Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг

Улсын яллагч А.Нямсүрэн

Шүүгдэгч Х.Ганбат түүний өмгөөлөгч Болормаа

Шүүгдэгч Б.Уянга, Ш.Гантулга нарын  өмгөөлөгч Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хандсүрэнгийн Ганбат, Боржигон овогт Батсүхийн Уянга, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шаарийбуугийн Гантулга, Боржигон овогт Хандсүрэнгийн Ганбат нарт холбогдох эрүүгийн 201625031758 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.  

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Боржигон овогт Хандсүрэнгийн Ганбат, Монгол Улсын иргэн, 1974 оны 05 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин, тогооч мэргэжилтэй, Ган-зам ХХК-д оёдолчин ажил хийдэг гэх, ам бүл 3 эмээ, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 60-р гудамж 6 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

  • 1992 онд Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн,
  • 1993 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 15 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 300.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 1 жил 6 сар хорих ял шийтгэсэн,
  • 2003 оны 05 сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 132 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ЧМ74052279 тоот регистртэй,

Боржигон овогт Батсүхийн Уянга, Монгол Улсын иргэн, 1987 оны 09 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эцэг эх, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 46-м байр 17 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ЧК87090161 тоот регистртэй,

Боржигон овогт Шаарийбуугийн Гантулга, Монгол Улсын иргэн, 1982 оны 01 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогтооч мэргэжилтэй, СЭЗИС-т харуул ажилтай, ам бүл 6 эцэг эх, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол 46-м байр 17 тоотод оршин суудаг гэх, урьд:

- 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 241 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан тэнсэж, 1 жил хянан харгалзсан,

             -2010 оны 02 сарын 08-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

-2013 оны 10 сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 327 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгэсэн. 2014 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ЧМ82011275 тоот регистртэй

 

Холбогдсон хэргийн талаар:

2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-541 тоот хашаанд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт Б.Уянга нь “Ганбат ахаа та хүн хутгалдаг биз дээ, энийг хутгалчих, арыг нь би даана, наашаа хүрээд ир…” гэх зэрэг байдлаар, Ш.Гантулга нь “хэн алуулах уу гэж орилон, хохирогч О.Сүхболдын цээжин дээр дараад 2 гарыг нь барих” зэрэг байдлаар Х.Ганбат нь О.Сүхболд, О.Төгсбаяр нарыг хутгалах байдлаар тус тус хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.      

           

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

   

Шүүгдэгч Х.Ганбат шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.

 

Шүүгдэгч Б.Уянга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.

 

Шүүгдэгч Ш.Гантулга шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.

 

