Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 68

 

“У- Д-” СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00424/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  05 дугаар сарын 31-ний өдрийн 507 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “У- Д-” СӨХ-ны  нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Н-т холбогдох

“Дархан сумын 16 дугаар багийн 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрыг хууль бус эзэмшлээс албадан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн  төлөөлөгч С.Эрдэнэцэцэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “У- Д-” СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“У- Д-” СӨХ-ны хариуцдаг хэсэгт Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 4,5,6,7 дугаар байрууд ордог. Манай хариуцдаг дундын өмчлөлийн 6 дугаар байрны 02 дугаар орцны зоорийн давхарт М.Н- 2018 оны 06 дугаар сараас эхлэн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орж оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, мөн өөрөө амьдарч байна. Энэ үйл ажиллагаагаа зогсоож, СӨХ-ны эзэмшлийн зоорийн давхрыг чөлөөлж өгөхийг албан ёсоор 2019 оны 01 дүгээр сараас нийт 4 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс албадан гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тус зоорийн давхрыг Ш- гэдэг хүн 2014 оноос хойш түрээсэлж байсан бөгөөд би 2016 онд тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш үргэлжлүүлэн гэрээ байгуулан түрээсэлсэн. 2018 онд Ш- нь М.Н-ын ээжийг түр амьдруулж байгаач гэсний дагуу тус зоорийн давхарт оруулсан. Тэгээд М.Н-ын ээжийн гуйсны дагуу бусдад үзүүлэх баримт болгох гэж М.Н-той 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн гэрээг бичгээр хийж өгсөн. Энэ гэрээ нь жинхэнэ түрээсийн гэрээ биш юм. Ш-тэй 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ хийсэн байсан. 2018 оны 06 дугаар сараас М.Н- нь оёдлын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний хувьд Ш-тэй хийсэн гэрээний хугацаа дуусаагүй байсан тул тухайн үедээ юм хэлээгүй. Мөн М.Н-ын ээж нь тус СӨХ-д үйлчлэгчээр 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах болсон. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс М.Н-ын ээж ажиллахаа больсон тул бид түүнийг тус байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. Иймээс албан ёсоор гэрээ хийгдээгүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа М.Н-ыг гаргаж, тус зоорийн давхрыг чөлөөлж өгөхийг хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч М.Н- нь тус зоорийн давхрыг чөлөөлж өгөхгүйгээс болж тус СӨХ-ны үйл ажиллагаа доголдож байна. Тус СӨХ үйлчлэгч ажилд авах болохоор амьдрах байргүй гэдэг шалтгаанаар хүн ажилладаггүй. Үүнээс болоод нийт сууц өмчлөгчдийн эрх ашиг хөндөгдөж байна. М.Н-ын эзэмшээд байгаа подволын давхар бол сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгө. Энэ нь Сууц өмчлөлийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тодорхой заагаад өгчихсөн. М.Н-ын эзэмшиж байгаа өрөө дундын эд хөрөнгөд хамаарна. Мөн хуулийн 12.1-д бүх гишүүдийн чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал эрхэлнэ. 12.4.5-д дундын эд хөрөнгийн түрээслүүлэх, эзэмшүүлэх талаар холбооны нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрх гүйцэтгэх захиралд байна. Тийм учраас Иргэний хуулийн 106.1, 106.2, 106.3-т заасныг үндэслэн шаардлагаа гаргаж байна гэжээ.

Хариуцагч М.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 онд Чухал амжилт МСҮТ-ийн оёдол эсгүүрийн 1 сарын дамжаанд суралцаж, оёдолчин мэргэжилтэй болж төгссөн. Энэ хугацаанаас хойш амьдрал ахуйгаа сайжруулж, өвчтэй ээжийгээ, өнчин дүү нараа авч явахын тулд төгссөн мэргэжлээрээ ажиллаж байна. 2018 оны 06 сараас эхлэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, хуучин хороолол, 6 дугаар байр, 2 дугаар орцны зоорийн давхарт оёдол болон оёдлын сургалт явуулж эхэлсэн. 2017 онд өмнөх эзэмшигч Т.Ш-тэй уулзаж үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьсан. Тус хүн надад татгалзах зүйл байхгүй, СӨХ-ны даргатай ярь гэж хэлсний дагуу СӨХ-ны даргатай тохироод, 2018.06.01-ний өдрөөс 2019.01.01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээг хийснээс хойш ус суваг, цахилгаан, дулаантай гэрээ хийж тоолуур тавиулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сард засвар хийсэн. Манай ээж СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд тархи, зүрхний өвчтэй байсан учраас урт хугацаагаар ажил хийж чадахгүй байсан. Захирагчийн албанаас үйл ажиллагаа явуулахад бидний зүгээс татгалзах зүйл байхгүй гэж амаар хариу өгсөн. Би засвар хийж, тоолуур, тог ус зэрэг бүх зүйлийг шинээр тавьсан. Бас 7 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг байрлуулсан. Тийм учраас олон хугацааны цаг зав хуримтлал үүсгэсэн. Би гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.Н- нь халамжийн төвд бүртгэлтэй, зорилтот бүлгийн иргэн байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ямар гэрээ, хэлцэлгүй, зөвшөөрөлгүй зоорийн давхарт орж, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн байдаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхэд СӨХ-ны дарга, М.Н- нарын хооронд гэрээ байгуулагдсан байна. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 01 сарын 11-ний өдрийн 05 дугаартай журмаар орон сууцны зоорийн давхрыг ашиглах, хяналт тавих журмыг тодорхойлсон бөгөөд СӨХ-ны гүйцэтгэх захирал түрээсийн гэрээ байгуулж, захирагчийн албаар баталгаажуулж, зөвшөөрөл олгогддог. Энэ журмаар эрх олгогдсон эрх бүхий этгээд М.Н-ын үйл ажиллагааг хориглоогүй байна. Мөн хариуцагч нь 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл гэрээ хийгдсэн. Хуульд болон журамд заасан гэрээгээр эрх нь үүссэн бөгөөд үүний үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаандаа зориулаад засвар хийсэн. Мөн дулаан, цахилгааны төлбөр тооцоог бүрэн хийсэн. Гэтэл 6 сарын дараа гар гэж байгаа. Ямар үндэслэлээр хариуцагчийг байрнаас гаргах шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Гэрээний хугацаа дууссан учраас зоорийн давхрыг чөлөөлүүлэх гээд байгуу юм уу гэхээр ийм үндэслэлийг огт дурдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 507 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “У- Д-” сууц өмчлөгчдийн холбооны гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрыг хариуцагч М.Н-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Эрдэнэцэцэг давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн шийдвэр гэж үзэн эс зөвшөөрч байгаа тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шийдвэрийг үндэслэх хэсэгт “У- Д-” СӨХ болон М.Н- нарын хооронд иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэдэг боловч түрээсийн зүйл болох СӨХ-ны дундын өмч болох хонгилын давхар нь тус гэрээгээр зохицуулагдах гэрээний зүйл мөн эсэх, түүнчлэн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хариуцагч М.Н-т тус хонгилын давхарт үйл ажиллагаа явуулахыг үргэлжлүүлэх боломж олгосон шийдвэр нь “У- Д-” СӨХ нь өөрийн өмчийн хонгилын давхрыг хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу цаашид захиран зарцуулах эрхгүй болгосон нь “У- Д-” СӨХ-ны эрх ашгийг зөрчиж хохироосон шийдвэр байх тул анхан шатны шүүхийн 507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, харин  хэрэгт авагдсан  нотлох баримтыг  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны харилцаанд Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж, хэрэглээгүйн улмаас  шийдвэр хуулийн  үндэслэл бүхий  болж чадаагүй байна.   

