Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2023/00143

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2023/00143

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.А-н нэхэмжлэлтэй

хариуцагч: О.Б-д холбогдох

ноолуурын үнэ 8,086,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага: Ноолуурын үнэ 8,086,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Иргэн Б.А миний бие нь ... аймгийн .... сумд 2021 оны 06 дугаар сарын эхээр ноолуур өндөр үнэтэй зарагдаж байна гэхээр ноолуур зарахаар очсон. Эрдэнэ сумд очоод иргэн О.Б-тэй уулзаж ноолуур авах эсэх талаар асуухад хар өнгийн 203.8 кг ноолуурыг 1 кг 113,000 төгрөг, Цагаан өнгийн 8.7 кг ноолуурыг 1 кг-ыг 133,000 төгрөгөөр тооцож нийт 24,163,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож ноолуурынхаа үнийг 14 хоногийн дотор төлье гэж хэлээд миний ноолуурыг авч үлдсэн. Анх ноолуур авахдаа бэлнээр 163,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл 24 сая төгрөгийг 14 хоногийн дотор өгнө гэсэн. О.Б нь дээр дурьдсан хугацаандаа төлж барагдуулаагүй. Удаа дараа утсаар ярьж холбогдож нэхэж байж 2021 онд О.Б нь өөрийн болон бусдын дансаар дамжуулан 12,700,000 төгрөг өгсөн. Миний бие Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өргөдөл гаргаж шалгуулсан боловч иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 213 дугаар Прокурорын тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Түүнээс хойш О.Б нь үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа өгөөчээ би хүү тооцож өгье гэж хэлээд 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хүү гэж бага багаар нийт 3,214,000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн байдаг. Гэтэл миний бие үндсэн үлдэгдэл ноолуурын үнээ авъя гэж Говь-Алтай аймгийн Шүүхийн Тамгын Газрын дэргэдэх Эвлэрүүлэн Зуучлах Газарт хандсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Миний хувьд тухайн ноолуурын мөнгөндөө хүү тооцоогүй бөгөөд энэ хүн миний ноолуурыг зарж олсон мөнгөөрөө эргэлдүүлж илүү ашиг олж авч, төлбөрөө хугацаандаа төлөөгүйгээс болж надад маш их хохирол учруулж байгаа болно. Иймд хариуцагч иргэн О.Б-ээс миний ноолуурын үнэ болох 24 сая төгрөгөөс 12,700,000 төгрөг, мөн хүүнд төлсөн гэх 3,214,000 төгрөгийг хасаад үлдэгдэл үнэ болох 8,086,000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү. 204 килограмм ноолуур өгөхдөө зарим нь минийх, заримыг нь би худалдаж авсан, зарим нь манай ах дүүсийн ноолуур байсан. .... сумд ирээд ноолуур авч байгаа хүмүүсийг асуугаад 112.000 төгрөгт авч байгаа гэхээр нь дахиад жоохон үнэтэй авч байгаа газар байна уу гэхэд О.Б гэдэг хүн авч байгаа гэсэн. Өнгийн ноолуурыг 113.000 төгрөг, цагаан ноолуур 133.000 төгрөгөөр авч байгаа. Зээлээр авбал 7-14 хоногт үнийг барагдуулна, бид нар найдвартай хүн гэхээр нь итгээд ноолуураа зээлсэн. Тэгэхэд ноолуурын мөнгийг өгөөгүй. Удаа дараа нэхэж байж 12.700.000 төгрөгийг аваад үлдэгдэл мөнгөө өгөхгүй байхаар нь 2021 оны 11 дүгээр сард цагдаагийн газар хандсан. Та хоёр тохиролцож өгч авалцсан юм байна. Энэ хүн мөнгөө төлнө гэж байна. Өгөхгүй бол дараа дараагийн шатанд хандаад аваад өгье гэж хэлсэн. О.Б-н өөрийнх нь бичиж өгсөн падаан баримт болж байгаа. Би 2022 он гараад үлдэгдэл мөнгөө өгье гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэрнээс өмнө мөнгөний хэрэгцээ гараад удаа дараа очиж мөнгөө нэхэж байсан. Утсаа авахгүй тохиолдолд зөндөө гарсан. Заримд нь би тэтгэврийн зээл авч өгсөн. 11.300.000 төгрөгөө авъя гэхээр албан ёсоор байгуулсан гэрээ байхгүй учир үндсэн мөнгөнөөс хасдаг юм байна. Би зөндөө хохирч байна. 8.086.000 төгрөгийг гарцаагүй авна. Үүнээс доош орох үндэслэл байхгүй. Ах дүү нартаа 8 сая төгрөгийн өртэй явж байдаг. О.Б өөрөө шүүх хуралдаанд оролцсон бол арай өөр өнцгөөс харах байсан байх. Зөвшөөрөөд 14 хоногт өгнө гэж хэлсэн. Би падаан бичүүлж авсан гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Б.А-н нэхэмжпэлтэй О.Б-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийг гардан аваад О.Б-н зүгээс дараах байдлаар тайлбарлаж байгааг хүргэж байна. О.Б нь .... сумын Б.А гэдэг хүнээс 203,8 кг өнгийн ноолуур, 8,7 кг цагаан ноолуур авсан. Тухайн үед мөнгөгүй байгаагаа хэлэхэд манай ээжийг гуйгаад зээврээр ч болтугай аваадах гээд надад өгсөн. Манай сумд ноолуурыг 2 янзын үнэ худалдаж авдаг .... аймгийн залаа жинстийн цагаан ямааны ноолуур буюу нарийн ширхэгтэй ноолуурыг өндөр үнэтэй авагддаг бөгөөд тухайн үед 130,000 ханштай байсан. Харин манай аймгийн бусад сумдын ноолуурын ханш доогуур үнэтэй байдаг бөгөөд бүдүүн ширхэгтэй байдаг бөгөөд ..... сумын ноолуур бүдүүн ширхэгтэй байдаг. Иймээс бүдүүн ширхэгтэй өнгийн ноолуурыг 85,000, цагаан ноолуур 95,000 төгрөгийн ханшаар авч байсан. Иймд 8,7 кг цагаан ноолуур *95,000 төгрөг = 826,500 203,8кг өнгийн ноолуурыг 35,000 төгрөг = 17,323,000 төгрөг болж нийт 18,149,500 төгрөг болсон миний зүгээс 15,914,000 төгрөг өгсөн 2,235,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн тайлбарыг өгч байгаа болно. О.Б нь Улаанбаатар хотод эмчилгээтэй байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байгаа. Энэ хүний зүгээс тодорхой хэмжээний тайлбар өгсөн. ... сум .... сум хоёрын ноолуурыг харьцуулахад өөр ноолуур байдаг. Нарийн микронтой ноолуур ирдэг учир үнэтэй байдаг. Манай аймгийн зарим сумаас ирсэн ноолуур өөр өөр байдаг. .... сумаас ирсэн ноолуур бүдүүн ширхэгтэй учир хямд авсан гэж тайлбарласан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Говь-Алтай аймгийн Статистикийн хэлтсээс ноолуурын үнэ авахуулсан. Тэр үнэлгээг авахуулахад цагаан ноолуур 115.000 төгрөг, өнгийн ноолуур 110.000 төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд статистикийн дүн мэдээгээр эвлэрэх боломжтой байна гэхэд тэрийг боломжтой гэж үзээд эрхийг надад олгосон байгаа. Өөрсдийнх нь хэлж байгаагаар цагаан ноолуурыг 95.000 төгрөг, өнгийн ноолуурыг 85.000 төгрөгөөр авч байсан гэж мэдүүлдэг. Дундаж ханш ийм байсан гэхэд болно гэдэг байдлаар зөвшөөрлийг өгсөн. Тэгэхээр талууд хугацаа тохирч болох юм байна. Энэ хүмүүсийн дүнгийн тухайд 581.500 төгрөгийн зөрүүтэй байгаа. Эвлэрнэ гэвэл тодорхой хугацаанд мөнгийг өгөх талаас саналаа хэлж байна. Өгөх зүйл байгаа гэдгээ хэлж байсан гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар Прокурорын тогтоол /Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэгтэй/,