Хохирогч О.Сүхболдын мөрдөн байцаалтанд өгсөн"...2016-08-28-ны өдөр 21 цагийн үед Ганбаатар, Ганбат бид 3 нийлж байгаад гудамжныхаа үзүүр 0,75 литрийн 1 шил архи уусан. Бид 3 гэрийнхээ хашаа руугаа хамт ороод би өөрийн гэр лүү орж, Ганбаатар Ганбат 2 өөрсдийн гэр лүүгээ орсон. Би гэртээ байж байгаад Ганбаатарын гэрт ортол Бандка, Уянга 2 ирчихсэн согтуу байсан. Уянгаа 0,75, 0,5 литрийн тус бүр 1 шил авчирсан бололтой Бандка нь 0,5 литрийн архинаас нь задлаад надад хийж өгөхөөр нь би архийг нь уусан. Манай эхнэр ирчихсэн бие нь тааруу байсан болохоор би буцаад гэртээ ортол манай ах Болорсүх Ганбаатарын гэр лүү надтай зөрөөд орж байсан. Манай нэг хашаанд байдаг болохоор хажууд гэрт юу болж байгаа нь сайн сонсогддог юм. Нэг мэдсэн Уянга "би 3-н ахтайгаа ирсэн та нар зайл даа" гээд ганцаараа орилоод байсан. Ах Болорсүх архийг нь уугаад чимээгүй суугаад байсан юм байна лээ. Тэгээд 2 цаг орчмын дараа гадаа хүн зодолдоод байх шиг байхаар нь гартал Бандка, Болорсүх 2 хоорондоо барилцаад авчихсан шал согтуу гэрийнхээ хойно зогсож байсан. Тэгэхээр нь би салгах гээд очтол Бандкагийн авгай Уянга нь намайг хойноос үсдэхээр нь би эргэж хараад согтуу Уянгыг түлхтэл хойшоогоо бөгсөөрөө газар унасан. Тэгсэн Бандка хараагүй байж "чи манай эхнэрийг цохьлоо" гэж над руу дайрч эхэлсэн. Тэр үед манай ах Болорсүх зодолдохоо болиод шууд гэр лүүгээ яваад орчихсон юм байна лээ. Би ганцаарааа байсан болохоор Бандкатай барилцаж аваад байж байтал Уянга нь дахиад намайг үсдэж аваад газар унагасан чинь Бандка миний цээжин дээр дараад 2 гарыг маань барьчихсан байсан. Харин Уянга нь намайг үсдсэн чигээрээ миний толгойг 2 өвдөгнийхөө дунд хийчихсэн сууж байгаад Уянга нь "энийг хутгалчих, арыг нь би даана, наашаа хүрээд ир" гээд орилж байтал нэг хүн гэнэт хажуу талд ирээд хүзүү рүү цохих шиг болтол миний хүзүүнээс цус олгойдож гар ирээд нүүрээр дүүрэн цус болж юм харж чадахгүй болсон. Би яаж боссоноо мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гадаа гудамжинд ухаан алдаад уначихсан байсан. Тухайн нөхцөл байдалд Бандка миний цээжин дээр дараад 2 гар барьчихсан, эхнэр Уянга нь махлаг болохоор 2 өвдөгний хооронд миний толгойг хийсэн болохоор хэн хутгалж байгааг харж чадаагүй. Миний дүү Төгсбаяр болон эхнэр Мөнхзул, дүү Улаанка нарын ярьж байгаагаар бол Ганбат хутга барьж барьж гарч ирээд намайг хутгалсан гэж байсан. Бид 2-ын хооронд урдны өр авлага, өш хонзонгийн зүйл байхгүй..." гэх мэдүүлэг/хх-29-30/

 

Хохирогч О.Төгсбаярын мөрдөн байцаалтанд өгсөн "...Би өөрийн ээжийн гэрийн хажуу талд буюу баруун талын гудамжинд нь эхнэр хүүхэдтэйгээ хамт байдаг байсан юм. Манай гэр ээжийн хашаа 2 хоорондоо 20-25 м зайтай байдаг юм. Ээжийн хашаан дотор аав, ээж 2 байшинд байдаг, хажууд нь манай эгч Болороо нөхөр Ганбаатартай хамт хамт тусдаа гэрт байдаг юм. 2016-08-28-ны орой гэртээ байж байтал манай ээжийн хашаанд хүмүүс зодолдоод байх шиг байсан. Манай ах нар хоорондоо архи уучихаад маргалдаад байгаа юм байх гэж бодсон. Тэгээд тэд нар чимээгүй болохгүй байж байтал манай нялх хүүхдийн 2 хэнгэрэг нь гэмтсэн болохоор согтуу хүмүүсийн чимээнд унтаж чадахгүй уйлаад байсан. Би ээжийн хашаа руу ортол манай дунд ах Сүхболдыг Гантулга, Уянга 2 дээрээс нь дараад хэвтчихсэн хажууд нь Цэндээ, манай эхнэр Мөнхзул, Отгонцэцэг, Эрдэнэзул нар байсан. Гэрээс Ганбат ах гарч ирж байсан. Ганбаатар ах намайг хашаанд орж ирэх үед гэртээ байсан юм шиг байгаа юм. Би Ганбаатар ахыг анзаарч хараагүй. Тэгсэн над руу нэг хүн ахыг чинь хутгалчихлаа гэж хэлэхээр нь би Сүхболд ах руу явж очоод дээрээс нь дараад хэвтсэн байгаа Уянга, Гантулга нарыг салгах гэтэл Ганбат ах миний баруун хөлийн өвдөгний орчим 1 удаа цохих шиг болтол хөлөөр нэг юм урсаад халуу дүүгээд явчихаар нь хөлөө хартал цус гарсан байсан. Би баруун хөлний өвдөгний дотор дээд хэсэгт нэг удаа хутгалуулсан. Манай ах Сүхболдыг эхнэр нөхөр 2 болох Гантулга, Уянга 2 дараад хэвтчихсэн байхаар нь салгах гээд очтол хөлөндөө хутгалуулчихсан. Ганбат ах ямар учраас Сүхболд ах бид 2-ыг хутгалах болсон талаар нь мэдэхгүй байна. Уянга эгч л "алаад өг" гээд ганцаараа орилоод байсан..." гэх мэдүүлэг/хх-32-33/

Гэрч Отгонцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манай хашаанд Ганбаатар ахынх, ээжийнх тэгээд манайх гээд 3-н айл байдаг юм. Ганбаатар ахын гэрээс Уянга эгчийн дуу ганцаараа орилоод манай ах Болорсүх рүү хараалаар дайраад байх шиг байсан. Болорсүх ах Бандка гээд байгаа Гантулга ахтай багын найз гэсэн. Болорсүх ах Гантулга ахад хандан "хоёулаа зодолдох юм уу" гэж асуутал Уянга эгч Гантулгад хандан "Чи айгаад байгаа юм уу, алалцаач" гээд нөхрийгөө шургаад байсан. Тэгээд Гантулга ах, Болорсүх ах хоёр гарч иртэл Гантулга ах шууд Болорсүх ахыг гараараа цохиод автал Болорсүх ах газар унаад босож ирэх гэтэл Уянгаа эгч дээрээс нь биеэрээ дараад хазаад байх шиг байсан. Тэр үед Гантулга хажуугаас нь Болорсүх ахыг цохиод байж байтал Сүхболд ах ажлаасаа тараад ороод ирсэн. Сүхболд ах болохоор Гантулга ахын дүү Ган-Эрдэний тавилгын үйлдэрт нь ажилладаг юм. Сүхболд орж ирээд "юу болоод байгаа юм бэ" гэж хэлээд Гантулгыг араас нь тэвэрч аваад татаж босготол Уянга нь Гантулгатайгаа нийлээд Сүхболд ах руу дайрсан. Тэр үед Төгсбаяр гэрээсээ гарч ирээд "та нар бараг нэг цаг ориллоо шүү дээ, манай хүүхэд тархи толгойны өвчтэй, чимээгүй бол л доо" гэтэл Уянга нь Төгсбаярыг үсдэж аваад "чи ганцаараа хүүхэдтэй юм уу" гээд гараараа нүүр орчим газар нь цохьсон чинь Төгсбаяр гараад явчих шиг болсон. Тэр үед Уянга эгч гэр лүү гүйгээд орохоор нь би дагаад гүйгээд ортол Ганбат ах дээр очоод "Ганбаа ахаа та хүн хутгалдаг биз дээ, хүн хутгалаач" гэтэл Ганбат ах зүгээр зурагт үзээд сууж байснаа гэнэт хутга аваад "хаана байна" гээд Цэндээ, Мөнхзул бид 3-луу хүрч ирээд хутгалах гээд далайгаад байсан. Тэгсэн Гантулга ах гаднаас орж ирээд "хэн цохиулах уу" гэж байснаа шууд өөрийнхөө төрсөн ах Ганбатыг гараараа цохиод унагатал Уянга нь Гантулга нөхрийгөө аваад гарсан чинь Ганбат ах босож ирээд байж байтал Уянга эгч дахиж орж ирээд Ганбат ахын нэг гарнаас нь зуураад "хутгалаач ээ" гээд татаад зуурч байгаад түрүүлээд гараад явсан. Тэгсэн Ганбат ах араас нь хутгаа бариад гартал Уянга эгч аль хэдийн Сүхболд ахын толгойг нь хоёр гуяныхаа буюу салтаандаа хийж дараад өвдөглөөд суучихсан, Гантулга ах их биен дээр нь дараад суучихсан байсан. Уянга "хутгалаач" гээд хэлтэл Ганбат ах эхлээд Сүхболд ахын суга руу нь нэг удаа хутгалаад араас нь дахиад нэг хутгалтал хүзүүнээс нь нил цус годройтоод гараад ирсэн. Тэгсэнээ эргэж хараад "өөр хэн байна" гэтэл Төгсбаяр ороод ирчихсэн Ганбат ахын гарнаас нь хутгыг нь авах санаатай очиж байгаад хөлөндөө нэг удаа хутгалуулчихсан. Тэр Уянга нь "гүйцээгээч ээ Ганбат ахаа, би арыг нь даана шүү дээ" гээд орилоод байхаар нь Мөнхзул, ээж, Улаанка, бид 4 нийлж байгаад Улаанка гээд жинхэнэ нэр нь Эрдэнэзул дүү Ганбат ахын гарыг нь хазаж байгаад хутгыг нь бид нар салгаж авсан. Тэгсэн Сүхболд ах цусаа гоожуулаад явж байгаад хашааны гадна гараад ухаан алдаад уначихсан. Тэгтэл цагдаагийн машины дууг сонсоод Гантулга ах урд талын жижиг хаалгаар гараад зугтаасан. Цагдаа түргэн ирээд Сүхболд ах, Төгсбаяр хоёрыг эмнэлэг рүү, цагдаа нар Ганбат, Ганбаатар хоёрыг аваад явсан.

