Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 302

 

Г.Ү-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, хохирогч Н.Д-н өмгөөлөгч Г.Энхтүвшин, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр магадлалтай, Г.Ү-т холбогдох 201725010665 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Ү- болон түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Г-н Ү.

Г.Ү- нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас бага хүүтэй урт хугацаатай их хэмжээний зээл авч өгнө, хамтран ажиллана гэх зэргээр хуурч, 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд Ё.Ч-с 67,900,000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Т.Б-с нийт 25,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Н.О-с 20,000,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд Н.Д-с 112,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Д.Т-с 40,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Ю.Н-с 5,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 14, 23-ны өдөр Х.Г-с 40,000,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Д.У-с 5,000,000 төгрөгийг тус тус залилан авч нийт 8 удаагийн үйлдлээр бусдад нийт 314,900,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ү-ийг залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Г.Ү-ийг 4 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Ү-ээс нийт 211,500,000 төгрөгийг гаргуулж үүнээсээ 112,000,000  төгрөгийг Н.Д-д, 5,000,000 төгрөгийг Д.У-т, 40,000,000 төгрөгийг Д.Т-т, 5,000,000 төгрөгийг Ю.Н-т, 38,000,000 төгрөгийг Х.Г-т, 11,500,000 төгрөгийг Х.Б-д тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “..Г.Ү-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэснийг “Шүүгдэгч Г.Ү-ийг бусдыг хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэж,

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Г.Ү-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Г.Ү-ийг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ү-, түүний өмгөөлөгч Ц.Аптанцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Ү- гаргасан гомдолдоо “...

1. Г.Ү- миний бие жижиг дунд үйлдвэрийн сангийн бэлэн төслийн материал зардаг, зээл гаргаж өгдөг бүлэг хүмүүсийн арга мэхэнд хууртаж бусдыг залилсан хэрэгт ял шийтгүүлэн хохирч байна.

2. Би 2012 оноос хойш өөрийн бууз, банш, бэлэн гурил үйлдвэрлэлийн цех ажиллуулдаг бизнесийг  эрхлэн явуулж ирсэн. Сонины зараар төсөл боловсруулж, зээл гаргаж өгдөг Баяраа гэдэг хүнтэй холбогдож жижиг дунд үйлдвэрийн сангаас 5 жилийн хугацаатай 275,000,000 төгрөгийн зээл авсан. Төслийг Баяраа бэлдэж богино хугацаанд гаргаж өгсөн.

3. 2015 онд Баяраа утсаар залгаж “бэлэн төсөл байна, авах хүн байна уу” гэж хэлсэн. Би таньдаг зарим нэг хүндээ хэлж зээл гаргуулахаар болсон. Би өөрөө ч гэсэн зээл нэмж авахын тулд Н.О-с 20,000,000 төгрөг зээлж урьдчилгаанд өгсөн. Н.О  байр барьцаалж гэрээ хийж мөнгө зээлсэн, түүний мөнгийг бүрэн төлсөн. Мөн Ё.Ч-тай цементний бизнес хийхээр тохиролцож өөрийн аавын төрсөн ах Ш-с 70,000,000 төгрөг зээлсэн. Уг зээлийг Ч-н байрыг барьцаалж Ш авсан. Гэтэл тухайн үеийн байгаль цаг агаарын байдлаас болж задгай ачсан цемент норж алдагдалд орсон. Гэвч би алдагдлыг дангаараа хүлээж зээлсэн мөнгөө өгч байрыг чөлөөлж Ё.Ч-д өгсөн.

4. Би хохирогч нараас авсан мөнгийг Баяраа, Батсүх нартай гэрээ хийж бэлнээр, Мөнхцэцэгийн нэр дээр дансаар шилжүүлж байсан нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад түтгэлзүүлсэн М.Батсүх нар холбогдох 201625031965 дугаартай хэргийн материалд тодорхой байгаа.

Иймд би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэт нэг талыг барьсан, иргэний гэрээ, хэлцэлтэй хэргийг эрүүгийн хэрэг болгон ял оногдуулсанд гомдолтой байна. Мөн тухайн үед мөрдөн байцаалт, прокурорын шатууд дээр миний мэдүүлгийн дагуу шалган оролцуугүйд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх онлайн сүлжээ тасарсан нэрээр хуралд биеэр оролцох боломж олгоогүй, хурал болон тухайн цаг үед хэргийн нөхцөл байдлыг бүрэн судлаагүй хэд хэдэн прокурорт томилж бодит байдлыг нягтлан хэлэлцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтыг зөрчсөн.

