Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
Хэргийн индекс | 128/2022/0182/З |
Дугаар | 128/ШШ2023/0300 |
Огноо | 2023-03-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2023/0300
2023 03 29 128/ШШ2023/0300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Г.Урангуа, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Б*******” ХХК /РД:*******/,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Ж.Н*******,
Хариуцагч: Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.З******* нарын хоорондын шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Н*******, хариуцагч А.З*******, иргэдийн төлөөлөгч С.Б*******э, гэрч Ц.Т, Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар “Б*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулжээ.
1.2. “Б*******” ХХК-иас 0 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Х дүүргийн Прокурорын газарт хандан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “...тус албан тушаалтны ногдуулсан 3,000,000 төгрөгийн торгуулийг төлөх боломжгүй болоод байна. Иймд уг асуудлыг хянан шалгаж шийдэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргажээ.
1.3. Х дүүргийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/45 тоот албан бичгээр “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д зааснаар эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ гэсэн заалтын дагуу шүүхэд гомдол гаргахаар хуульчилжээ. Иймд таны гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
1.4. Гомдол гаргагч “Б*******” ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******д холбогдуулан “Х дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргасан.
Хоёр.Гомдлын үндэслэл:
2.1. Гомдол гаргагчаас тус шүүхэд ирүүлсэн гомдолдоо: ““Б*******” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсад мөрдөгдөж буй хүнсний үйлдвэрлэлийн бүхий л стандарт, дүрэм журмын шаардлагыг хангаж, Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Х дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааны тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан одоог хүртэл ажиллаж ирсэн. Манай компани нь Х дүүргийн 4 дүгээр хороо В S- тоотод үйл ажиллагаа явуулж байсан ба S- тоот барилгын сууринд суулт өгч засах боломжгүй болсон тул 2021 оны 10 дугаар сард хааж тус байрыг зөвхөн агуулахын зориулалтаар түр ашиглаж байсан.
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Х дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З******* нь бидний үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашигладаггүй агуулахын зориулалтаар түр ашиглаж байсан S- тоотын зургийг авч олон нийтийн сүлжээнд цацахдаа олон нийтийн таашаалд хүрч зах зээлд нэр хүндээ олсон бүтээгдэхүүний зургийг хамтад нь нийтэлсэн. Уг нийтлэлээс болж манай борлуулалт 90 хувь хүртэл буурч борлуулалтын ихээхэн алдагдалд хүрсэн.
1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах “гэж заасан байдаг ба манай компани нь 2016 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж мах махан бүтээгдэхүүний 7-10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба энэ хугацаанд манай бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, мэдээлэл нэг ч удаа гарч байгаагүй болно.
2. Мөн хуулийн 10.3.1-д “Хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглоно” гэж заасан байдаг ба тухайн улсын байцаагч манай үйлдвэрлэсэн 5 бүтээгдэхүүнээс дээж авч ямар нэгэн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээнд хамруулаагүй байж манай бүтээгдэхүүнийг эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гэж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэсэн.
3. Ажлын байрны угаалга цэвэрлэгээ хангалтгүй эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй гэж үйлдвэрлэлийн байр биш агуулахын зургийг олон нийтэд түгээсэн, үйлдвэрлэлийн ажлын байр тоног төхөөрөмжийн угаалга цэвэрлэгээний чанарыг шалгах арчдас шинжилгээ аваагүй байж өөрийн үзэмжээр олон нийтэд ташаа мэдээлэл хүргэсэн.
4. Мэргэжлийн хяналтын байгууллага аж ахуйн нэгж иргэдэд зөвлөн тусалдаг байх аж ахуйн нэгж байгууллагыг дарамтлахгүй айлгаж ичээдэггүй ажиллах ёстой гэж Монгол Улсын ерөнхий сайд, Шадар сайд, Нийслэлийн Засаг дарга нар нь бүх шатандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэдэг байтал газар дээрээ ажиллаж байгаа улсын байцаагч нь шалгасан болгоноо торгож дарамталж байна.
Манай байгууллага нь коронавируст халдварын үед олон хүн цалинжуулж ажиллаж байгаа, маш их хэмжээний зээлтэй, түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг зэрэг маш олон хүндрэл бэрхшээлийг даван туулж яваа жижиг дунд бизнес эрхлэгч нэгэн аж ахуйн нэгж байгууллага болно. Дараах үндэслэлээр торгох шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна.
