Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00137

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 133/ШШ2023/00137

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: А ХХК-д холбогдох

Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.      

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, С.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Э-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч М ХХК-ийн ... салбар нь 2021 оны 04 сарын 15-ны өдөр А ХХК-д нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан, зээлээр нийлүүлсэн шатахууны үнийг тухайн сарын 28-ны дотор төлж дуусгахаар, хэрвээ заасан хугацаанаас 1 сарын дотор төлөхгүй хугацаа хожимдуулсан бол 0,3%-тай тэнцэх, 1 сараас илүү хугацаанд хожимдуулсан бол 0,4%-ийн алдангийг хоног тутамд тооцож худалдагч тал буюу М ХХК-д төлөхөөр гэрээ байгуулж, шатахууныг зээлээр борлуулсан байдаг юм. Гэтэл сар бүрийн эцэст тэдний төлөх төлбөрийн хэмжээ өсөн нэмэгдэж өрийн хэмжээ нэмэгдсээр 2021 оны эцэст 40,764,760 төгрөг /Дөчин сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/-ийн өртэй гарч байсан. Өрийн үндсэн төлбөрөөс 2022 онд хэсэгчилсэн 6 удаагийн төлөлтөөр 19,800,000 төгрөг /Арван есөн сая найман зуун мянган төгрөг/-ийг төлж, 2022 оны 12 дүгээр сарын 01-ний байдлаар 20,964,760 төгрөг /Хорин сая есөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/- ийн төлөгдөөгүй өрийн үлдэгдэлтэй байгаа юм. Өр төлбөрийг барагдуулах талаар төв компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу биечлэн уулзаж, утсаар ярьж, албан бичиг өгч байсан. Төлөхгүй шалтгаанаа төлбөр хийх чадвартай холбон тайлбарласаар өдийг хүрээд байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 2.2, 2.5, 2.6 дахь хэсэгт зааснаар 2022 оны 12 дүгээр сарын 01-ний байдлаарх өрийн үлдэгдлийн 20,964,760 төгрөг /Хорин сая есөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ түүн дээр хавсралтын дагуу тооцсон алданги 50 хувиас хэтэрсэн тул төлөгдөөгүй үнийн дүнгийн 50%-иар тооцож 10,482,380 төгрөгийн алданги, нийт 31,447,140 төгрөг /Гучин нэгэн сая дөрвөн зуун дөчин долоон мянга нэг зуун дөчин төгрөг/-ийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд манай М ХХК-ий бүрдүүлсэн материалыг үндэслэн А ХХК-иас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний алданги, хүүг тооцон нийт 31,447,140 төгрөгийг гаргуулж өгнө үү. М ХХК нь тухайн аймагт олгогдсон салбарт зээлээр шатахуун борлуулах эрх хэмжээг олгосон байдаг. Орон нутгийн аж ахуй нэгжүүдтэй 1 сарын хугацаатай зээлээр шатахуун олгодог. Энэ компани тухайн үед үйл ажиллагаа хэвийн явж байсан боловч өр төлбөрийг төлөхгүй хүртэл байж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 сая төгрөг төлөгдсөн учир төлөгдөөгүй өрийн үлдэгдэл 18.964.760 төгрөг, алданги 9.482.380 төгрөгийн алданги, нийт 28.447.140 төгрөг болж анх гаргасан нэхэмжлэлээс 3 сая төгрөгөөр буурч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Нэхэмжлэл гаргах хүртэл нийт алданги тооцож үзэхээр 43.796.000 төгрөг болж байгаа. Үүгээр алданги тооцохоор биелэгдэхгүй байх учир нийт төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги тооцсон байгаа гэв.

 

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-М ХХК, А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ,

-А ХХК-ийн 2021, 2022 оны барагдуулаагүй өр төлбөрт алданги тооцсон жагсаалт,

-М ХХК, А ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаанууд /2 удаагийн/,

ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

ХХК-ийн .... салбарын гэрчилгээний хуулбар,

-М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 471/022 дугаартай итгэмжлэл.

4. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан тайлбар, нотлох баримт: Байхгүй.

 

5. Шүүхээс цуглуулсан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1106 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ

2.1. Нэхэмжлэгч М ХХК нь А ХХК-д холбогдуулан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 20,964,760 төгрөг, алданги 10,482,380 төгрөг, нийт 31,447,140 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

2.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж нь “...Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 сая төгрөг төлөгдсөн учир төлөгдөөгүй өрийн үлдэгдэл 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 төгрөг болж анх гаргасан нэхэмжлэлээс 3 сая төгрөгөөр буурч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна...” гэжээ.

3. М ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 471/022 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч Ч.Ж, С.Ц нарт “...нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, багасгах, тодруулах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх...” бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй байна. /хавтаст хэргийн 4 дэх тал/

4. Нэхэмжлэгч М ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр А ХХК-тай зээлээр нефтийн бүтээгдэхүүн олгох агуулга бүхий Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ. /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

Уг гэрээний 2.1-д “Худалдагч нь Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй бөгөөд худалдан авагчийн хүссэн тоо хэмжээгээр хангана” гэж, 2.2-д “Худалдан авагч /А/ нь зээлдэн /нийлүүлсэн/ нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 28-ны дотор багтаан барагдуулна” гэж харилцан тохиролцож, 2021 оны 04 сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар гэрээ байгуулжээ.

5. Гэрээний талууд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд:

-2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд А ХХК нь 40,764,760 төгрөгийн өртэй,

-2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд А ХХК нь 27,964,760 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийн баталгаад талууд гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ. /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Энэхүү баталгаагаар өрийн үлдэгдлийг 2022 оны 09 сар дотор төлж барагдуулахаар үүрэг хүлээжээ.

6. Хариуцагч А ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-нд Ш овогтой Э-г 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэжээ. /хавтаст хэргийн 21-25 дахь тал/

7. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна. /хавтаст хэргийн 32 дахь тал/

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Э нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргасныг хангаж, 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

8. Шүүх  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

9. Нэхэмжлэгч М ХХК нь Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д “Худалдан авагч /А/ нь зээлдэн /нийлүүлсэн/ нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 28-ны дотор багтаан барагдуулна” гэж,

2.5-д “Худалдан авагч нь энэхүү гэрээний хавсралтад тодорхойлогдсон худалдагчийн зээлдэн нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг 2.2-т заасан хугацаанаас сарын хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний 1 сараас илүү хугацаанд хожимдуулсан бол 0.4 хувийн алдангийг худалдагчид хоног тутам төлнө” гэж,

2.6-д “Хэрэв худалдан авагч нь нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй саатуулсан улмаас алдангийн хэмжээ нь төлбөл зохих төлбөрийн 50 хувь хүрвэл аймгийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасныг тус тус баримтлан төлбөрийн үлдэгдэл, алдангийг гаргуулахаар шаарджээ.

10. Хариуцагч А ХХК нь гэрээнд заасан хугацаанд нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч М ХХК нь Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,964,760 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 2.5-д алданги төлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан алдангийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас нефтийн бүтээгдэхүүний үнэ 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,185.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 315,185.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас нефтийн бүтээгдэхүүний үнэ 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 /хорин найман сая дөрвөн зуун дөчин долоон мянга нэг зуун дөчин/ төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,185.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 315,185.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