-Б.А-н Хаан банкны Депозит дансны хуулга /2021.06.01-2022.12.05/,

-Б.А-н Хаан банкны Депозит дансны хуулга /2021.06.01-2023.03.17/,

-Б.А-н Төрийн банкны Зээлийн дансны харилцагчийн хуулга /2022.05.10-2023.03.17/

-2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэгтэй/,

-Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст О.Б-с ирүүлсэн хүсэлтийн хуулбар /Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэгтэй/,

-Зарлагын баримт /Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архивын хуулбар үнэн тэмдэгтэй/.

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Байхгүй.

6. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймаг дахь Статистикийн хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаар албан бичгүүд, уг албан бичгүүдэд хавсарган ирүүлсэн 2021, 2022 онуудын 05, 06 сарын байдлаарх ...., .... сумдын ноолуурын зах зээлийн үнийн мэдээлэл.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Б.А нь О.Б-д холбогдуулан ноолуурын үнийн үлдэгдэл 8,086,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Б.А нь хар өнгийн 203.8 кг ноолуурыг 1 кг нь 113,000 төгрөг, Цагаан өнгийн 8.7 кг ноолуурыг 1 кг нь 133,000 төгрөгөөр тооцож нийт 24,163,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, бэлнээр 163,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 24 сая төгрөгийг 14 хоногийн дотор өгнө гэсэн. 2021 онд О.Б нь өөрийн болон бусдын дансаар дамжуулан 12,700,000 төгрөг өгсөн. 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хүү гэж бага багаар нийт 3,214,000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 8,086,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч тал нь тухайн үеийн ноолуурын зах зээлийн ханш нь “...бүдүүн ширхэгтэй өнгийн ноолуурыг 85,000, цагаан ноолуур 95,000 төгрөгийн ханшаар авч байсан. Иймд 8,7 кг цагаан ноолуур *95,000 төгрөг = 826,500 203,8кг өнгийн ноолуурыг 35,000 төгрөг = 17,323,000 төгрөг болж нийт 18,149,500 төгрөг болсон миний зүгээс 15,914,000 төгрөг өгсөн 2,235,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна...” гэж маргажээ.

