Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 215/МА2023/00021

 

 

                                       “..................” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Ч.Э, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00137 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “..................” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “..................” ХХК-д холбогдох

Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.О-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж, С.Ц, хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ц.Э (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч “..................” ХХК-ий Говь-Алтай салбар нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “..................” ХХК-д нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан, зээлээр нийлүүлсэн шатахууны үнийг тухайн сарын 28-ны дотор төлж дуусгахаар, хэрвээ заасан хугацаанаас 1 сарын дотор төлөхгүй хугацаа хожимдуулсан бол 0,3%-тай тэнцэх, 1 сараас илүү хугацаанд хожимдуулсан бол 0,4%-ийн алдангийг хоног тутамд тооцож худалдагч тал буюу “..................” ХХК-д төлөхөөр гэрээ байгуулж, шатахууныг зээлээр борлуулсан байдаг юм. Гэтэл сар бүрийн эцэст тэдний төлөх төлбөрийн хэмжээ өсөн нэмэгдэж өрийн хэмжээ нэмэгдсээр 2021 оны эцэст 40,764,760 төгрөг /Дөчин сая долоон зуун жаран дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/-ийн өртэй гарч байсан. Өрийн үндсэн төлбөрөөс 2022 онд хэсэгчилсэн 6 удаагийн төлөлтөөр 19,800,000 төгрөг /Арван есөн сая найман зуун мянган төгрөг/-ийг төлж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар 20,964,760 төгрөг /Хорин сая есөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/-ийн төлөгдөөгүй өрийн үлдэгдэлтэй байгаа юм. Өр төлбөрийг барагдуулах талаар төв компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу биечлэн уулзаж, утсаар ярьж, албан бичиг өгч байсан. Төлөхгүй шалтгаанаа төлбөр хийх чадвартай холбон тайлбарласаар өдийг хүрээд байна. Гэрээний ерөнхий нөхцлийн 2.2, 2.5, 2.6 дахь хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 01-ний байдлаарх өрийн үлдэгдлийн 20,964,760 төгрөг /Хорин сая есөн зуун жаран дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ түүн дээр хавсралтын дагуу тооцсон алданги 50 хувиас хэтэрсэн тул төлөгдөөгүй үнийн дүнгийн 50%-иар тооцож 10,482,380 төгрөгийн алданги, нийт 31,447,140 төгрөг /Гучин нэгэн сая дөрвөн зуун дөчин долоон мянга нэг зуун дөчин төгрөг/-ийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд манай “..................” ХХК-ий бүрдүүлсэн материалыг үндэслэн “..................” ХХК-иас нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний алданги, хүүг тооцон нийт 31,447,140 төгрөгийг гаргуулж өгнө үү. “..................” ХХК нь тухайн аймагт олгогдсон салбарт зээлээр шатахуун борлуулах эрх хэмжээг олгосон байдаг. Орон нутгийн аж ахуй нэгжүүдтэй 1 сарын хугацаатай зээлээр шатахуун олгодог. Энэ компани тухайн үед үйл ажиллагаа хэвийн явж байсан боловч өр төлбөрийг төлөхгүй өдийг хүртэл байж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 сая төгрөг төлөгдсөн учир төлөгдөөгүй өрийн үлдэгдэл 18.964.760 төгрөг, алданги 9.482.380 төгрөгийн алданги, нийт 28.447.140 төгрөг болж анх гаргасан нэхэмжлэлээс 3 сая төгрөгөөр буурч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна. Нэхэмжлэл гаргах хүртэл нийт алданги тооцож үзэхээр 43.796.000 төгрөг болж байгаа. Үүгээр алданги тооцохоор биелэгдэхгүй байх учир нийт төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги тооцсон байгаа гэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “..................” ХХК-иас нефтийн бүтээгдэхүүний үнэ 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 /хорин найман сая дөрвөн зуун дөчин долоон мянга нэг зуун дөчин/ төгрөгийг гаргуулж, “..................” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315,185.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “..................” ХХК-иас 315,185.70 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “..................” ХХК-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 

Гомдлын шаардлага: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00137 дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай.

 

Гомдлын үндэслэл: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00137 дугаар шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул хариуцагчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

 

Хариуцагч байгууллагын зүгээс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлж өмгөөлөгч сонгон авч шүүх хуралдаан эхлэхээс өмнө хүргүүлсэн боловч шүүх хуралдаан эхэлсэн гэж мэдэгдэн улмаар шүүхийн шийдвэр гарсан. Учир нь шүүх хуралдааны товыг надад бичгээр бус утсаар мэдэгдсэн. Ингээд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүх хуралдаантай тул шүүхийн албан ёсны хаягаар орж шүүх хуралдаан эхлэх цагийг тодруулахад тухайн өдрийн 14:30 минутад товлогдсон /баримтыг хавсаргав/ байсан.

Ийнхүү шүүх хуралдаан эхлэх цагийг сонгон авсан өмгөөлөгчдөө тодруулж хэлэхэд Улаанбаатар хотоос хүрэлцэн очих боломжгүй, хэргийн материалтай танилцах учраас хүсэлт өгөхийг зөвлөж, өөрөө Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцахаар болсон. Ингээд 12:00 цагт хүсэлтийг хүргүүлэхэд шүүх хуралдаан эхэлсэн гэдэг талаар шүүгчийн туслах тайлбарласан. Надад тухайн өдрөө 12:00 цагаас шүүх хуралдаан эхэлнэ гэж хэлээгүй, би мэдээгүй, харин 14:30 гэж ойлгож байсан. Дээрх байдлаар шүүх хуралдаан үргэлжилж шүүхийн шийдвэр гарч миний эрхийг ноцтойгоор зөрчлөө.

Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо аливаа байдлаар ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдахыг заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ эрхээ хариуцагчийн зүгээс хэрэгжүүлж чадсангүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж тодорхой заасан.

Мөн хуулийн 76 дугаар зүйлд зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу би Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан ёсны цахим хаягнаас орж товлогдсон шүүх хуралдааныг он, сар, өдөр, цагаар нь харсан. /Баримт хавсаргасан болно/. Би ойлгохдоо Монгол Улсын шүүх цахим шилжилтийн хүрээнд харьцангуй сайн ажиллаж байгаа, тиймдээ ч улсын хэмжээнд товлогдсон, үргэлжилж байгаа шүүх хуралдааны мэдээллийг цахимаар харах боломжтой болсонд талархаж байгаа. Тийм учраас би үүргээ хэрэгжүүлж шүүх хуралдаан болох өдөр цагийг цахим хаягаас орж харсан. Тухайн өдрийн 14:30 минутад шүүх хуралдаан эхлэхээр тодорхой заасан боловч миний шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч сонгон авах, өмгөөлөгчийн хамт оролцох Монгол Улсын Үндсэн хуулиар заасан эрхийг ноцтой зөрчсөнд туйлын харамсалтай байна.

 

Иймд хариуцагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00137 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Нэхэмжлэгч “..................” ХХК нь “..................” ХХК-д холбогдуулан нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 20,964,760 төгрөг, алданги 10,482,380 төгрөг, нийт 31,447,140 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ж нь “...Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2.000.000 төгрөг төлөгдсөн учир төлөгдөөгүй өрийн үлдэгдэл 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 төгрөг болж анх гаргасан нэхэмжлэлээс 3.000.000 төгрөгөөр буурч нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна...” гэжээ.

 

“..................” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 471/022 дугаартай итгэмжлэлээр төлөөлөгч Ч.Ж, С.Ц нарт “...нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, багасгах, тодруулах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх...” бүрэн эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй байна. (хавтаст хэргийн 4 дэх тал)

 

2. Нэхэмжлэгч “..................” ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “..................” ХХК-тай зээлээр нефтийн бүтээгдэхүүн олгох агуулга бүхий Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ. (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

 

Уг гэрээний 2.1-д Худалдагч нь Стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах үүрэгтэй бөгөөд худалдан авагчийн хүссэн тоо хэмжээгээр хангана гэж, 2.2-д Худалдан авагч /.............../ нь зээлдэн /нийлүүлсэн/ нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 28-ны дотор багтаан барагдуулна гэж харилцан тохиролцож, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар гэрээ байгуулжээ.

3. Гэрээний талууд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд:

- 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “..................” ХХК нь 40,764,760 төгрөгийн өртэй,

 

- 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд “..................” ХХК нь 27,964,760 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийн баталгаанд талууд гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ. (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч “..................” ХХК нь Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-д Худалдан авагч /................/ нь зээлдэн /нийлүүлсэн/ нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 28-ны дотор багтаан барагдуулна гэж,

 

2.5-д Худалдан авагч нь энэхүү гэрээний хавсралтад тодорхойлогдсон худалдагчийн зээлдэн нийлүүлсэн нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг 2.2-т заасан хугацаанаас сарын хугацаанд төлөлгүй хожимдуулсан бол төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний 1 сараас илүү хугацаанд хожимдуулсан бол 0.4 хувийн алдангийг худалдагчид хоног тутам төлнө гэж,

 

2.6-д Хэрэв худалдан авагч нь нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй саатуулсны улмаас алдангийн хэмжээ нь төлбөл зохих төлбөрийн 50 хувь хүрвэл  шүүхээр шийдвэрлүүлнэ гэж талууд тохиролцжээ.

 

5. Хариуцагч “..................” ХХК нь гэрээнд заасан хугацаанд нефтийн бүтээгдэхүүний төлбөрийг барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч “..................” ХХК нь Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 18,964,760 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ”-ний 2.5-д алданги төлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан алдангийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “..................” ХХК-иас нефтийн бүтээгдэхүүний үнэ 18,964,760 төгрөг, алданги 9,482,380 төгрөг, нийт 28,447,140 төгрөгийг гаргуулж, “..................” ХХК-д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй байна.

 

6. Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Ц.Э-ын анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж маргаж байгаагийн тухайд:

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ын шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хүлээн авч 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШЗ2023/00488 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлож, шүүх хуралдааны товыг хариуцагчийн 99............... дугаарын утсаар шүүгчийн туслах Ж.Э мэдэгдэхэд “За ойлголоо” гэж хариулсныг тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байна. Тиймээс шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг бодитойгоор мэдсэн байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шүүхийн мэдэгдэх хуудсыг шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэж болохоор заасан байна. Анхан шатны шүүх шүүх хуралдааныг мэдэгдэх хуудсыг зохигчид утсаар мэдэгдэж баримтжуулсан нь зохигчийн эрхийг зөрчөөгүй байна.

 

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, өмгөөлөгч Ц.М-ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тус шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг 11 минутад өгснийг хүлээн авч, дардас дарж баталгаажуулжээ.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь шүүх хуралдаан товлосон хугацаанд эхэлснээс хойш шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хэлэлцээгүйг буруутгах үндэслэлгүй байна.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдох үйл баримтыг бодитой тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2023/00137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ш.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 300.186 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

                  ШҮҮГЧИД                            Ч.Э

                                                                 Ц.О