талаар шийдвэрлээгүй ба манай компанийн эрхийг сэргээх ажиллагаа хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Дээрх комисст манай төлөөллийг оруулаагүй хэрнээ 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр  “Үйлдвэрийн ажлын байр чөлөөлөх тухай” албан бичгийг ирүүлсэн бөгөөд энэхүү бичгээр өөрийн тоног төхөөрөмжүүдээ хураан авах тухай дурдсан байсан. Уг нь дээрх комисс нь манайхаас гаргасан хөрөнгө  оруулалтыг хэрхэх талаар шийдвэрлэх байтал тоног төхөөрөмжийг буцаан авсанаар цаана нь хэдэн төгрөгийн хохирол учирч буй талаар тодорхой шийдвэр гаргаагүй байна. Тухайн тоног төхөөрөмжийг манайх буцаан авсан ч үндсэн зориулалтын дагуу өөр байдлаар ашиглах боломжгүй бөгөөд  зөвхөн Б ТӨХК- ийн дулаан үйлдвэрлэх зууханд зориулж угсарч тоноглосон эд ангиуд байгаа бөгөөд төрөөс барьж буй чиглэлийн дагуу өөрсдийн нөөц боломжийг ашиглан төртэй хамтран ажиллаж, ашиг олох гэсэн зорилготой байсан ажиллагааг ийнхүү зогсоосноор бизнесийн байгууллагын хувь хөрөнгийг үнэгүйдүүлсэн шийдвэр гаргасан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл нь дээд газрын шийдвэр гэж тайлбарласан боловч энэ нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл биш бөгөөд хууль болон гэрээгээр, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдал бий болоогүй байсан, Иргэний хуульд зааснаар 2 талын гэрээнд аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал учирсан хохирлоо шаардах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хамтын зорилгоо хэрэгжүүлж харилцан ашигтай байх, ажиллах нөхцөлөөр хангах үүргээ зөрчсөн үйлдэл байх ба үүнээс шалтгаалан хамтран ажиллах боломжгүй болсон нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т ... “гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-т “....зохих ёсоор биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг бүрэн арилгах” гэж заасны дагуу үйлдвэрийг барихад зарцуулсан 1,110,123,400 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тухайн үйлдвэрийг байгуулахад гаргасан зардал нь манай байгууллагад учирсан хохирол гэж үзэж болох бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг одоогийн байгаа байдлаас салган авч бусад байдлаар ашиглах боломжгүй бөгөөд гэрээний дагуу хамтран ажиллаж эцсийн бүтээгдэхүүн гарган авч өөрийн зардлаа нөхөх боломжтой гэдэг байдлаар техник, эдийн засгийн тооцооллоо хийсэн байсан бөгөөд хамтын ажиллагааг тогтвортой үргэлжпүүлэх шаардлагатай байсан. Гэвч нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан нь дээрх хугацаанд олох байсан орлогыг олох боломжийг алдагдуулсан байна. Иймд Б ТӨХК-иас 1,110,123,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Х ХХК-ийн  захирал Ө.П шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:  Тухайн үед Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, холбогдох  яамдын сайд нар, энэ чиглэлийн бизнес эрхлэгчид, болон оюуны өмчийн газрын төлөөллүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт дуудаж уулзалт хийсэн. 10 гаруй компанийг шалгаруулж, агаарын бохирдлыг бууруулах ажилд өөрийн хөрөнгөөр хамтарч ажиллах тухай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэр гарч Эрчим хүчний яам, Байгал орчны яам, Уул уурхайн яамны сайд нарт үүрэг өгсөн. Ингээд манай компани тухайн үеийн Эрчим хүчний яамны дэд сайдын хурлаар шинжлэх ухааны техник эдийн засгийн үндэслэлээ оруулж, батлуулсан. Ингээд Б ТӨХК-д яамны дэд сайд үүрэг өгч, хамтарч ажиллах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу бид жилийн хугацаанд БНХАУ-аас холбогдох тоног, төхөөрөмжөө захиалж, оруулж ирээд  үйлдвэр барих, угсрах, хариуцагч талын гаргаж өгсөн 2 зуухан дээр өөрчлөлт хийж ажлуудыг хийж  тодорхой хугацааны дараа туршилтын ажил эхэлсэн. Туршилтын хугацаанд гаргасан кокс болон коксоор хийсэн утаагүй түлш нь стандартын шаардлага хангаж байна гэсэн дүгнэлт гарч бид нар бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд Баянгол дүүрэг, Төмөр замын депо, Багануурын болон орон нутгийн зарим аж ахуйн нэгжүүдэд зарж борлуулаад үйл ажиллагаа явагдаж байсан. Гэтэл 2016 оны эхээр хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа удаагүй манай 20 гаруй цахилгаан хөдөлгүүрүүд  хулгайд алдагдаж Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч эзэн холбогдогч нь олдохгүй байна гээд хэргийг хаасан гэсэн сураг дуулдсан. Тухайн тоног төхөөрөмжүүд  Б ТӨХК, БНХК-ийн обьектод байрлаж байсан. Энэ 2 байгууллага хамтын гэрээтэй, цэрэгжсэн харуул хамгаалалттай байгууллага. 20 гаруй хөдөлгүүр нэгэн зэрэг хулгайд алдагдах ямар ч боломжгүй.  Энэ хөдөлгүүрүүд алга болсноос үүдэн манай үйл ажиллагаа доголдож эхэлсэн. Эдгээр хөдөлгүүрүүдгүйгээр түлш үйлдвэрлэх боломжгүй болж үйл ажиллагаа ерөнхийдөө зогсонги байдалд орсон. Ингээд үйл ажиллагаа доголдож байх хугацаанд 2018 онд яамнаас захиргааны шийдвэр гарч хариуцагч тал танайхтай байгуулсан гэрээгээ цуцалж байгааг мэдэгдсэн. Бид энэ үед нөгөө талыг гэрээгээ дүгнэх байх, эрх зүйн харилцаанд орох байх гэсэн хүлээлттэй байсан. Гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан, үүний дагуу бид хариуд нь сөрөг нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх дээр манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэр гарсан. Энэ шийдвэрийг Багануурын Дулааны станц эс зөвшөөрч 2 шатны шүүхэд гомдол гаргасан, дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаах шийдвэр гарсан. Анхан шатны шүүх дээр хэрэг ирсний дараа эднийх нэхэмжлэлээ татаж авсан. Бидний сөрөг нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ учраас харьяаллын дагуу Багануур дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Манай нэхэмжлэлийн шаардлага бол хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа  гэв.

3.Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Эрчим хүчний яамнаас өгсөн чиглэлийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 04-ний  өдөр Х ХХК-тай станцын  2 зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх зорилгоор “Хамтран ажиллах гэрээ” байгуулж туршилтын ажил хийгдсэн. Туршилтын ажлын явцад манай станцын К-4, К-9 зуухны ачаалал авалт техникийн өөрчлөлтөд ороогүй байх үеийнхээс 30 хувиар буурч үндсэн тоноглолууд ажиллах боломжгүй болсон. Тус хамтран ажиллах гэрээний дагуу зөвхөн туршилтын ажил хийгдсэн бөгөөд хийгдсэний дараа дээрх 2 зуухыг дулааны эрчим хүч үйлдвэрлэх болон хагас кокс үйлдвэрлэх чиглэлээр ажиллуулаагүй бөгөөд манай талаас оруулсан хөрөнгө оруулалт болох станцын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэ 2 зуух нь одоо дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй, ямар ч ажиллагаагүй үхмэл хөрөнгө болоод байна. Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь “Хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123.400 төгрөгийг гаргуулан авах” гэж тодорхойлсон байна. Гэтэл манай байгууллагын К-4, К-9 зуухнуудыг зөвхөн хагас кокс, дулааны эрчим  хүч хослон  үйлдвэрлэдэг болгон техникийн өөрчлөлт хийгдсэн бөгөөд шахмал түлшний үйлдвэр огт байгуулагдаагүй болно. Хамтран ажиллах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шахмал түлшний үйлдвэр огт байгуулагдаагүй, зөвхөн хагас коксыг дулааны эрчим хүчний хамт хослон үйлдвэрлэхээр техникийн өөрчлөлт хийгдэж, туршилт хийгдсэн юм. Гэтэл нэхэмжлэгч нь ”коксын үйлдвэр” болон “сайжруулсан шахмал түлшний үйлдвэр” байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлгүй байна. Шахмал түлшний үйлдвэр байгуулагдаагүй, тусгай гэрээгээр зохицуулахаар харилцан тохиролцсон байтал нэхэмжлэлийн шаардлагаа ‘коксын үйлдвэр” болон “сайжруулсан шахмал түлшний үйлдвэр” гэсэн 2 тусдаа үйлдвэр барьж байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлж, баригдаагүй байгаа шахмал түлшний үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтын зардлыг  нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна. Б ТӨХК, Х ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” нь шахмал түлшний үйлдвэр барих, харилцан ашиг хүртэх, хамтын ажиллагааны гэрээ биш тул Х ХХК нь төсөл хэрэгжүүлэх явцад барьсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг Б ТӨХК-иас  нэхэмжлэх  хууль болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй юм. Манай байгууллагын зүгээс хамтарсан комисс ажиллуулья, гэрээгээ дүгнэе гэж олон удаа амаар болон бичгээр “Хөх чоно групп”  ХХК-д хандсан боловч одоо хүртэл хариу  өгөөгүй. Манай байгууллага нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/01 дугаартай  албан бичгээр Х ХХК-д хандаж хамтран ажиллах гэрээгээ дүгнэх, талуудын оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэх талаар хамтарсан комисс байгуулж ажиллуулья гэсэн боловч албан бичигт дурдсан хугацаанд болон дараа нь ямар нэгэн байдлаар холбогдоогүй бөгөөд манай удирдлагын зүгээс утсаар холбогдох гэхэд утсаа авдаггүй, очиход дарга удирдлага нь байдаггүй тул албан бичгийн хариуг авч чадаагүй байсан. Саяхан шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 2 компанийн холбогдох хүмүүс уулзаад гэрээгээ дүгнэх гэсэн боловч тодорхой шийдэлд хүрч чадалгүй уулзалт амжилтгүй болсон. 2022 оны 07 сард “Хөх чоно групп”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.П манай  байгууллагын удирдлагад хандаж К-4,К-9 зууханд суурилуулсан тоног төхөөрөмжөө буулгаж авъя, танайх ажилчдаа гаргаад буулгаад өгчих гэж утсаар ярьсан бөгөөд тухайн үед Х ХХК-иас ямар тоноглолуудыг яаж буулгах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, энэ асуудпаар комисс ажиллаагүй болно. Гэтэл гэнэт Багануур дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, манай байгууллагаас 1,110,123,400 төгрөг нэхэмжилсэн байна. Манай байгууллага нь 2018 оноос өмнө гэрээгээ дүгнэх, хамтран ажиллах комисс байгуулах, цаашид гэрээний 3.4 дэх хэсэг зөрчигдөж үндсэн тоноглолд хийгдсэн техникийн өөрчлөлтийн улмаас нэмэлт хийгдсэн хийцэд гарсан гэмтлээс шалтгаалж  горим ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хар утаа хаяж, доголдоод байгаа эөрчлийг хэрхэх талаар техникийн шийдэлд хүрэх зорилгоор олон удаа тус байгууллагад хандсан боловч энэ талаар тус компанийн зүгээс ямар ч хариу өгөөгүй бөгөөд 2016 онд туршилт хийгдсэний дараа тус компанийн ажилчид тоног  төхөөрөмжөө хаяад явсан. Дээрх 2 зуух нь ажиллахгүй байх нь станцын горим ажиллагаа хэвийн явагдахад сөргөөр нөлөөлж, халаалтын улиралд бэлтгэлд байх зуухны тоо хүрэлцэхгүй, иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангаж чадахааргүй аваарийн нөхцөл байдалтай байна. Х ХХК нь анхнаасаа хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.9 дэх  заалтыг зөрчсөн бөгөөд станцын горим ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй байх үүрэгтэй юм. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй бөгөөд горим ажиллагаанд сөргөөр нөлөөлсний улмаас дээрх 2 зуух нь туршилт хийгдсэнээс хойш ажиллах ямар ч боломжгүй  болсон. Манай зүгээс нэхэмжлэгч Х ХХК-д станцын зуухны горим ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа гэмтлийг засах, гэрээний үүргийн зөрчлийг арилгах  хангалттай хугацаа өгсөн бөгөөд 2016 оноос хойш зөрчил арилгаж тоног төхөөрөмжөө өөр төхөөрөмжөөр солих, дахин туршилт явуулах, зуухыг доголдолгүй ажиллуулах боломж нөхцөл байсаар байхад нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй. Иймд манай байгууллагын зүгээс гэрээнээс татгалзахаас өөр аргагүй болсон бөгөөд зуухыг буцааж хэвийн байдалд нь оруулах, халаалтын улиралд халуун бэлтгэлд байлгах, аваарь осолгүй ажиллах үүрэг дээд байгууллагаас өгсөн тул 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ асуудал 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Энэхүү хэргийг дахин хэлэлцүүлэхээр Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхэд буцаахдаа талууд маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө хамтран ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан “....2 талын хамтарсан комисс хуралдан гэрээг цаашид үргэлжлүүлэх болон цуцлах эсэхийг шийдвэрлэх, гэрээг цуцалж, дуусгавар болгосон тохиолдолд талуудын оруулсан хөрөнгө оруулалт, эд хөрөнгийн асуудлыг хамтарсан комиссын шийдвэрээр зохицуулах” заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй байна гэх дүгнэлтийг хийсэн. Манай талд гэрээгээр хүлээсэн 4 үүрэг байгаа, үүнийгээ бүрэн биелүүлсэн. Манай компани бол 100 хувь төрийн өмчит компани юм. Манай байгууллагад ямар нэгэн эд хөрөнгө олж авах, тусгаарлах, бусдад шилжүүлэх, хандивлах зэрэг нь байгууллагын удирдлагын шийдвэрээр болдоггүй, хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн үндсэн дээр хийгддэг. Тэгэхээр манай байгууллагад улсын комиссын шийдвэрээр хүлээлгэж өгөөгүй эд хөрөнгөд манай байгууллага хариуцлага хүлээхгүй. Туршилтын ажил 2013 оноос эхэлж хийгдсэн, 2016 онд гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулагдсанаас хойш эдний үйл ажиллагаа явагдаагүй. Тоног төхөөрөмж алдагдсан үйл баримтад манай байгууллагын буруу байхгүй, эдний байгууллага манайд ямар ч эд хөрөнгө хүлээлгэж өгөөгүй. 2 зуух маань 2013 оноос хойш үхмэл хөрөнгө болсон байгаа.  Яамны ажлын хэсгээс та нар бэлэн байдлаа ханга, яагаад 2 зуухыг үндсэн зориулалтаар нь ашиглахгүй, хэчнээн жил болох юм бэ? гэсэн. Магадгүй манайх анх шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол энэ асуудал хэзээ ч яригдахгүй байж л байх байсан байх, ямар ч санал байхгүй, гэрээ дүгнэх тухай ярьдаггүй, зүгээр л орхиод явсан байдаг. Иймд Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
 

4.Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч БНДС ТӨХК-иас шаардлага, татгалзлалын үндэслэлээ нотлох зорилгоор   Х ХХК-ийн 2022613 улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.01.04-ний өдрийн ................ дугаартай хамтран ажиллах гэрээний хуулбар, Б ТӨХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, 2015. 02.25-ны өдрийн ............ дугаартай Б ТӨХК-ийн техникийн өөрчлөлт хийгдсэн зуухны ажиллагааны үед үйлдвэрлэгдэж буй хагас коксын гарцыг хэмжсэн тухай актын хуулбар, 2013.05.29-ний өдрийн ........... дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолын хуулбар, Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, 2013.09.26-ны өдрийн .......... дугаартай Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалын хуулбар, 2014.02.26-ны өдрийн ........... дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны  хамтран ажиллах тухай тодорхойлолтын хуулбар, 2013.06.03-ны өдрийн .............. дугаартай гэрээ байгуулах  албан бичгийн хуулбар, 2013.01.30-ны өдрийн .............. дугаартай Монгол Улсын Эрчим хүчний яамны  албан бичгийн хуулбар, 2014.01.21-ний өдрийн ............... дугаартай Ашигт малтмалын газрын  Х ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, 2014.10.17-ны өдрийн .............. дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Х ХХК-д хүргүүлсэн хамтран ажиллах тухай  хүсэлтийн хуулбар,  Б ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлүүдийн хуулбар, 2015.03.27-ны өдрийн Техникийн комиссын актын хуулбар,  2013.08.22-ны өдрийн ............... дугаартай Агаарын чанарын албаны  Х ХХК-тай гэрээ байгуулах талаар хүргүүлсэн мэдэгдлийн хуулбар, Үйлдвэрлэлийн  ажлын байр чөлөөлүүлэх  мэдэгдлийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/02819 дугаартай  шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 155 дугаартай магадлалын хуулбар, Хяналтын шатны шүүхийн 001/ХТ2021/01320 дугаартай тогтоолын хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШЗ2022/02905 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, үйлдвэр барихад зарцуулсан 1,110,123,400 төгрөгтэй холбоотой орлого зарлагын баримтууд,  нэмэгдсэн өртгийн татварын падаан, Багануур дахь үйлдвэрийн хөрөнгө оруулалтын жагсаалт, кассын дансны хуулга, гадаад шилжүүлгийн даалгавар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс ........... дугаартай албан тоот, Б ТӨХК-иас  2018.08.07-ны өдрийн ............... тоот албан бичиг, 2018.06.05-ны өдрийн Ажлын хэсгийн тайлан дүгнэлт, Эрчим хүчний сайдын 2018.07.09-ний өдрийн ................. тоот албан бичгийн хуулбар, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас ..............хуудас нотлох баримтуудыг  шаардан гаргуулж авсан, мөн талуудын хүсэлтээр баригдсан гэх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжид үзлэг хийсэн болно.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

