Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2023/01084

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н,Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: хаягт байрлах Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт оршин суугч, П.Т-

 

Хариуцагч: хаягт оршин суугч, Нгийн А- нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 125,320,211.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар Зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаар Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ,

Хариуцагч П.Т-ын төлөөлөгч Ү.Чойжилсүрэн,

Хариуцагч Н.А-гийн төлөөлөгч Б.Билгүүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч П.Т-, Н.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125,320,211.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ч ХХК шүүхэд болон төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: П.Т-тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/CC-2019 тоот Зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/РА/01-2019 тоот Барьцааны гэрээ байгуулж, П.Т-, Н.А- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2202** дугаартай, Дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр гудамж, 10 байр 27 тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч П.Т-ад зээлийн эргэн төлөлтийг төлөхийг удаа дараа мэдэгдэж, сануулж байсан боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Зээлдүүлэгч Ч ХХК нь зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг П.Т-ын Ч дахь 5104001046 дугаартай данс руу шилжүүлсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагч П.Т-тай байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/CC-2019 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 78,027,552.72 төгрөг, үндсэн хүү 42,157,146.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,135,513.13 төгрөг нийт 125,320,211.86 төгрөг гаргуулж, П.Т-, Н.А- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч П.Т-ын төлөөлөгч Ү.Чойжилсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/СС-2019 тоот зээлийн гэрээний дагуу 125,320,211.8  төгрөг гаргуулж,  П.Т-, Н.А- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Мөн хамгийн сүүлд Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй П.Т-ад холбогдох 9,531,890.35 төгрөг гаргуулах иргэний хэргийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн. Үүнээс өмнө тус банкнаас олон удаа зээл аваад буцаан төлж байсан гэв.

 

3.Хариуцагч Н.А-гийн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/СС-2019 тоот зээлийн гэрээний дагуу 125,320,211.8 төгрөг гаргуулж,  П.Т-, Н.А- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Энэхүү зээлийн гэрээний үүрэг нь урьд зээлийн гэрээний төлбөрийн үүрэг бөгөөд банкны шахалтаар зээлийг зээлээр хаасан учир одоо шүүхэд нэхэмжилсэн төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

4.Хариуцагч П.Т-, Н.А- нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/РА/01-2019 дугаар Барьцааны гэрээг байгуулсан боловч тухайн зээлийн 120,000,000 төгрөгийг гэрээний дагуу хүлээн аваагүй. Учир нь бидний хувьд өмнөх зээлийн гэрээний төлбөрийн үүргээ зохих хугацаандаа төлж дуусаагүй байсан бөгөөд тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 1 сараас эхлэн Монгол банкны хяналт шалгалт хийгдээд байна, банкны эрхзүйн байдал хүнд нөхцөлд орсон, хөрөнгө оруулагч нарын шахалт дарамт их боллоо" гэж учир байдлаа тайлбарлаж, та нарын зээлийг шинэчлээд бичиг баримтын хүрээнд хэвийн гэх тодорхойлолтод оруулаад явмаар байна гэж ятгасан зэрэгт нь итгээд энэ шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл 110,000,000 төгрөгийн зээл авсан түүнийгээ төлж байгаад 50,000,000 төгрөгийн зээлийг нэмж аваад 2018 оны 12 сард 98,000,000 төгрөг орчим үлдэгдэлтэй болсон байсан. Улмаар 2019 оны 03 сарын 01-ний өдөр эдгээр зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэмж 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээг банкны хүсэл сонирхолд нийцүүлэн байгуулсан. Энэ хугацаанд 2019 оны 12 сард 60,000,000 төгрөг, 2020 онд 9,000,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэлд төлсөн. Одоо зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлөх хүсэлтэй байх бөгөөд банкны шахалтад орж, хууль зөрчсөн гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт "Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт "банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн үүргийг Мөнгөн хөрөнгийг этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээнэ" гэж хуульчилсан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4 дэх хэсэгт тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар ноцтой төөрөгдсөн буюу хүсэл зоригоо илэрхийлэгч хэлцлийн үр дагаврыг буруу ташаа төсөөлж "өмнөх өр төлбөртэй байсныг шалгалт хийгдэж байгаа учир шаардлагатай байна" гэж хэлсэнд итгэж дээрх хэлцлийг үр дагавар үүсгэхгүй гэсэн сэдэлтийн талаар төөрөгдсөн юм. Иймд Ч ХХК болон Н.А-, П.Т- бидний хооронд байгуулсан 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаартай зээлийн гэрээ, 2019 оны 03 сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаартай Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэв.