Баяраа гэдэг залуу нь /иргэний үнэмлэх дээрх нэр Чулуунбат/ Батсүх, Мөнхцэцэг нараар дамжуулан жижиг дунд үйлдвэрийн сангийн төсөл зардаг, зээл гаргадаг эрх бүхий албан тушаалтнуудыг илрүүлж надад холбогдох гэрээ хэлцэлтэй хэргийг иргэний журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Миний үйлчлүүлэгч Г.Ү- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгэгдсэн. Г.Ү- нь ...2014 онд жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 270 сая төгрөгний зээл авч үйлдвэрлэлээ явуулж байгаа бөгөөд уг зээлийг авахдаа сонинд тавьсан зээлийн төсөл бичнэ, зээл гаргана гэсэн зарын дагуу Баяраа гэгчтэй танилцаж уг зээлээ хөөцөлдүүлсэн байдаг юм. Харин энэ хэргийн хохирогч болох хүмүүсээс зээл гаргаж өгөхөөр мөнгө төгрөг авахдаа дээрх Баяраа гэдэг хүний “Бэлэн төсөл байна, зээл авах хүн байна уу” гэсэн саналын дагуу өмнө нь өөрөө хөөцөлдүүлж, үнэхээр зээл авсан байсан тэр итгэл үнэмшилдээ хөтлөгдөн таньдаг хүмүүсээс асууснаар энэ гэмт хэрэгт холбогдох үндэс болсон юм.

Хэргийг мөрдөн байцаалтанд шалгахдаа Г.Ү- гэдэг хүн жижиг дунд үйлдвэрийн зээл авч байсан нь үнэн эсэх, уг зээлийн төслийг ямар хүн бичиж, ямар хурал зөвлөгөөнөөр дэмжигдэж, зээлийн шийдвэрийг хэдийд ямар албан тушаалтны шийдвэрээр олгосон зэргийг огт шалгаагүй, уг хэргийн гүйцэтгэгч болон түүний хамтран оролцогч нарыг тогтоогоогүй, зөвхөн Г.Ү-ийг зээл гаргаж өгнө гэж бусдаас их хэмжээний мөнгө залилж авсан гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай гэж үзэж байгаа юм. Г.Ү- нь хохирогч нараас авсан мөнгийг Баяраа, Батсүх нарт зээлийн гэрээ хийж болон бэлнээр өгч байсан, мөн Мөнхцэцэг гэдэг хүний дансаар дамжуулан шилжүүлж байсан нь хэрэгт нотлогдсон байдаг. Мөн уг Мөнхцэцэг гэдэг эмэгтэй ...2 ч удаа Үнэнцэцэгт жижиг дунд үйлдвэрийн зээлийн төслийн материалуудыг авчирч өгч байсан нь тогтоогдсон байдаг бөгөөд Аж үйлдвэрийн яам, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1124 тоот албан бичиг, Төрийн банкны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт гэх албан бичгийг мөн Мөнхцэцэг авчирч өгч байсан байдаг, гэтэл дээрх материалуудыг хэн Мөнхцэцэгт өгсөн болох, эдгээр албан бичиг тодорхойлолт хуурамч эсэх, хэрэв хуурамч бол хэн үйлдсэн зэргийг нарийвчлан шалгах шаардлагатай юм.

2. Г.Ү- нь хохирогч нараас авсан мөнгө төгрөгийг бусдад дамжуулж өгсөн болох нь тодорхой, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажилтнуудтай илт холбоотой Баяраа, Батсүх, Мөнхцэцэг нар энэ асуудалд оролцож, уг санд зээл хүсч хандсан хүмүүсийн материалаас бэлэн төсөл байгаа гэж хэлж 2 удаа төслийн материал өгч байсан зэргээс тэдгээр хүмүүсийн үйлдэл оролцоо, авсан мөнгө тодорхой тогтоогдсон байхад зөвхөн Г.Ү- бусдыг залилсан гэж үзэж ял шийтгэл оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг илт дордуулсан, зөвхөн яллах талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гэж үзэж давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан билээ. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалдаа “М.Батсүх гэгч этгээд олдохгүй байгаа тул хэргийг түдгэлзүүлсэн баримт хэрэгт байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн давж заалдах гомдолд дурдагдсан Баяраа гэгч нь хэн болох нь бүрэн тогтоогдоогүй, сэжигтнээр шалгагдаж байсан Р.Чулуунбат нь Баяраа мөн гэх боловч Р.Чулуунбат нь Баяраа гэгч өөр хүн байдаг талаар мэдүүлсэн байна. Шүүгдэгч Г.Ү- нь хамтран залилан үйлдсэн гэх Баяраагийн талаар үндэслэл бүхий мэдээлэл өгдөггүй бөгөөд Баяраад залилуулсан талаарх гомдлоо гаргаж хэргийг шалгуулах эрх нь нээлттэй. Иймд шүүгдэгч Г.Ү-, түүний өмгөөлөгч Г.Алтанцэцэг нарын “хэргийг дахин шалгаж өгөх” талаар гаргасан гомдлуудыг хүлээж авах үндэслэлгүй байна” гэсэн нь нэгэнт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа хэрэгт хамааралгүй, харин шинээр гарган шалгуулах тухай заалт гэж ойлгогдож байна.

3. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад түдгэлзүүлсэн М.Батсүх нарт холбогдох 201625031965 тоот хэргийг Г.Ү-т холбогдох энэ хэрэгтэй нэгтгэж шалгах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь Г.Ү- цагдаагийн байгууллагад гомдол гаргаж М.Батсүх нарт залилуулсан асуудлыг шалгуулсан бөгөөд дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Ү- бусдаас авсан мөнгө төгрөгийг Баяраа, Батсүх, Мөнхцэцэг нарт хэдийд яаж шилжүүлсэн тухай хангалттай баримт байдаг юм.

4. Г.Ү- нь Ё.Ч-тай хамтарч бизнес хийхээр тохирч 6 вагон цемент оруулж ирсэн бөгөөд тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн эрсдэлд орсон, мөн Н.Оюунаагаас үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан 20 сая төгрөг зээлж авч, Жижиг дунд үйлдвэрээс зээл авахын тулд Баяраа нарт өгсөн бөгөөд эдгээр өр зээлээ бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл иргэд хоорондын хэлцэл тохироо, барьцаат зээлийн гэрээнд үндэслэсэн асуудлуудыг хамтран ажиллана гэж хуурсан хэмээн яллаж, ял шийтгэл оногдуулсан нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн үндэстэй тогтоолгож өгнө үү” гэжээ.

Хохирогч Н.Д-н өмгөөлөгч Г.Энхтүвшин хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Ү-т холбогдох хэрэгт хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна. гэв.

Ахлах прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос Г.Ү-ийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүх тухайн зүйл хэсгээр ял, шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ү- нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас бага хүүтэй, урт хугацаатай, их хэмжээний зээл гаргаж өгнө, хамтран ажиллана гэх зэргээр хохирогч нараас их хэмжээний мөнгө залилан авсан болох нь тогтоогдсон байна. Хохирогч нараас мөнгө авахдаа би Баяраа гэдэг хүнээр хөөцөлдүүлж байгаа гэж хэлсэн удаа байхгүй, Баяраа гэдэг хүнд мөнгөө өгөөгүй Г.Ү-т итгээд мөнгө өгсөн гэдгийг хохирогч нар бүгд мэдүүлсэн байна. Өмнө нь энэ гэмт хэрэг хэд хэдэн Цагдаа, Прокурорын газар дамжин шалгагдаж байсан, мөн хэн нь мэдэгдэхгүй Баяраа гэж ярьдаг хүний талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан зэрэгтэй холбоотойгоор хэргийг шалгах ажиллагаа удааширч байсан баримт хэрэгт авагдсан байна. Хэрэгт нотолбол зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн, шүүгдэгч Г.Ү- нь бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Ү-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.Ү- нь 2014 оны 04 дүгээр сарын 18-наас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 8 удаагийн үйлдлээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас бага хүүтэй, урт хугацаатай, их хэмжээний зээл авч өгнө, хамтран ажиллана гэх зэргээр бусдыг хуурч мэхлэн эд хөрөнгийг нь шилжүүлэн авсны улмаас нэр бүхий хохирогч нарт нийт 314,900,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Ү-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль буцаан хэрэглэх зарчмыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Г.Ү-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ү-ийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хэт нэг талыг барьсан, иргэний гэрээ, хэлцэлтэй хэргийг эрүүгийн хэрэг болгон ял оногдуулсан тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг иргэний журмаар шийдвэрлэх” тухай болон түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоолгож өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1611 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ү- болон түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН