Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 537

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2019/00442/и

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, .. хороолол, ..тоотод оршин суух Б.Б,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын .. баг, ..тоотод оршин суух П.А нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ..баг.. тоотод оршин суух Г.О-т холбогдох,

 

“Ажлын байрны талбайн үнэд шилжүүлсэн 3,600,000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, П.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б, П.А нар нь Г.Отай ажлын байрны талбай худалдаж авахаар тохирч, 2014 оны 03 сарын 04-ний өдөр урьдчилгаа 2,000,000 төгрөгийг нотариатаар баталгаа хийлгэн хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 3,600,000 төгрөгийг байрны талбай ашиглалтанд ортол сар бүр 300,000-500,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2014 оны 07 сарын 10-ны өдөр 300,000 төгрөг бэлнээр, бусдыг нь дансаар шилжүүлсэн бөгөөд нийтдээ 5,600,000 төгрөг шилжүүлсэн. Байр ашиглалтанд ороход өгөх талбай байхгүй тул мөнгөө буцааж авахаар шаардсан боловч 2018 онд 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Иймд үлдэгдэл мөнгө болох 3,600,000 төгрөгийг одоо болтол өгөхгүй байх тул хариуцагчаас 3,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид анхнаасаа талбай худалдах талаар тохироогүй, харин гоо сайхны салоны зориулалтаар талбай түрээслүүлэхээр тохирсон. Тэгээд тэр хэсэг талбайг засаж, өчнөөн зардал гаргасан. Мөн нэхэмжлэгч нар нь манай шинээр баригдсан байранд байр авч, өрөөг нь өөрчлүүлж засвар хийлгэсэн. Одоо амьдарч байгаа. Тус байрыг 2014 онд улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан бөгөөд 2015 оны 1 дүгээр сард талбайг үзүүлээд өмчлөгдөхгүй, эзэмшинэ, гэрчилгээ гарахгүй гэдгийг тайлбарлахад түүнээс болж бидний хооронд маргаан үүссэн. Тэгээд талбайг ашиглаагүй. Надад өгсөн 2,000,000 төгрөгийг буцаагаад өгсөн. Харин надад дансаар 3,200,000 төгрөг шилжин ирсэн нь үнэн. Гэхдээ энэ мөнгө нь нэхэмжлэгч нарын амьдрах байранд нь засвар үйлчилгээ хийсэн төлбөрт суутгасан. Би дансаар мөнгө шилжүүлэн авдаг. Гэтэл 300,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би бэлнээр мөнгө аваагүй. Одоо буцаан өгөх төлбөр байхгүй. Иймд 3,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Б, П.А нарын орон сууцанд их хэмжээний өөрчлөлт, засвар, үйлчилгээ хийж мөнгө их гарсан. Үүнийг би нэхэмжлэх болно” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                                         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, П.А нар нь хариуцагч Г.От холбогдуулан, ажлын байрны талбай худалдан авахаар түүний үнэд шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 3,600,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г.О нь ажлын байр худалдан авах талаар бид тохироогүй, харин гоо сайхны лангууны зориулалтаар талбайг түрээслүүлэхээр тохирч бэлнээр 2,000,000 төгрөг, дансаар 3,300,000 төгрөг шилжүүлэн авсан нь үнэн, бэлнээр авсан 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 3,300,000 төгрөгийг нэхэмжлэгч нарын өөрсдийн худалдан авсан орон сууцанд өөрчлөлт, засвар хийхэд зарцуулсан мөнгөнд суутгагдаад тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

 

Хариуцагч Г.О шүүх хуралдаан дээр “2014 оны 12 дугаар сард улсын комисс хүлээн авч, шинээр ашиглалтад орсон орон сууцанд нэхэмжлэгч П.А, Б.Б нар нь талбай түрээслэхээр болж урьдчилгаа өгсөн байсан бөгөөд 2015 оны 01 дүгээр сард талбайг үзүүлээд өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй, ийм талбай дээр гэрчилгээ олгодоггүй гэхэд бидний дунд маргаан үүсэж, түүнээс болж нэхэмжлэгч нар больсон...” гэсэн тайлбар, хэрэгт авагдсан 2014 оны 03 сарын 04-ний өдрийн мөнгө хүлээлгэн өгсөн баримт, 2014 оны 03 сарын 13-ны өдрөөс байр ашиглалтанд орох хүртэл хугацаанд нэхэмжлэгч нараас 300,000 төгрөг, 500,000 төгрөгөөр сар бүр мөнгө шилжүүлж байсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаас дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Өөрөөр хэлбэл ажлын байр худалдах, худалдан авахаар талууд тохирсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Зохигчид гэрээний зүйл болох ажлын байрны талбайн үнийг 5,600,000 төгрөгөөр тогтоож, төлбөрийг байр ашиглалтанд орохоос өмнө урьдчилан 2,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 3,600,000 төгрөгийг сар бүр 300,000 төгрөг, 500,000 төгрөгөөр хуваан төлөхөөр тохирсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан мөнгө төлсөн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нийт 3,300,000 төгрөг нэхэмжлэгч нараас дансаар, урьдчилан 2,000,000 төгрөг бэлнээр, нийт 5,300,000 төгрөгийг хариуцагч Г.От шилжүүлэн өгсөн, түүнээс 2,000,000 төгрөгийг хариуцагч Г.О нэхэмжлэгч П.А, Б.Б нарт буцаан өгсөн талаар талууд маргаангүй болно.

 

Харин нэхэмжлэгч нар нь хариуцагчид бэлнээр 2014 оны 07 сарын 10-ны өдөр 300,000 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч аваагүй гэж, мөн дансаар шилжүүлэн авсан 3,300,000 төгрөгийг нэхэмжлэгч нар өөрсдийн амьдрах орон сууцандаа засвар үйлчилгээ хийлгэсэн зардалд өгсөн, түүнд зарцуулсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч П.Аээс 2014 оны 03 сарын 13-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр 300,000 төгрөг, 2014 оны 04 сарын 08-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр үйлчилгээний талбайн үнэ гэж 500,000 төгрөг, 2014 оны 05 сарын           13-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр 300,000 төгрөгийг үйлчилгээний талбайн хөлс гэж, 2014 оны 06 сарын 12-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр 300,000 төгрөгийг үйлчилгээний хөлс гэж, 2014 оны 09 сарын 03-ны өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр үйлчилгээний хөлс гэж 300,000 төгрөг, 2014 оны 10 сарын 15-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр 300,000 төгрөг,  Б.Баас 2014 оны 11 сарын 12-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар талбайн төлбөр гэж 500,000 төгрөг, 2015 оны 01 сарын 05-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар талбайн төлбөр гэж 300,000 төгрөгийг тус тус хариуцагч Г.Оын .. дугаартай дансанд шилжүүлсэн байх бөгөөд нийт 2,800,000 төгрөг болж байна. Энэхүү мөнгийг нэхэмжлэгч нараас хариуцагчид талбайн үнэд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин 2014 оны 05 сарын 28-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр хариуцагчид нэхэмжлэгч П.Аээс 500,000 төгрөг шилжүүлсэн байх боловч энэ нь хариуцагч Г.Оын “...шинээр ашиглалтанд орсон байрнаас нэхэмжлэгч нар амьдрах орон сууц худалдан авч, түүнийхээ өрөөний зохион байгуулалтыг өөрчлүүлж, засвар үйлчилгээ хийлгэхэд зориулж мөнгө шилжүүлсэн ... ” гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нар үгүйсгээгүй, банкны орлогын мэдүүлэг дээрх гүйлгээний утга “засварын хөлс” гэж бичсэн бичилт зэргээр энэхүү 500,000 төгрөг нь ажлын байрны талбайн үнэ гэж үзэх боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нар нь бэлнээр 2014 оны 07 сарын 10-ны өдөр 300,000 төгрөгийг хариуцагч Г.О-т өгсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан гэрч Г.О-гийн “... Б.Б утсаар ярьсны дараа талбай худалдах гэж байгаа хүн маань ярьж байна, мөнгө хэрэгтэй байна, нэг хүний бие муу байна гэсэн, одоо банк хаалттай байгаа яах вэ гэж ярьж байгаад бид нар Б.Б-ы гэрт очсон. Тэгээд Б.Б нөгөө хүндээ 300,000 төгрөг өгчихөөд ирье гээд гарсан. Яг бэлэн мөнгө аваад гарсан эсэх, нөгөө хүндээ мөнгө өгч авсан эсэхийг нүдээрээ хараагүй...” гэсэн мэдүүлгээр энэхүү тайлбар нь тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч П.А, Б.Б нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлийн дагуу ажлын байрны талбайн үнэ гэж нийт 4,800,000 төгрөг шилжүүлэн өгсөн байна гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Г.О нь ажлын байрны талбайг нэхэмжлэгч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр талууд гэрээнээс татгалзаж, хариуцагч Г.О нь нэхэмжлэгч П.А, Б.Б нарт 2,000,000 төгрөгийг буцаан өгсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд талууд гэрээний татгалзал, түүний үндэслэлийн талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй.

 

Хариуцагч Г.О нь дээрх хуульд заасны дагуу ажлын байрны үнэд шилжүүлэн авсан нийт 4,800,000 төгрөгөөс буцаан төлсөн 2,000,000 төгрөгийг хасаад үлдэх хэсэг болох 2,800,000 төгрөгийг нэхэмжлэгч П.А, Б.Б нарт буцаан өгөх үүрэгтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.О-аас 2,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.А, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хариуцагч Г.О шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нарын өөрсдийн амьдрах орон сууцанд их хэмжээний засвар хийсэн зардлаа тооцож, сөрөг нэхэмжлэл гаргана гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага хангасан сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байна.

Мөн шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд сөрөг нэхэмжлэлээ гаргана гэсэн тайлбар нь хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул хариуцагчийн дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Оаас 2,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.А, Б.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 59,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.А, Б.Б нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ОЮУНЦЭЦЭГ