 

5.Нэхэмжлэгч Ч ХХК шүүхэд болон төлөөлөгч Т.Ган-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: П.Т- нь Ч ХХК-д зээл авах хүсэлтээ бичгээр гаргаж, зээлийн гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/РА/01-2019 дугаар Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна" мөн хуулийн 156.2-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана" гэж тус тус заажээ. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, барьцааны зүйл, үнийг тусгасан. Мөн барьцааны гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээл хүссэн өргөдөл, Зээлийн хорооны шийдвэр, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаар Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000528564 дугаар гэрчилгээ, Барьцаалбар, Мемориалын баримт, Зээл зээлийн хүүгийн тооцоолол, 51040001046 тоот дансны хуулгыг /хавтаст хэргийн 89-100 тал/,

Хариуцагчаас нотлох баримтаар Итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/00626 дугаар шүүгчийн захирамжийг /хуулбар/ шүүхэд ирүүлсэн,

Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/00626 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, 5104000650 дугаар зээлийн дансны төлбөрийн хуваарь, Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн үнэлгээний хүснэгт, Эрсдэлийн дүгнэлт, Оршин суух хаягийн тодорхойлолт, Зээлийн хүсэлт, Зээлийн хорооны шийдвэрийг мэдэгдэх хуудас, Борлуулалтын орлогын түүвэр, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000528564 дугаар гэрчилгээ, зээлийн хүсэлт, Зээл олгох гүйлгээний шийдвэрүүд, Цалингийн зээлийн гэрээ, төлбөрийн хуваарь, Хэрэглээний зээлийн өргөдлийн маягт, Мемориалын баримт /хавтаст хэргийн 65-106 тал/ 51040001046 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 46-51 тал/ зэрэг баримтыг бүрүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч Ч ХХК хариуцагч П.Т-, Н.А- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125,320,211.86 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг П.Т-ын Ч дахь 5104001046 дугаартай данс руу шилжүүлсэн ба зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч нь үүргийн биелэлтийг шаардах  эрхтэй гэж тайлбарлав.  

 

8.Хариуцагч П.Т-, Н.А- нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Энэхүү зээлийн гэрээний үүрэг нь урьд зээлийн гэрээний төлбөрийн үүрэг бөгөөд банкны шахалтаар зээлийг зээлээр хаасан учир одоо шүүхэд  төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхүй гэж, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар Зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаар Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээл хүссэн өргөдөл, Зээлийн хорооны шийдвэр, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаар Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000528564 дугаар гэрчилгээ, Барьцаалбар, Мемориалын баримт, Зээл зээлийн хүүгийн тооцоолол, 51040001046 тоот дансны хуулга, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/00626 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, 5104000650 дугаар зээлийн дансны төлбөрийн хуваарь, Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн үнэлгээний хүснэгт, Эрсдэлийн дүгнэлт, Оршин суух хаягийн тодорхойлолт, Зээлийн хүсэлт, Зээлийн хорооны шийдвэрийг мэдэгдэх хуудас, Борлуулалтын орлогын түүвэр, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний нэмэлт өөрчлөлт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000528564 дугаар гэрчилгээ, зээлийн хүсэлт, Зээл олгох гүйлгээний шийдвэр, Цалингийн зээлийн гэрээ, төлбөрийн хуваарь, Хэрэглээний зээлийн өргөдлийн маягт, 51040001046 тоот дансны хуулга бүхий зээлийн хувийн хэрэг, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

10.Хариуцагч П.Т-, Н.А- нар нь нэхэмжлэгч Ч ХХК ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/CC-2019 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ.

 

11.Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй Ч ХХК, П.Т-, Н.А- нарын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

12.Нэхэмжлэгч нь П.Т-, Н.А- нар зээл авсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний  өдрөөс хойш зээлийн үндсэн төлбөрөөс 41,972,447.28 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 17,398,356.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,498,306.21 төгрөг нийт 60,869,109.65 төгрөгийг төлсөн, уг гэрээний үндсэн зээлийн төлбөр 78,027,552.72 төгрөг, үндсэн хүү 42,157,146.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,135,513.13 төгрөг нийт 125,320,211.86 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тооцоолол гарган нэхэмжилсэн байх ба зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол, төлбөрийн үлдэгдэлийг тооцож үзэхэд тооцоолол үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

13.Талуудын хооронд  байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/CC-2019 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/РА/01-2019 тоот Барьцааны гэрээ байгуулж, П.Т-, Н.А- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2202** дугаарт бүртгэгдсэн, Дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр гудамж, 10 байр, 27 тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээнд П.Т-, Н.А- нар гарын үсэг зуржээ.

 

Дээрх 10169/01/РА/01-2019 дугаар барьцааны гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

14.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дахь хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заажээ.

 

15.Иймд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2202**  дугаарт бүртгэгдсэн, П.Т-, Н.А- нарын өмчлөлийн Дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр гудамж, 10 байр, 27 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

16.Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн  453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 6 дугаар зүйлд зааснаар хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

17.Хариуцагч П.Т-аас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 78,027,552.72 төгрөг, үндсэн хүү 42,157,146.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,135,513.13 төгрөг нийт 125,320,211.86 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-нд олгож, хариуцагч П.Т-, Н.А- нарын өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2202**  дугаарт бүртгэгдсэн, Дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр гудамж, 10 байр, 27 тоот хаягт байрлах 35 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангах үндэстэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

18.Хариуцагч П.Т-, Н.А- нар нэхэмжлэгч Ч ХХК-д холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар Зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаар Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

19.Нэхэмжлэгч Ч ХХК нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч,  2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/СС-2019 дугаар Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Ч ХХК нь зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг П.Т-ын тус банк дахь 5104001046 дугаар данс руу шилжүүлсэн Мемориалын баримт хэрэгт авагдсан, өмнөх зээлийг хаасан гэх баримт байхгүй гэж маргажээ. /хавтаст хэргийн 16 тал/

 

20.Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч П.Т-, Н.А- нартай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/CC-2019 дугаар Зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, малчны зориулалтаар зээл олгосон байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

21.Хариуцагч П.Т-, Н.А- нар сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/СС-2019 дугаар зээлийн гэрээгээр авсан 120,000,000 төгрөгөөр өмнөх зээлээ хаасан гэж тайлбарлав.

 

22.Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “Банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмыг Монгол банк санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах бөгөөд банк активыг энэхүү журмын дагуу ангилж, эрсдэлийн сан байгуулна” гэж, Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан, шинэчлэн баталсан 2017.06.30-ны өдрийн Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2.4.14-т “Банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглоно” гэж тус тус зохицуулжээ.

 

23.Хариуцагч нарын гаргасан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээгээр 110,000,000 төгрөгийн,  2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэмж 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2019 оны 03 сарын 01-ний өдөр байгуулж өмнөх зээлээ хаасан гэх тайлбар нь хэрэгт авагдсан зээлийн хувийн хэрэг, дансны хуулга /хавтаст хэргийн 18-20 тал/ зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

24.Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар Зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаар Барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хариуцагч П.Т-, Н.А- нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзнэ.

 

25.Хариуцагч П.Т-ын төлөөлөгч Ү.Чойжилсүрэн нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хариу тайлбартай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотолгооны ач холбогдолгүй буюу хуульд заасан шаардлага хангахгүй, судлагдахгүй, дутуу хэвлэгдсэн хавтаст хэргийн 46-50 дугаар талд авагдсан дансны хуулгыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан.

 

           26.Тус  шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2023/02231 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангаж, Ч ХХК-иас өмнө олгосон 3 зээлийн хувийн хэрэг, зээлийн гэрээнүүдийн дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт хэдэн төгрөг төлж зээлийг хаасан тухай дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар тус шүүхэд ирүүлэхийг нэхэмжлэгч Ч ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.

 

27.Нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжид зааснаар “зээлийн гэрээнүүдийн дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт хэдэн төгрөг төлж зээлийг хаасан тухай дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар хавтаст хэргийн 46-50 дугаар талд авагдсан дансны хуулга ирүүлсэн байна.

 

           28.Шүүх хуралдааны үед талууд хавтаст хэргийн 46-50 дугаар талд авагдсан дансны хуулгыг судлаад 5101000119 тоот дансны сүүлийн орон болох “9” тоо дутуу хэвлэгдсэн байна гэж тайлбарлаж байх тул нотлох баримтаас хасах шаардлагагүй. Харин хэргийн 18-20 талд авагдсан дансны хуулга, Зээлийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 66-106 тал/, Мемориалын баримтууд зэрэг нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн болно.

29.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,751 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч П.Т-аас 784,551 төгрөг, Улсын орлогоос илүү төлөгдсөн 70,200 төгрөгийг  буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, хариуцагч П.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Т-аас 125,320,211.86 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, хариуцагч П.Т-, Н.А- нарын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар Зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаар Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол хариуцагч П.Т-, Н.А- нарын өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2202** дугаарт бүртгэгдсэн, Дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр гудамж, 10 байр, 27 тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,751 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Т-аас 784,551 төгрөг, Улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, хариуцагч П.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,150 төгрөгийг Улсын орлого хэвээр үлдээсүгэй.

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