Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 66

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00274/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийж:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.С-д холбогдох

"6.100.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагч Б.С-, хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С-гээс:

Би П.С-тай 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бага оврын ачааны 2002 оны 30-78 ДАХ улсын дугаартай Hyundai porter маркийн авто машиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдан авсан. Уг машины мотор нь халахаараа унтардаг, моторын эргэлт нэмэгддэггүй, хүчгүй, боосон мотортой машин байсан гэдгийг би мэдсэн. Тухайн үед машиныг худалдаж аваад 2 сар унахгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр асаагаад явахад тухайн гэмтлүүд илэрсэн. П.С-тай утсаар ярихад би нөхрөөсөө асууя гэж хэлээд түүнээс хойш утсаа ч авахгүй байна. Иймд 30-78 ДАХ улсын дугаартай Hyundai porter авто машиныг буцааж машины үнэ болох 6.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.С-аас:

...2002 оны Хьюндэй портер маркийн 30-78 ДАХ улсын дугаартай автомашиныг нөхөр бид хоёр 2014 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын Да-Хүрээ захаас 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед уг машиныг надад худалдсан хүн 2014 оны 4 дүгээр сард Монголд оруулж ирсэн гэж хэлж байсан. Би автомашинаа хөдөө гэр нүүлгэх, өвс татах ойр зуурын хэрэглээндээ хэрэглэдэг байсан. Өөр зүйлд ашиглаж байгаагүй. Автомашиндаа тос, маслоны шүүр, агаар шүүгч солих зэрэг хугацаат үйлчилгээг хийж байснаас өөр засвар үйлчилгээг хийж байгаагүй. Тэр тусмаа мотор боох зэрэг засвар хийгээгүй. Худалдаж авсан цагаас хойш Б.С-д худалдах хүртэл мотор халахаараа унтрах, хүч алдах зэрэг гэмтэл доголдол гарч байгаагүй. 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр автомашинаа техникийн үзлэгт оруулахад хэвийн байсан. Б.С- “Оюу толгой” ХХК-д дизель машины засварчин хийдэг найзтайгаа ирж уулзаад, машиныг унаж шалгаж үзээд 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр худалдаж авсан. Эхлээд нотариат дараа нь гэрийнх нь гадаа хүртэл жолоодож явсан. Б.С- нь авсан өдрөө Сэлэнгэ рүү явна гэж тос, масло солиулж байсан. Хэрэв үнэхээр муу байсан бол 90 гаруй км замд нэхэмжлэлд бичсэн гэмтлүүд илрэх байсан. Гэтэл 2 сарын турш юу ч ярихгүй байснаа гэнэт гэмтэлтэй машин гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  06 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг баримтлан хариуцагч П.С-аас 6.100.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэгч Б.С-гээс 00581768 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, KMFXKS7BP2U608327 тоот арлын дугаартай, Hyundai porter маркийн 2002 онд үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, ачааны зориулалттай, 30-78 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан хариуцагч П.С-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 112.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

            Хариуцагч автомашины чанар байдлын талаарх өөрийн тайлбараа нотлохын тулд тухайн үед нэхэмжлэгч Б.С-тэй хамт ирж, машиныг шалгаж үзсэн. Н.Цогбадрахыг гэрчээр дуудаж, Хьюндай портер маркийн автомашин ямар чанар байдалтай байсан талаар мэдүүлэг авах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна гэх үндэслэлээр хүсэлт гаргасан боловч шүүх гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан. Мөн 30 жил автомашин барьсан мэргэжлийн жолооч, гэрч А.А-ийн маргаан бүхий машиныг доголдолгүй, сайн машин гэсэн мэдүүлгийг шүүх анхаарч үзэлгүй биет байдлын доголдолтой гэж дүгнэсэн нь гэрчийн мэдүүлгийг гуйвуулсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон. Учир нь гэрч А.А- нь машины моторт засвар хийсэн гэж огт мэдүүлэг өгөөгүйг дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар автомашиныг хүлээн авснаар нэхэмжлэгчид эрсдэл шилжсэн. Эрсдэл шилжсэнээс 2 сарын хугацаанд машиныг унаж ашиглаагүй эсэх, засвар үйлчилгээ хийгээгүй, эсвэл хийж байсан тухайгаа нэхэмжлэгч нотолж чаддаггүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-д зааснаар тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг ашиглах журам зөрчсөнөөс үүссэн бол эд хөрөнгийн чанарын талаар шаардлага гаргах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч чанарын талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж хариуцагч талаас маргасан боловч энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр асаагаад явахад тухайн гэмтлүүд илэрсэн гэж бичсэн байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт машин Дарханаас Сэлэнгэ явах замдаа эвдэрсэн байдаг гэх утгатай зөрүүтэй тайлбар өгсөн нь нэхэмжлэгч тал худлаа тайлбар өгч байгааг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах  үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн  хэрэглэвэл зохих  зохицуулалтыг  зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг   тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч Б.С- хариуцагч П.С-д холбогдуулан машины үнэ  6.100.000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ.

             Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал чанарын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн  тул  гэрээг цуцалж, машины үнэ 6.100.000 төгрөгийг  буцаан  гаргуулах  үндэслэлтэй гэж  дүгнэж  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэжээ.

            Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна. Уг хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах  үүргийг  тус тус хүлээнэ гэж тодорхойлжээ.

            2019 оны  01 дүгээр сарын 06-ны өдөр  Хуандай портер маркийн 2002 оны  30-78 ДАХ улсын дугаар бүхий машиныг худалдагч П.С- нь худалдан авагч  Б.С-гийн эзэмшилд шилжүүлж харин, худалдан авагч нь тээврийн хэрэгслийг  биет байдлаар  үзэж, шалгаад  хүлээн авсан  нь зохигчдын тайлбараар  тогтоогджээ.

            Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар худалдан авагчаас гаргах шаардлагыг тодорхойлжээ. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Худалдан авагчийн шаардах эрх хуульд тодорхойлсон байдлаар  худалдагчийн  үүргийг  үүсгэнэ.

            Худалдан авагчийн  дээрх эрхийг  хязгаарлах зохицуулалт Иргэний хуулийн  255 дугаар зүйлийн 255.1.1-д тусгагдсан байна. Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар  мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч шаардах эрхээ алддаг, хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т  Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой  эд хөрөнгийг  биет байдлын доголдолгүй гэж  үзнэ  гэж  заасан.

Худалдан авагч нь хуучин машин худалдан авахдаа мэргэжлийн байгууллагаар  техникийн бүрэн байдлыг оношлуулж доголдлын талаар мэдэх бололцоотой байхад    өөрийн танил машины засварчин найзаараа шалгуулаад авсан, худалдах, худалдан авах гэрээнд машины чанарын талаар дурдаагүй зэрэг нь нэхэмжлэгчийн гаргасан  нэхэмжлэлийг хангахгүй байх  үндэслэлийг нотолж байна.

Техникийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтээр: Уг тээврийн хэрэгсэл нь 2002 онд үйлдвэрлэгдсэн, ...2014 онд Монгол улсад импортоор орж ирсэн байв.

Тээврийн хэрэгслийн дотор болон гадаад үзэмж дунд зэрэг, жолоочийн талын салхины шил бүрэн хаагдахгүй,  аккумлятор цэнэггүй болсон байв.

Аккумляторыг цэнэглэж хөдөлгүүрийг асаахад, хөдөлгүүр доголдолтой, хатуу ажилласнаас дуу чимээ ихтэй, гарах яндангийн боолт  суларч  утаа гадагшаа алдагдаж байв.

Хөдөлгүүрийн ажиллагааг  цилиндр бүрийн түлш өгөлтийг таслаж шалгахад ...,  ...4-р цилиндр огт ажиллахгүй байв.

 Тээврийн хэрэгслийг хөдөлгөж, 6 орчим км явахад хөдөлгүүр унтарсан, хөдөлгүүрийг унтраах бүрт  асаахаар  оролдоход  тахир гол эргэхгүй,  статераар  тахир голыг эргүүлж дийлэхгүй байв.

  Дээрх гэмтэл нь эд хөрөнгийн хэвийн элэгдлээс хамаарч үүсэхгүй. Харин  техникийн үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй байх засварын ажлыг чанаргүй хийх  тээврийн  хэрэгслийг буруу ашиглах зэрэг  ашиглалтын буруу  хүчин зүйлээс хамаарч  үүснэ. 

 Гэмтэл  үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй гэжээ. \хэргийн 25 дугаар тал\

Дээрх дүгнэлтэд машин хэзээ гэмтсэн цаг хугацааг заагаагүй учир анхнаасаа  доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж худалдагчийг буруутгах боломжгүй, хуучин машин гэдгийг худалдагч, худалдан авагчийн хэн аль нь мэдэж байсан, худалдан авагчийн өмчлөлд байх  үед машины мотор гэмтсэн нь худалдах, худалдан авах гэрээг цуцлах үндэслэл болохгүй байх тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-гийн хариуцагч П.С-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, машины үнэ  6.100.000 төгрөгийг буцаан  гаргуулах  нэхэмжлэлийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.550  төгрөгийг төрийн сангийн орлогоос  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                                   ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