Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 210/ма2023/01073

 

 

 

 

 

 

 

 

2023 05 26 210/МА2023/01073

 

 

Ч ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01084 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч ХХК -ийн хариуцагч П.Т, Н.А нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 125,320,211 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/РА/01-2019 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, хариуцагч П.Т, түүний өмгөөлөгч Ү.Ч, хариуцагч Н.А-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: П.Т-тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/CC-2019 тоот зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/РА/01-2019 тоот барьцааны гэрээ байгуулж, П.Т, Н.А нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Y-2202001344 дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 10 байр * тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг П.Т-ын Чингисхаан банк дахь 5104001046 дугаартай данс руу шилжүүлсэн ба зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Ч ХХК нь үүргийн биелэлтийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд энэ талаар харилцан тохиролцсон байх тул зээлдэгч нь зээлийг ашигласны хүү, хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 78,027,552.72 төгрөг, хүү 42,157,146.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,135,513.13 төгрөг, нийт 125,320,211.86 төгрөгийг гаргуулж, П.Т, Н.А нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч П.Т-ын тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/СС-2019 тоот зээлийн гэрээний дагуу 125,320,211.86 төгрөг гаргуулж, П.Т, Н.А нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хамгийн сүүлд Ч ХХК -ийн нэхэмжлэлтэй П.Т-ад холбогдох 9,531,890.35 төгрөг гаргуулах иргэний хэргийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс өмнө тус банкнаас олон удаа зээл аваад буцаан төлж байсан гэжээ.

