Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01156

 

 

“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг  даргалж, шүүгч Д.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2023/00186 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х-” ХХК-ийн хариуцагч “Б-” ТӨХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд нийт 1,110,123,400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А, хариуцагчийн өмгөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулсан ба тус хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу агаарын бохирдлыг бууруулах ажлуудын нэг болох сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийг манай компани холбогдох байгууллагуудын шийдвэрээр “Багануурын дулааны станц” ТӨХК-ийг түшиглэн байгуулахаар болсон. Тухайн үед агаарын бохирдлыг бууруулахад төрийн баримталж байсан чиглэл нь өөрийн хөрөнгөөр сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барих эдийн засгийн, технологийн боломжтой хуулийн этгээдэд энэхүү боломжийг олгож байсан ба манай компанийн хувьд Оюуны өмчийн газраас олгосон №2240 тоот ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч болохын хувьд өөрийн гэсэн үндсэн технологи, тухайн үеийн төрөөс баримталж буй бодлогын хүрээнд “Б-” ТӨХК-ийг түшиглэн, эрчим хүчний зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх, хагас кокс үйлдвэрлэх үйлдвэрийг өөрийн хөрөнгөөр барьж цаашид агаарын бохирдлыг буруулах чиглэлээр сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж харилцан ашигтай ажиллахаар тохиролцсон байсан. Бидний зүгээс дээрх ажлыг 100 хувь өөрийн үндсэн хөрөнгөөр бий болгосон бөгөөд тухайн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах хүртэл манайхаас гаргасан зардал нь 1,110,123,400 төгрөг болсон. Талууд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр №2016/05/01 хамтран ажиллах гэрээг байгуулан, ажиллаж эхэлсэн ба талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу талууд эрх эдэлж, үүрэг хүлээн эрх зүйн харилцаанд оролцсон. Гэвч 2018 онд улс төрийн шийдвэрээр бидний хамтын ажиллагааг дуусгавар болгосон. Гэрээний дагуу манай компанийн оруулсан хөрөнгийг 2 талын ажлын хэсэг гарч эд хөрөнгийг хэрхэх талаар шийдвэр гараагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд энэ талаар тусгаж өгсөн байдаг ба манай зүгээс гэрээнд заасны дагуу хамтарсан комисс гарч хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, тухайн оруулсан хөрөнгийн хэмжээг ямар байдлаар үнэлэх, ямар нөхцөлөөр буцаан өгөх талаар шийдвэр гарах вэ гэдгийг хүлээж байсан. Гэтэл манайхаас гаргасан хөрөнгийг хэрхэх талаар шийдвэрлээгүй. Тухайн тоног төхөөрөмжийг манайх буцаан авсан ч үндсэн зориулалтын дагуу өөр байдлаар ашиглах боломжгүй. Иргэний хуульд зааснаар 2 талын гэрээнд аль нэг тал гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал учирсан хохирлоо шаардах эрхтэй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хамтын зорилгоо хэрэгжүүлж харилцан ашигтай байх, ажиллах нөхцөлөөр хангах үүргээ зөрчсөн үйлдэл байх ба үүнээс шалтгаалан хамтран ажиллах боломжгүй болсон нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэхээр байна. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д зааснаар үйлдвэрийг барихад зарцуулсан 1,110,123,400 төгрөгийг хариуцагч “Б-” ТӨХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хамтран ажиллах гэрээний дагуу зөвхөн туршилтын ажил хийгдсэн бөгөөд дулааны эрчим хүч үйлдвэрлэх болон хагас кокс үйлдвэрлэх чиглэлээр ажиллуулаагүй бөгөөд манай талаас оруулсан хөрөнгө оруулалт болох станцын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 2 зуух нь одоо дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй, ямар ч ажиллагаагүй үхмэл хөрөнгө болоод байна. Хамтран ажиллах гэрээний 4.3-т зааснаар хагас коксжсон шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглахтай холбоотой асуудлыг тусгай гэрээгээр зохицуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шахмал түлшний үйлдвэр огт байгуулагдаагүй, зөвхөн хагас коксыг дулааны эрчим хүчний хамт хослон үйлдвэрлэхээр техникийн өөрчлөлт хийгдэж, туршилт хийгдсэн юм. Гэтэл нэхэмжлэгч нь коксын үйлдвэр болон сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлгүй байна. Манай байгууллагын зүгээс хамтарсан комисс ажиллуулья, гэрээгээ дүгнэе гэж олон удаа хандсан боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Үндсэн тоноглолд хийгдсэн техникийн өөрчлөлтийн улмаас гарсан гэмтлээс шалтгаалж горим ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хар утаа хаяж, доголдоод байгаа эөрчлийг хэрхэх талаар техникийн шийдэлд хүрэх зорилгоор олон удаа тус байгууллагад хандсан боловч энэ талаар тус компанийн зүгээс ямар ч хариу өгөөгүй. Манай зүгээс нэхэмжлэгч “Х-” ХХК-д станцын зуухны горим ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа гэмтлийг засах, гэрээний үүргийн зөрчлийг арилгах хангалттай хугацаа өгсөн бөгөөд 2016 оноос хойш зөрчил арилгаж тоног төхөөрөмжөө өөр төхөөрөмжөөр солих, дахин туршилт явуулах, зуухыг доголдолгүй ажиллуулах боломж нөхцөл байсаар байхад нэхэмжлэгч тал үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Х-” ХХК, “Б-” ТӨХК-иудын хооронд үйлдвэр барьж ашиглан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй үндэслэлээр “Х-” ХХК-аас хариуцагч “Б-” ТӨХК-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээ цуцалсантай холбоотой өөрийн хөрөнгө оруулалтаар коксын үйлдвэр, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалт болох 1,110,123,400 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар “Х-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,708,576 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, 1,110,123,400 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай. Хамтын ажиллагаа явж байтал 2018 онд Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу 1 талын санаачилгаар гэрээг цуцалсан байдаг. Иргэний эрх зүйн үндсэн зарчим болох зөрчигдсөн эрхийг хамгаалах хүрээнд өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, түүнийг ашиглах эрхээ хэрэгжүүлж чадахгүй болсон нөхцөл байдлыг өөрт учирсан хохирол гэдэг байдлаар тодорхойлж түүнийгээ шүүхээр гаргуулан авахаар хандсан боловч шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөрөнгө оруулалт хийх болсон зорилго нь гэрээ байгуулан хамтран ажиллах байсан ба Б- ТӨХК-ийг түшиглэн барьсан үйлдвэрийг ажиллуулахад дээрх гэрээг байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үйлдвэрийг үндсэн зориулалтын дагуу ашиглаж үр шимийг нь хүртэж орлого олох зорилготой байсан бөгөөд энэ талаарх ТЭЗҮ-ээ боловсруулсан байдаг. Үүнийг шүүхээс буруу дүгнэсэн.

 

4.а.Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шаардсан бөгөөд хоёр талын гэрээнд талууд харилцан хоорондоо гэрээний дагуу эрх, үүргийг хэрэгжүүлж оролцох ёстой бөгөөд дээд газрын шийдвэр гэдэг байдлаар шууд гэрээний харилцааг дуусгавар болгож болохгүй юм. Аливаа иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх, үүрэг гэрээгээр тодорхойлогдох бөгөөд гэрээгээр тохирсон нөхцөл нь тэдний баримтлах гол зарчим нь байтал хэн нэгэн этгээдийн хөндлөнгийн нөлөөллөөс шалтгаалж нөгөө талдаа илтэд хохиролтой шийдвэр гаргасан тул энэхүү шийдвэрийн үр дагавраас үүссэн хохирлыг хариуцан арилгах нь зүйд нийцэхээр байна. Энэ хүрээнд гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгосонтой холбоотой өөрт учирсан хохирлоо буюу зөрчлөөс өмнөх үеийн байдлаа нөхөн сэргээхээр мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Талуудын хүсэл сонирхолоос ангид гэрээг цуцалсан явдал нь нөгөө талын буруутай үйлдэл гэж үзэж байгаа үндэслэл нь талууд гэрээгээр харилцан ашигтай джиллах талаар тохиролцсон байгаа нь энэхүү гэрээ үргэлжилж байж хамтын зорилго болох ашиг олох боломжтой байхаар байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн шинжээч томилж тухайн үйлвэрт зарцуулсан хөрөнгө оруулалтыг үзлэг, тодорхойлуулсан байдаг ба дээрх үйлдвэрийн бүтээн байгуулалт болон технологийн өөрчлөлтийг хийсэн болохыг тогтоосон хэрнээ үүнд зарцуулсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй мөнгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Тухайн үйлдвэр төрийн захиргааны шийдвэр гаргасан байгууллагууд ямар нэгэн үйлдвэр бариулж үүний үр дүнг шаардаагүй бөгөөд зөвхөн танайх үйлдвэрээ бариад агаарын бохирдлыг бууруулах хүрээнд үр дүнтэй ажил зохион байгуулах аваас бидний зүгээс бүх талаар дэмжин ажиллах болно гэх тохиролцоотой байсан ба энэ үйлдвэрлэлтийн явцыг тасралтгүй хэвийн нөхцөлөөр ажиллуулах нөхцөл бүрдүүлэхийг төрийн холбогдох байгууллагууд хариуцагч болох Б- ТӨХК-д үүрэг болгосон байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 1,110,123,400 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь гомдолдоо Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь үүрэг зөрчсөнөөс үүсэх харилцааг зохицуулдаг. Хариуцагч тал хамтран ажиллах гэрээний 4.1-4.5-д заасан үүргээ биелүүлсэн буюу инженер техникийн ажилтнууд ажиллах ажлын өрөөгөөр хангасан, бараа материалыг оруулж гаргах зөвшөөрлийг саадгүй олгож байсан, зуухны өөрчлөлт болон хагас кокс үйлдвэрлэх явцад үйлдвэрлэлийг үйл ажиллагаанд сөргөөг нөлөөлөх нөхцөл байдал бий болж байгаагүй бөгөөд гэрээний 3.4-т зааснаар хагас кокс үйлдвэрлэх явцад гарсан техникийн гэмтэлтэй холбоотой асуудлыг Б тал хариуцахаар тохиролцсон тул үүргийн зөрчил гаргаагүй. Туршилтын ажиллагаа болох 72 цагийн явцад зуухны технологийн хийцэд техник талаас саатал гарсан тул “Х-” ХХК хагас кокс үйлдвэрлэх үйл явцыг үргэлжлүүлээгүй, шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрлэл явуулаагүй. 2016 оноос хойш 2 зуух нь үхмэл хөрөнгө болсон бөгөөд дулааны эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй, хагас кокс үйлдвэрлэхэд боловсон хүчингүй байсан гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч “Х-” ХХК нь хариуцагч “Б-” ТӨХК-д холбогдуулан “талууд хамтран ажиллах гэрээ байгуулан, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулахаар тохиролцсон, манай компани 1,110,123,400 төгрөгөөр хөрөнгө оруулсан боловч хариуцагч тал нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан” гэх үндэслэлээр 1,110,123,400 төгрөг гаргуулахаар шаардсан.

3.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “хамтран ажиллах гэрээний дагуу зуухыг хагас кокс, дулааны эрчим хүч хослон үйлдвэрлэдэг зуух болгон өөрчлөх туршилтын явцад зуухны ачаалал техникийн өөрчлөлтөд ороогүй байх үеийнхээс 30 хувиар буурч, үндсэн тоноглолууд ажиллах боломжгүй болсон, энэ талаар нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй” гэж тайлбарлажээ.

4.Талуудын байгуулсан “Хамтран ажиллах нэртэй” гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдож байх боловч аль тал нь үүргийн зөрчил гаргасан болох, мөн гэрээг хууль буюу гэрээнд заасан журмын дагуу цуцалсан эсэх нөхцөл байдал маргаантай байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй гэж үзлээ.

4.а.Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х-” ХХК нь сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг бий болгоход зарцуулсан үнийн дүнг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /4хх-ийн 94-95-р тал/. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ШЗ2023/00049 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангаж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /4хх-ийн 102-104-р тал/.

4.б.Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн байхад анхан шатны шүүх дээрх шинжээч томилсон захирамждаа 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хууль буюу хүчингүй болсон хуулийн заалт /Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2/-ыг баримталсан нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Тодруулбал, анхан шатны шүүх шинжээчээс Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.3, 10.4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тодруулаагүй, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй.

5.Түүнлэн, анхан шатны шүүх зохигчийн хүсэлтээр “Б-” ТӨХК-ийн үйлдвэр дэх К4, К9 зуухны технологийн өөрчлөлт хэвийн ажиллаж байгаа эсэхэд үзлэг хийсэн байна. /4хх-ийн 155-171-р тал/

5.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үзлэг хийх ажиллагааг явуулахдаа шүүх хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хоёроос доошгүй хүн оролцуулахаар тогтоосон. Уг ажиллагаанд оролцож байгаа хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг хүлээж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй.

5.б.Үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нар оролцсон талаар тусгагдсан байх боловч тэдгээрийн эрх зүйн бүрэн чадамжтай эсэхийг нотлох иргэний үнэмлэх эсхүл биеийн байцаалт бүхий албан ёсны бичиг баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой болоогүй гэж үзэхээр байна.

6.Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар талаас 3 дугаар хавтаст хэргийн 245 дугаар тал хүртэл нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай байж болох нотлох баримтууд авагдсан боловч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

7.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулсан байна гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаар зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 103/ШШ2023/00186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 5,708,567 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.АЛТАНЦЭЦЭГ                         

                                         ШҮҮГЧИД                              Д.ЗОЛЗАЯА

                                                                             Г.ДАВААДОРЖ