Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 143/ШШ2023/00115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 01 өдөр Дугаар 143/ШШ2023/00115 Даланзадгад сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч, 

 

Хариуцагч: Ж.Ч

 

Хариуцагч: Д.Э

 

Зээлийн гэрээний үүрэгт 3 980 053.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, С.О*******, хариуцагч Ж.Ч*******, Д.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч К******* ХХК-ийн Банкны эрх хүлээн авагч Т.Д******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар К******* ХХК-д Банкны эрх хүлээн авагч томилж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А-354 дүгээр тушаалаар Банкны эрх хүлээн авагчийг өөрчлөн томилсон. Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3, 69 дүгээр зүйлийн 69.1.2 дахь хэсэгт заасны дагуу К*******, түүний эрх бүхий албан тушаалтны бүрэн эрх, банкийг төлөөлөх, удирдах болон банкны хөрөнгийг захиран зарцуулах эрх Банкны эрх хүлээн авагчид шилжсэн.

Зээлдэгч Ж.Ч*******, Д.Э******* нар нь 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №235 дугаартай зээл боон барьцааны гэрээг К*******-тай байгуулж 6 000 000 /зургаан сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 5 ханатай бүрэн гэр, 3м*4м харьцаатай төмөр пин, бор өнгөтэй, ******* улсын дугаартай, ******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй ******* автомашин, улсын дугаартай гэрчилгээний дугаартай маркийн бор ногоон өнгөтэй автомашинуудыг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зээлдэгчийн К*******ин дахь тоот дансанд 6 000 000.00 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлсэн.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зээлдэгч сар бүр зээлийн хүүг төлж, зээлийн гэрээний хугацааны эцэст буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 6 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 3 176 775.35 төгрөг, рүү 5 379 725.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135 360 төгрөг, нийт 8 691 860.54 төгрөгийг төлснөөс хойш дахин төлөлт хийгээгүй, зээл төлөлтийн хуваарийг зөрчсөн байна. Ж.Ч*******, Д.Э******* нараас 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №235 дугаар зээлийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр бүрэн барагдаж дуусаагүй байгаа тул шүүхэд хандаж байна.

Иймд Ж.Ч*******, Д.Э******* нараас 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №235 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 823 224.65 төгрөг, хүү 1 156 829.34 төгрөг, нотариатын төлбөр 4 000 төгрөг нийт 3 984 053.99 /гурван сая есөн зуун наян дөрвөн мянга тавин гурван төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж К******* ХХК-ийн Банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол К*******-тай 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №235 дугаар Барьцааны гэрээ-гээр барьцаалагдсан барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Жич: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрх төлөөлөгч, Банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл гэж заасны дагуу Банкны эрх хүлээн авагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлдэгч Ж.Ч*******, Д.Э******* нар нь 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 238 дугаартай зээл болон барьцааны гэрээг К*******тай байгуулж 6 000 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг сарын 2.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлсэн. Зээлдэгч нар нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хүртэл хугацаанд 3 176 775.35 төгрөг, хүүнд 5 379 725.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 135 360 төгрөг, нийт 8 691 864.54 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг болон зээлийн гэрээний холбогдох заалтуудыг зөрчиж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр бүрэн барагдаж дуусаагүй байх тул шүүхэд хандсан.

Иймд Ж.Ч*******, Д.Э******* нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 828 224.65 төгрөг, зээлийн хүү 1 156 829.34 төгрөг, нэхэмжлэл гаргахад гарсан нотариатын зардал 4 000 төгрөг, нийт 3 980 053.99 төгрөгийг гаргуулж банкны эрх хүлээн авагчид олгуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт төлбөрийн чадваргүй болсон банканд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

Нотлох баримт дутуу бүрдүүлж өгсөн гэж хариуцагч тал тайлбарлаж байна. Дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтийг гаргаж өгсөн. Дансны хуулган дээр зээл авсан, зээл хэрхэн төлөгдсөн зэрэг бүх зүйл тодорхой харагдаж байгаа. Тухайн зээлийг авснаас хойш хүү хэрхэн бодогдож явсныг хүү тооцооллын хүснэгт дээр тодорхой байдлаар гаргаж үзүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд банкны эрх хүлээн авагч гэх ажлын алба нь томилогдсноос хойш төлбөрийн чадваргүй болсон иргэд, аж ахуй нэгж, төрийн хохирлыг барагдуулах чиг үүрэгтэйгээр онцгой ажиллагааны хүрээнд ажиллаж байгаа. Тухайн үед зээлдэгч нар нь банкны бүртгэлийн суурь систем дээр эрэн сурвалжлагдах захирамжтай, эрэн сурвалжлах шийдвэртэй, цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа гэсэн тайлбартай байсан. Цаг хугацааны хувьд 2022 оны 05 дугаар сард Ж.Ч*******, Д.Э******* нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Банкны эрх хүлээн авагч нь төлбөрийн чадваргүй болсон банкан дээр томилогдож ирж төлбөр барагдуулах ажиллагааг хийж байгаа. Энэ нь хэвийн ажиллагаатай банк гэсэн үг биш. Нөгөө талаар энэ нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэж үзэж болно. Энэ тал дээр шүүх харж үзэж дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна.