           1.Нэхэмжлэгч Х ХХК-иас  хариуцагч Б ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

           2.Нэхэмжлэгч Х ХХКнь шаардлагын үндэслэлээ: “Талуудын хооронд  байгуулагдсан  хамтран ажиллах гэрээнд зааснаар талуудын аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг  арилгах үүрэгтэй ба коксын үйлдвэр болон сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барихад зарцуулсан 1,110,123,400 төгрөгийг гэрээг хугацаанаас өмнө цуцалсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тал болох Б ТӨХК хариуцаж арилгах үүрэгтэй” гэж, хариуцагч Б ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:  ” Х ХХК, Б ТӨХК-ийн хооронд байгуулагдсан “хамтран ажиллах гэрээ”  нь шахмал түлшний үйлдвэр барих, түүнээс харилцан ашиг хүртэх, хамтын ажиллагааны гэрээ  биш,   хууль болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус  тодорхойлжээ.

3.Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд

-2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн .................. дугаартай Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор Агаарын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2012 оны 171 дүгээр зарлигийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.3, 3.1.5, 3.1.7, 3.1.11 дэх заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 18 дугаар тогтоолыг үндэслэн хагас кокс болон шахмал түлшний үйлдвэр байгуулах санал ирүүлсэн компаниудаас төвсийн санхүүжилтээр хөрөнгө оруулалтаа бие даан шийдэх, технологи нь үйлдвэрлэлд нэвтэрсэн эсэх, түүхий эдийн нийлүүлэлт баталгаатай эсэх, бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа болон бүтээгдэхүүн нь холбогдох стандартыг хангасан эсэхийг харгалзан Х ХХК-тай бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг  холбогдох байгууллагуудад үүрэг болгож, Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаас Б ТӨХК-ийг түшиглэн барих хагас кокс, шахмал түлшний техник эдийн засгийн үндэслэлийг дэмжснээр Х ХХКтөслийг хэрэгжүүлэх  туршилтын ажлыг эхлүүлсэн байна. /хх-ийн 15-26, 28, 30 дугаар тал/

-Х ХХКнь Б ТӨХК-ийг түшиглэн тэдний эзэмшлийн К-4, К-9 зуухуудыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон  өөрчилж хагас кокс шахмал түлшийг үйлдвэрлэх туршилтын ажлыг хийж эхэлсэн бөгөөд туршилтын хугацаанд Х ХХКүйлдвэрлэлийг явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авчирч суурилуулан хагас кокс, шахмал түлшийг үйлдвэрлэж эхэлсэн, туршилт явуулах хугацаанд К-9 зуухны өөрчлөлтийн дараах дулааны эрчим хүч болон кокс, хагас кокс хослон үйлдвэрлэлтийн туршилтын ажил амжилттай болсныг үндэслэн БНДС ТӨХК-ийн удирдах зөвлөлийн 2013.12.06-ны өдрийн хурлаар К-9 зуухыг тасралтгүй ажиллуулах боломжтой гэж дүгнэсэн, цаашид К-4 зуухыг К-9 зуухны загвараар яаралтай өөрчлөх, утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэрийг  барих асуудлыг шийдвэрлүүлэх, гэрээ байгуулж ажиллахыг 2 компанийн захирлуудад зөвшөөрчээ. /хх-ийн 24 дүгээр тал/

