Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 523

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2019/00274/и

                                  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. дүгээр байрны ..тоотод оршин суух, Б.С-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. баг, .. дугаар байрны ..тоотод оршин суух П.С-т холбогдох,

 

6,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч П.С, түүний өмгөөлөгч П.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Б.С нь П.С-тай 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бага оврын ачааны 2002 оны .. улсын дугаартай Hyundai porter маркийн авто машиныг худалдан авах, өгөх гэрээгээр худалдаж авсан. Уг машин нь мотор халхаараа унтардаг, моторын эргэлт нэмэгддэггүй, хүчгүй боосон мотортой машин надад өгсөн байна. Тухайн үед аваад унахгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 07-нд асаагаад явахад тухайн гэмтлүүд илэрсэн. П.С-тай утсаар ярихад би нөхрөөсөө асууя гээд утсаа ч авахгүй байна. Иймзд .. улсын дугаартай Hyundai porter авто машиныг буцааж машины үнэ болох 6,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч П.С нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 “...2002 оны Хьюндэй портер маркийн .. улсын дугаартай автомашиныг нөхөр бид хоёр 2014 оны 7 дугаар сард Улаанбаатар хотын Да-Хүрээ захаас 9,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үед уг машиныг надад худалдсан хүн 2014 оны 4 дүгээр сард Монголд оруулж ирсэн гэж хэлж байсан. Би автомашинаа хөдөө гэр нүүх, өвс татах, Дархан орох ойр зуурын хэрэглээндээ хэрэглэдэг, өөр зүйлд ашиглаж байгаагүй. Автомашиндаа бүх тос, маслын шүүр, агаар шүүгч солих зэрэг хугацаат үйлчилгээг хийж байснаас өөр засвар үйлчилгээг хийж байгаагүй. Тэр тусмаа мотор боох зэрэг засвар хийгээгүй. Худалдаж авсан цагаас хойш Б.С-д худалдах хүртэл мотор халхаараа унтрах, хүч алдах зэрэг гэмтэл доголдол гарч байгаагүй, зүгээр ажиллаж байсан. Нөхөр 1985 оноос хойш тээврийн тэрэг барьсан машиныг гамтай унаж хэрэглэдэг. Ойр зуурын засварыг өөрөө хийдэг. Сүүлд 2018 оны 7 дугаар сарын 09-нд автомашинаа техникийн үзлэгт оруулахад зүгээр байсан. Нөхөр говьд ажилладаг учраас Портер машиныг унахаа больж зарах шийдвэр гарсан. Б.С ээжтэйгээ “Оюу толгой”-д дизель машины засварчин найзтайгаа ирж уулзаад, тэр найз нь мотор, хроп, эд ангиудыг шалгаад жолоодож унаж үзээд, болж байна, сайн машин байна гээд 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр худалдаж авсан. Эхлээд нотариат дараа нь гэрийнх нь гадаа хүртэл жолоодож явсан. Б.С нь авсан өдрөө Сэлэнгэ рүү явна гэж тос, масло солиулж байсан. Хэрэв үнэхээр муу байсан бол 90 гаруй км замд нэхэмжлэлд бичсэн гэмтэлүүд илрэх байсан. Гэтэл 2 сарын турш юу ч ярихгүй байснаа гэнэт гэмтэлтэй машин зарлаа гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3-т гэрээг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлийн нөлөөлөлд авталгүй, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн” гэж заасан.

Нэхэмжлэгч тал манай машиныг хуучин автомашин /2002 онд үйлдвэрлэсэн талаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ, худалдах, худалдан авах гэрээнд тодорхой байгаа/ гэдгийг угаасаа мэдэж байсан бөгөөд өөрт нь таалагдсан учраас л өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж худалдаж авсан, түүнээс биш бид хуучин автомашиныг шинэ машин гэж худалдсан зүйл огт байхгүй. Б.С-г хуурсан явдал ч байхгүй. Бусад холбогдох болон машинтай холбоотой мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тайлбарласан. Б.С-д автомашиныг худалдах үед хэвийн, зүгээр ажиллаж байсан. Дээр дурдсан гэмтэл байгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.С-д холбогдуулан машины үнэ 6,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулан, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.С нь хариуцагч П.С-аас 00581768 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, KMFXKS7BP2U608327 тоот аралын дугаартай, Hyundai porter маркийн 2002 онд үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 6,100,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба гэрээний дагуу Б.С нь машины үнэ 6,100,000 төгрөгийг П.С-д өгч, П.С нь Б.С-гийн өмчлөлд дээрх машиныг шилжүүлсэн байна.  

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон дээрх үйл баримтын талаар маргадаггүй болно.

Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Уг машин нь мотор халхаараа унтардаг, моторын эргэлт нэмэгддэггүй, хүчгүй боосон мотортой машин надад өгсөн байна. Тухайн үед аваад унахгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 07-нд асаагаад явахад тухайн гэмтлүүд илэрсэн. П.С-тай утсаар ярихад би нөхрөөсөө асууя гээд утсаа ч авахгүй байна. Иймд .. улсын дугаартай Hyundai porter авто машиныг буцааж машины үнэ болох 6,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.С нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу худалдах худалдан авах гэрээг цуцалж, .. улсын дугаартай Hyundai porter авто машиныг буцааж машины үнэ болох 6,100,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.С нь тухайн машиныг доголдлын талаар 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдэж, хариуцагч талд мэдэгдсэн, тус шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дээрх шаардлагыг гаргасан байх тул хуульд заасан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан байна.