Миний бодлоор зодоон Уянга эгчээс болсон гэж бодож байна. Архи уухаараа их агсам. Зүгээр байгаа хүмүүсийг хооронд нь хагаралдуулж зодолдуулаад байсан. Зүгээр сууж байгаа Ганбат ахыг хүртэл "та хүн хутгалдаг биздээ, гарч хутгалаач" гээд гараас нь татаад байсан. Гантулга ах бол нилээн согтсон юм шиг байгаа юм. Гадаа байж байгаад гэрт орж ирээд шууд Ганбат ахыг цохиод унагасаныг бодвол согтоод ухаанаа алдчихсан юм шиг байгаа юм. Зодоон бол гэрийн хойд талд гэр хашааны хаалга хоёрын хоорон дахь зайнд болсон. Тэр хутга уг нь манай аав, ээжийн гэрт байдаг хутга байгаа юм. Ишийг нь цэнхэр лентээр ороосон жижиг хутга байсан юм. Өдөр нь Ганхуяг ах аавын гэрээс хоол хийх гэж авсан гэж байсан. Гантулга Болорсүх 2 зодолдсон зүйл байхгүй. Гантулга ах өөрөө Болорсүх ахыг цохиж унагаад босож ирэх хооронд нь Уянга эгч дээрээс нь дарж хэвтээд цээж орчим газраас нь хазаад байсан. Гантулга ах болохоор хажуугаас нь Болорсүх ах гараараа цохиод хөлөөрөө дэвсээд байсан. Тэр үед нь Сүхболд ах орж ирэээд салгатал Болорсүх ах босоод яваад өгсөн. Сүхболд ахыг Уянга, Гантулга ах 2 нийлж байгаад дараад унагасан. Болорсүх ах Гантулгатай зодолдож чадаагүй. Сүхболд ахыг Уянга үсдэхээр нь Сүхболд ах түлхэж унагатал Гантулга манай эхнэрийг зодсон гээд дайраад байсан. Тэгээд Сүхболд ах Гантулгатай барилцаж аваад зодолдсон. Гантулга ах ямарч гэмтэл шарх байхгүй цээж нүцгэн байсан. Цус болсон гэвэл Сүхболд ахын хүзүүндээ хутгалуулсан цус нь үсэрсэн байх. Сүхболд ах ч Гантулга ахтай олигтой зодолдож чадаагүй. Эхнэр Уянга нь үсдэж аваад байсан юм..." гэх мэдүүлэг /хх-34-35/

 

Гэрч Ш.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн:"...Тэр өдөр би гадуур эмнэлэгт хүн эргэчихээд гэртээ орж ирэх үед манай хүү О.Төгсбаярын эхнэр Мөнхзул миний өөдөөс хүрч ирээд "манай нөхриийг хутгалчихлаа шүү дээ" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйж очоод хартал Ганбат гартаа хутга барьчихсан "дараачийнх нь хэн бэ" гээд явж байсан. Ганбат намайг ээж гэж дууддаг болохоор би Ганбат дээр хүрч очоод "ээж нь ирсэн байхад одоо боль" гэтэл хажуунаас нь Улаанка гээд Мөнхзулын дүү Эрдэнэзул Ганбатын гарнаас нь хазаж хутгыг нь тавиулсан. Тэгсэн Бандка гараад зугтаачихсан. Ганбат манай бага хүү Төгсбаярын хөл рүү нь хутгалахаас өмнө Сүхболдын хүзүүнд нь бас хутгалсан юм байна лээ. Тэгээд удалгүй цагдаа түргэн хоёр ирсэн.

Болорсүхийн хэлж байгаагаар бол Гантулгын эхнэр Уянга нь "худлаа үнэн юм яриад" Гантулга, Болорсүх хоёрыг хооронд нь зодолдуулах гээд байсан юм шиг байгаа юм. Тэгээд Болорсүх байдал муу болж байгааг мэдээд яваад өгсөн гэж байсан. Явахаасаа өмнө гэрийн гадаа Гантулгатай барилцаж аваад зогсож байхад эхнэр нь Уянга нь араас нь үсдэж аваад хоёулаа нийлж дайраад байхаар нь явсан гэж байсан. Тухайн үед Болорсүхийн бие нь энд тэндээ зулгараад улаан эрээн болсон байсан. Би Болорсүхэд хандан "шүүх эмнэлэгт үзүүлээч" гэтэл Болорсүх "найз нөхдийн хооронд дэмий" гээд үзүүлэхгүй гээд байсан..." гэх мэдүүлэг /хх-36/

 

Гэрч Ж.Мөнхзулын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 08-р сарын 28-ны орой нөхрийнхөө хамаатан Ганбаатарын гэрт ортол Уянга гэдэг эмэгтэй ирчихсэн архи уугаад согтуу байж байсан. Хойд орон дээр Ганбаатар ахын ах нь болох Ганбат сууж байтал Уянга нь "Ганбат ах та хутгалдаг биздээ, зүйл дуусга, эд нарыг голомтоор нь зүйл дуусгая" гээд ганцаараа орилоод байж байтал Уянгын нөхөр нь болох Бандка цээж нүцгэн гэрээс гараад "хутгалуулах хүн байна уу" гэтэл Сүхболд ах Бандкатай барилцаж автал Бандка Сүхболд ахыг цохиод авсан. Тэгсэн эхнэр Уянга нь хажуунаас нь Сүхболд ахыг үсдэж аваад тэр хоёр нийлж байгаад Сүхболд ахыг газар унагаад Бандка нь Сүхболд ахын дээрээс дарж хэвтээд Уянга нь үсдсэн чигээрээр Сүхболд ахын толгойг салтаандаа хийж дараад "Ганбаа ахаа, эд нарыг зүйл дуусгая" гэтэл Ганбах гартаа хутга барьчихсан хэнийг хутгалахаа мэдэхгүй гайхаад яваад байтал Уянга нь "энд байна, наашаа хүрээд ир" гээд дуудтал Ганбат ах тэд нар дээр очоод Сүхболд ахын суга орчим руу дүрэх шиг болтол оноогүй юм шиг байгаа юм.Тэгсэнээ дахиад хүзүү рүү нь хутгаараа хутгалсан чинь Уянга нь дахиад "Ганбаа ахаа гүйцээчих, манай ах том цагдаа байгаа юм, би арыг нь даана" гээд орилоод байсан Тэр үед дунд ах нил цус болчихсон байсан болохоор ахыг авах гээд би очтол манай нөхөр Төгсбаяр бас араас хүрч ирж байгаад Ганбат ахад баруун хөлийнх нь дотор талд нь нэг удаа хутгалуулсан байсан. Би нөхөр Төгсбаярыг хутгалуулсныг хараагүй. Ганбат ах дахиад хүн хутгалах гээд хайгаад байхаар нь Цэндээ, ээж Батмөнх, Отгонцэцэг бид 4 очоод Ганбат ахын гарт нь байсан хутгыг нь тавиулах гэтэл тавихгүй тас атгачихсан байхаар нь би гарыг нь хазаж байгаад хутгыг нь тавиулаад өөрийн дүү Эрдэнэзул руу шидэж хаясан. Манай хутгыг аваад хашааны гадагш шидээд хаячихсан. Тэгээд зодоон зогсоод Бандка зугтаагаад Уянга нь үлдсэн. Ганбат ах архи уусан ч гэсэн зүгээр сууж байтал Уянга гээд тэр эмэгтэй нь "та хүн хутгалдаг биздээ, эд нарыг хутгалаач, зүйл дуусгая" гээд уриалаад орилоод байсан. Нөгөө Ганбат ах эхэндээ тоохгүй зүгээр баахан сууж байгаад сүүлдээ Уянгын үгэнд ороод хэнийг хутгалахаа ч мэдэхгүй хутга барьчихсан хүн хайгаад яваад байсан юм. Тэгсэн Уянга нь "Энд байна, энийг хутгалъя" гээд Сүхболд ахыг хутгалуулсан. Ганбат ах Сүхболд ахын хүзүүнд хутгалчихаад байхад Уянга нь дахиад "Энийг гүйцээчих, манай том цагдаа, би арыг нь даана" гээд дуудаад байсан. Тэгэхээр нь ээж, Отгонцэцэг, Цэндээ бид нар Ганбат ахын хутгыг нь салгаж авсан юм..." гэх мэдүүлэг/хх-37/