- БНДС ТӨХК-ийн удирдах зөвлөлийн 2014.12.25-ны өдрийн хурлаар цаашид хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах талаар хэлэлцсэн байх бөгөөд тухайн хурлаас талууд хамтран ажиллах гэрээгээр үйлдвэр барихад шаардлагатай тоног төхөөрөмж, компанийн тоног төхөөрөмж, үйлдвэр барих газрын асуудал, бүтээгдэхүүн хуваах асуудал, өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, гэрээг байгуулахаас өмнө төрийн өмчийн хороогоор хөрөнгийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлсний дараа гэрээ байгуулах боломжтой гэсэн шийдэлд хүрсэн байна. /хх-ийн 25-26 дугаар тал/

-БНДС ТӨХК-иас 2015.12.07-ны өдөр 1/173  дугаартай албан бичгийг Х ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд тус албан бичигт “...Агаарын бохирдлыг бууруулах төрийн бодлого, үйл ажиллагааны тодорхой бус байдлаас бүтэн жил үр ашиггүй сул зогсолт хийж байгаа талаар, ...утаагүй шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг шийдэж өгөх талаар Эрчим хүчний яам, Уул уурхайн яаманд хандсан боловч хариу өгөөгүй талаар,...утаагүй шахмал түлш үйлдвэрлэх зөвшөөрлийг холбогдох байгууллагаас яаралтай авах, үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааг хийж төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулах талаар “ тус тус дурджээ./хх-ийн 29 дүгээр тал/

- Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, Төрийн өмчийн хорооноос дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд талууд 2016.01.04-ний өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулж, гэрээгээр А тал буюу  Б ТӨХК зуухны  өөрчлөлт болон үйлдвэр барихтай холбоотой материал  сэлбэг,  тоног төхөөрөмж, машин механизмд хяналт тавьж оруулах  бэлэн бүтээгдэхүүнийг гаргах зөвшөөрлийг саадгүй олгох, зуухны өөрчлөлт болон хагас кокс үйлдвэрлэх явцад үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөр нөхцөл бий болох тохиолдолд Б талд шаардлага тавьж  шалтгааныг арилгуулах, Б тал буюу Х ХХКнь К-9, К-4 эрчим хүчний зуухыг эрчим хүч, хагас кокс хослон үйлдвэрлэдэг зуух  болгон өөрчлөх, техник технологийн  боломж үндэслэлийг  А талын инженер  техникийн ажилтнуудад танилцуулах, харилцан санал солилцох, хагас кокс үйлдвэрлэх явцад А талын Дулааны эрчим хүч үйлдвэрлэлтийн горим ажиллагаанд нөлөөлөхгүй байх зэрэг үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 9-10 дугаар тал/

-Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар 2 буюу түүнээс дээш этгээд ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллаж болохыг зохицуулсан. Талууд хамтран ажиллах гэрээгээр хамтын ажиллагаа явуулах зорилго, удирдлагын бүтэц, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэл, эд хөрөнгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байгаа нь  хуульд заасан хамтран ажиллах гэрээний үндсэн шинжүүдийг агуулсан байна. /хх-ийн 9-11 дүгээр тал/

-Талууд 2016.01.04-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч гэрээг байгуулахаас өмнө буюу 2013-2015 онуудад талуудын хооронд ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам, Уул уурхайн яам зэрэг холбогдох байгууллагуудаас өгсөн заавар, журам, үүрэг, чиглэлийн дагуу амаар харилцан ярилцаж БНДСтанцын  2 зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөн, үйлдвэр баригдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, талууд гэрээгээр тохиролцсон гэх эрх үүргээ урьдчилан хэрэгжүүлсэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж худалдан борлуулах үйл ажиллагаанууд явагдсан байна. 2016.01.04-ний өдөр гэрээ байгуулагдсаны дараа удаагүй 2016 оны эхээр  үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээс 20 нэр төрлийн цахилгаан хөдөлгүүрүүд хулгайд алдагдсанаас үүдэн утаагүй түлш үйлдвэрлэх үйл ажиллагаа зогсонги байдалд орсон бөгөөд хамтран ажиллах гэрээ  Эрчим хүчний сайдаас өгсөн гэрээг цуцлах, зуухнуудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах чиглэлийн дагуу хариуцагч талыг гэрээнээс татгалзах хүртэл буюу 2018.08 сар хүртэл бодитойгоор хэрэгжиж чадаагүй байна. /хх-ийн 12-14, 24-29,83,85,90, 79-249 дүгээр тал, 2, 3 дугаар хавтас, 4 дүгээр хавтаст хэргийн 1-94, 110-147, 154-171 дүгээр тал/

- 2016.01.04-ний өдөр талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэдий ч тухайн гэрээ бодитойгоор бүрэн хэрэгжээгүй, гэрээний дийлэнх нөхцөлүүд гэрээ байгуулахаас өмнө хэрэгжиж дууссан байсан учраас гэрээгээр хүлээсэн үүргээ талууд зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, гэрээг хууль буюу гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цуцалсан эсэх, гэрээ цуцалсанд хэн нь буруутай, хэн аль нь ямар зөрчил гаргасан эсэхийг шүүх дүгнэх боломжгүй гэж үзлээ. Энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш Х ХХК-иас ямар нэгэн хөрөнгө оруулалт, үйлдвэрийн тоног төхөөрөмж нэмж байршуулсан гэх үйл баримт байхгүй байна.

-Гэрээний 4.3-т ”Хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотой  асуудлыг тусгай гэрээгээр зохицуулна”, 9.3-т “Гэрээний талуудын аль нэг тал гэрээнээс татгалзах санал гаргасан тохиолдолд 2 талын хамтарсан комисс хуралдан гэрээг цаашид үргэлжлүүлэх болон цуцлах эсэхийг шийднэ”, 9.4-т “Гэрээ цуцлагдаж дуусгавар болсон тохиолдолд талуудын оруулсан хөрөнгө оруулалт, эд хөрөнгийн асуудлыг 2 талын хамтарсан комиссын шийдвэрээр зохицуулна” гэж тус тус тусгажээ. Б ТӨХК нь гэрээнээс татгалзаж буйгаа Х ХХК-д мэдэгдэж, улмаар гэрээнээс учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр хэрэг маргаан хэлэлцэгдэж,  Хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх шатанд нэхэмжлэгч гэрээний 9.3, 9.4 дэх заалтыг хэрэгжүүлсний дараа шүүхэд хандана гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан. Б ТӨХК-иас Х ХХК-д 2022.01.04-ний 1/01 дугаартай  албан бичгээр  хамтран ажиллах гэрээг дүгнэх, хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх саналыг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй учраас 2022.05.12-ны өдөр 1/237 дугаартай албан бичгээр өөрийн хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдээ  хураан авч ажлын байрыг суллаж өгөхийг мэдэгдсэн байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд гэрээний 9.3,9.4-т заасан асуудлаар уулзалт зохион байгуулсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй талаар талууд шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно./хх-ийн 31-52 дугаар тал/

4. Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Х ХХКнь анхнаасаа өөрийн хөрөнгөөр шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулах, уг үйлдвэрийн төсөл санхүүжилтээ бие даан шийдвэрлэж бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх, хүсэл зоригоо холбогдох эрх бүхий байгууллагуудад илэрхийлж төсөл хэрэгжүүлэх эрхийг олж авсан. Талуудын хооронд хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлаар ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй байхад нэхэмжлэгч Х ХХКнь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Хариуцагч Б ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаанаас гэрээ цуцлагдсан, хамтран ажиллах гэрээний үүргээ хариуцагч тал зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөгөөр хохирсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй,  нэхэмжлэгч талд учирсан хохиролд хариуцагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэггүй, хариуцлага ногдуулах хууль эрх зүйн үндэслэлгүй, нөгөөтэйгүүр хариуцагч тал болох Б ТӨХК-д шахмал түлшний үйлдвэр барьж байгуулахад хамтран ажиллах хүсэл зориг байгаагүй, Засгийн газар, холбогдох яамдын өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрийн эзэмшлийн 2 зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх зорилгоор нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн байна гэж шүүх дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгч тал шахмал түлшний үйлдвэр барьж байгуулахад 1,110,123,400 төгрөгийн зардал гаргасан гэдгийг шүүх үгүйсгээгүй болно.

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,708,576  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар  Х ХХК, Б ТӨХК-иудын хооронд үйлдвэр барьж ашиглан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр Х ХХК-иас хариуцагч Б ТӨХК-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөг гаргуулах  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар Х ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,708,576   төгрөгийг улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 2,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-иас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкан дахь 100000142787 тоот дансанд оруулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ЦЭЦЭГДУЛАМ.