Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадарчийн Марина |
Хэргийн индекс | 156/2023/00036/И |
Дугаар | 156/ШШ2023/00142 |
Огноо | 2023-03-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 156/ШШ2023/00142
2023 03 21 156/ШШ2023/00142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2023/00036/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:Хэнтий аймгийн Хэрлэн сумын ...............тоотод оршин суух, А.А.,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .тоотод оршин суух, Төвд овогт С.Н.,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг, . тоотод оршин суух, Бажгар овогт Го.Т.
Нэхэмжлэлийн шаардлага: 3,882,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б. /онлайнаар/
Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.З. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.А. нь хариуцагч Г.Т., С.Н. нарт холбогдуулан 3,882,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Г.Т., С.Н. нараас приус-20 маркийн ...... УНА улсын дугаартай автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцсон. Г.Т., С.Н. нар нь уг авто машиныг Апекс финанс ХХК-иас зээлийн гэрээгээр худалдаж авсан байсан бөгөөд миний бие дээрх автомашиныг худалдаж авахдаа урьдчилгаа 5,500,000 төгрөгийг Г.Т., С.Н. нарт төлж үлдэгдэл 6,000,000 төгрөгийг Апекс финанс ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу би өөрийн ХААН банкны .............. тоот данснаас 2018.06.16-ны өдөр 4,800,000 төгрөг, 2018.06.18-ны өдөр 200,000 төгрөг, үлдэгдэл 500,000 төгрөгийг бараагаар нийт 5,500,000 төгрөгийг Г.Т., С.Н. нарт төлж дуусгасан. Харин 2018.07.12-ны өдөр 700,000 төгрөгийг, 2018.07.19-ний өдөр 600,000 төгрөг, 300,000 төгрөг, нийт 937,000 төгрөг, 2018.08.26-ны өдөр 620,000 төгрөг, 2018.09.20-ны өдөр 605,000 төгрөг, 2018.10.19-ний өдөр 500,000 төгрөг, 2018.11.20-ны өдөр 520,000 төгрөг, нийт 8 удаагийн гүйлгээгээр 3,882,000 төгрөгийг Апекс финанс ХХК болон С.Н. нарын хооронд 2017.11.20-ны өдөр байгуулсан 447 дугаартай зээлийн гэрээний кодоор буюу 447 гүйлгээний утгатайгаар Г.Т., С.Н.нарын өмнөөс Апекс финанс ХХК-д төлсөн. Гэтэл С.Н. нь Апекс финанс ХХК-д зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүү, алдангид нийт 1,803,553 төгрөг төлөөгүйн улмаас Апекс финанс ХХК нь 2019.05.18-ны өдөр уг авто машиныг хураан авч, худалдан борлуулсан. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.10-ны өдрийн 156/ШШ2022/00223 дугаартай шийдвэрээр А.Аэ болон Г.Тэ С.Н нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Г.Т., С.Н. нараас 3,882,000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч С.Н., Г.Т. нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид А.А.йн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид А.А.ийн нэхэмжлээд байгаа мөнгийг аваагүй гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас шүүхэд 2022.11.29-ний өдрийн 0219 дугаартай А.А.аас С.Б.д олгосон итгэмжлэл (хх-ийн 4 тал), А.А.ийн нэр дээрх . тоот дансны 2018.01.06-ны өдрөөс 2018.08.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 5-6 тал), . тоот дансны 2018.09.01-ний өдрөөс 2018.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 7-9 тал), Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.10-ны өдрийн 223 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 10-13 тал), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.14-ний өдрийн 4240 дугаартай шүүхийн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 14-16 тал) зэргийг баримтаар гаргаж өгсөн.
5. Хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар (хх-ийн 23 тал), 2023.02.11-ний өдрийн 31 дугаартай С.Ня.Б.Ж.нд олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 24 тал), 2023.02.11-ний өдрийн 30 дугаартай Г.Т.ээс Б.Ж.д олгосон итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 25 тал), 2023.02.11-ний өдрийн Т., Н. нартай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хх-ийн 39 тал), Акекс финанс ХХК-ийн Авто машин зарах мэдэгдэх хуудасны хуулбар (хх-ийн 40-41 тал), 2017.11.20-ны өдрийн 447 дугаартай зээлийн гэрээний хуулбар (хх-ийн 42-43 тал), 2017.11.20-ны өдрийн 477 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний хуулбар (хх-ийн 44-45 тал) зэргийг баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.А.ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс 1,941,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 1,941,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч А.А. нь худалдан авахаар тохиролцсон тээврийн хэрэгслийн үнэ 11,500,000 төгрөгөөс 5,500,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг Апекс финанс ХХК-д төлөхөөр тохиролцсон, тохиролцсоныхоо дагуу 3,882,000 төгрөгийг төлсөн. Гэтэл С.Н., Г.Т.нар нь Апекс финанс ХХК-д 1,803,553 төгрөгийг төлөөгүйн улмаас Апекс финанс ХХК нь уг автомашиныг хураан авсан тул хариуцагч С.Н., Г.Т.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
А.А.ийн нэхэмжилж байгаа мөнгийг аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлажээ.
4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Хариуцагч С.Н. нь Апекс финанс ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 447 дугаартай зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Приус-20 маркийн ... УНА улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 8,500,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээл авч, зээлийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сар бүр Апекс финанс ХХК-д төлөхөөр тохиролцон гэрээ байгуулсан байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл фидуцийн гэрээний дагуу барьцаалагчийн нэр дээр бүртгэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-13/-аар нотлогдож байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.
Өөрөөр хэлбэл Апекс финанс ХХК, хариуцагч С.Н. нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээний харилцаа үүсэж, хуульд зааснаар үүрэг хүлээгч С.Н. нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгө болох автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх, үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлснээр эд зүйл түүнд буцаж очих буюу үүргээ биелүүлээгүй нөхцөлд автомашин үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрэн шилжих хууль зүйн зохицуулалттай гэрээ байгуулагджээ.
5. Гэтэл хариуцагч С.Н., Г.Т. нар нь нэхэмжлэгч А.А.тай 2018 оны 6 дугаар сард Апекс финанс ХХК-ний барьцаанд байсан дээрх приус-20 маркийн . УНА улсын дугаартай автомашиныг 11,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч А.А. нь 5,000,000 төгрөгийг бэлнээр, 500,000 төгрөгийг бараагаар хариуцагч нарт төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг Апекс финанс ХХК-д хариуцагч С.Н., Г.Т. нарын өмнөөс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. Улмаар зээлийн төлбөр хуваарийн дагуу төлөөгүй гэх үндэслэлээр 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Апекс финанс ХХК нь барьцаанд байсан приус-20 маркийн . УНА улсын дугаартай автомашиныг хураан авч, худалдан борлуулсан байна. Энэ талаар талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч А.А. нь хариуцагч С.Н., Г.Т. нарын өмнөөс зээлийн эргэн төлөлт 3,882,000 төгрөгийг Апекс финанс ХХК-д төлсөн тул энэ мөнгөө гаргуулан авна гэж, хариуцагч нар нь уг мөнгийг бид аваагүй учир төлөхгүй гэж маргасан.
6. Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ж. нь нэхэмжлэгч А.А.ийн төлсөн гэх 3,882,000 төгрөгийг Апекс финанс ХХК-ний дансанд биш хувь хүний дансанд төлсөн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байх боловч нэхэмжлэгч А.А.ийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн нэр дээрх данснаас ХААН банк дахь . дугаартай данс руу төлсөн 3,882,000 төгрөг нь хариуцагч С.Ня..., Г.Т нарын өмнөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Апекс финанс ХХК-д төлсөн төлбөр болох нь хэрэгт авагдсан А.А.н ХААН банк дахь дансны хуулга /хх-ийн 5-9/, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 10-13/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4240 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 14-16/-аар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч А.А. нь хариуцагч С.Н., Г.Т. нарын өмнөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Апекс финанс ХХК-д төлсөн 3,882,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байсан болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4240 дугаартай шийдвэр /хх-ийн 14/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгч А.А.ийн энэхүү маргааны талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.
Түүнчлэн хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ж. нь хариуцагч Г.Т.ийг тус иргэний хэрэгт ямар нэгэн хамааралгүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч А.А. нь хариуцагч С.Н, Г.Т нартай 2018 оны 6 дугаар сард приус-20 маркийн 83-50 УНА улсын дугаартай автомашиныг худалдан авахдаа үлдэгдэл төлбөрийг хариуцагч с.н жийн Апекс финанс ХХК-иас авсан зээлийн төлбөрийг төлөх хэлбэрээр барагдуулахаар ярилцаж тохиролцсон байх тул хариуцагч Г.Т. нь тус маргааны үйл явдалд оролцсон байна.
7. Хэрэгт авагдсан хүчин төгөлдөр болсон Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай шийдвэр /хх-ийн 12/-ийн үндэслэлээс үзэхэд 2018 оны 6 дугаар сарын байдлаар хариуцагч С.Н., Г.Т. нарын Апекс финанс ХХК-д төлөх зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг биш 7,803,553 төгрөг байсан, нэхэмжлэгч А.А. нь хариуцагч С.Н., Г.. нарын хооронд амаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн байна. Иймд нэхэмжлэгч А.А.нь хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас гүйцэтгэсэн үүргийн дагуу шилжүүлсэн 3,882,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
Гэвч талууд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр автомашин худалдах, худалдан авах хэлцэлийг амаар байгуулсан, нэхэмжлэгч А.А. нь 6,000,000 төгрөг төлөх амаар байгуулсан хэлцлийн дагуу 2018 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хариуцагч нарын өмнөөс зээлийн төлбөрт 3,882,000 төгрөгийг Апекс финанс ХХК-д төлөөд үлдэгдэл төлбөрөө ямар үндэслэлээр зогсоосноо хариуцагч талд мэдэгдээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, улмаар 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр маргаан бүхий автомашиныг барьцаалагч хураан авсан байна. Иймд талуудын аль альны буруутай үйлдэл нөлөөлсөн байх тул эрсдэлийг тэнцүү хэмжээгээр хариуцуулан хариуцагч С.Н., Г.Т. нараас 1,941,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А.д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 1,941,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,941,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А..д олгох нь зүйтэй.
9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн автомашин зарах мэдэгдэх хуудасны хуулбар /хх-ийн 40-41/, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 447 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 41-42/, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 447 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх-ийн 44-45/-уудад ХУУЛБАРЛАВ тэмдэг дарсан, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангагдаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан хариуцагч С.Н., Г.Т. нараас 1,941,000 /нэг сая есөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А.д олгож, үлдэх 1,941,000 /нэг сая есөн зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,941,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.А.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА