Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 507

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00424/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... аймгийн ............ сумын .............. баг, ........... хороолол, .........-ны гүйцэтгэх захирал ...... овогт С.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... аймгийн ........ сумын ....... баг, ........ баг,  ........ тоотод оршин суух, ...... овогт М.Н- /РД:............... /-т холбогдох,

 

"Дархан сумын 16 дугаар багийн 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрыг хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай" нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г-, хариуцагч М.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “У”- СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У”-  СӨХ-ны хариуцдаг хэсэгт Дархан сумын 16 дугаар багийн 1 дүгээр хорооллын 4,5,6,7 дугаар байрууд ордог. Манай хариуцдаг дундын өмчлөлийн 6 дугаар байрны 02 дугаар орцны зоорийн давхарт М.Н- 2018 оны 06 дугаар сараас эхлэн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр орж оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, мөн өөрөө амьдарч байна. Энэ үйл ажиллагаагаа зогсоож, СӨХ-ны эзэмшлийн зоорийн давхрыг чөлөөлж өгөхийг албан ёсоор 2019 оны 01 дүгээр сараас нийт 4 удаа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа тул хууль бус эзэмшлээс албадан гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Тус зоорийн давхрыг Ш- гэдэг хүн 2014 оноос хойш түрээсэлж байсан бөгөөд би 2016 онд тус СӨХ-ны гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш үргэлжлүүлэн гэрээ байгуулан түрээсэлсэн. 2018 онд Ш- нь М.Н-ын ээжийг түр амьдруулж байгаач гэсний дагуу тус зоорийн давхарт оруулсан. Тэгээд М.Н-ын ээжийн гуйсны дагуу бусдад үзүүлэх баримт болгох гэж                        М.Н-той 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл түрээсийн гэрээг бичгээр хийж өгсөн. Гэхдээ энэ гэрээ нь жинхэнэ түрээсийн гэрээ биш юм. Ш-тэй 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл гэрээ хийсэн байсан. Тэгээд 2018 оны 06 дугаар сараас М.Н- нь оёдлын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Миний хувьд Ш-тэй хийсэн гэрээний хугацаа дуусаагүй байсан тул тухайн үедээ юм хэлээгүй юм. Мөн М.Н-ын ээж нь тус СӨХ-д үйлчлэгчээр 2018 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах болсон. 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс М.Н-ын ээж ажиллахаа больсон тул бид түүнийг тус байрыг чөлөөлж өгөхийг шаардсан. Учир нь СӨХ-д үйлчлэгч ажилд авах шаардлагатай байгаа бөгөөд тус зоорийн давхрын өрөөнд үйлчлэгчээ амьдруулах хэрэгтэй байна. Иймээс албан ёсоор гэрээ хийгдээгүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа М.Н-ыг гаргаж, тус зоорийн давхрыг чөлөөлж өгөхийг хүсч байна” гэв.

 

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ямар нэгэн гэрээ хэлцэлгүйгээр оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч М.Н- нь тус зоорийн давхрыг чөлөөлж өгөхгүйгээс болж тус СӨХ-ны үйл ажиллагаа доголдож байна. Учир нь тус СӨХ үйлчлэгч ажилд авах болохоор амьдрах байргүй гэдэг шалтгаанаар хүн ажилладаггүй. Үүнээс болоод нийт сууц өмчлөгчдийн эрх ашиг хөндөгдөж байна.             М.Н-ын эзэмшээд байгаа подволын давхар бол сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд хөрөнгө. Энэ нь Сууц өмчлөлийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр Н-ын эзэмшиж байгаа өрөө дундын эд хөрөнгөд хамаарна. Мөн хуулийн 12.1-д бүх гишүүдийн чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх захирал эрхэлнэ. 12.4.5-д дундын эд хөрөнгийн түрээслүүлэх, эзэмшүүлэх талаар холбооны нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрх гүйцэтгэх захиралд байна. Тийм учраас Иргэний хуулийн 106.1, 106.2, 106.3-т заасныг үндэслэн шаардлагаа гаргаж байна” гэв.

 

   Хариуцагч М.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие 2016 онд “Чухал амжилт” МСҮТ-ийн оёдол эсгүүрийн 1 сарын дамжаанд суралцаж, оёдолчин мэргэжилтэй болж төгссөн. Энэ хугацаанаас хойш амьдрал ахуйгаа сайжруулж, өвчтэй ээжийгээ, өнчин дүү нараа авч явахын тулд төгссөн мэргэжлээрээ ажиллаж байна. 2018 оны 06 сараас эхлэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, хуучин хороолол, 6 дугаар байр, 2 дугаар орцны зоорийн давхарт оёдол болон оёдлын сургалт явуулж эхэлсэн. 2017 онд өмнөх эзэмшигч Т.Ш-тэй уулзаж үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьсан. Тус хүн надад татгалзах зүйл байхгүй, СӨХ-ны даргатай ярь гэж хэлсний дагуу СӨХ-ны даргатай тохироод, 2018.06.01-ний өдрөөс 2019.01.01-ний өдөр хүртэл 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан.  Гэрээг  хийснээс хойш ус суваг, цахилгаан, дулаантай гэрээ хийж тоолуур тавиулсан. Ингээд 2018 оны 10 дугаар сард засвар хийсэн.

Манай ээж СӨХ-д үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд тархи, зүрхний өвчтэй байсан учраас урт хугацаагаар ажил хийж чадахгүй байсан. Гэтэл танай ээж цаашид ажиллахгүй бол байрыг суллаж өг гээд мэдэгдэх хуудас өгсөн. Удаа дараа мэдэгдэх хуудас өгөөд бид нарыг гаднаас 2 удаа цоожилсон. Ингээд бид ойлголцоогүй учир би зохих газар өргөдөл өгсөн. Захирагчийн албанаас үйл ажиллагаа явуулахад бидний зүгээс татгалзах зүйл байхгүй гэж амаар хариу өгсөн. Би засвар хийж, тоолуур, тог ус зэрэг бүх зүйлийг шинээр тавьсан. Бас 7 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг байрлуулсан. Тийм учраас олон хугацааны цаг зав хуримтлал үүсгэсэн. Сууц өмчлөгчдийн холбооны даргын зүгээс яагаад зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр танай ээж үйлчлэгч хийхгүй бол та нар гар гэдэг. Би гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хариуцагч М.Н- нь халамжийн төвд бүртгэлтэй, зорилтот бүлгийн иргэн байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ямар гэрээ, хэлцэлгүй, зөвшөөрөлгүй зоорийн давхарт орж, үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн байдаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэхэд СӨХ-ны дарга, М.Н- нарын хооронд гэрээ байгуулагдсан байна.  Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 01 сарын 11-ний өдрийн 05 дугаартай журмаар орон сууцны зоорийн давхрыг ашиглах, хяналт тавих журмыг тодорхойлсон бөгөөд СӨХ-ны гүйцэтгэх захирал түрээсийн гэрээ байгуулж, захирагчийн албаар баталгаажуулж, зөвшөөрөл олгогддог. Энэ журмаар эрх олгогдсон эрх бүхий этгээд М.Н-ын үйл ажиллагааг хориглоогүй байна. Мөн хариуцагч нь 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл гэрээ хийгдсэн. Хуульд болон журамд заасан гэрээгээр эрх нь үүссэн бөгөөд үүний үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан. Үйл ажиллагаандаа зориулаад засвар хийсэн. Мөн дулаан, цахилгааны төлбөр тооцоог бүрэн хийсэн. Гэтэл 6 сарын дараа гар гэж байгаа. Ямар үндэслэлээр хариуцагчийг байрнаас гаргах шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Гэрээний хугацаа дууссан учраас зоорийн давхрыг чөлөөлүүлэх гээд байгуу юм уу гэхээр ийм үндэслэлийг огт дурдахгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “У”- сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны гүйцэтгэх захирал С.Э- нь хариуцагч М.Н-т холбогдуулан, Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 6 дугаар байрны 02 дугаар орцны зоорийн давхрыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М.Н- нь ямар нэгэн гэрээгүйгээр хууль бусаар тус сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн хөрөнгийг эзэмшиж байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу шаардлага гаргаж байна” гэж, хариуцагч М.Н- болон түүний өмгөөлөгч “тус зоорийн давхрыг СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Э-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээг сунгах байтал нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоогүй үндэслэлээр байрыг чөлөөлөх шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тус тус тайлбарладаг болно.

            С.Э- нь “У”- сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал мөн болох нь хэрэгт авагдсан Сууц өмчлөгчдийн “У”- холбооны удирдах зөвлөлийн 2016 оны 10 сарын 09-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор тогтоогдож байгаа бөгөөд тус сууц өмчлөгчдийн холбоог Дархан сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 14-ний өдрийн А/333 дугаар захирамжаар бүртгэсэн байна.

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4-т зааснаар С.Э- нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байна.

            Хэрэгт “У”- СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Э-ийн хариуцагч М.Н-той болон иргэн Т.Ш-тэй тус тус байгуулсан 2018 оны 01 сарын 01-ний өдрийн “Нийтийн зориулалттай орон сууцны зоорийн давхрыг түрээслэх” 2 гэрээ авагдсан байх бөгөөд хариуцагч М.Н-той 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, харин Т.Ш-тэй 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай байхаар гэрээндээ заажээ. Талууд энэхүү гэрээнүүдэд заасан түрээсийн гэрээний зүйл нь Дархан сумын 16 дугаар баг, 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхар гэж тайлбарладаг боловч иргэн Т.Ш-тэй байгуулсан гэрээн дээр 6 дугаар байрны 1 дүгээр орцыг түрээслэхээр заасан байна.

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д зааснаар гүйцэтгэх захирал нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхтэй байна.

            Хариуцагч М.Н- нь 2018 оны 06 дугаар сараас одоог хүртэл тус зоорийн давхарт оёдлын үйл ажиллагаа явуулж байгаа, үйл ажиллагаа явуулахад зориулж засвар хийсэн, дулааны болон цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнүүдийг холбогдох байгууллагуудтай байгуулж, төлбөрүүдийг 2019 оны 04 дүгээр сарын байдлаар бүрэн төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

            Нэхэмжлэгч “У”- СӨХ-ны захирал С.Э- нь шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан дээрх хоёр гэрээний тухайд иргэн Т.Ш-тэй байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, харин М.Н-той  байгуулсан гэрээ нь түүний ээжийн гуйлтаар бусад байгууллагад баримт болгох зорилгоор хийгдсэн гэрээ бөгөөд М.Н-ыг тус зоорийн давхарт үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй, гэрээ албан ёсоор байгуулаагүй тул хууль бусаар орж үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч М.Н- нь 2018 оны 06 дугаар сараас буюу дээрх гэрээнд заасан хугацаанаас эхлэн тус зоорийн давхарт оёдлын үйл ажиллагаа явуулж эхэлсэн, мөн хугацаандаа засвар хийж, оёдлын тоног төхөөрөмжүүд суурилуулсан байгаа, энэхүү байдлыг нэхэмжлэгч тал мэдэж байсан, 2018 оны 06 дугаар сараас хойш 2019 оны 01 дүгээр сарыг хүртэл байрыг чөлөөлүүлэх талаар шаардлага гаргаж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэхэд нэхэмжлэгч “У”- СӨХ-ны захирал С.Э-, хариуцагч М.Н- нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

            Нөгөө талаас хариуцагч М.Н-ын “Т.Ш- ахтай би уулзаад та энэ байрыг зүгээр ингэж байлгаж байхаар би оёдол хийе гэж хэлэхэд надад татгалзах зүйлгүй, СӨХ-ны даргатай яриад гэрээгээ хийгээд явна биз гэж хэлсний дагуу гэрээ хийсэн” гэсэн тайлбар, нэхэмжлэгч “У”- СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Э-ийн “Т.Ш- нь 2014 оноос хойш түрээсийн гэрээгээр зоорийн давхрыг эзэмшиж байгаад 2016 онд намайг гүйцэтгэх захирлаар ажилласнаас хойш үргэлжлүүлэн гэрээ байгуулсан. Т.Ш- хариуцагч М.Н-ын ээжийг түр байлгаж байгаач гэж гуйсны дагуу би зөвшөөрч, зоорийн давхарт өмнө нь оруулсан байсан. 2019 оны 01 дүгээр сард би Т.Ш-тэй яриад байрнаас энэ хүмүүсийг гаргаач, мэдэгдэл өгнө гэхэд надад хамаагүй, наад хүмүүсдээ өг гэсний дагуу би М.Н-т 4 удаагийн мэдэгдэл өгсөн. М.Н- нь 2018 оны 06 дугаар сараас хойш түрээсийн төлбөрийг төлсөн, өр төлбөр байхгүй“ гэсэн тайлбаруудаар хариуцагч М.Н- нь СӨХ-ны эзэмшлийн зоорийн давхрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байгаа хэдий ч хариуцагч М.Н- нь тус зоорийн давхарт оёдлын үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа, мөн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч “У”- СӨХ-ны захирал С.Э- нь хариуцагч                  М.Н-т 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 3 удаагийн мэдэгдлээр тус зоорийн давхрыг чөлөөлөхийг мэдэгдэж байсан бөгөөд уг мэдэгдлийн үндэслэл нь Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 05 дугаар тогтоолын 2.5 дугаар зүйлийг зөрчиж байна гэжээ.

            Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 01 сарын 11-ний өдрийн 05 дугаартай тогтоолоор “Нийтийн орон сууцны зоорийн давхрыг ашиглахад тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох, хяналт тавих” журмыг баталсан бөгөөд тус журмын 2.5-д зоорийн давхарт явуулахыг хориглосон үйл ажиллагааг зохицуулсан байна.

            Хариуцагч  М.Н- нь талуудын хооронд байгуулсан гэрээ болон дээрх журмыг зөрчсөн үндэслэл талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Нөгөө талаас дээрх журмын 3.3-т зааснаар түрээсээр ашиглагдаж байгаа зоорийн давхрын ашиглалт, үйл ажиллагаанд тухайн байрны СӨХ, зөвшөөрөл олгогч байгууллага буюу Дархан-Уул аймгийн Захирагчийн алба, мэргэжлийн хяналтын газар хяналт тавихаар заасан бөгөөд дээрх байгууллагууд, оршин суугчдын зүгээс хариуцагч М.Н-ыг энэхүү журам болон хууль тогтоомж зөрчсөн талаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.  

 

            Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албаны 2019 оны 05 сарын 15-ны өдрийн 03/117 дугаартай албан бичгээр хариуцагч М.Н-т “У”-   СӨХ-ны гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулж, хамтран ажиллахыг мэдэгдсэн хариу өгчээ.  

            Нэхэмжлэгч “У”- СӨХ-ны гүйцэтгэх захирал С.Э- нь одоо цаашид тус зоорийн давхарт байрны үйлчлэгчийг байрлуулах тул М.Н-той гэрээ байгуулах боломжгүй гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн              289.7-д эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй байхаар зохицуулсан байна. Иймд хариуцагч М.Н-ыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тус сууц өмчлөгчдийн холбоотой байгуулсан гэрээ байхгүй гэсэн үндэслэлээр хууль бусаар зоорийн давхрыг эзэмшиж байна гэж үзэх боломжгүй юм. 

            Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “У”- сууц өмчлөгчдийн холбооны Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрыг хариуцагч М.Н-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “У”- сууц өмчлөгчдийн холбооны гаргасан Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 6 дугаар байрны 2 дугаар орцны зоорийн давхрыг хариуцагч М.Н-ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