 

Гэрч Г.Цэндийн мөрдөн байцаалтанд өгсөн:"...Тэр орой намайг орох үед Бандка Болорсүх хоёр гэрийн хойно зодолдож байсан. Ганбаатар, Сүхболд хоёр салгах гээд гарч ирсэн. Ганбаатар ах салгах гэтэл Сүхболд ах "энэ хоёр өөрсдөө учраа олог" гэж байсан. Тэгсэн чинь гэнэт Сүхболд, Ганбаатар хоёр хоорондоо зодолдоод эхэлсэн. Тэгсэн Төгсбаяр нь гарч ирээд "наана чинь нялх хүүхэд унтаж байхад болиоч гэж хэлж байсан. Бандкагийн эхнэр Уянга нь Сүхболдын араас нь үсдээд авч байсан. Тэгээд нэг мэдсэн Ганбаа ах хутга барьчихсан гарч ирсэн байсан. Би хэнийг хутгалсан талаар нь сайн мэдэхгүй байна. Батмөнх эгч, Төгсбаярын эхнэр, Отгонцэцэг, Улаакаа нар нийлж байгаад Ганбаа ахын гарыг нь хазаж байгаад хутгыг нь салгаад авч байсан. Сүхболд, Төгсбаяр хоёрыг хэн хутгалсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь хутгалуулсан гэж байсан. Би тэнд болсон зүйлийн зарим хэсэгт нь байсан..." гэх мэдүүлэг/хх-38/

 

Гэрч Ж.Эрдэнэзулын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Бид нар унтахаар болоод Төгсбаяр ах бид хоёр кино үзээд сууж байтал гадаа хүмүүс орилолдоод Төгсбаяр ахын хүүхдийг нь сэрээх гээд байхаар нь Төгсбаяр ах бид хоёр хамт гараад эсрэг талын гудамжинд байх Батмөнх эгчийн хашаа руу ороод би хашааны дотор талын үүдэнд нь зогстол Уянга эгч орилоод байхаар нь Төгсбаяр явж очоод "Уянгаа эгчээ та дуу намсгахгүй бол хүүхэд сэрэх гээд байна, чимээгүй болчих тэгэх үү" гэтэл Уянга эгч Төгсбаяр ахыг үсдэж аваад үсдээд байхаар нь Отгонцэцэг эгч бид хоёр очиж салгасан. Тэгсэн чинь хажуу талд Гантулга ах, Ганбаатар ах, Болорсүх ах,, Сүхболд ах нар хоорондоо маргалдаад байж байсан.