Хариуцагч тал Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т “тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үүссэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг шаардах эрхээ алдсан гэсэн тайлбарыг гаргаж байх боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар тухайн үйл баримт тогтоогдохгүй байна.

Талууд гэрээндээ тухайн тээврийн хэрэгслийн чанарын талаар тохиролцоогүй боловч Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т зааснаар хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр зохицуулжээ.

Зохигчдын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний зүйл болох дээрх Hyundai porter машин нь бие байдлын доголдолтой болох нь техникийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 12/58 тоот дүгнэлтээр “...Тээврийн хэрэгслийн дотор болон гадаад үзэмж дунд зэрэг, жолоочийн талын салхины шил бүрэн хаагдахгүй, аккумлятор цэнэггүй болсон байв. Аккумуляторыг цэнэглэж хөдөлгүүрийг асаахад, хөдөлгүүр доголтой, хатуу ажилласнаас дуу, чимээ ихтэй, гарах яндангийн боолт суларч утаа гадагшаа алдагдаж байв. Хөдөлгүүрийн ажиллагааг цилиндр бүрийн түлш өгөлтийг таслаж шалгахад 1,2,3-р цилиндрүүдийн ажиллагаа хэвийн, 4-р цилиндр огт ажиллахгүй байв. Тээврийн хэрэгслийг хөдөлгөж 6 км орчим явахад хөдөлгүүр унтарсан. Хөдөлгүүрийг унтраах бүрд асаахаар оролдоход тахир гол эргэхгүй, стартераар тахир голыг эргүүлж дийлэхгүй байв. Хэсэг хугацаанд хөдөлгүүрийг хөргөөд асаахад хөдөлгүүр асаж, 3-р хэсэгт заасантай ижил байдлаар ажиллаж байв. Уг тээврийн хэрэгслийг үзлэгт оруулахаар хүсэлт тавьсан боловч “үзлэгт тэнцэхгүй”, “засвар хийсний дараа үзлэгт орох” гэсэн хариу авсан.

Дээрх үзлэгийн дүнгээс харахад уг тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн техникийн байдал муу, доголтой, тохиргоо алдагдсан, халалтын улмаас тахир гол эргэхгүй “зуурдаг” болсон байна. Иймд уг хөдөлгүүрийг их засварт оруулах, эсвэл шинээр солих шаардлагатай.

Дээрх гэмтэл нь эд өнгийн хэвийн элэгдлээс хамаарч үүсэхгүй. Харин техникийн үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй байх, засварын ажлыг чанаргүй хийх, тээврийн хэрэгслийг буруу ашиглах зэрэг болон ашиглалтын бусад хүчин зүйлээс хамаарч үүснэ.

Гэмтэл үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй...” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Хэдийгээр техникийн шинжээчийн дүгнэлтэд  гэмтэл үүссэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй гэсэн боловч шинжээчийн дүгнэлтээс үзэхэд тухайн тээврийн хэрэгслийн биет байдлын доголдол нь түүнийг удаан хугацааны турш ашиглах явцад үүссэн доголдол болох нь тогтоогдож байна.

Мөн шүүх хуралдаан дээр гэрч А.А-лийн “...би өөрөөр жолооч хүн учир тухайн машинд засвар үйлчилгээг өөрөө хийдэг байсан. Машин бол сайн машин, би 30 гаруй жил машин жолоодсон. Хэдийгээр засварчны мэргэжилгүй боловч өөрийн практик туршлагаар уг машиныг засаж янзалж байсан. Машин доголдолгүй...” гэж мэдүүлсэн бөгөөд гэрчийн мэдүүлэг нь шинжээчийн  гаргасан “...Харин техникийн үйлчилгээг цаг тухайд нь хийхгүй байх, засварын ажлыг чанаргүй хийх, тээврийн хэрэгслийг буруу ашиглах зэрэг болон ашиглалтын бусад хүчин зүйлээс хамаарч үүснэ...” гэсэн дүгнэлтийг давхар нотолж байна.

Өөрөөр хэлбэл мэргэжлийн засварчин тухайн машинд засвар үйлчилгээ хийж байгаагүй учир тухайн машинд биед байдлын доголдол үүсэх шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч П.С-аас 6,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэгч Б.С-гээс .. тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, ..тоот аралын дугаартай, Hyundai porter маркийн 2002 онд үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, ачааны зориулалттай, .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан хариуцагч П.С-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т заасныг баримтлан хариуцагч П.С-аас 6,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэгч Б.С-гээс .. тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, ..тоот аралын дугаартай, Hyundai porter маркийн 2002 онд үйлдвэрлэсэн цагаан өнгөтэй, ачааны зориулалттай, .. улсын дугаартай тээврийн хэрэгслийг гаргуулан хариуцагч П.С-д олгосугай.

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 112,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА