| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтохын Гандиймаа |
| Хэргийн индекс | 102/2022/04659/И |
| Дугаар | 102/ШШ2023/00422 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2023/00422
| 2023 оны 01 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2023/00422 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо тоотод оршин суух Б овогт Д А /РД: /
Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо тоотод оршин суух М овогт М Н / /
Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, орон сууцны урьдчилгаа төлбөрт 31,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч М.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Мөнгөнсаран
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ань хариуцагч М.Нд холбогдуулан Баянгол дүүрэг 3 дугаар хороо ** тоотод байршилтай орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Баянгол дүүрэг 3 дугаар хороо *тоотод байршилтай орон сууцны өмчлөгчөөр Д.А-г 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон.
1.2. М.Нтай хамтын амьдралтай байхдаа дээрх орон сууцанд амьдарч байсан ба уг орон сууцыг хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийг М.Н гаргасан. Тухайн орон сууцыг Д.А дангаар өмчлөрх эрхтэй болохыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1526 дугаар магадлалаар тогтоосон.
1.3. Хариуцагч М.Н нь орон сууцны маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн байхад орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. Иймд орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.
2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:
2.1. Бид 2015 оноос хамтран амьдарсан бөгөөд намайг хүүгээ төрүүлэхээс өмнө 2015 оны 8 дугаар сард Д.Аын талаас бэр гуйж, бидний гэр бүлийн хамтын амьдралын хэрэгцээнд зориулан маргаж байгаа орон сууцыг авч өгч байсан. Энэ байрыг би гэр бүлийн хамт тав тухтай амьдрах зориулалтаар тавилгыг шинээр хийлгэж, иж бүрэн тохижуулж байсан. Миний бие Д.Аыг ажилгүй байх хугацаанд ажил эрхэлж гэр бүл, амьдралынхаа төлөө үр хүүхдээ эрүүл саруул бойжуулан, гэр орноо тохижуулж, амьдралын ар талыг дааж, амьдралаа тэтгэж ирсэн. Иймд бидний хамтын амьдралд зориулан авсан энэ орон сууцыг дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байдаг.
2.2. Д.Ань тусдаа амьдарсан 5 жилийн хугацаанд 1-2 удаа хүүтэйгээ уулзаж байсан, хүүхдийн хэрэгцээ шаардлагыг огт мэддэггүй, шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгээс 2022 оны 6-11 дүгээр сарын тэтгэлгийг төлөөгүй гэх мэтээр эцэг хүний үүргийг огт биелүүлдэггүй. Мөн хоёр хүүхэд маань одоо амьдарч байгаа байрныхаа хажуу талын 141 дүгээр сургуульд суралцдаг бөгөөд сургуульдаа явахад аюулгүй, хамт олон, найз нөхдийг өөрчлөх хүсэлгүй байгаа бөгөөд хүүхдүүд маань сургуулиасаа шилжихгүй, найз нөхдөөсөө холдох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Д.Ань зөвхөн өөрийн эрх, ашиг сонирхолыг чухалд үзэж, хүүхдийнхээ ирээдүй, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг харгалзан үзэхгүй байгаад гомдолтой байна. Иймд орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэжээ.
3. Хариуцагч М.Н нь нэхэмжлэгч Д.Ат холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөр 31,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
3.1. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эхийн хэн аль нь нь хүүхдийнхээ өмнө хүүхдээ аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг хангах үүргийг хүлээх ёстой. Надад ааваас маань үлдсэн нэг өрөө орон сууц байдаг бөгөөд энэ нь захын хороололд байршилтай учраас хүүхдүүдийн маань аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй, мөн хүүхдүүдээ дассан орчин, сургуулиас нь гаргах хүсэлгүй байна. Хоёр хүүхдийнхээ аюулгүй, тав тухтай орчинд амьдарч, сурч боловсрох нөхцөлийг хангахын тулд одоогийн амьдарч буй хотхондоо 2 өрөө орон сууц худалдан авах зорилготой байгаа бөгөөд судалж үзэхэд 56м2 талбайтай 2 өрөө орон сууц нь 210,000,000 төгрөгийн үнэтэй байна. Мөн би нэг өрөө байраа зараад, байрны зээлэнд хамрагдаад Д.Ааас орон сууцыг нь худалдаж авах хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй. Иймд unegui.mn сайтын дээрх орон сууцны үнээс тооцож орон сууцны урьдчилгаа төлбөр 63,000,000 төгрөгийн 50 хувь болох 31,500,000 төгрөгийг Д.Ааас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. Хариуцагч нь хүүхэд өөрийнх нь асрамжид байгаа учраас орон сууц авах шаардлагатай гэж байна. Мөн “Үнэгүй.мн” сайтаас хэдэн ширхэг зураг гаргаж авчраад тухайн хороололд байр ийм үнэтэй байгаа гэдэг байдлаар ногдох хувийг гаргуулна гэж байна. Иймд байдлаар шийдвэрлэх боломжгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Д.Аын иргэний үнэмлэхний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/01704 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1526 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 001/ШХТ2021/00935 дугаартай нийт шүүгчийн хуралдааны тогтоол, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц ашиглалтын төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. /ХХ-3-17 дугаар тал/
6. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: гэрэл зургууд, “Н” ХХК-ийн тодорхойлолт, Нийслэлийн * дүгээр сургуулийн тодорхойлолтууд, unegui.mn сайтаас татсан орон сууцтай холбоотой баримт. /ХХ-28-32, 50-51 дүгээр тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: Маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр Д.Аыг улсын бүртгэлд 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн ба мөн шүүхийн шийдвэрээр дээрх орон сууцыг нэхэмжлэгчийн дангаар өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоосон. Бидний хооронд үүссэн орон сууцыг маргааныг шүүх шийдвэрлэсэн байхад хариуцагч нь орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргасан байна. Үүнд: Бидний гэр бүлийн хамтын амьдралын хэрэгцээнд зориулан маргаж байгаа орон сууцыг авч өгсөн бөгөөд энэ байрыг би гэр бүлийн хамт тав тухтай амьдрах зориулалтаар тавилгыг шинээр хийлгэж, иж бүрэн тохижуулж байсан. Д.Ань тусдаа амьдарсан хугацаанд эцэг хүний үүргийг биелүүлж байгаагүй, хүүхдүүдийнхээ амьдрах, сурах орчныг өөрчилж, хамт олон, найз нөхдөөс нь холдуулах хүсэлгүй байгаа бөгөөд хүүхдүүд маань сургуулиасаа шилжихгүй, найз нөхдөөсөө холдох хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Иймд орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэжээ.
4. Хариуцагч нь хүүхдүүдийнхээ аюулгүй орчинд амьдрах, сурах нөхцөлийг хангах зорилгоор одоо амьдарч байгаа хороололд орон сууц худалдан авах зориулалтаар 31,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагыг нэхэмжлэгч бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.
5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд Д.Аын нэр дээр бүртгэж, 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрчилгээ олгосон байна.
Дээрх орон сууцыг Д.А, М.Н, тэдний хүү А.Енарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болохыг тогтоож, уг эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох маргааныг М.Нын нэхэмжлэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/01704 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1526 дугаар магадлалаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэрээр хүү А.Ег эх М.Нын асрамжид үлдээж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар орон сууцыг дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох нь тогтоогдоогүй гэж үзэн М.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч нь шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй. Иймд орон сууцыг дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж хариуцагч маргах эрхгүй байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, өмчлөх эрхийг шударгаар олж авсан байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь өмчлөгчийн эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх нь хуульд заасан урьдчилсан нөхцөл юм. Иймд нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзнэ.
Талууд 2015-2018 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд хамтын амьдралтай байхдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн маргаж буй орон сууцанд амьдарч байсан ба энэ хугацаанд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хариуцагчийг маргаан бүхий орон сууцыг шударгаар эзэмшиж байсан гэж үзнэ. Харин талуудын хамтын амьдрал дуусгавар болсноор хариуцагч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй.
Шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэснээр тухайн хүүхдийн оршин суух газрыг буюу эцэг, эхийнхээ хэнтэй нь амьдрахыг тогтоож буй явдал юм. Иймд хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэснээр хүүхдийн амьдрах газар эхийн оршин суух газраар тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгчийн хүүхэд байх нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар эцгийнхээ өмчлөлийн орон сууцыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл хүүхэд хариуцагчийн асрамжид байгаа явдал нь хариуцагчийг нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд Баянгол дүүрэг 3 дугаар хороо тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлөх үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч нь хүүхдээ эрүүл аюулгүй орчинд, тав тухтай амьдрах нөхцөл боломжийг хангах зорилгоор одоогийн амьдарч байгаа орчинд нь орон сууц худалдан авахаар урьдчилгаа төлбөрийн 50 хувь болох 31,500,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ зааснаар хариуцагчаас нэмэлт зардлыг шаардах эрхтэй” гэж заасанд нийцсэн, шаардлага гаргах эрхтэй.
Мөн Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 27 дугаар зүйлийн 2-т “Эцэг эх буюу хүүхдийн төлөө хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцөлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ” гэж, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь хэсэгт “Хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй” гэж заасан. Хүүхэд бүр амьдралын суурь хэрэгцээг хангах хоол хүнс, хувцас, аюулгүй амьдрах орчноор хангагдах эрхтэй бөгөөд ийм нөхцөл, орчныг бүрдүүлэх үүргийг эцэг, эх хүлээнэ. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ“, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасанд нийцнэ. Иймд нэхэмжлэгч нь хүүхдийн амьдралын нөхцөлийг хангахад оролцох үүрэгтэй байна.
Хэргийн баримтаас үзэхэд http://www.unegui.mn сайт дээр хүүхдийн одоогийн амьдарч буй орчин буюу Нарны хороололд байршилтай 56.54м2 талбай бүхий 2014 онд ашиглалтад орсон 2 өрөө орон сууцыг 210,000,000 төгрөгөөс үнэ тохирч худалдахаар санал болгосныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бодит бус баримтад үндэслэсэн гэж үзэх боломжгүй, мөн орон сууцыг заавал худалдан авч бодитоор зардал гарсан байхыг шаардахгүй бөгөөд орон сууцны үнийн асуудлаар нэхэмжлэгч талаас ямар нэг баримт гаргаж өгөөгүй болно. Иймд дээрх сайтад санал болгосон үнээр орон сууцны үнийг тодорхойлсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцтай, одоогийн байдлаар барилгын инженерээр ажилладаг тодорхой эрхэлсэн ажилтай ба энэ нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн боломжтой байдлыг тодорхойлно. Иймд хариуцагчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь дээр дурдсан хуулийн заалтуудтай харшлахгүй гэж үзэв. Хариуцагч нь хүүхдийнхээ аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангаагүй буюу орон сууц худалдан авах зориулалтаар мөнгөн хөрөнгийг ашиглаагүй тохиолдолд буцаан төлөх үндэслэл болж болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Дашнямын Аын өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо тоот хаягт байршилтай 64.32м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хариуцагч М Н хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д Ааас 31,500,000 төгрөг гаргуулж М Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч М.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,675 төгрөгөөс 315,450 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч М.Наас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж Д.Ат, нэхэмжлэгч Д.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 315,450 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 61,225 төгрөгийг гаргуулж М.Нд тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА