Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/01056

 

 

 

 

 

 

 

 

  2023        03        30                                           182/ШШ2023/01056

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: ГБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Ц-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,611,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А,

Хариуцагч Д.Ц шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ц нь 2018.12.24-ний өдөр манай банктай кредит карт эзэмших гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, бэлэн мөнгөн авсны хүү сарын 3,5%, бэлэн бус гүйлгээний сарын 2%, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2%, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1%-ийн хүүтэй ашиглах нөхцөлтэй зээлж авсан. Гэрээнд заасны дагуу бид кредит картыг хариуцагч Д.Цт хүлээлгэн өгсөн. Зээлдэгч нь кредит карт ашиглан зээлийг авч, буцаан төлж байсан. Улмаар кредит картыг 2018.12.05-ны өдрөөс 2019.08.16-ны өдрийг хүртэл ашиглахдаа 5,000,000 төгрөгийн зарцуулалт хийсэн боловч 2019.08.15-ны өдөр 603,000 төгрөгийн төлөлт хийснээс өөр төлөлт хийгээгүй байна. Бид зээлийг төлүүлэх талаар удаа дараа шаардсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагчийн хаяг тодорхойгүй болж бид шүүхэд хандаж эрэн сурвалжлуулж хаяг тогтоон, шүүхэд хандсан байгаа. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, 34 сар хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна.

Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа бид мөн утсаар ярилцаж, хариуцагчийн өвдсөн, хүндэтгэн үзэх шалтгаантай байдлыг харгалзан үзэж бид нэхэмжлэлийн шаардлагын 2,729,054 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,611,000 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцож, эвлэрлийн гэрээний төсөл бичигдсэн боловч хариуцагч эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй болно. Тиймээс банк 2022.09.09-ний өдрийг хүртэл бэлэн бусаар ашигласан үндсэн зээлийн төлбөр 5,116,855 төгрөг, үүнд үндсэн зээл 5,081,855 төгрөг, бэлэн бус гүйлгээний шимтгэл буюу картын жилийн хураамж 35,000 төгрөг багтаж байна. Зээлийн хүүгийн төлбөр 2019.04.01-ний өдрөөс хойш 2022.09.01-ний өдрийг хүртэл 3,745,169 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,938,989 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,539,040 төгрөг, нийт 12,340,054 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Харин бид нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь эвлэрч байсан нөхцөлдөө нийцүүлэн 2,729,054 төгрөгөөр багасгаж 9,611,000 төгрөг болгож байна. Багасаж байгаа 2,729,054 төгрөгт зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,539,040 төгрөг бүхэлдээ, 1,190,014 төгрөг нь хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүнээс хасагдаж байгаа юм. Иймд хариуцагч Д.Цээс үндсэн зээлийн үлдэгдэл 5,116,855 төгрөг, хүү 4,012,301 төгрөг, төлсөн 267,131 төгрөгийг хасахаар 3,745,169 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 748,975 төгрөг, нийт 9,611,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний эхнэр Д.Ц нь Буянт-Ухаа 2 хороололд дэлгүүр ажиллуулж байхдаа 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан нь үнэн. 2019 онд дэлгүүр дампуурсан. Тэгээд ажилгүй болж, корона өвчин гарсан, хоёр дахь вакцин хийлгэсний дараа эхнэр Д.Цийн бие муудаж, өвчтэй, элэгний хавдартай болсон. 12,000,000 төгрөгийг төлөх ямар ч боломжгүй байна. Бидний өвчтэй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж 5,000,000 төгрөг төлөх шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Энэ асуудлыг ГБ 2-3 жилийн дараа гэнэт бидэнд дуулгасан. Бид ажил төрөлтэй болж байгаад бага сагаар төлөх болно гэжээ.

 

3.Нэхэмжлэгч тал хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.04-ний өдрийн 734 дүгээр эрх олгох тухай гүйцэтгэх захирлын тушаал, зээлийн картны хүү, тооцооллын хүснэгт, 2018.12.24-ний өдрийн кредит картын гэрээ, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.20-ны өдрийн 1570 дугаар шийдвэр, ТАХ-т актив шилжүүлсэн тухай баримт баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

 

4.Хариуцагч тал шүүхэд ямар нэгэн баримт ирүүлээгүй байна. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Д.Цт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 12,340,054 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 9,611,000 төгрөг болгон багасгасан болно.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан нэхэмжлэгч талаас гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Д.Ц нь зээлийн эрхтэй кредит картыг хүлээн авч, ашигласан байх боловч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, зээл төлөхийг удаа дараа шаарддаг боловч огт төлөөгүй, иймд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Д.Ц нь “...ажиллуулж байсан дэлгүүр дампуурч, ковид 19 өвчин гарч, хоёр дахь вакцин хийсний дараа элэгний хавдартай болсон, өвчтэй, ажил төрөлгүй нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү, авсан 5,000,000 төгрөгийг ажилтай болоод бага сагаар төлөх болно...” гэсэн утга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

2.Зохигчдын хооронд 2018.12.24-ний өдөр кредит картын гэрээ байгуулагдсан байх ба, энэхүү гэрээгээр хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч ГБ ХХК-иас 5,000,000 төгрөгийн эрхтэй, бэлэн гүйлгээний сарын 3,5%-ийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний сарын 2%-ийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2%, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай кредит картыг ашиглаж, зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн байгаа нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагад нийцжээ.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Д.Цт 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг хүлээлгэн өгсөн, хариуцагч Д.Ц нь картнаас бэлэн бусаар 5,116,855 төгрөгийг авч ашигласан байх боловч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа 2020.12.24-ний өдөр дууссан байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 451 дүгээр зүйлийн 451.1, кредит картын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1, 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, кредит картыг хариуцагч Д.Цт шилжүүлэн өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч Д.Ц нь мөн хуулийн заалт болон кредит картын гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-д зааснаар ашигласан зээл, хүү төлөх үндсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, зээл, хүүгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлөхийг нэхэмжлэгчээс удаа дараа утсаар болон амаар шаардсан, хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаяг тогтоосон байдал тогтоогдсон.

 

3.Нэхэмжлэгч тал 9,611,000 төгрөгийн шаардлагаа 2022.09.09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,116,855 төгрөг, хүү 4,012,301 төгрөгөөс төлсөн 267,131 төгрөгийг хасаад 3,745,169 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 748,975 төгрөг гэж задлан тайлбарлаж байх ба, шүүх зээлийн хүүг 2022.03.09-ний өдрийг хүртэл тооцох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч ГБ ХХК 2022.03.09-ний өдөр хариуцагч Д.Цт холбогдуулж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд зээлийн төлбөрийг шаардаж нэхэмжлэл гаргаж байсан байна. Ийнхүү тооцвол, үндсэн зээлийн үлдэгдэл 5,116,855 төгрөг, хүү 3,130,338 /хүү 4,012,301 төг – илүү нэхэмжилсэн 614,832 төг – төлсөн 267,131 төг/, нэмэгдүүлсэн хүү 748,975 төгрөг, нийт 8,996,168 төгрөг болж байна.

 

Иймд нэхэмжлэгч ГБ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, кредит картын гэрээнд зааснаар бэлэн бусаар ашигласан зээлийн үлдэгдэл 5,116,855 төгрөг, хүү 3,130,338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 748,975 төгрөг, нийт 8,996,168 төгрөгийг хариуцагч Д.Цээс шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч Д.Ц нь үндсэн зээлээс гадна ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, зээлийг хугацаанд нь төлөөгүй буруутай гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Цийн гаргасан “...өвчтэй, ажил төрөлгүй нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү, авсан 5,000,000 төгрөгийг ажилтай болоод бага сагаар төлөх болно...” гэсэн агуулга бүхий тайлбараар түүний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

4.Тиймээс хариуцагч Д.Цээс 8,996,168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 614,832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ГБ ХХК-ийн 2022.09.12-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 212,391 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс 158,889 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2.-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Цээс 8,996,168 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 614,832 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ГБ ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 212,391 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Цээс 158,889 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Т.ЭНХТУЯА