4. Шүүх  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ. Учир нь худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5. Хариуцагч О.Б нь 2021 оны 06 сарын эхээр нэхэмжлэгч Б.А-аас 203,8 кг өнгийн ноолуур, 8,7 кг цагаан ноолуурыг үнийг дараа төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан болохыг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

6. Нэхэмжлэгч Б.А нь хэлэлцэн тохиролцсон ёсоор 203,8 кг өнгийн ноолуур, 8,7 кг цагаан ноолуурыг хариуцагч О.Б-д нийлүүлсэн тул ноолуурын үнийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

7. Харин талууд тухайн ноолуурыг хэдэн төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон, одоо хэдэн төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь маргааны зүйл болжээ.

8. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

-2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд О.Б нь “...Би 2021 оны 06 дугаар сард ..... суманд Б.А гэх хүнээс ноолуур авсан. Би 200 гаруй кг ноолуур 24,186,500 төгрөгөөр авсан. Би бэлэн 186,500 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдэл 24,000,000 төгрөгийг борлуулчихаад өгье гэсэн. Би цувуулаад 10,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг 2 хуваагаад өгнө. Сарын сүүлээр 7,000,000 төгрөг, 12 сард үлдэгдлийг өгнө...” гэж мэдүүлжээ.

Улмаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар Прокурорын тогтоолоор иргэний харилцаа үүссэн гэж дүгнэн “...1. Иргэн Б.А-аас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан .... аймаг .... сумын төвд оршин суух Б.А нь 2021 оны 06 дугаар сард О.Б-п цагаан өнгийн 8.7 кг ноолуурыг килограммыг нь 133000 төгрөгөөр, хар өнгийн 203.8 кг ноолуурыг килограммыг нь 113000 төгрөгөөр, нийт 24186000 төгрөгөөр худалдсан бөгөөд 10.000.000 төгрөгийг өгч, үлдэгдэл 14.000.000 төгрөгийг өгөхгүй байна...” гэх бүртгэлийн ГМ-395/1612 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж” шийдвэрлэжээ.

Эндээс дүгнэхэд О.Б нь ноолуурын үнэ нийт 24,186,500 төгрөг болсон, үүнээс 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Б.А-д 14,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд “....... сум .... сум хоёрын ноолуурыг харьцуулахад өөр ноолуур байдаг. Нарийн микронтой ноолуур ирдэг учир үнэтэй байдаг. Манай аймгийн зарим сумаас ирсэн ноолуур өөр өөр байдаг. ..... сумаас ирсэн ноолуур бүдүүн ширхэгтэй учир хямд авсан гэж тайлбарласан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ....  аймгийн Статистикийн хэлтсээс ноолуурын үнэ авахуулсан. Тэр үнэлгээг авахуулахад цагаан ноолуур 115.000 төгрөг, өнгийн ноолуур 110.000 төгрөгийн үнэтэй байсан. Тэгээд статистикийн дүн мэдээгээр эвлэрэх боломжтой байна гэхэд тэрийг боломжтой гэж үзээд эрхийг надад олгосон байгаа...” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар талууд харилцан тохиролцсоны үндсэн гэрээний нөхцөл, үнийг чөлөөтэй тодорхойлох эрхтэй байна.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр талууд гэрээ байгуулах үед хар өнгийн 203.8 кг ноолуурыг 1 кг нь 113,000 төгрөг, Цагаан өнгийн 8.7 кг ноолуурыг 1 кг нь 133,000 төгрөгөөр тооцож нийт 24,163,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцож төлөх боломжтой гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

10. Нэхэмжлэгч Б.А нь “...О.Б нь үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа өгөөчээ би хүү тооцож өгье гэж хэлээд 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 10 дугаар сар хүртэл хүү гэж бага багаар нийт 3,214,000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн байдаг. Хариуцагч иргэн О.Б-с миний ноолуурын үнэ болох 24 сая төгрөгөөс 12,700,000 төгрөг, мөн хүүнд төлсөн гэх 3,214,000 төгрөгийг хасаад үлдэгдэл үнэ болох 8,086,000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласнаас тооцож үзэхэд О.Б-с нийт 15,914,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэгтэй нэхэмжлэгч маргадаггүй, хариуцагч талаас ирүүлсэн хариу тайлбарт “миний зүгээс 15,914,000 төгрөг өгсөн...” гэж харилцан зөрүүгүй тайлбарлаж байна.

Зохигчид ноолуурын нийт үнэ 24,186,500 төгрөгөөс ноолуур авах үед бэлнээр 186,500 төгрөг өгч, үлдэгдэл 24,000,000 төгрөг үлдсэн, үүнээс 15,914,000 төгрөгийг цувуулан төлсөн гэдгээс тооцож үзэхэд нийт үлдэгдэл 8,086,000 төгрөг байна.

11. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б-с ноолуурын үнийн үлдэгдэл 8,086,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с 144,326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Б-с ноолуурын үнэ 8,086,000 /найман сая наян зургаан мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Б-с 144,326 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                        

 

                        

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