3. Хариуцагч Н.А-гийн тайлбар, татгалзлын агуулга: 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/СС-2019 тоот зээлийн гэрээний дагуу 125,320,211.86 төгрөг гаргуулж, П.Т, Н.А нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү зээлийн гэрээний үүрэг нь урьд зээлийн гэрээний төлбөрийн үүрэг бөгөөд банкны шахалтаар зээлийг зээлээр хаасан учир одоо шүүхэд нэхэмжилсэн төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Ч ХХК -тай 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/РА/01-2019 дугаар барьцааны гэрээг байгуулсан боловч тухайн зээлийн 120,000,000 төгрөгийг гэрээний дагуу хүлээн аваагүй. Учир нь бидний хувьд өмнөх зээлийн гэрээний төлбөрийн үүргээ зохих хугацаандаа төлж дуусаагүй байсан бөгөөд тухайн цаг хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сараас эхлэн Монгол банкны хяналт шалгалт хийгдээд байна, банкны эрх зүйн байдал хүнд нөхцөлд орсон, хөрөнгө оруулагч нарын шахалт дарамт их боллоо" гэж учир байдлаа тайлбарлаж, та нарын зээлийг шинэчлээд бичиг баримтын хүрээнд хэвийн гэх тодорхойлолтод оруулаад явмаар байна гэж ятгасан зэрэгт нь итгээд энэ шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, 110,000,000 төгрөгийн зээл авсан түүнийгээ төлж байгаад 50,000,000 төгрөгийн зээлийг нэмж аваад 2018 оны 12 дугаар сард 98,000,000 төгрөг орчим үлдэгдэлтэй болсон байсан. Улмаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эдгээр зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэмж 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээг банкны хүсэл сонирхолд нийцүүлэн байгуулсан. Энэ хугацаанд 2019 оны 12 дугаар сард 60,000,000 төгрөг, 2020 онд 9,000,000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдэлд төлсөн. Одоо зээлийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлөх хүсэлтэй байх бөгөөд банкны шахалтад орж, хууль зөрчсөн гэрээг байгуулсан тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт "Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт "банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн үүргийг Мөнгөн хөрөнгийг этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдэгчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасан. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-т тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар ноцтой төөрөгдсөн буюу хүсэл зоригоо илэрхийлэгч хэлцлийн үр дагаврыг буруу ташаа төсөөлж "өмнөх өр төлбөртэй байсныг шалгалт хийгдэж байгаа учир шаардлагатай байна" гэж хэлсэнд итгэж дээрх хэлцлийг үр дагавар үүсгэхгүй гэсэн сэдэлтийн талаар төөрөгдсөн. Иймд зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: П.Т- нь Ч ХХК -д зээл авах хүсэлтээ бичгээр гаргаж, зээлийн гэрээ байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/РА/01-2019 дугаар барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулсан бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, барьцааны зүйл, үнийг тусгасан. Мөн барьцааны гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.Т-аас 125,320,211.86 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК -д олгож, хариуцагч П.Т, Н.А нарын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/PA/01-2019 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол хариуцагч П.Т, Н.А нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2202001344 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 10 байр, * тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,751 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Т-аас 784,551 төгрөг, Улсын орлогоос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК -д олгож, хариуцагч П.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 828,150 төгрөгийг улсын орлого хэвээр үлдээж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх талуудын тэгш эрхийн зарчмыг хангаагүй, хэт нэг талд давуу байдал бий болгож, хуульд заасан хариуцагчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон, үндэслэл болсон холбогдох баримтыг хуульд зааснаар бүрдүүлэх хүсэлтийг хариуцагч талаас гаргасан, түүнийг хүлээн авсан хэдий боловч нэхэмжлэгч талын байр суурийн хүрээнд судлагдах боломжгүй, мөн үгүйсгэн няцааж буй баримтыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч нарын зүгээс 120,000,000 төгрөгийг хүлээн аваагүй, хүлээн авсан гэх өөр баримт хэрэгт авагдаагүй, зарлага хийсэн эсэх тухай баримтыг тодруулахаар нэхэмжлэгч байгууллага өөрийн нэг данснаас нөгөө дансанд мөнгө шилжүүлсэн гэх гарын үсэг нь ч дутуу хийсвэр баримт байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэлд хх-18-20 дугаар талд авагдсан дансны хуулгаар 120,000,000 төгрөгийн зээл олгосон мэт харагдах боловч тухайн мөнгө нь зарлага хийгдсэн эсэх нь баримт тодорхойгүй байдаг учир зээлийн хувийн хэргийг хэрэгт хариуцагч талын хүсэлтээр хавсаргасан боловч мөнгөн гүйлгээг хариуцагч нарт шилжүүлэн авсан эсэх нь тодорхойгүй байдаг. Эдгээр нотлох баримтаар зээлийн гэрээ байгуулагдсан боловч тухайн зээлийн мөнгийг хариуцагч нар өөртөө аваагүй, захиран зарцуулаагүй байдаг учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргадаг. Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгосон боловч сөрөг нэхэмжлэлийн үндэслэл мөнгөн хөрөнгийг хэрхэн хүлээн авсан эсэх тухайд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн захирамжаар хх-46-50 дугаар талд авагдсан дансны хуулгууд нь судлагдах боломжгүй, дансны дугаар нь нэг цифр нь хэвлэгдээгүй, өөрөөр хэлбэл, нотлох баримтын шаардлага хангахгүй байхад хуульд зааснаар нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, гомдол гаргах эрхийг хязгаарласан, шүүхээс өөрийн гаргасан захирамжид заасан ажиллагааг гүйцэлдүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд дээрх нотлох баримт нь сөрөг нэхэмжлэлийн агуулгыг нотолно гэж үзэж байна. Зээлийн гэрээний харилцааг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх, хууль ёсны төлбөрийн үүргийг хүлээн зөвшөөрч өмнө авсан зээлийн гэрээний мөнгөн дүнгээс тооцож маргаан бүхий гэрээний хугацаанд төлбөрийг үүрэг гүйцэтгэж байсныг харгалзан үзэлгүй, хариуцагчийн төлбөрийн үлдэгдлийг тооцож үзэхэд үндэслэлтэй гэж үзэхээр байна гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт шүүх гаргасан. Талуудын хооронд үүссэн гэрээний маргааныг тухайн гэрээг хэзээ, хэрхэн, ямар зорилгоор байгуулсан, мөн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх асуудлыг анхаарах тухайд нотлох баримтаар тогтоогдож буй нөхцөл байдлыг тодорхой болгож эцэслэн шийдээгүй, мөн тохиролцооны зүйл нь шинэ гэрээг 120,000,000 төгрөгөөр байгуулсан боловч энэ мөнгөн дүнгээр үүрэг үүсэхгүй, зөвхөн хяналт шалгалтаас шалтгаалж банк зээлийн хугацаа хэтрэлтийг хэвийн мэт болгож харагдуулах асуудал байсан гэдэгт ач холбогдол өгөөгүй үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор шүүхээс шаардсан бүх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр Ч ХХК гаргаж өгсөн. Зээлийн 3 хувийн хэрэг болон дансны хуулгыг захирамжийн дагуу гаргаж өгсөн ба дансны хуулгыг 1 цифр орхигдсон асуудлаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд ярилцаж ойлголцсон. Хэрэгт зээлийн данс болон харилцах дансны хуулга авагдсан ба зээлийг хэрхэн захиран зарцуулсан болон төлөлтүүд тодорхой харагдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч ХХК нь хариуцагч П.Т, Н.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125,320,211 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/01/СС-2019 дугаар зээлийн гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10169/01/РА/01-2019 дугаар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, П.Т-ын Ч ХХК дах харилцагчийн дансны хуулга, зээлийн дансны хуулга, зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Ч ХХК , П.Т- нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 10169/01/СС-2019 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 120,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн байна.

