Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2023/01001

 

 

 

 

 

 

 

 

 

 2023       03        23                                          182/ШШ2023/01001

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Б-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021.09.14-ний өдрийн 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ш,

Хариуцагчийн төлөөлөгч Д.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч С.Бын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 182/ШШ2019/00316 тоот шийдвэрээр Б ХХК-иас 677,318,637 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Бын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220501**** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн  * дугаар хороо, ** дугаар хороолол, 14* байрны 5* тоотод байрлах 29 м.кв, 2 өрөө орон сууцыг 73,800,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.09.20-ны өдрийн №4-122117626 тоот мэдэгдлийг С.Бод 2021.09.26-ны өдөр мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд миний саналыг огтхон ч тусгаагүй. Түүнчлэн ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгө одоогоор зах зээлд 33.3-аас дээш хувь илүү ханштай байгаа нь дурын олон нийтийн зар мэдээнээс харагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.5-т “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заажээ. Ийнхүү заасны дагуу “Мөнх Оргил трейд” ХХК-ийн 2019.11.28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн дагуу 73,800,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээн дээр гуравны нэг болох 33.3 хувь буюу 24,575,400 төгрөгийг нэмээд нийт 98,375,400 төгрөг байна. Гэтэл ижил төрлийн байршилтай хуучны 2 өрөө байр 100 саяас дээш үнэтэй байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу дээрх үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлын шаардлагыг хүлээж аваагүй тул мөн хуулийн 44.4-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч гомдлын шаардлагыг мөн хүлээж аваагүй. Дуудлага худалдааны доод үнийг зах зээлийн ханшаар тогтоогоогүй, хэт доогуур үнээр оруулсан, ердийн боломжит хугацаанд дуудлага худалдааг зарлаагүй, С.Бод мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, дахин шинжээч томилох боломжтой байхад томилоогүй, нэхэмжлэгч С.Бын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Өмнө нь тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2022.03.15-ны өдрийн 3092 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан байдаг. Иймд 2021.09.14-ний өдрийн 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

          2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 182/ШШ2015/00316 дугаар шийдвэрээр Б ХХК-иас 677,318,637 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-нд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.05.24-ний өдрийн тогтоолоор үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч Б ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, С.Бын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн   Ү-220501**** дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол 14* байрны 5* тоотод байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоолоор битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан байна. Тус газрын 2019.11.05-ны өдрийн 4/24894 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б ХХК, өмчлөгч С.Б нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд үнийн санал өгөөгүй, төлбөр төлөгч Б ХХК нь 2019.11.18-ны өдрийн албан бичгээр барьцаа хөрөнгүүдэд шинжээч томилж, үнэлгээ гаргуулах хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилсон бөгөөд, эрхийн улсын бүртгэлийн Ү-220501**** дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол 14* байрны 5* тоотод байрлах, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Хөрөнгийн үнэлгээний “Мөнх оргил трейд” ХХК нь 73,800,000 төгрөгөөр үнэлснийг 2019.12.02-ны өдрийн 4/27499 дугаартай албан бичгээр мэдэгдсэн байна.

          Тус газраас зохион байгуулсан 2019 оны 12 дугаар сарын Анхны албадан дуудлага худалдаанд оруулах явцад төлбөр төлөгч “Б” ХХК нь барьцаа хөрөнгийн үнэлгээнүүдийн тайланг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 182/Ш32020/02176 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 182/ШШ2020/01087 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1393 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.18-ны өдрийн 001/ХТ2021/00746 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2021.10.01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч тал өөрсдөө эд хөрөнгийн үнэлгээд гомдол гаргаж яваагүй бол энэ их хугацааг алдахгүй байсан. Тэгээд ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.5-д зааснаар талууд харилцан тохиролцож эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх хүсэлт гаргах ёстой. Гэтэл талууд энэ талаар надад ямар нэгэн хүсэлт огт гаргаагүй. Мөн түүнчлэн өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч С.Б нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа бөгөөд өөрөө хүсвэл төлбөрөө төлөөд барьцааны хөрөнгөө чөлөөлж авах боломжтой, ямар ч санаачилга гаргаагүй байна. Тэгээд ч зах зээлийн ханшаас доогуур байна гэх үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй байна. Анхны албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан, ялагч тодорсон боловч цааш ажиллагаа явагдах боломжгүй болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         

          3.Нэхэмжлэгч талаас иргэний үнэмлэх, Улсын дээд шүүхийн 2021.06.18-ны өдрийн 746 дугаар иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн 2020.09.14-ний өдрийн 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.09.29-ний өдрийн 4/606 тоот хариу мэдэгдэх хуудас, 2021.09.20-ны өдрийн 4-122/17626 тоот мэдэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021.10.01-ний өдрийн 01/2229 тоот гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.15-ны өдрийн 3092 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг,

 

          4.Хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн баримтууд /15* хуу/-ыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулж 2021.09.14-ний өдрийн 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.5-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээг дахин хийх боломжтой байхад хийгээгүй, өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэ огцом өссөн, анхны албадан дуудлага худалдааны үнийг зах зээлийн ханшаас доогуур тогтоож оруулсан, дуудлага худалдааны талаар С.Бод мэдэгдээгүй, дуудлага худалдааг ердийн боломжит хугацаанд явуулаагүй учир хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч талын гаргасан тайлбарыг зөвшөөрөхгүй байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.5-д зааснаар талууд хоорондоо тохиролцоод эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгчид гаргах боломжтой байсан, хүсэлтээ огт гаргаагүй, нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй гомдол гаргаж шүүхээр удаан явсан, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хариуцагчийн буруу биш, бид шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд анхны албадан дуудлага худалдааг хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

 

3.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр хариуцагч Б ХХК-иас 677,318,637 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,236,673 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол улсын бүртгэлийн Ү-220501**** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн  * дугаар хороо, ** дугаар хороолол, 14* байрны 5* тоотод байрлах 29 м.кв, 2 өрөө орон сууц гэх мэт үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГт зөвшөөрч шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.04.17-ны өдрийн 691 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн бичигдсэн 2019.05.21-ний өдрийн 4344 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 35* дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч Б ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж, талуудаас үнийн санал авч, шинжээч томилох зэргээр холбогдох ажиллагаа явуулсан байх бөгөөд МОТ ХХК-ийн 2019.11.25-ны өдрийн 100/ш дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар, барьцааны хөрөнгүүдийн нэг болох, нэхэмжлэгч С.Бын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220501**** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн  * дугаар хороо, ** дугаар хороолол, 14* байрны 5* тоотод байрлах 29 м.кв, 2 өрөө орон сууцыг 73.8 сая төгрөгөөр үнэлсэн байна.

 

4.Төлбөр төлөгч Б ХХК нь НШШГГт холбогдуулж МОТ ХХК-ийн 2019.11.25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн 2020.05.13-ны өдрийн 1087 дугаар шийдвэрээр “...шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй, ...эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч Б ХХК-ийн төлөөлөгч Б.Булгантамирт танилцуулсан байна, ...нэхэмжлэгч талаас МОТ ХХК-ийн тогтоосон үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарлаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...баримтаар нотлоогүй, ...барьцааны эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Энэхүү шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.26-ны өдрийн 1393 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021.06.18-ны өдрийн 746 дугаар иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хэвээр үлдэж, хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тус шийдвэрт дүгнэгдсэн эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой үйл баримтын талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.

 

5.Ийнхүү шийдвэр гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.20-ны өдрийн 316 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг үндэслэн 2021.09.14-ний өдөр 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргаж, тус тогтоолд төлбөр төлөгч Б ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, нэхэмжлэгч С.Бын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-220501**** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн  * дугаар хороо, ** дугаар хороолол, 14* байрны 5* тоотод байрлах 29 м.кв, 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэ болох 73,800,000 төгрөгийн 70% буюу 51,660,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2021.10.01-ний өдрийн 10.00 цагт зохион байгуулж, худалдан борлуулах талаар тусгажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “дуудлага худалдааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулна”,

69 дүгээр зүйлийн 69.1-д “дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараахь мэдээллийг тусгана”, 69.1.1-д “үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ, өмчлөгчийн тухай” 69.1.2-т “дуудлага худалдааг явуулах он, сар, өдөр, цаг, хаяг”, 69.1.3-т “уг дуудлага худалдаа нь албадан дуудлага худалдаа гэсэн тодотгол”, 69.1.4-т “үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар”,

72 дугаар зүйлийн 72.1-д “Анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно”,

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж тус тус зохицуулсан.

 