Болорсүх, Сүхболд, Ганбаатар, Гантулга нарыг салгаад гэр гэрлүү нь оруулсан. Төгсбаяр ах бид хоёр буцаад гэрлүүгээ орох гээд хашааны үүд рүү орж байтал Гантулга "нэг гараа атгаад нөгөө гарынхаа алга дээр хавсарч цохиод "хутгалуулах хүн байна уу?" гэхээр нь Төгсбаяр ах бид хоёр Гантулга ахыг гэрлүү нь оруулах санаатай явж очоод "та одоо гэр лүүгээ орчих" гэтэл Гантулга ах Төгсбаярыг "чи муу юу гээд байгаа юм бэ" гэж хэлээд Төгсбаяр ахын толгой руу нь гараараа 2 удаа цохиод авсан. Төгсбаяр ах босож ирээд Гантулга ахын хоёр гарны шуунаас нь бариад авахаар нь би айгаад гэр лүүгээ орж байсан Сүхболд ахыг "ирж салгаачээ" гэж дуудсан. Болорсүх ах тэр чигээрээ яваад өгсөн юм шиг байна лээ. Дахиж харагдаагүй. Сүхболд ах ирээд салгах гэтэл Гантулга ах Сүхболд ахыг цохьсон чинь Уянга эгч, Ганбат гээд байдаг ах хоёр гарч ирээд Сүхболд ахыг нийлж байгаад газар унатал Уянга эгч Сүхболд ахыг толгойноос нь үсдэж дараад суучихсан, Гантулга ах бас дээрээс нь дарсан байж байтал Ганбат ах 'хутгалах гээд явж байтал Отгонцэцэг эгч, Цэндээ эгч, Батмөнх эгч нар "наадах чинь одоо хутгалчихна шүү дээ, хутгыг нь аваач ээ" гэтэл Төгсбаяр "яанаа Сүхболд ахыг хутгаллаа" гээд Төгсбаяр ах бид хоёр Сүхболд ахыг дарсан байгаа Уянга, Гантулга хоёр дээр очсон чинь Уянга эгч "Манай ах цагдаа шүү дээ, гүйцээчих, би арыг нь даана" гээд орилоод байсан. Төгсбаяр ах гүйж очоод салгах гэтэл Ганбат ах гартаа барьсан хутгаараа Төгсбаяр ахын хөл рүү нь хутгалаад буцаагаад авч байсан. Би тэр үед Төгсбаяр ахыг татаад хашаагаар гарах гээд явж байхад Төгсбаяр ах уйлчихсан, хөлнөөс нь цус гарсан байсан. Тэр үед манай эгч Мөнхзул ч гэсэн ороод ирчихсэн байсан. Би хашааны хаалгаар Төгсбаяр ахыг гаргаж газар суулгаад буцаад ороод иртэл Сүхболд ахыг хутгалчихлаа гээд орилолдоод байсан. Сүхболд ахын хүзүүнээс цус гараад тэрийгээ гараараа дараад хашаанаас гарч Төгсбаярын цаана нь очоод газар хэвтээд өгсөн. Тэгсэн хашаан дотор орилолдоод байхаар нь би эргээд ортол Ганбат ахын хутгыг Мөнхзул эгч, Цэндээ эгч, Отгонцэцэг эгч, Батмөнх эгч нар тавиулах гээд энд тэндээс нь зулгаагаад цохиод байсан. Тэр үед Мөнхзул эгч Ганбат ахын гарыг нь хазаад хутгыг нь тавиулаад хутгыг нь Мөнхзул эгч надад өгөхөөр нь би айгаад хашааны гадаа буюу гудамж руу шидчихсэн. Би ямар хутга байсан талаар нь санахгүй байна. Намайг орох үед хоорондоо маргалдаад байж байсан. Уянга эгч ганцаараа орилоод байсан..." гэх мэдүүлэг/хх-42/

 

Гэрч О.Болорсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 08-р сарын 28-ны орой нар жаргаж байх үед өөрийн ээж Батмөнхийн гэрт ортол хажуу талд байх эгч О.Болороогийн гэрт эмэгтэй хүн чанга чанга орилоод байхаар нь эгч О.Болороогийн гэрт ортол О.Болороо эгч, Ганхуяг хоёр согтуу бололтой унтчихсан, Ганбат, Ганбаатар, Гантулга, Уянга дөрөв 0.75 литрийн архи задалчихсан ууж байсан. Тэгээд би тэр 4-тэй нийлээд архи ууж байтал Гантулгын эхнэр Уянга өөрөө "та нар бол гуйлгачин" гээд агсараад эхлэхээр нь эхэндээ чимээгүй байж байтал улам давраад агсараад байхаар нь би "чи манай эгчийн гэрт ирчихээд зүгээр байгаарай, байж чадахгүй бол яваарай" гэж хэлтэл Уянга "чи хүний авчирсан архинаас хуцалгүй уувал уугаарай, би 3-н ахтай байна шүү" гээд Ганбат, Ганбаатар, Ганхуяг 3-р өмөөрүүлэх гээд байсан. Тэгэхээр нь би "ээжийнхээ хашаанд чамд дарлуулна гэж байхгүй шүү" гэж Уянгад хэлтэл улам асаад агсараад байсан. Тэр үед Гантулга эхнэр Уянгааг өмөөрөөд хажуугаас юм яриад байхаар нь би "Гантулгаа наашаа гараад ир" гэж хэлээд гэрийн гадаа гартал Гантулга араас гараад ирсэн. Бид хоёр барилцаад автал Гантулга эхлээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьтол би газар унасан. Би цохиулчихаад босох гэтэл Уянга хэзээ гараад ирсэн юм мэдэхгүй шууд миний дээрээс дарж хэвтээд миний цээжний баруун дээд хэсгээс хазсан. Тэр үед нэг хүн Гантулга, Уянга хоёрыг надаас салгаад байсан. Би хэн салгаж байгааг харж чадаагүй. Сүүлд сонсоход манай дүү Сүхболд салгасан юм шиг байсан. Би босоод шууд хашаанаас гараад цагаан байр луу явж амарсан. Маргааш нь иртэл манай дүү О.Сүхболд, О.Төгсбаяр хоёрыг Уянга шургаж байгаад Ганбат хутгалсан гэж сонссон.

Ер нь Уянга архи уухаараа их агсам хүн байгаа юм. 2016 оны 6-р сарын орчим санаад байна. Уянга мөн адил манай ээж Батмөнхийн хашаанд байдаг О.Болороо эгчийн гэрт согтуу ирчихээд ээжтэй маргалдаад ээжийг өндөр дээрээс түлхээд хөлийг нь хугалчихсан байсан. Ээж хамаатан садны хооронд бөөн асуудал болно гээд энэ талаар нь цагдаагийн байгууллагад хандаагүй, хүн амьтанд ч хэлээгүй өнгөрсөн байсан.

Уянга архи уухаар үнэхээр овилоггүй хүн. Архи уухаар арслан барс шиг болоод эхэлдэг. Уянга гэдэг хүн архи уухаараа ямар авиртай болдог талаар захын хүмүүс мэднэ. Эрүүлдээ юу ч болоогүй юм шиг "юу байна" гэчихсэн явж байдаг хүн байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-178-179/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹12099 тоот дүгнэлтэнд:

  1. О.Сүхболд-н биед хүзүүний баруун талд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ хх-27

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12098 тоот дүгнэлтэнд:

            1.О.Төгсбаярын биед баруун өвдөгний дотор дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. Шинжээч эмч О.Болороо хх-25, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл 1хх-6-8, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл 1хх-14-16, ял шалгах хуудас 1хх-83, 85, 87, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-541 тоот хашаанд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт Б.Уянга нь “Ганбат ахаа та хүн хутгалдаг биз дээ, энийг хутгалчих, арыг нь би даана, наашаа хүрээд ир…” гэх зэрэг байдлаар, Ш.Гантулга нь “хэн алуулах уу гэж орилон, хохирогч О.Сүхболдын цээжин дээр дараад 2 гарыг нь барих” зэрэг байдлаар Х.Ганбат нь О.Сүхболд, О.Төгсбаяр нарыг хутгалах байдлаар тус тус хамтран оролцсон болох нь хохирогч О.Сүхболдын өгсөн…Уянга нь намайг үсдсэн чигээрээ миний толгойг 2 өвдөгнийхөө дунд хийчихсэн сууж байгаад Уянга нь “энийг хутгалчих, арыг нь би даана, наашаа хүрээд ир” гээд орилж байтал нэг хүн гэнэт хажуу талд ирээд хүзүү рүү цохих шиг болтол миний хүзүүнээс цус олгойдож гарч ирээд нүүрээр дүүрэн цус болж юм харч чадахгүй болсон…би яаж боссоноо мэдэхгүй байна…нэг мэдэхэд гадаа гудамжинд ухаан алдаад уначихсан байсан гэсэн мэдүүлэг хх-29-30, хохирогч О.Төгсбаярын өгсөн…тэгсэн надруу нэг хүн ахыг чинь хутгалчихлаа гэж хэлэхээр нь би Сүхболд ах руу явж очоод дээрээс нь дараад хэвтсэн байгаа Уянга, Гантулга нарыг салгах гэтэл Ганбат ах миний баруун хөлийн өвдөгний орчим 1 удаа цохих шиг болтол хөлөөр нэг юм урсаад халуу дүүгээд явчихаар нь хөлөө хартал цус гарсан байсан…би баруун хөлний өвдөгний дотор дээд хэсэгт нэг удаа хутгалуулсан…манай ах Сүхболдыг Эхнэр нөхөр 2 болох Гантулга, Уянга 2 дараад хэвтчихсэн байхаар нь салгах гээд очтол хөлөндөө хутгалуулчихсан гэсэн мэдүүлэг хх-32-33, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12098, 12099 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр цугларсан уг хэрэгт шууд хамааралтай байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Уянга, Ш.Гантулга, Х.Ганбат нарыг бүлэглэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 41-541 тоот хашаанд 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Уянга, Ш.Гантулга, Х.Ганбат нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.