Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 69

 

Б.Б-, П.А- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00442/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 537 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-, П.А- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.О-т холбогдох,

          “3.600.000 төгрөг гаргуулах” тухай иргэний  хэргийг

          Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 07 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагч Г.О-, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-, П.А- нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг нараас:

 Б.Б-, П.А- нар нь Г.О-тай ажлын байрны талбай худалдаж авахаар тохирч, 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа 2.000.000 төгрөгийг нотариатаар баталгаа хийлгэн хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3.600.000 төгрөгийг байрны талбай ашиглалтад ортол сар бүр 300.000-500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2014 оны 07 сарын 10-ны өдөр 300.000 төгрөг бэлнээр, бусдыг нь дансаар шилжүүлсэн бөгөөд нийтдээ 5.600.000 төгрөг шилжүүлсэн. Байр ашиглалтад ороход өгөх талбай байхгүй тул мөнгөө буцааж авахаар шаардсан боловч 2018 онд 2.000.000 төгрөгийг буцаан өгсөн. Иймд үлдэгдэл мөнгө болох 3.600.000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Г.О-аас:

Бид анхнаасаа талбай худалдах талаар тохироогүй, харин гоо сайхны салоны зориулалтаар талбай түрээслүүлэхээр тохирсон. Тэгээд тэр хэсэг талбайг засаж, өчнөөн зардал гаргасан. Мөн нэхэмжлэгч нар нь манай шинээр баригдсан байранд байр авч, өрөөг нь өөрчлүүлж засвар хийлгэсэн. Одоо амьдарч байгаа. Тус байрыг 2014 онд улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сард талбайг үзүүлээд өмчлөгдөхгүй эзэмшинэ, гэрчилгээг гарахгүй гэдгийг тайлбарлахад түүнээс болж бидний хооронд маргаан үүссэн. Тэгээд талбайг ашиглаагүй. Надад өгсөн 2.000.000 төгрөгийг буцаагаад өгсөн. Харин надад дансаар 2.000.000 төгрөг шилжин ирсэн нь үнэн. Гэхдээ энэ мөнгө нь нэхэмжлэгч нарын амьдрах байранд нь засвар үйлчилгээ хийсэн төлбөрт суутгасан. Би дансаар мөнгө шилжүүлэн авдаг. Гэтэл 300.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би бэлнээр мөнгө аваагүй. Одоо буцаан өгөх төлбөр байхгүй. Иймд 3.600.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 537 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.О-аас 2.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.А-, Б.Б- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөг, төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 59.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.А-, Б.Б- нарт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг давж заалдсан гомдолдоо:

2019 оны 06 сарын 12-ны өдрийн 537 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 500.000 төгрөг /2014 оны 05 сарын 28-ны өдөр тушаасан/ нь орон сууцны засварын үнэ гэж шүүх шийдсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Учир нь Б.Б- нь орон сууц худалдан авах, захиалах гэрээг Г.О-тай хийгээгүй ба Г.О- нь ийм засварт зориулсан гэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Иймд Г.О-аас 800.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Б-, П.А- нар хариуцагч Г.О-т холбогдуулж ажлын байрны талбай худалдаж авахаар шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 3.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Г.О- гоо сайхны лангуу түрээслүүлэхээр тохирч 2.000.000 төгрөг бэлнээр, 3.300.000 төгрөг дансаар авсан нь үнэн бөгөөд бэлнээр авсан 2.000.000 төгрөгийг буцааж өгсөн, үлдэгдэл 3.300.000 төгрөгийг нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь худалдан авсан орон сууцанд өөрчлөлт, засвар хийхэд зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.          Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагын давж заалдсан гомдлыг үндэслэн хянаж, дараах дүгнэлтийг хийлээ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг зөв хэрэглэж шийдвэрлэсэн боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг хуульд нийцүүлж үнэлээгүй байна.

Хэргийн 9-17 дугаар талд авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Б-, П.А- нар нь 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд  нийт 3.300.000 төгрөг хариуцагч Г.О-ын эзэмшдэг ХААН банкны 5132019630 тоот данс руу 9 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь нотлогдоно. Эдгээр баримтуудын гүйлгээний утга хэсэгт үйлчилгээний хөлс, талбайн хөлс, засварын хөлс гэж, зарим баримтанд гүйлгээний утга хэсэгт бичвэргүй,  янз бүрээр бичигдсэн байхад шүүх хэргийн 12 дугаар талд авагдсан 500.000 төгрөг шилжүүлсэн баримтыг “засварын хөлс” гэж бичсэн нь ажлын байрны талбайн үнэ гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл бусад баримтуудын гүйлгээний утга юу гэж бичигдсэнээс үл хамааран хэрэгт хамааралтай гэж үзээд зөвхөн 500.000 төгрөгийн баримтыг хэргийн үйл баримтанд хамааралгүй гэж дүгнээд яагаад хамааралгүй гэж үзсэнээ заагаагүй байна.

Харин нэхэмжлэгч нараас хариуцагчид 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр бэлнээр 300.000 төгрөг өгсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй, гэрчийн мэдүүлэг нь шууд нотолгооны эх сурвалж болж чадахгүй байгаа учир энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.О- нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 3.300.000 төгрөгийг тэдгээрийн худалдаж авсан байрны засварт зарцуулсан гэж маргаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээгээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 537 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

“Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.О-аас 2.800.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-, П.А- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 800.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

“Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.О-аас 3.300.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-, П.А- нарт олгосугай гэж,

2 дугаар заалтын

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 59.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-, П.А- нарт олгосугай” гэснийг,

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Г.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 67.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-, П.А- нарт олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.800 төгрөгөөс давж заалдсан гомдлыг хангасан хэмжээгээр 15.650 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ       

                                                                 ШҮҮГЧИД                                  С.ЭНХЖАРГАЛ                             

                                                                                                                    Л.АМАРСАНАА