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг  хангах  хуулийн  үндэслэлтэй.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч М.Н-т холбогдуулан  Дархан сумын 16 дугаар багийн, 6 дугаар байр, 2 дугаар орцны  зоорийн давхрыг  хууль бус эзэмшлээс албадан гаргуулах  нэхэмжлэл гаргасныг, хариуцагч  эс зөвшөөрчээ.

            Шүүх  зохигчдын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн  харилцаа  үүссэн,  хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэн  нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Улам дэвжих” СӨХ нь  Дархан сумын  16 дугаар багийн, 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрын 2 өрөөг М.Н-т 2018 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл \6 сарын\ хугацаагаар оёдлын зориулалтаар ашиглуулахаар “Ашиглах тухай гэрээ”   байгуулж, ашиглуулсны хөлсийг 20.000 төгрөгөөр тогтоосон байдлаас үзвэл тэдний  хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан  гэж  үзэх үндэслэлтэй.

            Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх  үүргийг тус тус хүлээдэг.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй, үүнтэй холбогдуулан хөлслүүлэгчид Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1-д  заасан буцаан шаардах эрх  үүснэ.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2019  оны  01 дүгээр сарын  01-ний өдөр  дуусгавар болсон, “Улам дэвжих” СӨХ  2019 оны  01 дүгээр сарын 28-ны өдөр   байрыг чөлөөлөхийг мэдэгдсэн  учир  гэрээг сунгагдсан гэж  үзэх  боломжгүй байна.

Анхан шатны шүүх “... 2018 оны 6 сараас хойш түрээсийн төлбөрийг төлсөн өр төлбөр байхгүй...” гэсэн тайлбаруудаар М.Н- нь СӨХ-ийн эзэмшлийн зоорийн давхрыг  хууль бусаар  эзэмшиж, ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна,    талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байгаа хэдий ч  хариуцагч М.Н- нь тус зоорийн давхарт  оёдлын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа, мөн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй гэх дүгнэлтүүд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй, хуульд   нийцээгүй байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1-д зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу ашиглах, эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх, хөлслөн авсан эд хөрөнгийг муутгахгүй байх  хууль буюу гэрээнд заасан бусад үүргээ  биелүүлэх  ёстой бөгөөд  үүргээ биелүүлсэн  явдал нь  гэрээний  хугацааг заавал сунгах ёстой гэсэн ойлголт биш юм. Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар   тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж  Иргэний хуулийн  296 дугаар зүйлийн  296.1-д  заажээ. Гэвч хэрэгт авагдсан баримтуудаар хөлслүүлэгч гэрээг сунгахыг хүсээгүй байгаа нь хөлслөгчид удаа дараа өгсөн мэдэгдлээр нотлогдож байна. Мөн энэ мэдэгдэл нь  296 дугаар зүйлийн 296.1-д заасан тохиолдол  хамаарна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, алдааг засах  нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  05 дугаар сарын 31-ний өдрийн 507 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дэх  заалтыг,

“Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн  295.1-д заасныг баримтлан хариуцагч М.Н-оос Дархан сумын 16 дугаар багийн, 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрын 2 өрөөг албадан гаргуулсугай.”  гэж,

2 дахь заалтад

“...хэвээр үлдээсүгэй.” гэснийг “...хэвээр үлдээж, хариуцагч М.Н-оос 70.200 төгрөг гаргуулж,  нэхэмжлэгч “Улам дэвжих”СӨХ-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200  төгрөгийг шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                О.НАРАНГЭРЭЛ

                                                                 ШҮҮГЧИД                                Л.АМАРСАНАА     

                                                                                                                  С.ЭНХЖАРГАЛ