3.2. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар П.Т, Н.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001344 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 10 дугаар байр, * тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг П.Т, Н.А нар нь Ч ХХК -тай барьцааны гэрээг байгуулж барьцаалуулан, 11-1377131 дугаартай барьцаалбар үйлдэн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх12-15/

3.3. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

4. Зээлдүүлэгч Ч ХХК нь зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлдэгч П.Т-ад шилжүүлэн өгсөн болох нь Чингисхаан банкны мемориалын баримтаар тогтоогдсон/хх16/ талаар шүүх зөв дүгнэжээ.

5. Хариуцагч П.Т- нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээгээр авсан 45,000,000 төгрөгийн, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээгээр авсан 110,000,000 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээгээр авсан 25,000,000 төгрөгийн зээлүүдийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээл авахаасаа өмнө төлж хаасан болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгуудаар тогтоогдсон /хх46-50/ бөгөөд ...сүүлийн зээлийг авч түрүүчийн зээлийн төлбөрийг төлсөн гэх байдлаар гаргасан тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

5.1. Хэрэгт авагдсан зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл П.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 41,972,447.28 төгрөг, зээлийн хүү 17,398,356.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,498,306.21 төгрөг, нийт 60,869,109.65 төгрөг төлсөн байх ба уг гэрээний үндсэн зээл 78,027,552.72 төгрөг, хүү 42,157,146.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,135,513.13 төгрөг, нийт 125,320,211.86 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх17, 18-20/

5.2. Хариуцагч тал сар бүр зээл, зээлийн хүүг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүрэг зөрчигдсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй.

5.3. Зээлийн гэрээний 6-д үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөхөөр талууд тохиролцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

5.4. Иймд хариуцагч П.Т-аас үндсэн зээл 78,027,552 төгрөг, хүү 42,157,146 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,135,513 төгрөг, нийт 125,320,211 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК -д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

6. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт ...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу барьцааны зүйл болох П.Т, Н.А нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001344 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж, 10 дугаар байр, * тоот хаягт байрлах 35 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

7.1. Шүүх хариуцагчийн 2017 онд авсан зээлийн өр төлбөрийг нэмж нэгтгэн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 120,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлээ хаасан гэх байдал нь хэрэгт авагдсан зээлийн хувийн хэрэг, дансны хуулгаар үгүйсгэгдсэн тул нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцжээ.

7.2. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, уг төлбөрийн үүргээ зохих хугацаандаа төлж гүйцэтгээгүй байсан бөгөөд тухайн цаг хугацаанд Ч ХХК -аас Монгол банкны хяналт, шалгалт хийгдсэнтэй холбоотойгоор банкны эрх зүйн байдал хүнд нөхцөлд орсон тул хэвийн гэх тодорхойлолтод оруулж, найдвартай зээлдэгч гэсэнд итгэж шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.4-д заасан тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.3. Хариуцагч талын гаргасан ...дансны хуулгаар 120,000,000 төгрөгийн зээл олгосон мэт харагдах боловч тухайн мөнгө нь зарлага хийгдсэн эсэх нь баримт тодорхойгүй ... гэсэн агуулгатай гаргасан тайлбар, татгалзал нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд гарын үсэг зурж, зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн этгээд нараас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь зөв.

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/01084 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 828,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

Д.ЦОГТСАЙХАН