6.Шийдвэр гүйцэтгэгч нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.13-ны өдрийн 1087 дугаар шийдвэр Улсын дээд шүүхийн 2021.06.18-ны өдрийн 746 дугаар иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хүчин төгөлдөр болсноос хойш 2021.09.14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т зааснаар 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргаж, уг тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1-ээс 69.1.4-т заасан мэдээллийг тусгаж, хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар МОТ ХХК-ийн тогтоосон зах зээлийн үнэ болох 73,800,000 төгрөгийн 70% буюу 51,660,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2021.10.01-ний өдрийн 10.00 цагт дуудлага худалдааг зохион байгуулахаар шийдвэрлэсэн, энэ талаарх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.5-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээг дахин хийх боломжтой байхад хийгээгүй, өмнө гаргасан шинжээчийн дүгнэлтээс хойш үл хөдлөх эд хөрөнгийн үнэ огцом өссөн, анхны албадан дуудлага худалдааны үнийг зах зээлийн ханшаас доогуур тогтоож оруулсан, дуудлага худалдааг ердийн боломжит хугацаанд явуулаагүй...” гэх агуулга бүхий тайлбар үгүйсгэгдэнэ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5* дугаар зүйлийн 55.5-д зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан маргааны зүйл болсон эд хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2* дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлоогүй, дахин үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, анхны албадан дуудлага худалдааны ялагч тодорч, маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг Н.Б гэх хүн 82.500.000 төгрөгөөр худалдан авсан гэх хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7.Шийдвэр гүйцэтгэгч нь анхны албадан дуудлага худалдааны тогтоолын талаарх 2021.09.20-ны өдрийн 4-122/17626 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч С.Бод хүргүүлж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн байх ба, нэхэмжлэгч С.Б нь 2021.09.28-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны тогтоолын талаар “...миний эд хөрөнгийг 73,800,000 төгрөгөөр үнэлүүлсэн нь миний эрх ашгийг цэвэр хохироож байна, ...үнэлгээ хийлгэхэд миний саналыг огт тусгаагүй, ...ижил төрлийн орон сууц 100,000,000 төгрөгийн ханштай байна, ...миний бие дуудлага худалдааны доод үнэ тогтоосны дараа ердийн боломжит хугацаанд дуудлага худалдааг зарлаагүй, мэдэгдлийг надад мэдэгдээгүй..., эдгээр ажиллагаануудыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргажээ.

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Ү нь 2021.09.29-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 5* дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээ тогтоолгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт 2019.12.02-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн, ...төлбөр төлөгч Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ...тус газраас зохион байгуулах 2021.10.01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг танд 2021.09.20-ны өдрийн 4-122/17626 дугаартай албан бичгийн хамт баталгаат шуудангаар илгээж мэдэгдсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй байна...” гэсэн утга бүхий хариуг нэхэмжлэгч С.Бод өгсөн байна.

 

8.Түүнчлэн нэхэмжлэгч С.Б, Т.Э, Б.Б, ГЕ ХХК нь 2021.09.29-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт “...эд хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд биднийг саналыг огт тусгаагүй, ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүд одоогоор 50%-иас дээш хувь илүү ханштай байна, иймээс дуудлага худалдааны доод үнэ болон түүний орчин үеийн ханшаар тогтоогоогүй, ердийн боломжит хугацаанд дуудлага худалдааг зарлаагүй, мэдэгдлийг өгөөд тун удаагүй дуудлага худалдааг явуулж байгаа зэрэг ажиллагаанууд нь биднийг ноцтой хохироож байгаа тул ажиллагаануудыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн утга бүхий гомдлыг гаргасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2021.10.01-ний өдрийн 04/2229 тоот албан бичгээр “...шүүхийн шийдвэрт заасан төлбөрийн үүргийг биелүүлээгүйгээс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг хураан, шинжээчийн тогтоосон үнэлгээг талуудад болон өмчлөгчид мэдэгдэж, албадан дуудлага худалдаа зохион байгуулахаар нийтэд мэдээлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн, ...мөн төлбөр төлөгч Б ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй байна...” гэсэн утга бүхий хариуг гомдол гаргагч нарт өгчээ.

 

Иймд нэхэмжлэгч талын гаргасан “...анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын талаар мэдэгдээгүй...” гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

          9.Тодруулбал, нэхэмжлэгч С.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т зааснаар анхны албадан дуудлага худалдааны тогтоол гарсантай холбоотой гомдлоо эрх бүхий албан тушаалтнаар урьдчилан шийдвэрлүүлсэн байх бөгөөд 2021.10.08-ны өдөр НШШГГт холбогдуулж 2021.09.14-ний өдөр 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2021.10.15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн /иргэн-2014 программ/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022.03.15-ны өдрийн 3092 дугаар шүүгчийн захирамжаар “...нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Шаравнямбуу шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, түүнийг нэхэмжлэлээ дэмжээгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг буцаасан байна.

 

          Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжид тухайн шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх 2022.04.01-ний өдөр хэлэлцэж, мөн өдрийн 77 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж /иргэн-2014 программ/ шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч тал энэ хугацаанаас хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар 14 хоногийн дотор буюу 2022.04.15-ны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах байтал 2022.04.25-ны өдөр гаргасан нь хуульд заасан нэхэмжлэл гаргах 14 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

          10.Иймд нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул НШШГГт холбогдох 2021.09.14-ний өдрийн 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Бын 2022.04.25-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4‑т заасантай нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дугаар зүйлийн 115.2, 115.2.3., 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар НШШГГт холбогдох 2021.09.14-ний өдрийн 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай С.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1‑д зааснаар нэхэмжлэгч С.Бын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ЭНХТУЯА