Хариуцагч Ж.Ч*******, Д.Э******* нараар төлбөр барагдуулах эрчимтэй ажиллагааг хэрэгжүүлж, төлбөрөө төлөхийг шаардаж явсан. Мэдэгдэл хүргүүлсэн боловч мэдэгдлээ хүлээж авдаггүй. Банк, эрх бүлхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль гэж байдаг. Энэ хуульд зээлийн төлбөр төлөгдөж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүүг тооцно гэж заасан байдаг. Нөгөөтээгүүр, хүн ёсныхоо хувьд Ж.Ч*******, Д.Э******* гэх хүмүүс 6 000 000 төгрөгийг банкнаас бодитоор аваад ашиглачихсан. Үндсэн зээлийн үлдэгдэл 2 823 224.65 төгрөг байгаа. Ядаж үүнийгээ төлөх шаардлагатай байна. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс томилогдож ирсэн хугацаанаасаа хойш зээлийн төлбөрийг төлүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг авч, шаардаж, үүнийгээ нотлох баримтаар батлаад явж байгаа гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй. Н.Г******* төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна гэв.

 

2. Хариуцагч Ж.Ч*******, Д.Э******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №235 дугаартай зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 3 980 000 төгрөгийг Ж.Ч*******, Д.Э******* нараас гаргуулах тухай нэхэмжпэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч талаас өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарлах нь:

1. К******* ХХК-н зүгээс 2007 онд олгогдсон зээлийн гэрээний төлбөрийн үүргийг зээлдэт Ж.Ч*******, Д.Э******* нар 2012 оноос хойш зөрчиж эхэлсэн. 2013 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар зээлийн төлбөр төлөөгүй гэх агуулгатай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч бидний санаж байгаагаар 2013 оноос хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй гэдэг нь үнэн. Яагаад гэвэл 2012 онд зээлийн төлбөрийн үлдэгдлийг дүү Ж.Ч*******ын өмнөөс зээлийн дансруу шилжүүлчихпээ гэсэн. Үүнээс хойш зээл нэхэгдээгүй. Мөн үед хий хураагуур гэх төхөөрөмжийг маань банкны ажилтан ирж хурааж аваад явсан. Үүгээр бидний төлөх төлбөр дууслаа гэж бид ойлгосон. Тэр цагаас хойш банкнаас бидэнтэй холбогдож ямар нэгэн байдлаар төлбөр төлөхийг шаардаж байгаагүй.

2. К*******ны зүгээс шүүхэд гаргаж өгсөн, бидний танилцсан баримтуудаас зээлийн төлбөрийн үлдэгдэл хэрхэн бодсон, ямар аргачлалаар хүүг тооцож суутган авч байсан эсэхийг нарийн тодорхойлох, ойлгох боломжгүй байна. Нэхэмжпэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтын нотолгооны чадвар, гэрчлэх чанарыг өөрөө хариуцах ёстой. Өнөөг хүртэлх хугацаанд хүү, алданги тооцсон хоног, хувийг тоггоох боломжтой баримт үзүүлсэнгүй. Хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга гэх баримтууд байх авч тэдгээрт үндэслэн тооцоолол хийх, тэдгээрийг үнэн бодитой гэж итгэх боломжгүй байна.

3. Бид төлбөрийн үүргээ гүйцэтгэж дуусгаагүй гэж үзхэд хүрсэн ч гэсэн Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлүүдэд зааснаар гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна. Нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү. Маргааны талаар өмгөөлөгч хүнээс зөвлөгөө авсан. Хөөн хэлэлцэх хугацаа болоод нотлох баримт хангалтгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотолж, тодорхойлж чадахгүй байгаа гэх хоёр татгалзлын аль аль нь үндэслэлтэй. Гэвч үр дагаварын хувьд өөр өөр юм байна. Зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр нэхэмжпэлийн шаардлагыгхэрэгсэхгүй болгосон тохиолдолд банкны зүгээс биднийг муу зээлдэгч гэх мэдээллийг Монгол банкны зээлдэгчийн мэдээллийн санд бүртгүүлсэн хэвээр байх эрсдэлтэй. Нотлох баримт, шаардлага хангахгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэх үндэслэлээр нь маргааныг шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагч бидний зүгээс банк, Монгол банк зэрэгт хүсэлт тавьж зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлгүй худал мэдээллийг залруулахаар шаардах эрхтэй байх юм байна.

Хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх үндэслэлүүдийн ялгаа, үр дагавар, хариуцагч бидний нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсч байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Хариуцагч нарын зүгээс 2013 оноос хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй гэдгээ тайлбарладаг. Учир нь 2012 онд зээлийн төлбөрийн үлдэгдлийг Ж.Ч*******ын дүү түүний өмнөөс К*******ны данс руу шилжүүлснээр зээл хаагдсан, үүнээс хойш банканд төлөх төлбөр дууссан гэж ойлгосон. Тэр цагаас хойш банкнаас хариуцагч нарт ямар нэгэн байдлаар төлбөр, зээлээ төл гэж шаардаж байгаагүй өдийг хүрсэн талаар тайлбарладаг. К*******ны зүгээс зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг хэрхэн бодсон, ямар аргачлалаар хүүг тооцож суутгасан талаар нарийн тодорхойлоогүй, ойлгох боломжгүй нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн нь хангалтгүй байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 75, 76 дугаар зүйлүүдэд заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байна гэсэн хариу тайлбараа дэмжиж байна. Хөөн хэлэлцэх хугацаа, нотлох баримт хангалтгүй, нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, тодорхойлж чадахгүй байна гэсэн татгалзлууд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан. Үүнээс хойш ямар үндэслэлээр 3 980 053.99 төгрөг нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхэд хандах хүртэл хугацаагаар хүү тооцож нэхэмжлээд байгаа нь хуулийн үндэслэлгүй. Зээлийн гэрээг сунгасан тухай ямар нэгэн нотлох баримт, материал авагдаагүй. Хоёрдугаарт, шаардах эрхийн хугацааг ярьсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг. Шаардлага гаргаагүй 10 жилийн хугацаа өнгөрсөн. Энэхүү 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Монгол банкны ерөнхийлөгчийн А-96, А-97, А-111, А-354, А-394, А-268 дугаартай тушаал, 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №235 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, банкны зээлийг буцаан төлөх хуваарь, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, зээлийн хүү тооцооллын хүснэгт, Ж.Ч*******ын , тоот зээлийн дансны хуулга зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Ж.Ч*******, Д.Э******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 980 053.99 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Ж.Ч*******, Д.Эрдэнэ нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, зээлийн хүү тооцооллын хүснэгт, Ж.Ч*******ын , тоот зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэг талаас К******* ХХК, нөгөө талаас Ж.Ч*******, Д.Э******* нар нь 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдөр №235 дугаартай Иргэний зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 /зургаан сая/ төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор тохиролцсон байна.

 

Зээлдэгч зээлийг авч ашигласнаас хойш зээлийн төлбөрт 3 176 775.35 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5 379 725.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 135 360 төгрөг, нийт 8 691 860.54 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссан боловч төлбөрийг бүрэн төлөөгүй үндэслэлээр зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт 3 980 053.99 төгрөгийг гаргуулахаар К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нэхэмжлэл гаргажээ.

 

Төв банк /Монгол банк/-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.5 дахь хэсэг, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 дугаар Банкийг албадан татан буулгах тухай тушаалаар К******* ХХК-ийг татан буулгасан үндэслэлээр Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны А-302 тушаалаар баталсан Банкийг албадан татан буулгах арга хэмжээг хэрэгжүүлэх журам-ын 2.9 дэх заалтыг үндэслэн Банкны хяналт шалгалтын хорооны 2019.04.08-ны өдрийн 2 дугаар зөвлөмжийг харгалзан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2020.09.02-ны өдрийн А-354 тушаалаар Т.Д*******г Банкны эрх хүлээн авагчаар томилсон тул тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.

 

Зохигчийн хооронд банк, эрх бүхий хуулийн этгээдтэй байгуулсан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч буюу зээлдэгч хууль болон зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй бол нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч зээлийн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй болно.

 

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил ба тухайн хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохыг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт тус тус заасан. Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7.-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тооцно гэж, 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул К******* дахь банкны эрх хүлээн авагчаас Ж.Ч*******, Д.Э******* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 3 980 053.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ч*******, Д.Э******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3 980 053.99 төгрөг гаргуулах тухай К******* дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 41 дүгээр 41.1.12 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч К******* дахь банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжид 78 631 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ОТГОНСҮРЭН