1. Улсын байцаагч нь манай компани нь тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэн ажилласан тул тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах /Зөрчлийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх/,
2. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулаагүй байж эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж борлуулалтын орлогыг 90 хувиар бууруулсан тул хохирол нөхөн төлбөрийг буруутай албан тушаалтнаар гаргуулах,
3. Үйлдвэрлэл явуулж буй ажлын байр тоног төхөөрөмжийн угаалга цэвэрлэгээний чанарыг шалгах зорилгоор арчдас шинжилгээ аваагүй байж өөрийн үзэмжээр эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангахгүй үйлдвэрлэл явуулж байна гэж агуулахын зориулалтаар ашиглаж байсан зургийг олон нийтэд цацсан.
4. Цар тахлын энэ хүнд цаг үед Засгийн газрын бодлого чиглэлийн дагуу харилцан ойлголцож эдийн засгийн таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд төр засаг болон аж ахуйн нэгж, иргэд хамтран ажиллах заавар чиглэлтэй ажиллаж байна хэмээн бид итгэл дүүрэн ажиллаж байгаа билээ. Гэтэл аливаа алдаа дутагдлыг арилгуулж бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ урьтал болголгүй шууд бизнесийн нэр хүндэд халдаж ихээхэн хэмжээний алдагдалд биднийг хүргэсэн нь төр засаг болон аж ахуйн нэгжийн итгэлцэл, эрх чөлөөт монгол иргэдийн эрх чөлөөг дарангуйлж дарамталсан хэрэг хэмээн үзэж буйгаа үүгээр илэрхийлж байна.” гэжээ.
2.2.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагчийн тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул тус шийтгэлийг хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гээд хашилт оруулсан байгаа. Хоёрдугаарт бүтээгдэхүүнээс дээж аваагүй байж эрүүл ахуйн ариун цэврийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж борлуулалтын орлогыг 90 хувиар бууруулсан тул буруутай албан тушаалтнаас болж хохирол учирсан. Үйлдвэрлэл явуулж буй ажлын байр, тоног төхөөрөмж угаалга цэвэрлэгээний чанарыг шалгах зорилгоор арчдас шинжилгээ аваагүй байж өөрийн үзэмжээр ариун цэврийн шаардлага хангахгүй үйлдвэрлэл явуулж байна гэж авлагын зориулалтаар ашиглаж байсан зургийг олон нийтэд цацсан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэдэг хоёр шалгалт байдаг. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус уу гэдгийг хуульд заасан үндэслэлээр тодорхойлоогүй байж байгаад тухайн нэхэмжлэгч компанийн эрх бүхий албан тушаалтныг байхгүй байхад хяналт шалгалтыг явуулсан. Үүний улмаас эрх бүхий албан тушаалтанд зөрчил хүчингүй болгуулах үндсэн асуудлыг танилцуулаагүй байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай байгууллагыг олон нийтэд цацаж тухайн бүтээгдэхүүний борлуулалтыг хийхгүйгээр манай байгууллагыг анх шалгаснаас хойш өдийг хүртэл хугацаанд нэр хүнд унагааж, томоохон байгууллагатай гэрээ хийх боломжгүй болгосон. Яагаад тодруулаад маргаад явж байгаа вэ гэхээр бизнесийн байгууллага үйл ажиллагааны эрх ашгийг хангах зорилгоор мөн төрийн нэрийн өмнөөс хяналт шалгалт хийж байгаа байцаагч нь аж ахуйн нэгж байгууллага хувь хүний цаашлаад үйл ажиллагаанд нь саад учруулсан учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна” гэв.
2.3.Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Н******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний хувьд 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хууль зүйн туслалцаа гэрээ байгуулж өмгөөлөгчөө оролцож байгаа. Хэргийн баримттай бүрэн танилцсан. Гомдлын шаардлага бол нэхэмжлэгч компанийн зүгээс маргаж байгаа эрх зүйн акт нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудас байгаа. Өнөөдөр шийтгэлийн хуудас үндэслэлтэй юу үндэслэлгүй тавигдсан талаар талууд тайлбарлаж маргаж байгаа талаар сонслоо. Өмгөөлөгчийн тухайд дүгнэлт хэлэхэд тухайн шийтгэлийн хуудас үндэслэлгүй байна. Хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байгаа улсын байцаагч тухайн үед мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч байсан. Улмаар тухайн стандарт хэмжээг зөрчсөн, монгол гуталтай хүмүүс байсан энэ нь гэрэл зургийн аргаар нотлогдлоо гэдэг байдлаар тайлбарлаж байна. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс няцаалт гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзэх юм бол тухайн компанийн байр нь цех үү, агуулах уу гэдэг асуудал дээр тухайн мах махан бүтээгдэхүүний үйлдвэр байсан эсэхэд эргэлзээ төрж байна. Яагаад эргэлзээ төрж байгаа вэ гэхээр авсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримтууд нь яг тухайн 12 дугаар сарын 14-ний өдөр цех дээр ирсэн үү? агуулах дээр ирсэн үү гэдэг талаар тэмдэглэл дээр тодорхой тусгаагүй. Хөндлөнгийн гэрч оролцуулаагүй. Өнөөдөр улсын байцаагчийн эрхгүй хүнсний эрүүл ахуйн асуудалд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хүнсний эрүүл ахуйн талаасаа торгуулийн шийтгэл оногдуулсан. Тэгэхээр эрхгүй этгээд эрх зүйн акт гаргаж байна.
Торгуулийн хуудас хууль ёсны дагуу үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Хууль ёсны үндэслэлгүй байна гэдгийг дараах хуулийн заалтаар няцаагдаж байна. Нэгдүгээрт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай бол гэж байгаа. Хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зөрчил үйлдэгдсэн учруулсан хохирол нь нотлох баримт тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн бол гэж байгаа. Энэ хэргийн баримтаас харахад 12 дугаар сарын 14-ний өдөр тухайн агуулах дээр хяналт шалгалт хийсэн байж болно. Ингээд 12 дугаар сарын 17-ны өдөр гарч байгаа шийтгэлийн хуудас дээр өнөөдөр холбогдогч тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байтал хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 15.5.1-д заасан үндэслэлээр 3,000,000 төгрөгөөр торгууль ногдуулсан. Үнэхээр хялбаршуулсан журмаар зөрчил хянан шалгаж байгаа тохиолдолд яах ёстой вэ гэхээр хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар холбогдогч сайн дураар хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нотлох баримт шаардахгүйгээр өнөөдөр сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гээд хуулийн этгээдийг хариуцаж байгаа гол хариуцсан этгээд Д.А гарын үсэг зурсан. Торгууль хуульд заасныг зөрчиж торгуулийн хуудсыг ногдуулсан байна. Гэрэл зургийн аргаар үнэхээр цехийн ажилтан мөн үү гэдэг талаар зөрчлийн тэмдэглэл дээр тодорхой бичих ёстой. Албан даалгавар биш зөрчлийн тухай тэмдэглэл гэдэг зөрчлөөр танилцуулаад зөрчлийн тухай тэмдэглэл дээрээ яг ямар стандарт дүрэм зөрчсөн, тухайн 12 дугаар сарын 14-ний өдөр нэгдсэн удирдамж танилцуулсан гэсэн мөртлөө урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт удирдамж эсэх нь тодорхой бус болж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харагдахгүй байна. Ямар нэгэн байдлаар шаардах хуудас болон удирдамжаар тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээдэд танилцуулаагүй атлаа өнөөдөр Ц.Мд танилцуулсан гэх үндэслэлээр торгуулийн шийтгэл оногдуулж байгаа хууль зүйн үндэслэлгүй байна.
Зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бол хялбаршуулсан журмаар явах болохоос биш өөр байдлаар авахгүй. Зөрчлийн тухай тэмдэглэл дээр гэрэл зургаар зөрчлийг нотлохгүй. Зөрчлийг бэхжүүлж байгаа тохиолдолд заавал хөндлөнгийн гэрчүүд оролцох ёстой. Хажууд нь хамт явсан гэх хоёр улсын байцаагч нь яагаад тэмдэглэл дээр хөндлөнгийн гэрч гэхээс илүү тусгай тэмдэглэл үйлдсэн бэ? улсын байцаагч хамтарсан шалгалт хийж байгаа тохиолдолд зайлшгүй тэмдэглэл үйлдэх талаар журмаар зохицуулсан. Гэтэл улсын байцаагчийн зохих шаардлага үнэхээр дүрэм журам зөрчсөн бол тухайн улсын байцаагч тодорхой хэмжээний тэмдэглэл үйлдэх ёстой. Тэгж байж зөрчил нь баримтаар нотлогдоно. Гэрэл зургийн аргаар хангалттай баримт гар утсанд байгаа гэсэн. Энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна. Тухайн хувь хүний гар утсанд авсан асуудал өөрөөр хэлбэл баримт болгож хэрэгт хавсрагдах ёстой. Хөндлөнгийн гэрч байхгүй, мал эмнэлгийн байцаагчийн тэмдэглэл байхгүй тохиолдолд хуульд заасан журмын дагуу бичлэг хийх ёстой. Хөндлөнгийн гэрчийг оролцуулах боломжгүй бол дуу дүрсний бичлэгтэйгээр бичлэг хийгдээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны дагуу үндэслэлтэй байх шаардлагыг бүрэн хангах ёстой. Гэтэл улсын байцаагчийн зүгээс огт тийм ажиллагаа хийгдээгүй, торгуулийн хуудсан дээр гарын үсэг зуруулаагүй, зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад Монгол шуудангаар явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13-д тухайн зөрчлийн тэмдэглэл гол чухал талаар заасан. Эрх бүхий албан тушаалтын зөвшөөрсөн гарын үсэг байх ёстой. Хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд татгалзсан талаарх гарын үсэг зөрчлийн тухай тэмдэглэл дээрээ байх ёстой. Гэвч огт тийм зүйл байхгүй шуудангаар шууд явуулаад гэнэт цахимаар явсан асуудлын улмаас Ц.Т гэх 33 хувийн хувьцаа эзэмшигчээс гарын үсэг зуруулаад авсан. Улсын байцаагчийн бүртгэл дээр бүх судалгаа баримтууд байх ёстой.
Дараагийн асуудлын тухайд, захиргааны зөрчлийн талаар улсын байцаагч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тохиолдолд заавал нотлох баримт бүрэн дүүрэн авахгүйгээр хяналт тавьж байгаа прокурорт танилцуулах ёстой. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлээгүй. 00149150 дугаартай торгуулийн хуудас дээрээ гомдол гаргагчийн эрхийг нь тайлбарлаж өгөөгүй. Эрх үүргийг нь огт тайлбарлаж өгөөгүй талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Үүн дээр сорьц, дээж буюу зөрчлийн утга дээрээ хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд яг тэр стандартыг зөрчсөн бүх гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн баримтуудад байгаа гэж тайлбарлаад байна. Гэтэл торгуулийн хуудас харахаар хүнсний эрүүл ахуй зөрчсөн гэж байгаа. Хүнсний эрүүл ахуйн хуулийг зөрчсөн бол дээж авах ёстой. Дээжийг аваад лабораторийн газар шинэчлүүлээд тодорхой хэмжээнд лабораторийн шинжилгээгээр зөрчилтэй байгаа бол торгууль тавигдах үндэслэл болно. Зөрчил байсан эсэх дээр маргаж байгаа асуудалд хамааралгүй. Торгуулийн хуудас нь хууль ёсны байх шаардлагыг хангасан уу гэвэл хангаагүй. Иймд гомдол гаргагчийн шаардлагыг хангаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Хийгдсэн хяналт шалгалтын талаар:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан 01/05 дугаартай “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамж, Х дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан “Шинэ жилийн баярыг угтаж хийгдэх урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх ажлын төлөвлөгөө”-ний дагуу Х дүүргийн 4 дүгээр хороо, В хороолол байрны 1-2, байрны 3-4 тоотод уйл ажиллагаа явуулдаг Б******* ХХК-ийн /*******/ мах, махан бүтээгдэхүүний цехийн үйл ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн.
Шалгалтаар ажлын байр болон бүтээгдэхүүний агуулах нь мал эмнэлэг ариун цэврийн шаардлага хангаагүй, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй, хагас боловсруулсан бүтээгдэхүүний технологийн зааврыг мөрдөж ажилладаггүй, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчийн температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиггүй, ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулаагүй, хүнсний болон дагалдах бүтээгдэхүүний хаягдал бүрд тусдаа хогийн сав хэрэглэдэггүй, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийж тусад нь хаягжуулж хадгалах нөхцөлийг бүрдүүлээгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдсан ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй, коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар, амны хаалт, бээлий бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутам агаар сэлгэлт хийдэггүй. Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 200135 стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”, Улсын онцгой комиссын даргын 41 дүгээр тушаалын хавсралт “Коронавируст халдвар /ковид-19/-өөс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тур журам”, стандартуудыг тус тус мөрдөж ажиллаагүй зэрэг зөрчлүүд үйлдсэнийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14 цаг 30 минутад илрүүлсэн.
2. Хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийг үндэслэн “Б*******” ХХК-д /*******/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх /3,000,000/ хэмжээний төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар үйлдэж ажилласан.
“Б*******” ХХК-ийн гаргасан зөрчил, хяналт шалгалтын талаарх мэдээллийг хэлтсийн даргатай зөвшилцөн, байгууллагын цахим хуудаст мэдээлэл бэлтгэж байршуулсан.
Нэхэмжлэлд дурьдагдсан шаардлагын талаар:
1. Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт /эрх бүхий албан тушаалтан эрх хасах шийтгэл оногдуулсан талаар зохих байгууллагад мэдэгдэж, шийдвэрийн хувийг даруй хүргүүлнэ./ зааснаар шийтгэл оногдуулсан талаар “Б*******” ХХК-д 00499150 дугаартай шийтгэлийн хуудасны 1 хувийг, 02-19/270 тоот албан бичгийг “Монгол шуудан” ХК-иар хүргүүлсэн.
2. Улсын байцаагч А.З******* би Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т /хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх,/ зааснаар Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар үйлдэж ажилласан.
3.1 “Б*******” ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчийн эрүүл ахуй ариун цэврийн шаардлагыг хангаагүй, температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлдөггүй, Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 3.4.4, 4.5 дахь заалтуудыг,
3.2 Үйлдвэрлэлийн байр нь ариун цэврийн шаардлага хангаагүй, шал, хана нь хагарч шавар шохой нь хуурч унасан, цэвэрлэгээ үйлчилгээ хийх нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг нь Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 3.5.1. 3.5.2 35.3, 3.5.4 дэх заалтуудыг,
3.3 Бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй нь мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 5.1 1 дэх заалтыг,
3.4. Тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хангалтгүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 6.2.3, 6.2.6 дахь заалтуудыг,
3.5 Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн урсгал дамжлага алдагдсан байгаа нь Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 2001 стандартын 6.2.5 дахь заалтыг,
3.6 Үйлдвэрийн ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт бүрэн хамруулаагүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 7.1 дэх заалтыг, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 хэсгийн 10.1.7 дахь заалтыг,
3.7 Үйлдвэрийн ажиллагсдыг ажлын болон хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаагүй нь мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 2001 стандартын 7.4. 7.7 дахь заалтуудыг,
3.8 Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг улиралд 1 удаа лабораторийн шинжилгээнд хамруулаагүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023 2001 стандартын 8.2.3, 8.2.5 дахь заалтуудыг,
3.9 “Б*******” ХХК нь Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг өөрийн хүнсний үйлдвэр цехийн хэмжээнд тохируулан баталж мөрдөж ажиллаагүй байгаа нь мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын 9 дүгээр хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг,
3.10 Ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй. коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар амны хаалт, бээлий/ бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутам агаар сэлгэлт хийдэггүй зэрэг нь Улсын онцгой комиссын даргын 41 дүгээр тушаалын хавсралт Коронавируст халдвар /ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах тур журмын 3 дахь хэсэгт заасан зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй.
Иймд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* би ажлын байрны тодорхойлолт, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад “Б*******” ХХК-ийн хүнсний үйлдвэрлэлийн явц, баримт бичигт хийсэн хяналт шалгалтаар зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан шийтгэлийг оногдуулсан болно. гэжээ.
3.2.Хариуцагч А.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталсан 0105 дугаартай Мэргэжлийн хяналтын байгууллагын ерөнхий газрын даргын урьдчилсан сэргийлэх удирдамж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх болон төлөвлөгөөт шалгалтын талаар урьдчилан аж ахуйн нэгжид мэдэгддэг. Төлөвлөгөөт бус шалгалт нь иргэдийн өргөдөл гомдлоор хийгддэг. Урьдчилан сэргийлэх шалгалт нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн байгууллагад гэнэтээр очиж хийдэг шалгалтыг урьдчилсан сэргийлэх шалгалт гэж байгаа. Энэ тухай Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан байгаа. Байгууллагын нэр төрд халдлаа гэж тайлбарлаж байна. Манай Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг бол байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт тавих ил тод байдлыг нийтэд сурталчлах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын сайтад мэдээлсэн. Энэ цахим хуудаснаас бусад хэлбэрээр хуулбар авч тухайн мэдээллийг нийтэд тараасан байгаа. Тухайн бүтээгдэхүүнээс дээж аваагүй гэж тайлбарлаж байна. Тус цехэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь улсын байцаагч тухайн газар дээр хяналт шалгалт хийгээд газар дээр нь буюу хялбаршуулсан журмаар хянан шалгасан. Тус үйлдэгдсэн зөрчил ил тод гэж үзээд улмаар тухайн өдрийн хяналт шалгалтад хамрагдсан Ц.М гэх хүнд хэлээд Д.Аийг хяналт шалгалтад холбоотой мэдээлэл аваад ирээрэй гэж хэлээд Ц.Мгаар гарын үсэг зуруулаад арга хэмжээ авна гээд шалгалтын тэмдэглэлийн 1 хувийг үйлдээд үлдээсэн. Агуулах биш, үйлдвэрлэл явуулж байсан цехийн байр байгаа. Хэргийн материалд тус байрыг баримтаар хэрэгт хавсаргасан байгаа. Тус хоёр гэрчээс зургийг асуух хүсэлттэй байна. Миний утсан дээр тухайн өдрийн зураг он сар өдөртэй байж байгаа” гэв.
Дөрөв. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:
4.1. Иргэдийн төлөөлөгч С.Б*******э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.З******* байцаагчийн шийтгэлийн хуудас зөв гэж бодож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Б*******” ХХК-иас нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.З*******д холбогдуулан “Х дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж, гомдлын үндэслэлээ,
- манай компани зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн нь буруу,
- зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ямар зөрчилд шалгаж байгааг танилцуулж тайлбарлаагүй, зөрчилд холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй, оролцуулаагүй, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулаагүй атлаа эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй,
- үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байрны тоног төхөөрөмжид угаалга цэвэрлэгээний чанар шалгахдаа арчдас шинжилгээ аваагүй атлаа өөрийн үзэмжээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 01/05 дугаартай, “Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамж гаргасан байх ба уг удирдамжийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Х дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаас “Шинэ жилийн баярыг угтаж хийгдэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх ажлын төлөвлөгөө” баталсан байна.
3. Дээрх төлөвлөгөөний 7 дахь хэсэгт “Бууз баншны үйлдвэрлэл эрхлэгч нарын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх”-ээр тусгагдсаны дотор “Б” ХХК багтсан байх ба хариуцагч улсын байцаагч А.З******* нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Б*******” ХХК-ийн махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн цехэд шалгалт хийж, илэрсэн зөрчлийн талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар/хуучин нэрээр/-ын фэйсбүүк хуудсаар нийтэд мэдээлжээ.
4. Улмаар хариуцагч нь 0 дугаартай шийтгэлийн хуудсаар “Б*******” ХХК-ийг Мах махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартыг мөрдөж ажиллагаагүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад заасны дагуу 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
5. Хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбарууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл, эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 5.1-д “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй” зөрчлийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэхээр байна. Тодруулбал,
5.1. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “Хүнсний сүлжээнд хамаарах үйл ажиллагааны аль нэг, эсхүл хэд хэдэн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид "иргэн" гэх/, хуулийн этгээдийг” “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч” гэж тодорхойлсон байх ба Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-т “хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй ... бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх”-ийг хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид хориглохоор заажээ.
5.2. “Х дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн тус дүүргийн 4 дүгээр хороо, В хорооллын 1,2 хаягт байрлах “Махан бүтээгдэхүүний цех”-д худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх 03/58 дугаартай батламжийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгожээ.
5.3. Мөн мэргэжлийн хяналтын улсын байцаагчаас 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Х дүүргийн 4 дүгээр хороо, “В” хорооллын S тоотод байрлах ... үхэр, хонины мах ангилан савлах цех ... нь 1,29,1 кодтой хяналтын хуудсаар бага эрсдэлтэй үнэлэгдэж, Хүнсний тухай хуулийн 10,1,2, Мах, махан бүтээгдэхүүн. Эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын шаардлагыг хангасан тул мах ангилан савлах цехийн үйлдвэрлэл явуулах боломжтой” гэж, 02-02- тоот дүгнэлт гаргасан байна.
5.4. Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчаас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Х дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг “В” хорооллын байрны 01, 02 тоотод байрлах бууз баншны цех нь ... хяналтын хуудасны асуумжийн хүрээнд бага эрсдэлтэй үнэлэгдсэн тул үйл ажиллагааны тухай улсын ахлах байцаагчийн хамтарсан дүгнэлт олгох боломжтой гэсэн 02- тоот дүгнэлтийг олгосон байна.
6. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалт болон олгогдсон дүгнэлтүүдийн хүрээнд “Б” ХХК нь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч болохынхоо хувьд бууз баншны үйлдвэрлэл болон мах ангилан савлах үйл ажиллагаагаа тогтоосон стандартын шаардлага хангасан байранд явуулах, хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх үүрэгтэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй болох нь зөрчлийн хэрэгт авагдсан фото зургууд болон гэрчүүдийн мэдүүлэг, түүнчлэн гомдол гаргагчаас хийж ирүүлсэн видео бичлэгээр тус тус тогтоогдож байх тул хариуцагчаас тус хуулийн этгээдийг холбогдох хууль болон “Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага MNS 5023:2001 стандартын холбогдох заалтуудыг зөрчсөн зөрчлүүд тогтоогдсон” гэж дүгнэж шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд:
6.1. Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага. MNS 5023:2001 стандартын 3.4.4, 3.5.1-3.5.4, 4.5, 5.1.1., 6.2.3, 6.2.5, 6.2.6, 7.1, 7.4, 7.7, 8.2.3, 8.2.5 дахь заалтуудад заасан “үйлдвэрлэлийн байр, технологи тоног төхөөрөмж, сав хэрэгсэлд тавигдах шаардлага, түүнчлэн үйлдвэрлэлийн ариун цэвэр, эрүүл ахуй, ажиллагсдын эрүүл мэндийн шаардлага, түүхий эд бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага”-ыг “Б” ХХК-ийн бууз баншны болон мах ангилах цехүүд дэх үйл ажиллагаа хангасан гэж үзэхээргүй, шал нь хагарсан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүхэлдээ бохир, ажиллагсад нь ажлын бус хувцас хэрэглэлгүйг гадны гутал хувцастай байжээ.
6.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс ““В” хорооллын S тоотод байрлах байрыг агуулахын зориулалтаар ашиглаж байсан” гэж тайлбарласан ба гомдол гаргагчаас хийж ирүүлсэн видео бичлэгт уг байр нь бараан өнгийн шалтай дүрслэгдсэн боловч уг байранд мах ангилан савлах үйл ажиллагаа явуулж байсан нь фото зурагт дүрслэгдсэний зэрэгцээ, мах ангилан савлах үйлдвэрлэл явуулахаар улсын байцаагчийн 02-02- тоот дүгнэлттэй гарсан байх тул уг байр нь мөн стандартын шаардлагыг хангасан байх шаардлагатай юм.
6.3. Гомдол гаргагчаас зөрчлийн хэрэгт авагдсан, түүнчлэн олон нийтийн цахим сүлжээгээр тархсан фото зургуудыг хэзээ авсан нь тодорхойгүй гэх боловч гэрч Ц.Мгаас А.З******* нарын улсын байцаагч нар тус компанийн цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн, зураг авсан болохыг мэдүүлсэн, хавтаст хэргийн 42-44 дэх талд авагдсан фото зургуудыг цехийн болоод агуулахын, мэдэхгүй гэсэн ангиллаар ялгаж нэрлэсэн, гэрч Ц.Тгээс уг фото зургуудад дүрслэгдсэн “Жэюүг” бүтээгдэхүүн нь тус компанийн нэрийн бүтээгдэхүүн гэж тайлбарласан тул фото зургуудыг зөрчлийг нотлох баримт биш гэж үзэх боломжгүй.
6.4. Иймд гомдол гаргагчийн “үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байрны тоног төхөөрөмжид угаалга цэвэрлэгээний чанар шалгахдаа арчдас шинжилгээ аваагүй атлаа өөрийн үзэмжээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь хууль бус” гэх гомдол үндэслэлгүй байна.
7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.
7.1. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан 1 жил гаруй хугацаанд гомдол гаргагч нь тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийсэн, бүтээгдэхүүний болон технологийн хэрэгцээт усыг лабораторийн шинжилгээнд хамруулсан, бүтээгдэхүүний агуулах, хөргүүр, хөлдөөгчийн температурыг тогтмол хянаж, бүртгэл хөтөлж байсан талаарх баримтууд, мөн бэлэн бүтээгдэхүүний сав баглаа боодол материалын дагалдах баримт бичиг, зах зээлээс буцаан болон татан авсан бүтээгдэхүүнд тэмдэглэгээ хийсэн, тусад нь хаягжуулж хадгалсан зэргийг нотлох баримтыг гаргаж, шүүхэд ирүүлсэнгүй.
8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:” гэж заасан нь тухай хэсгийн дэд заалтуудад заасан нөхцөл зэрэг бус, аль нэг нь бүрдсэн тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрхийг эрх бүхий албан тушаалтанд олгосон агуулгатай тул гомдол гаргагчийн “манай компани зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй байхад улсын байцаагч хялбаршуулсан журмаар зөрчлийг хянан шийдвэрлэсэн нь буруу” гэх гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, холбогдогч гомдлоо хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамааран “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй” нөхцөл байдал байгаа тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хялбаршуулсан журмыг хэрэглэх боломжтой.
9. Гомдол гаргагчаас “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ямар зөрчилд шалгаж байгааг танилцуулж тайлбарлаагүй, зөрчилд холбогдогчийн эрх, үүргийг танилцуулаагүй, оролцуулаагүй” гэж тайлбарлан маргах боловч,
9.1. Гэрч Ц.Мгаас гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “улсын байцаагч нараас шалгалт хийгээд явсны дараа захирал Д.Аид утсаар ярьж мэдэгдсэн” гэж тайлбарласан, утсаар ярьсан талаарх тэмдэглэл үйлдсэн байх тул хариуцагч улсын байцаагчийн “удаа дараа утасдаж хэлсэн боловч ирээгүй” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй, зөрчилд холбогдогч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, тухайлбал, хяналт шалгалт хийсэнтэй холбоотойгоор зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан болон прокурорт гомдол гарган шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул уг үйл ажиллагаанд хариуцагчийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл, "Б" ХХК-ийн захирал Д.А нь эрх бүхий албан тушаалтнаас хяналт шалгалт хийсэн, зураг авсан талаар тухайн өдөр мэдсэн атлаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан холбогдогчийн эрхийг эдлэх талаар хүсэлт, шаардлага гаргаагүй, эрх бүхий албан тушаалтнаас мэдэгдсэний дагуу очоогүй байх тул дээрх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
10. Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд иргэдийн төлөөлөгч С.Б*******ийн “Улсын байцаагч А.З*******гийн зөв” гэх дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
11. Гомдол гаргагчаас “үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд хамруулаагүй атлаа эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй, үйлдвэрлэл явуулж байгаа ажлын байрны тоног төхөөрөмжид угаалга цэвэрлэгээний чанар шалгахдаа арчдас шинжилгээ аваагүй атлаа өөрийн үзэмжээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж дүгнэж байгаа нь хууль бус” гэх тайлбарлах боловч маргаан бүхий шийтгэлийн хуудас нь бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангаж байгаа эсэх асуудлаар бус Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага. MNS 5023:2001 стандартын шаардлага хангаагүй асуудлаар гарсан байх тул уг гомдолд тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй юм.
12. Харин ажиллагсдыг ажлын байранд орж ирэхэд биеийн халууныг хэмждэггүй, коронавирусын бүрэн тунд хамруулаагүй, хөдөлмөр хамгааллын болон ажлын хувцсаар /амны хаалт, бээлий/ бүрэн хангаагүй, орох, гарах хаалга, ариун цэврийн өрөө шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэх уусмал байршуулаагүй, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэж, актаар баримтжуулаагүй, өдөр тутмын цэвэрлэгээ хангалтгүй хийдэг, үйлдвэрийн байранд 2 цаг тутамд агаар сэлгэлт хийдэггүй гэх зөрчлүүд нь Улсын онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар баталсан Коронавируст халдвар /ковид-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журамд заасан арга хэмжээнд хамаарч байх тул хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлдвэрлэлийн холбогдох дүрэм, журам стандарт мөрдөөгүй гэх зөрчилд хамаарахгүй, тусдаа зөрчил гэж үзэхээр байна.
13. Хариуцагчаас дээрх зөрчилд хариуцлага оногдуулаагүй байх тул шүүхээс шийдвэрлэх, дүгнэх боломжгүй.
14. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “хүнсний сүлжээнд ашиглах ..., барилга байгууламж, ажлын байр нь эрүүл ахуйн болон ариун цэврийн шаардлага хангаж байгаа эсэхэд үзлэг шалгалт хийх;”, 18.1.3-т “...дотоодод үйлдвэрлэсэн хүнс холбогдох техникийн нөхцөл, эрүүл ахуй, ариун цэврийн бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох” гэж заасан чиг үүргийг хяналтын байгууллага хэрэгжүүлэхээр, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.15, ...-д заасан зөрчил”-д шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар, Мах, махан бүтээгдэхүүн, эрүүл ахуйн аюулгүй байдлын үндсэн шаардлага. MNS 5023:2001 стандартын хамрах хүрээ нь “... зах зээлд нийлүүлэх зорилгоор махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх”-д мөрдөгдөхөөр байгаагаас үзвэл хариуцагч мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийг “мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн явцад шалгалт хийх эрхгүй гэж үзэхээргүй, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “эрхгүй этгээд шалгалт хийж, шийтгэл оногдуулсан” гэх гомдол үндэслэлгүй байх тул “Б” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1-д заасныг тус тус баримтлан “Б*******” ХХК-иас нийслэлийн Мал эмнэлгийн газрын хяналтын улсын байцаагч А.З*******д холбогдуулан гаргасан “Х дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ
ШҮҮГЧ Г.УРАНГУА
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