Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01132

 

 

 

 

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2023/01132

 

 

 С.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/01001 дугаар шийдвэртэй, С.Б-ын нэхэмжлэлтэй Н-т холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10/40 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэрээр Б ХХК-иас 677,318,637 төгрөгийг гаргуулж Т ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Б-ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205017559 дугаартай Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоот, 29 м.кв, 2 өрөө орон сууцыг 73,800,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулсан. Н-ын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4-122117626 тоот мэдэгдлийг С.Б-д 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Эд хөрөнгийн үнэлгээг хийлгэхэд миний саналыг тусгаагүй. Түүнчлэн ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгө зах зээлд 33.3-аас дээш хувийн ханштай байгаа нь олон нийтийн зар мэдээнээс харагдана. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу М ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тайлангаар 73,800,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний гуравны нэг хувь нь 24,575,400 төгрөг, нийт 98,375,400 төгрөг байна. Гэтэл ижил төрлийн байршилтай хуучны 2 өрөө байр 100 саяаас дээш үнэтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч гомдлын шаардлагыг хүлээж аваагүй тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч гомдлын шаардлагыг мөн хүлээж аваагүй. Дуудлага худалдааны доод үнийг зах зээлийн ханшаар тогтоогоогүй, доогуур үнээр оруулсан, боломжит хугацаанд дуудлага худалдаа зарлаагүй, С.Б-д мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, дахин шинжээч томилох боломжтой байхад томилоогүй, нэхэмжлэгч С.Б-ын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 3092 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаасан.

Иймд 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2015/00316 дугаар шийдвэрээр Б ХХК-иас 677,318,637 төгрөг гаргуулж Т ХХК-д олгож, төлбөр төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор үүсгэж, төлбөр төлөгч Баянмогод ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, С.Б ын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220501**** дугаартай Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоотод байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан байна. Тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4/24894 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б ХХК, өмчлөгч С.Б нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч үнийн санал өгөөгүй, төлбөр төлөгч Б ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн албан бичгээр барьцаа хөрөнгүүдэд шинжээч томилж, үнэлгээ гаргуулах хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилсон, эрхийн улсын бүртгэлийн Ү-220501**** дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол *** байрны ** тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг Х ХХК нь 73,800,000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/27499 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

Тус газраас зохион байгуулсан 2019 оны 12 дугаар сарын анхны албадан дуудлага худалдаанд оруулах явцад төлбөр төлөгч Б ХХК нь барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 182/Ш32020/02176 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/01087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1393 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00746 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээд гомдол гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцож эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх хүсэлт гаргах ёстой. Энэ талаар хүсэлт гаргаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч С.Б төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа бөгөөд өөрөө хүсвэл төлбөрөө төлөөд барьцааны хөрөнгөө чөлөөлж авах боломжтой, ямар ч санаачилга гаргаагүй, зах зээлийн ханшаас доогуур байна гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Анхны албадан дуудлага худалдаа хуульд заасан журмын дагуу явагдсан, ялагч тодорсон боловч цааш ажиллагаа явагдах боломжгүй болж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн байгаа.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар Н-т холбогдох 2021.09.14-ний өдрийн 10/40 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай С.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1д зааснаар нэхэмжлэгч С.Б-ын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан үнэлгээ нь зах зээлийн бодит ханшид нийцээгүй, хэт багаар үнэлсэн тул зөвшөөрөхгүй. Үнэлгээ хийсэн аргачлал тодорхой бус, нуршсан, дүгнэлт ойлгомжгүй, үйл баримтыг тогтоолгүй шийдлээ. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд тал бүрээс дүгнэлт хийгээгүй. Учир нь, төлбөрт хураагдсан эд хөрөнгийг хэт бага үнээр борлогдож нэхэмжлэгчийн эрх ноцтой зөрчигдсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хуульд заасны дагуу ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт талуудад олгосон эрхийг шүүхээс хангаагүй шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

Орон сууцыг одоогийн зах зээлийн ханшаар үнэлээгүй нь сүүлийн үеийн үнийн өсөлттэй уялдаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч тал маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг өөр үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгээгүй, мөн зах зээлийн үнэлгээг харьцуулсан талаар нотлох баримтыг хуульд зааснаар гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгэх байгууллага заавал үнэлэх үүрэг хүлээхгүй. Харин төлбөр авагч Т ХК-тай дахин үнэлгээ тогтоолгох тухай харилцан тохиролцон, хүсэлт гаргавал хүлээн авах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.Б хариуцагч Н-т холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/40 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

3. Төлбөр төлөгч Б ХХК-аас 677,318,637 төгрөгийг гаргуулан төлбөр авагч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,236,673 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтад иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан С.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилоход 73,800,000 төгрөгөөр үнэлсэн, анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/40 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр баталгаат шуудангаар илгээсэн байна.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. гэж заасан шүүхэд гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дор дурдсан үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.1. Хэргийн баримтаас үзэхэд төлбөр төлөгч Б ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ болох С.Б-ын өмчлөлийн Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** байрны ** тоот, ** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1087 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1393 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 746 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй тул үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус, хэт их нуршсан дүгнэлт зэрэг ойлгомжгүй үйл баримтыг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

5.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно. гэж заажээ.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарлах боловч уг зохицуулалтад зааснаар дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтээ шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаагүй байх тул түүний тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Дахин үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын хүсэлтээр хийгдэх ажиллагаа юм. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасан эрхийг шүүхээс хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/01001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 Д.БЯМБАСҮРЭН